Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

 

 

 

      

 

Ж.Галбадрах, Ц.Пүрэв нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                        Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                

                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /цахим/

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Цэдэвийн Пүрэв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлөг овогт Жалтаны Галбадрах нарт  холбогдох эрүүгийн 2033000000047 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, /бичиг, үсэг муу мэднэ/, мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар баг, Хонгор-Овоо хөдөө оршин суух хаягтай, Борлууд овогт Цэдэвийн Пүрэв /РД:0079092033/

Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул зймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг, 7-р байр 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Өөлөг овогт, Жалтаны Галбадрах /РД:МК82090616/

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.Пүрэв нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Сүхбаяртай маргалдаж, нүүрэн тус газарт төмрөөр хатгасны улмаас баруун нүдний бүрэн  хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний  дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан.

Яллагдагч Ж.Галбадрах нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Пүрэвийн биед халдаж, нүүрэн тус газарт гараараа түлхэн эрүүл мэндэд нь 2 шүдний  хөдөлгөөнтэй байдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Пүрэв, Ж.Галбадрах нарт холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шүүгчийн захирамжаар:

“1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Ц.Пүрэв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Ж.Галбадрах нарт холбогдох эрүүгийн 2033000000047 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг    прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар яллагдагч Ц.Пүрэв, яллагдагч Ж.Галбадрах нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор 2021 оны 04 сарын 07-ны өдрийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: “...хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүх хэргийг хянаж өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлгүйгээр, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж буцаасан байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдэх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах чухал суурь болдог учиртай билээ.

Шүүх хохирогч Б.Сүхбаярын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтийг нотолсон баримт хэрэгт байхгүй, Яллагдагч Ц.Пүрэвийн үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэхдээ хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн “ДҮГНЭЛТ: 1. М.Сүхбаярын биед баруун нүдний бүрэн хараагүйдэл, нүдний алим авах мэс заслын дараах байдал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлтийг,

-Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан “MED TRAUMA HOSPITAL”-ийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээний “...Баруун талын нүдний ухархайн гадна-дээд булан хэсгийн хана 0.4x0.8 см орчим өргөн хэсэгт гавлын хөндий рүү 0.3 см орчим гүн цөмөрсөн хугаралтай, гадна шулуун булчин хавагнасан. Баруун талын нүдний алимны хэлбэр алдагдаж, нягтрал жигд бус ихэссэн, эргэн тойрны өөхөн эслэгт нэвчдэстэй, баруун нүдний зөөлөн эдэд хавантай...” гэх,

-Мөн хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан “...Зовхи хаван хөхрөлттэй, а/с цус хуралттай, эвэрлэг өмнөд ханаар битүү цустай, склер урагдсан, хориод хавчуулагдсан байдалтай, цаашид үнэлэх боломжгүй...” гэх эмчийн тэмдэглэгээ,

-Хохирогч Б.Сүхбаярын “...Тэгээд би тэр залууг гараад ир ээ гээд машины рулиэс бариад тэр залууг гараараа татах гээд урагшилсан чинь гартаа барьсан байсан дугуйн дорцовны үзүүртэй ишээр миний нүд рүү хатгасан...” гэх мэдүүлэг зэрэгтэй харьцуулан дүгнээгүй, мөн дээрх нотлох баримтууд нь хохирогчид учирсан механик гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үндсэн шинж болох няцарч урагдсан шинжийг агуулж байгаад дүгнэлт хийгээгүй,

-Нөгөөтэйгүүр шүүх захирамжиндаа “...хохирогчийн ир үзүүртэй зүйлээр хатгасан гэх мэдүүлэг...” гэж заасан нь хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Б.Сүхбаярын өгсөн мэдүүлэгт дурьдагдаагүй нөхцөл байдлыг тусгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх асуудалд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн эсэх талаар хэлэлцэхээр заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх асуудлыг шүүхийн хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэх нь хуулийн зохицуулалтанд нийцнэ гэж үзэж байна.

Мөн хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлэхэд хохирогч Ц.Пүрэв /хх-ийн 29-31 хуудас/, М.Сүхбаяр /хх-ийн 37-39 хуудас/, гэрч А.Орхонбаяр /хх-ийн 71-76 хуудас/, Ж.Галбадрахын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 84-89 хуудас/, гэрч А.Орхонбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-83 хуудас/, гэрч Ж.Галбадрахын мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-96 хуудас/, гэрч М.Цогбаяр /хх-ийн 38-100 хуудас/, П.Батбаатар /хх-ийн 101-102 хуудас/, С.Отгонгалаа /хх-ийн 103-104 хуудас/, Б.Баатархүү /хх-ийн 109-110 хуудас/, Ш.Баярсайхан /хх-ийн 112 хуудас/, Р.Сувдаа /хх-ийн 150-152 хуудас/, С.Түмэнханд /хх-ийн 154 хуудас/, Д.Долгор /хх-ийн 160-161 хуудас/ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10679 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 14-15 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 726 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6-7 хуудас/, шинжээч Д.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/, яллагдагч Ц.Пүрэвийн мэдүүлэг /хх-ийн 127-128 хуудас/, яллагдагч Ж.Галбадрахын мэдүүлэг /хх-ийн 166-171 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ц.Пүрэвийн үйлдлийн улмаас хохирогч Б.Сүхбаярын нүд гэмтсэн үйл баримт тогтоогдсон, гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоосон болно.

