Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00772

 

С.Гантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01383 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 746 дугаар магадлалтай,

С.Гантуяагийн нэхэмжлэлтэй

Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б/34 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгт миний 4 настай охин Г.Эрдэнэт-Од явдаг болохоор эрхлэгчээс нь гуйж байгаад ажилд орсон. Ажиллах хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй. Би хамт олонтойгоо эвсэг харьцаатай байсан. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч П.Оюунцэцэг өрөөндөө дуудаж “чамайг ажлаас халлаа, гэрээний хугацаа дууссан” гэсэн. Би “надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэж хэлэхэд “чи яасан олон юм ярьдаг юм бэ, гар” гэж хөөгөөд ногоон хавтастай бичиг баримтаа над руу шидсэн. Би хөдөө мал маллаж өссөн, сургуульд суралцаагүй учраас бичиг үсэг мэдэхгүй ч гарын үсгээ зурж чадна. Намайг ажилд орсноос хойш надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл ажлаас халсны дараа буюу 06 дугаар сард “хөдөлмөрийн гэрээгээ ав” гээд надад өгсөн. Би анх удаа хөдөлмөрийн гэрээг харсан. Гэрээний ард өөр хүнээр миний гарын үсгийг дуурайлган зуруулсан байсан. Эрхлэгч энэ тухай тайлбарлахдаа “чи ямар бичиг үсэг мэдэх биш, чамтай хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан тул ажлаас халж байна” гэсэн. Тэрээр анх намайг ажилд орохыг хүсэхэд 450 000 төгрөг нэхсэн. Би бэлнээр 250 000 төгрөг, мөн нэг хонь өгсөн бөгөөд хонийг манай цэцэрлэгийн манаач гэрээс ирж авсан. Намайг сайн ажиллаж байсныг манай ажлынхан мэднэ. Би ажиллах хугацаандаа эрхлэгчийн гаргаж байгаа элдэв ааш авир, хэл амыг сонссон ч сонсоогүй юм шиг тэвчиж ажилласан. Би сард 370 000 гаруй төгрөгийн цалинтай байсан. Намайг Захиргааны зөвлөлийн хуралд оруулаагүй. Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд 2014 оны шинэ жилийн дараа ажлаас халагдсан эмч Б.Золзаяа, мөн 2015 оны цагаан сарын дараа ажлаас халагдсан арга зүйч П.Лхагвасүрэн нарыг оролцуулснаар гарын үсэг зуруулжээ. Манай байгууллагаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тухай болон уг гэрээний хугацаа дуусах талаар надад урьдчилан мэдэгдээгүй. Би өөрийнхөө өмнөөс үйлчлэгч Д.Оюунбилэгээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй, анкетаа бичүүлсэн нь үнэн. Иймд намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай цэцэрлэг нь С.Гантуяагийн хүсэлтийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн оны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.8 болон Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн түүнийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тус цэцэрлэгийн эрхлэгчийн Б/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй. С.Гантуяа нь бичиг үсэг мэдэхгүй тул хамт ажилладаг үйлчлэгч Д.Оюунбилэг түүний өмнөөс хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Д.Оюунбилэг нь түүнд хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэж хэлсэн гэдэг. С.Гантуяа нь сард 371 016 төгрөгийн цалин авч байсан. С.Гантуяа нь Төрийн албанд тавигдах шаардлагыг хангахгүй, бичиг үсэг мэдэхгүй төдийгүй бэлтгэл ангийн хүүхдийн эх н.Жимсээ болон ажилчидтай хэрэлдэж, зүй бус авирласан. Мөн ажилдаа хариуцлагагүй ханддаг асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах шаардлагагүй гэж шийдвэрлэн ажлаас нь чөлөөлсөн нь зөв. Захиргааны зөвлөлийн хуралд С.Гантуяа ороогүй нь үнэн ч ажилчдыг оролцуулах шаардлагагүй. Зөвлөлийн хуралд Б.Золзаяа, П.Лхагвасүрэн нар оролцсон. С.Гантуяад хөдөлмөрийн гэрээний хувийг байгууллагаас нь өгсөн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Түүнд сахилгын шийтгэл ногдуулж байсан тухай баримт байхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01383 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт Сүхийн Гантуяаг Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 021 256 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгээс гаргуулж, нэхэмжлэгч С.Гантуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 746 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 291 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. С.Гантуяагаас цэцэрлэгийн захиргаанд хандаж гаргасан өргөдлийн дагуу эрхлэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үйлчлэгчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож байгуулсан. Гэрээ байгуулах үед С.Гантуяа нь бичиг үсэг мэдэхгүй байсан учир гэрээний утга, гүйцэтгэх ажлын чиг үүрэг, гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа зэргийг түүнтэй хамт ажиллаж байсан, үйлчлэгч Д.Оюунбилэг уншиж танилцуулан түүний өмнөөс гарын үсэг зурсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн байхад шийдвэрт тусгаж дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийн гарын үсэг зурж чаддаг гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд С.Гантуяа гарын үсэг зураагүй болох нь тогтоогддог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаас үзэхэд С.Гантуяа, эрхлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, цуцлах гэсэн 2 өөр төрлийн харилцааг зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд бий болсон хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой маргаан юм. Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болоход Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө ажилтанд мэдэгдэх шаардлагагүй бөгөөд харин туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудал нь Байгууллагын дотоод журмаар зохицуулагдах харилцаа тул дотоод журмын 4.2.8-д заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлaap С.Гантуяатай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй гэж шийдвэрлэснийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд хөдөлмөрийн хугацаатай гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх хуралд ажилтныг заавал оролцуулан, хурлын шийдвэрийг түүнд мэдэгдэнэ гэх зохицуулалт байхгүй. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч С.Гантуяа нь хариуцагч Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэгт  холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эсэргүүцэж маргажээ. 

Ажил олгогч нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр С.Гантуяаг ажлаас нь халсан байна. 

С.Гантуяаг ажилд авах тухай ажил олгогчийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/34 дүгээр тушаалд түүнийг туршилтын хугацаагаар эсвэл тодорхой хугацаагаар ажилд авсан эсэх талаар заагаагүйгээс гадна хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан хуулийн шаардлагыг биелүүлсэн нь тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 тоот тушаалын үндэслэл хуульд нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд “хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                       

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01383 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 746 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т зааснаар хариуцагч 68 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянганы  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 63 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА