| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0243/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/263 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/263
2025 10 06 2025/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.Ундармаа,
Шүүгдэгч Г.Р,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Г-ын Р-д холбогдох эрүүгийн 2512001340252 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт А аймаг Т сумын Б багийн Б гэх газар оршин суух, урьд нь Сум дундын 1 дүгээр шүүхийн 20.. оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар, 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт Г-ын Р /РД: ..../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Р-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ж.Ундармаа “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Г.Р “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар би буруугаа хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйсан, гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Б.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Р 2024 оны 03 дугаар сарын сүүлээр А аймгийн Э сумын 5 дугаар багийн М-т гэх газраас 1 тооны адууг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манайх 2024 оны 03 дугаар сарын сүүлээр Эрдэнэбулган сумын 5 дугаар баг М гэх газраас өөрийн өмчлөлийн шарга зүсмийн байдсаа хулгайд алдсан. Тэгээд манай нөхөр болох Б алдсан байдасныхаа эрэлд Т сумаар явж байгаад Р гэх айлын адуугаар ортол манай алдсан шарга зүсмийн 4 настай хязаалан байдас байсан гэсэн Тэгээд Р-тэй уулзтал би аймаг ороод Т явах замдаа шарга байдсыг хулгайлж, мориор хөтөлж авч ирсэн гэж хэлсэн. Тийм учир цагдаагийн байгууллагад хандсан. ...сум руу гүйх боломжгүй. ...ойролцоогоор 30 гаруй км газар байсан. ...2024 оны 03 дугаар сарын сүүл буюу алдсан өдрөөс хойш 5-6 хоногийн дараа Р-гийн дүү гэх залуу, ....Тээврийн хэрэгслээр авч ирж өгсөн ...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай хүү Бийнх 2024 оны 03 дугаар сарын сүүлээр ...шарга зүсмийн хязаалан насны байдсаа алдсан. Тэгээд хүү Б маань ...эрэлд яваад ...Т сумын Р гэх залуу ...хулгайлсан байсан гэсэн. ...хэд хоногийн дараа ...дүү нь ...манай ах Р хулгай хийсэн байна, өөрөө хот руу явсан намайг аваачиж өгөөрэй гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын сүүлээр манай хар азаргатай 30 гаруй тооны адуунаас 1 тооны шарга зүсмийн соёолон байдас хулгайд алдагдсан. ...би адуугаа эрж хайж яваад Т сумын Б сумын нутаг дэвсгэрт байдаг Б гэх газар нутагладаг Г гэх хүний хүүхэд Р гэх айлын адуунд ...үзэхэд байсан. ...яагаад хулгай хийсэн талаар асуухад “би танай адуунаас энэ шарга байдсыг авахдаа өөрийн хээр зүсмийн морийг унаад ирж бариад хөтлөөд аваад явсан” гэж хэлсэн. Үүнийг сонсоод миний дургүй хүрээд Р-д хандаж “миний шарга байдсыг адуунд нь аваачиж тавь, үгүй бол манайд хүргэж өг” гэж хэлсэн. ...манай эхнэр, хадам аав нарт авч ирж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны хавар 3 дугаар сард А аймгийн Т сумын Б багийн нутаг Хүрэм гэх газар мал маллан амьдарч байсан. Тэгтэл манай төрсөн ах Р утсаар залгаад “манай адуу Б гэх газарт бэлчиж байгаа адуун дотор шарга зүсмийн байдас байгаа тэрийг аймгийн төвд ....аваачиж өгөх хэрэгтэй байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
- Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн АЦ5-45 дугаартай дүгнэлтэд “адууны үнэлгээг 900.000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн /хх-ийн 39-43 дугаар хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Мэргэнгүн аудит” ХХК-ийн шинжээч А.Бямбажавын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд “нас нийлсэн морь 900,000 төгрөг, ногт-700,000 төгрөг, мяндсан жолоотой хазаар-45,000 төгрөг, эмээл 120,000 төгрөг, мяндсан бугуйл 6000 төгрөг” гэсэн /хх-ийн 85 дугаар хуудас/,
- Яллагдагч Г.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Г.Р-гийн үйлдэл нь хүний өмчлөх хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Р нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Г.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.А гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Р-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.Р-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Р-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнийг улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн э 2.50 см урттай хар өнгийн дөрвөлжин мяндсан ногт, суран толгойтой хамаргүй суран магнайвчтай, бөөрөнхий мяндсан 2.70 см урттай цагаан өнгийн мяндсан жолоотой хазаар, цагаан өнгийн хос дөрөөтэй ногоон бор өнгийн гөлөмтэй, шар өнгийн яс модтой, 2 ширхэг цагаан өнгийн төмөр хяртай, цагаан өнгийн төмөр 4 ширхэг даруулгатай, алаг өнгийн олонцогтой, 2 ширхэг суран жирэмтэй, 1 ширхэг дээсэн, 1 ширхэг мяндсан оломтой эмээл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Г-ын Р /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Р-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Р-гээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.50 см урттай хар өнгийн дөрвөлжин мяндсан ногт, суран толгойтой хамаргүй суран магнайвчтай, бөөрөнхий мяндсан 2.70 см урттай цагаан өнгийн мяндсан жолоотой хазаар, цагаан өнгийн хос дөрөөтэй ногоон бор өнгийн гөлөмтэй, шар өнгийн яс модтой, 2 ширхэг цагаан өнгийн төмөр хяртай, цагаан өнгийн төмөр 4 ширхэг даруулгатай, алаг өнгийн олонцогтой, 2 ширхэг суран жирэмтэй, 1 ширхэг дээсэн, 1 ширхэг мяндсан оломтой эмээл зэргийг устгахыг А аймгийн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Г.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР