Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 117/ШШ2023/0003

 

                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Е шүүгч Б.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.З 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Д

Хариуцагч: Д аймгийн З дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б, Х.М нарыг оролцуулан  “Д аймгийн З даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Д аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх С даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 13757913 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Х.М, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч нь Д аймгийн З д холбогдуулан “Д аймгийн З даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Д аймгийн З даргын тамгын газрын дэргэдэх С даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 13757913 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр маргаж байна.

 Нэхэмжлэгч нь анх 2014 оны 12 сарын 10-ны өдрийн Б/759 дугаартай “Гэрээгээр ажиллуулах тухай” захирамжаар С даргын албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 20-ны өдрийн Б/191 дугаартай З даргын орлогчийн захирамжаар тус албаны даргаар томилогдсон.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 06/1720 дугаартай  “хариу хүргүүлэх тухай” албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариуг авсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2015 онд Д аймгийн З даргын дэргэдэх С даргын албан тушаалд томилогдон нийт 8 жил ажилласан...

Би эрүүл мэндийн шаардлагаар Улаанбаатар хотод шинжилгээ өгч ... Улсын төв 3 дугаар эмнэлэг, Энерги мэдээллийн анагаах ухааны хүрээлэн, Улсын төв 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 05 сарын 31-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн листээ аваад Д аймагт 06 сарын 02-ны өдөр ажилдаа ирээд З даргатай уулзах гэсэн боловч эзгүй байсан тул Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Ттай уулзсан.

Гэтэл 06 сарын 03-ны өдөр аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Т надад Д аймгийн З даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг танилцуулж, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Би З даргатай уулзаж байж өгье гэсэн ба 06 сарын 08-ны өдөр З даргатай уулзаж, надад уг шийдвэрийн талаар урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа огт явуулаагүй тухай хэлж, ядаж цалин, ээлжийн амралтын тооцоо, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч боломжгүй гэсэн хариу өгч, захирамж биелүүлэхийг шаардсан тул  ажлыг С.Эд ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн.

Уг захирамжийг надад албан ёсоор мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй ба эрүүл мэндийн шаардлагаар яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед ийнхүү ажлаас чөлөөлсөнд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж ч авах эрхгүй болж хохирсон.

Д аймгийн З даргын 2022.05.03-ны өдрийн Б/14 тоот захирамж нь миний Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна дараах хууль тогтоомжийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, хууль бус акт гэж үзэж байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах

2. Захиргааны ерөнхий    хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах

3. Хөдөлмөрийн  тухай  хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 дугаар зүйлд заасан тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 5 жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох зэрэг болно.

Миний бие Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж 2022.08.15-ны өдрийн 06/1720 дугаартай албан бичгийг ирүүлснийг 2022.08.30-ны өдөр найз Бр дамжуулан гардан авсан болно.

2022 оны 04 сарын 28-ны үеэр  шинжилгээ өгөхөд бөөрний дутагдалд орох нь яаралтай ирж хэвт гэсэн. Тэгээд яаралтай очиж хэвтсэн. Засаг даргад ийм байдал болоод эмнэлэгт хэвтлээ гэж утсаар хэлэхэд ойлголоо гэсэн. 2022 оны 05 сард эмчилгээ хийлгэж байх хугацаанд засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Засаг даргын захирамж үндэслэлгүй  гэж нэхэмжлэл гаргасан. Сонсох ажиллагааны талаар надад албан ёсоор танилцуулсан зүйл байхгүй. Ахлах түшмэлийн багц хангах сургалтад аймгаас хамруулсан нь үнэн, би дуусгаж чадаагүй өвдсөн тул одоо 1 сарын сургалт дутуу. 04 сарын 06-ны өдөр би З даргын өрөөнд ороогүй. 1995 онд Монгол банкинд ажиллаж байхдаа шалгалтгүй төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөсөн. Тухайн үед шалгалт авдаггүй байсан. Иймд хууль, тогтоомжийг зөрчиж гаргасан, хууль зүйн үндэслэлгүй тул Д аймгийн З даргын 2022.05.03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгож,намайг урьд эрхэлж байсан ажил албан болох аймгийн  засаг даргын тамгын газрын санхүү хяналт дотоод аудитын албаны  даргаар  томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү”

