| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/07517/И |
| Дугаар | 101/ШШ2023/01685 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/01685
| 2023 04 04 | 101/ШШ2023/01685
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э,
Хариуцагч: С.И нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,495,066 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЖХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Э, С.И нар нь 2019-11-12-ны өдрийн ЗГ1911/12/30 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийг олгосон. Зээлийг гэрээний хугацаа дууссан учир 2 сараар нэг удаа, 6 сараар дахин сунгаж гэрээг байгуулсан. 2020-08-12-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан хэдий ч мөнгийг төлөөгүй тул үндсэн зээл 18,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүү 8,995,066 төгрөг, нийт 27,495,066 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С ХХК-ийн үүсгэн байгуулагч, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Дорно-999 төсөлд 2017 оноос оролцсон. Бид барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгө болон бусдаас өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлж барилгын ажлыг бүрэн хийж дуусган хүлээлгэж өгөх гэж байхад нутгийн удирдлагаас тодорхойгүй шалтгаанаар ажлыг 2020 оноос эхлэн зогсоож, өөр компани барилгын ажлыг хийж дуусгасан. Үүнээс үүдэн компани ихээхэн өр төлбөрт унаж санхүүгийн хүнд байдалд орсон.
2019-11-12-ны өдрийн ЗГ1911/12/30 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийг авсан тул зээлийн хүүнд 591,8781 төгрөг, дахин 2 сараар сунгасан тул зээлийн хүүнд 1,144,110 төгрөг, 6 сараар сунгасан тул 3,590,138 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээж, нийт 9,255,345 төгрөгийг төлж биелүүлсэн. Иймд 16,070,684 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх 11,424,382 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч С.Ишүүхэд гаргасан тайлбартаа: 2019-11-12-ны өдрийн ЖХХК-иас авсан 20,000,000 төгрөгийн зээлийг нөхөр Г.Э Дорноговь аймгийн Эрдэнэ суманд барьж байсан барилгад ашигласан. Тухайн зээлнээс надад болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан зүйл байхгүй нөхөр Г.Э дангаараа хариуцаж төлөх учиртай тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2019-11-12-ны өдрийн ЗГ/1911/12/30 дугаартай Зээлийн гэрээ, 2019-11-12-ны өдрийн барьцааны гэрээ, хугацаа сунгасан зээлийн гэрээ дугаар 11, хугацаа сунгасан зээлийн гэрээ дугаар 15, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ 0115649, хариуцагч Г.Э, С.И нарын иргэний үнэмлэхний хуулбар, ЖХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,
Хариуцагч нараас: Г.Э, С.И 2023-01-17-ны 0044 дугаартай итгэмжлэл, Г.Э-ын Худалдаа хөгжлийн банк дахь ......дансны хуулга, ХААН банк дахь ........дансны хуулга зэрэг баримтыг гаргасан өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ЖХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,290,682 төгрөгийг хангаж, 11,204,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ЖХХКомпани нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Э, С.И нар нь 2019-11-12-ны өдрийн ЗГ1911/12/30 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийг олгосон. Зээлийг гэрээний хугацаа дууссан учир 2 сараар нэг удаа, 6 сараар дахин сунгаж гэрээг байгуулсан. 2020-08-12-ны өдөр хүртэл гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан хэдий ч мөнгийг төлөөгүй тул үндсэн зээл 18,500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүү 8,995,066 төгрөг, нийт 27,495,066 төгрөгийг гаргуулахаар үндэслэлийг тодорхойлсон.
3. Хариуцагч Г.Э 2019-11-12-ны өдрийн ЗГ1911/12/30 зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн авсан энэ зээлийн гэрээний үүрэгт буюу зээлийн хүүнд 591,8781 төгрөг, дахин 2 сараар сунгасан зээлийн хүү 1,144,110 төгрөг, 6 сараар сунгасан тул 3,590,138 төгрөгийг тус тус төлөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгчид 9,255,345 төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлээс 16,070,684 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 11,424,382 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
3.а. Хариуцагч С.И2019-11-12-ны өдрийн ЖХХК-иас авсан 20,000,000 төгрөгийн зээлийг нөхөр Г.Э Дорноговь аймгийн Эрдэнэ суманд барьж байсан барилгад ашигласан. Тухайн зээлнээс надад болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан зүйл байхгүй Г.Э дангаар хариуцах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Зохигч 2019-11-12-ны өдрийн ЗГ/1911/12/30 зээлийн гэрээг байгуулсан 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2019-11-12-ны өдрийн барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 8 хороо ...... тоот, улсын бүртгэлийн ... гэрчилгээтэй эд хөрөнгийг барьцаалсан, хугацаа сунгасан зээлийн гэрээ дугаар 11, дугаар 15 гэрээг тус тус байгуулсан, хариуцагч Г.Э зээлийн гэрээний үүрэгт 9,255,345 төгрөгийг төлж биелүүлсэн дээр маргаагүй.
Хариуцагч С.Игийн 20,000,000 төгрөгийн зээлийг нөхөр Г.Э Дорноговь аймгийн Эрдэнэ суманд барьж байсан барилгад ашигласан. Тухайн зээлнээс надад болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй.
Нэхэмжлэгч 2019-11-12-ны өдрийн ЗГ/1911/12/30 зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар хариуцагч Г.Э, С.И нарт зээлдүүлсэн, хугацаа сунгасан зээлийн гэрээ 11, 15 гэрээнүүдэд зааснаар нийт 9 сарын хүү шаардах эрхтэй байна. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүний шаардлага үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Г.Э, С.И нар 2019-11-12-ны өдрийн ЗГ/1911/12/30 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд нийт 5,326,029 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул зээлийн төлбөрт төлсөн 9,035,345 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үүрэгт 16,290,682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,204,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 365,625 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 309,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э, С.И нараас 16,290,682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,204,384 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Э, С.И нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Г.Эын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 хороо........ тоот, улсын бүртгэлийн ........гэрчилгээний дугаартай, 61,77 м.кв талбай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 365,625 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Э, С.И нараас 309,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-нд олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА