Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/299

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын   анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Зулаа,

Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,

Шүүгдэгч: Ш.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514005060310 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:ВВ95022713/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.*******ийг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ш.******* нь 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Баян Аараг” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 08-82 БНА улсын дугаартай Тоёота сэнта загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч *******ийн биед нуруунд цус хуралт гэмтэл, зорчигч *******гийн амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.*******ийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх-ийн 04 дүгээр хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 05-13 дугаар хуудас, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч хх-ийн 14 дүгээр хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатын мэдүүлэг хх-ийн 18-19 дүгээр хуудас, гэрч *******, ******* нарын мэдүүлэг хх-ийн 23, 28-29 дүгээр хуудас, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн шинжээч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 466 дугаартай дүгнэлт хх-ийн 47-48 дугаар хуудас, Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний  хэлтсийн шинжээч 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай дүгнэлт хх-ийн 53-57 дугаар хуудас, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 62-67 дугаар хуудас, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 158/390 дугаартай дүгнэлт хх-ийн 73-74 дүгээр хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглээгүй байсан боловч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад нойрмоглож явахдаа  ганга руу орж ав машинд зорчиж явсан өөрийн эхнэр нь машины урд талыг мөргөж төвөнх чихэгдэж амь насыг хохироосон байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Ш.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч Ш.******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жил  таван сар /6 жил 5 / сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил таван сар / 1 жил 5 / сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жил  таван сар / 6 жил 05 / сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил таван сар / 1 жил 5 / сарын хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй битүүмжлэгдсэн болон   шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ш.*******ийн 1484819 дугаартай үнэмлэхийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 5 гэсэн хэсгийг нэмсэн бөгөөд уг хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилж уг хэсэгт яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн прокурорын саналд нийт 12 зүйлийг тусгаж хэрэгт хавсаргахаар хуульчилсан багаа шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 7 гэсэн заалтыг нэмж прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 6 зүйлийг тусгахаар хуульчилсныг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жил  таван сар / 6 жил 5 / сарын хугацаагаар хасаж,  нэг жил таван сар / 1 жил 5 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.*******ийг оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жил  таван сар / 6 жил 5 / сарын хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн  зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ш.*******ийн 1484819 дугаартай үнэмлэхийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