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.З төрийн албанд 26 жил ажилласан. 8 жилийн хугацаанд Д аймгийн З даргын тамгын газрын дэргэдэх санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргын албан тушаалыг хашиж ирсэн. 2021 оны байдлаар ажил 88.2 хувьтай үнэлэгдсэн. 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. З даргатай энэ шийдвэртэй холбоотой 1 удаа уулзсан. 04 сарын 29-ний өдрөөс эхэлж эрүүл мэндийн шаардлагаар 3 эмнэлгээр дамнан хэвтэж эмчлүүлсэн. Захирамжид  Төрийн албан зөвлөлийн 411 дүгээр тогтоол, төрийн албаны салбар зөвлөлийн 35 дугаар тогтоолыг мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66-р зүйлийг тус тус  үндэслэсэн. Төрийн албаны тухай хуулийн 46.2 дахь хэсэгт ажлаас чөлөөлөх 5 үндэслэлийг заасан. Гэтэл энэ үндэслэлийн аль нь ч байхгүй. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бол хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.Сонсох ажиллагаа явуулаагүй.Биечлэн уулзаж сонсох ажиллагаа явуулсан гэж 4-р сарын 6ны тэмдэглэл оруулж ирсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна. Мөн 4 сарын 06-нд Налайх Эрдэнэтэд байсан болох нь баримтаар тогтоогддог. Мөн утсаар, цахимаар сонсох ажиллагаа явуулсан зүйлгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд нийцүүлэн, журмын дагуу явуулах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч, ахлах түшмэлийн зэрэгтэй байгаа хүнийг мэргэшүүлэх сургалтад хамруулдаг талаар хэлсэн түүнээс биш Иргэдийн Хурлын  ажлын албанд ажилд томилохын тулд сургалтад хамруулсан бол биш. 2022 оны 05 сараас 2023 оны 01 сар хүртэл нийт 13,756,913 төгрөгийн ажилгүй хугацааны олговор цалин мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, аймгийн засаг даргын тамгын газрын  санхүү хяналт  дотоод аудитын албаны даргын албан тушаалд  томилуулах  нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Хариуцагч Ц.М шүүхэд бичгээр  гаргасан хариу тайлбартаа: Аймгийн З даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Г.Зыг Д аймгийн С даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаад аймгийн З даргын орлогчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/191 захирамжаар Г.Зыг Д аймгийн С даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль /2022 оны/-ийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж;

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.14.а-д “Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно”, 3.14.6-д “энэ журмын 14-ийн “а”-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг         үндэслэн уг орон    тоог нөхөж болно” гэж заасныг тус тус зөрчсөн.

Г.Зыг анх албан тушаалд томилохдоо Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэлгүй шууд томилсон нь холбогдох хууль тогтоомжийг мөн зөрчсөн байна.

2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлөөр Д аймгийн З даргын дэргэдэх С даргын албан тушаалын тодорхойлолтыг баталгаажуулсан.

Уг албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэшил хэсэгт зааснаар Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх шалгуурыг хангахгүй байсан тул Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан.

Нэхэмжлэгч Г.Зыг ажлаас чөлөөлсөн Д аймгийн З даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Мөн ажилгүй хугацааны цалин олговор болон бусад нэмэгдүүлсэн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарт заажээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чөлөөлөгдөх талаар З дарга өөрөө мэдэж байсан. Чөлөөлөх үеэр шалтаг шалтгаан хэлж ирээгүй нь өвчтэй байсан гэж маргах үндэслэл  болсон байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны албанд олон жил ажилласан нь үнэн. Үйл ажиллагаа нь А, Б үнэлэгдсэн. Ажлын үнэлгээгээр  чөлөөлөөгүй. Томилгооны зөрчлийг арилгах гэж чөлөөлсөн. 04 сард цагийн баланс бүтэн гарсан, засаг даргын зүгээс чөлөө олгосон зүйл байхгүй учир эрүүл мэндийн шалтгааныг нотлох баримт байхгүй байна. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны хуулиа зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлөх  тухай тогтоол гаргасан. Хуулийн дагуу илэрсэн зөрчлийг улс орон даяараа арилгасан. Төрийн албаны зөвлөлийн хууль хэрэгжүүлэх тогтоолыг бид биелүүлэх үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан шийдвэр учир хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. З даргын шийдвэр гарснаас хойш ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчид лист олгох боломжгүй.Төрийн албаны тухай хууль  2019 онд шинэчлэгдэн батлагдсанаар Төрийн албаны зөвлөлөөс  албан тушаалын тодорхойлолтыг баталдаг болсон. Ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдах шаардлагатай учир хамруулсан. Өөрөө сургалтаа дуусгаагүй. Сонсох ажиллагааны талаар З дарга тухайн үед З даргад танилцуулсан би тэмдэглэлийг 04 сарын 06-ны өдөр хийсэн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. 2022 оны 08 сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөл хариу хүргүүлэхдээ засаг даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэсэн.Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй,  хангах үндэслэлгүй  гэв.

8. Гуравдагч этгээд С.Э  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Санхүүгийн хяналт аудитын албаны даргын орон тоон дээр 2019 онд Төрийн албаны тусгай шалгалт зарлагдсанаар шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.Төрийн албаны зөвлөлийн Д аймаг дахь салбар зөвлөлийн 2019 оны 12 сарын 13-ны 07 тоот тогтоолоор комисс байгуулагдан санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргын ажлын байран дээр төрийн албаны тусгай шалгалтад оролцсон.Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 9 сарын 13 өдрийн 63 тоот тогтоолоор С даргын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага дээр “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ БАЙХ” дагуу уг шаардлагыг хангасан,тэнцсэн.

Төрийн албаны тусгай шалгалтыг 2019 оны 12 сарын 19-нд өгч шалгалтын нийт дүнгээр 85 оноо авч С даргын албан тушаалд нөөцөд бүртгэгдсэн. Миний биеийг Төрийн албаны зөвлөлийн Д дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 35 тоот тогтоолоор нэр дэвшүүлсэн.

Аймгийн З даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/25 тоот захирамжаар санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргаар томилсон, 2022 оны  06 сарын 09-нд ажлаа  хүлээн авсан.

С даргын албан тушаалд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль эрхийн актын дагуу миний бие томилогдсон тул Г.Зын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү”.Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нь Д аймгийн З даргад холбогдуулан “Д аймгийн З даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Д аймгийн З даргын тамгын газрын санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 13757913 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр[1] маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 06/1720 дугаартай  албан бичгээр[2] хариу авснаар Монгол шуудан ХК-ий 2022 оны 10 сарын 19-ний өдрийн 12 тоот лавлагаа[3]  болон бусад баримтыг[4] үндэслэн тус шүүхэд дээд шатны байгууллагын хариуг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан  нэхэмжлэл[5] гаргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэн шалгасан болно.  

3. Аймгийн засаг даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 тоот  захирамжаар[6] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 411-р тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Д аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 35-р тогтоолыг тус тус үндэслэн Г.З 2022 оны 05 сарын 04-ний  өдрөөс эхлэн  үүрэгт ажлаас чөлөөлж, ээлжийн амралт, санхүү эд хөрөнгийн  тооцоо хийж дуусгахыг тус албаны нябод даалгажээ.

             4. Нэхэмжлэгч нь  Д аймгийн З даргын орлогчийн 2014 оны 12 сарын 10-ны өдрийн Б/759 дугаартай “Гэрээгээр ажиллуулах тухай” захирамжаар[7] санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд ажиллаж байгаад мөн орлогчийн 2015 оны 05 сарын 20-ны өдрийн Б/191 дугаартай захирамжаар[8] тус албаны даргаар томилогдсон ба Аймгийн з даргын 2014 оны 11 сарын 14-ний өдрийн а/707 тоот “санхүүгийн хяналт аудитын алба байгуулах тухай” захирамжаар[9] анх уг албыг 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулж, бүтэц орон тоог болон дүрмийг баталжээ.