2.Энэ хэргийн маргаан дагуулж буй зүйл болох яллагдагч Ц.Пүрэвийн нь хохирогч М.Сүхбаярын нүдийг хатгасан гэх зэвсгийн чанартай зүйлийг бэхжүүлж эд мөрийн баримтаар хураагаагүй гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилжээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд Б.Сүхбаярын эрүүл мэндэд хохирол учирсан гэх асуудлын талаар цагдаагийн байгууллагад 22 цаг 15 минутад мэдээлэл ирж улмаар нэгдсэн бүртгэлд авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхболд нь гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх машины төмөр дорцовыг олж илрүүлэх зорилгоор яллагдагч Ц.Пүрэвийн тээврийн хэрэгслээс эрж хайхад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд авагдсан байх тул мөрдөгчөөс дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн яллагдагч Ц.Пүрэв нь Б.Сүхбаярын эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...Намайг дорцовоор цохьсон гэж яриад байна. Машинд минь тийм дорцов байхгүй. Би ийм зүйл авч явдаггүй. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгчихсөн байгаа...” гэх мэдүүлгээр яллагдагчийн зүгээс Б.Сүхбаярын нүдийг хатгасан гэх төмөр эд зүйлийг устгасан байж болзошгүй, удааширч уг ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар олж ирүүлэх боломжгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасны дагуу эрэн сурвалжлах ямар ажиллагаануудыг хийж уг эд мөрийн баримтыг нөхөн тогтоох боломжтойг дурдаагүй нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлаар бичигдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэн зүйлчлэхээр тусгасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой байсан болно.

Прокуророос Ц.Пүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхдээ Ц.Пүрэвийн хохирогчийн биед гэмтэл учруулсан гэх дорцов төмөр нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх биеэ хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж биш гэж үзсэн бөгөөд Ц.Пүрэв нь тухайн дорцов төмрийг хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүндрүүлэн зүйлчлээгүй болно.

3.Хэрэгт хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хөтөлж асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Мэдүүлэг өгч байгаа хүнд хариултыг нь хэлж өгсөн агуулгатай асуултыг хөтөлсөн асуулт гэж үзэх бөгөөд хохирогч, гэрчид “Та 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр юу болсон талаар тодорхой ярина уу?” гэсэн асуулт тавьсан нь хохирогч, гэрчээс юуны талаар асуулт хариулт явагдаж байгааг ойлгуулах зорилгоор тавьсан асуулт болно. Хохирогч, гэрчийн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эмчийн үзлэгийн баримтууд зэргээр тухайн гэмт хэрэг нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Хохирогч, гэрчүүдэд мөрдөгчөөс тодруулж асуусан асуулт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэхэд саад болж хууль ёсны ба үндэслэлтэй тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхгүй байна.

4.Яллагдагч Ж.Галбадрах, хохирогч Ц.Пүрэв болон гэрч Д.Долгор нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэж үзсэн. Шүүхээс дээрх байдлаар дүгнэхдээ нүүрэлдүүлж мэдүүлгийг шалгах ажиллагааны гарах үр дүн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэрэгт ашиг сонирхлын зөрчил бүхий яллагдагч нарын болон яллагдагч Ц.Пүрэвийн эхнэр Д.Долгор нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт хэргийг буцаахаар хуульчилсан бөгөөд гэрч, яллагдагч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авах замаар нотлох баримтыг үнэлэх бүрэн боломжтой байна.

Иймд Ц.Пүрэв, Ж.Галбадрах нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай шүүгчийн захиармжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан Шийдвэрдэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Шүүх хуралдааны шатанд эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ц.Пүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар,  Ж.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Ц.Пүрэв, Ж.Галбадрах нарт холбогдох эрүүгийн 2033000000047 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Яллагдагч Ц.Пүрэв, Ж.Галбадрах нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 27 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжинд яллагдагч нарт холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

 

Иймд  улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/30 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.Пүрэв, Ж.Галбадрах нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД        Г.ДАВААРЕНЧИН                                                                                  Б.ЭРДЭНЭХИШИГ