5. Аймгийн Здаргын 2019 оны 11 сарын 05-ны өдрийн А/395 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамжийн 5-р хавсралт[10], Төрийн албаны зөвлөлийн баталсан албан тушаалын тодорхойлолт[11] зэргээр санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалд ТЗ-10 ангилал зэрэглэл, албан  тушаалд тавигдах боловсрол-бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх, мэргэжил-санхүү нягтлан бодох бүртгэл, мэргэшил-ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх, мэргэшсэн нягтлан бодогч байх гэж тусгайлсан шаардлага тавигдсан ба Г.З нь  эдийн засаг ба санхүү зээл мэргэжлээр[12]  1993 онд Болгар улсын София хотын Карл марксын нэрэмжит эдийн засгийн дээд  сургууль төгссөнг  санхүү нягтлан  бодогчийн мэргэжилтэй гэж үзэхгүй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх эрхийг аваагүй, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багцын сургалтад хамрагдаагүй зэрэг шаардлагыг[13] хангаагүй болох нь тогтоогдож байх тул томилгооны хувьд  зөрчилтэй гэж үзэх нөхцөлийг бүрдүүлжээ.

  6. Төрийн албаны тухай хуульд заасанчлан сул орон тооны сонгон шалгаруулалтаар болзол шаардлага хангасан этгээд төрийн албанд ажиллах нь хуулийн зорилго, зарчимд нийцэх хийгээд 2019 оны 12 дугаар сарын 19-нд сонгон шалгаруулалтыг[14] зохион байгуулж, дээрх шалгалтад Г.З ороогүй болохоо  шүүх хуралдаанд нэхэмжлэгч /мэргэшсэн биш тул гэдгээр ороогүй/ тайлбарласан ба тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй бол төрийн албанд ажиллах эрх үүсэхгүй. Уг шалгаруулалтын талаар Г.Зын гомдолд Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хариуг[15] өгсөн байдаг, энэ шалгаруулалтад нэхэмжлэгч маргаагүй[16]. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд “төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт  хамааруулж үзнэ” гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч  тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтыг явуулах нь хууль зүйн үндэслэлтэй. 

7.С даргын албан тушаалд Б.Ж  сонгон шалгаруулалтын оноогоор 1т эрэмбэлэгдэж засаг даргад уламжилсан[17] боловч уг албан тушаалд томилогдохоос татгалзсанаар[18] гуравдагч этгээд С.Эыг томилсон[19], уг шийдвэрт нэхэмжлэгч маргаагүй бөгөөд  маргаан бүхий захирамжид Төрийн албаны зөвлөлийн Д дахь салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 35 тоот тогтоолыг[20] үндэслэл болгосон байдаг. С.Э нь шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж хүсэлтээ бичгээр[21] ирүүлсэн

8.Г.Зын 1995 онд төрийн албаны тангараг өргөсөн гэх баримтыг[22] тодруулж шалгахад[23] “тухайн үед аймаг дахь Монгол банкинд ажиллаж байсан, ямар нэгэн шалгалт өгөөгүй, тангараг өргөөд л ажлаа хийсэн гэх өөрийнх нь мэдүүлэг”, хариуцагчаас “тус аймагт төрийн албаны шалгалт өгөөгүй тул төрийн архивт холбогдох баримт байхгүй“ гэх зэргийг болон аймгийн засаг даргын  тамгын газрын санхүү хяналт дотоод аудитын албаны  даргын албан тушаалд  төрийн албаны шалгалт өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар бусад баримтаар[24] хуулиар  тогтоосон төрийн албаны  шалгалтыг  өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 411-р тогтоолд[25] заасныг хэрэгжүүлж хуулийн зөрчилтэй томилгоог зөвтгөн,сул орон тоог нөхөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргахдаа Төрийн албаны хуулийн холбогдох зүйл заалтыг  баримтлаагүй нь актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх нь байгууллага албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг болно.

10. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “хариуцагчаас уг актыг гаргахдаа мэдэгдэх сонсгох ажиллагааг хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан 2022 сарын 04 сарын 06-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг[26] нөхөж хийсэн” гэж, хариуцагчийн төлөөлөгч Х.Маас ”энэ тэмдэглэлийг би засаг даргын даалгаснаар албажуулсан” гэж  тус тус тайлбарлаж  энэхүү тэмдэглэлийг тухайн үед буюу нэхэмжлэгчийг байлцуулан тэмдэглээгүй болох нь  шүүх хуралдааны явцад тогтоогдох хэдий ч  нэхэмжлэгчийн “засаг даргатай тохирон өөр албан тушаалд  томилуулахаар  Авлигатай тэмцэх газарт  мэдүүлэг явуулахыг өөрөө зөвшөөрсөн” гэх тайлбар хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн 2023.02.01-ний тайлбарын[27] 4-р заалтад“засаг даргын зүгээс томилгооны зөрчил арилгах талаар төрийн албаны зөвлөлөөс шаардлага тавьсанг танилцуулж, удирдлагуудтай зөвшилцөн Г.Зд албан тушаалын ангилал зэрэглэл цалин  тогтоомжийг нь бууруулахгүйгээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар  хэлцэл хийн өөрт нь санал болгосон, өөрөө зөвшөөрсөн”гэх тайлбартай нийлж, Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг[28]  хянаж ирүүлсэн байх тул маргаан бүхий  захирамжийн талаар байгууллага мэдэгдсэн, нэхэмжлэгч мэдсэн  гэж үзэхээр байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах ёстой гэж буюу нэхэмжлэгчээс эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022.04.29-ний өдрөөс Улаанбаатар хотод эмчлүүлсэн[29] гэх боловч хэрэгт ирүүлсэн 4, 5-р сарын цагийн бүртгэлээр[30] 4-р сард ажлын 21 хоног ажилласан болон  4-р сарын цалингаа бүрэн авсан гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, 5-р сард  16 цаг/2хоног/ ажилласан  буюу  өвчтэй, чөлөөтэй байсан  гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд 5-р сарын 3-наас хойш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай  баримтууд[31]  шүүхэд маргаж буй актын хугацаанд хамаарахгүй юм.

12. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар /Г.З ажлаа хүлээлгэн өгсөн акт[32]/ болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ заасан ба маргаан бүхий захирамжийн 3-р заалтад ээлжийн амралтыг бодож олгохыг заасанчлан 2022 оны ээлжийн амралтын  олговорт 863060 төгрөг хүлээн авсан гэж нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тайлбарласан[33] ба  хариуцагчаас олгосон баримтыг[34] мөн ирүүлсэн байна.

13. Нэхэмжлэгчээс ажилгүй хугацааны цалин олговорт 13757913 төгрөгийг[35] болон эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт  баталгаажуулалт  хийхийг шаардсан ба  анхдагч үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд бусад шаардлага хангагдах  үндэслэл үүсэхгүй.  

Иймээс дээрх  үндэслэл  шалтгаан нөхцөлүүдийг үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар  шинжлэн судлаад  захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг хуульд заасны  дагуу зохих ёсоор гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй буюу төрийн албаны шалгалт өгөөгүй бол төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрхгүй  гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1,106.3,106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 27 дугаар зүйлийн 27.1,65 дугаар зүйлийн 65.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Зын аймгийн З даргад холбогдуулан гаргасан “Д аймгийн З даргын 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Б/14 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Д аймгийн З даргын тамгын газрын с албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 13757913 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн  114   дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

                          

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.С

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-3, 10-13, 165

[2] Хэргийн 16-17

[3] Хэргийн 29

[4] Хэргийн 20-21

[5] Хэргийн 3 дугаар талын арын нүүрэнд дардас үзэх.

[6] Хэргийн 51

[7] Хэргийн 52

[8] Хэргийн 58-р талд.

[9] Хэргийн 105

[10] Хэргийн 57-62

[11] Хэргийн 55-62 , 150-154

[12] Хэргийн 207-214

[13] Хэргийн 191

[14] Хэргийн 53-54, 63-65, 81-89

[15] Хэргийн 18-19

[16] Хэргийн 208

[17] Хэргийн 54, 117

[18] Хэргийн 118

[19] Хэргийн 69

[20] Хэргийн 64-65

[21] Хэргийн 98

[22] Хэргийн 149

[23] Хэргийн 193 талд болон 2 сарын 17-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд өөрийнх нь тайлбараас үзэх.

[24] Хэргийн 194

[25] Хэргийн 126-128

[26] Хэргийн 123-124

[27] Хэргийн 191-192 хуудас 4-р заалт.

[28] Хэргийн 181-182

[29] Хэргийн 1-3, 10-13

[30] Хэргийн 203-205

[31] Хэргийн 23-28, 37

[32] Хэргийн 90

[33] Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэх

[34] Хэргийн 92-93, 120-121.

[35] Хэргийн 1-3, 10-13, 165