Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/01214

 

 

 

 

 

 

 

 

 

2023           03          10                                        101/ШШ2023/01214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ж холбогдох 4,461,207 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020-02-27-ны өдөр хувийн ажил хийж байгаад дампуурч, Засо ХХК-д машинаа тавьсан байсан, өөрөө төлөх боломжгүй болж, марк экс-ийн группт .... улсын дугаартай тээврийн хэрэгслээ зарах зар тавьсан. Ж.Ж холбогдож, чи манайхаас ирж сэлбэг авч байсан гэж манай хүн рүү ярьж, анх машиныг чинь очиж үзээд 500,000 төгрөг, иргэний үнэмлэхтэйгээ үлдээж би 3 хоногийн дотор машины чинь мөнгийг өгнө гэж байсан, тэгэхэд нөхөртэйгөө ярьж байгаад сэлбэг зардаг юм чинь найдвартай байх гэж бодож өгч явуулсан, тэгэхэд машины төлбөр төлөх Засогийн хугацаа нь болж байсан, Ж.Ж утсаа авахгүй араас нь их хөөцөлдсөн. 2021 оны 06 сард цувуулж 540,000 төгрөг, 640,000 төгрөгийг авсан. Түүнээс хойш өгөхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Надад удахгүй үлдэгдэл мөнгийг чинь буцааж өгнө гэсэн, Засо ХХК-иас надад маш их дарамт ирж байсан, цар тахлын үед би хүүхдээ хараад гэртээ байсан. Анх машиныг 4,800,000 төгрөгөөр худалдах,  Засо ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр худалдсан. Засо ХХК-ийн алданги, хүүг би шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр 3,190,020 төгрөг, Засо ХХК-д төлсөн хүү, алданги 1,270,787 төгрөг, нийт 4,461,207 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлсөн үнийн дүнгээр тодорхойлсон гэв.

Хариуцагч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020-02-27-ны өдөр найз Б яваад ирээрэй гэсэн тул би авсан. Очиж уулзахад дүн нь анх 4,800,000 төгрөг байгаагүй, 4,200,000 төгрөг байсан. Тухайн үед Засо ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 3,200,000 төгрөг гэж байсан. Би яагаад 500,000 төгрөгийг өгсөн бэ гэвэл тухайн машин нь 500,000 төгрөгийн торгуультай байсан. Машины нэрийг шилжүүлж авахад торгуулийг өөрсдөө төлнө гэсэн, энэ талаар Бд хэлэхэд зээл болон торгуулийн үлдээгээд бэлэн 500,000 төгрөг өгсөн, 3,200,000 төгрөг, торгууль 500,000 төгрөг гэж дараа нь нэр шилжүүлэх үед 3,700,000 төгрөгийг өгөхөөр тохирсон. 4,400,000 төгрөгийг Засо ХХК-д өгсөн гэж байгаа, анх 500,000 төгрөг өгсөн, дараа нь 540,000 төгрөг, 640,000 төгрөгийг С надад Засо ХХК-ийн захирлын данс шүү гэж хэлсэн тул зээлийг нь төлөхөөр хийсэн гэтэл өөрийнх нь данс байсан. Иймд нийт төлбөрөөс 1,180,000 төгрөг хасагдана гэж үзэж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаас 1,180,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдлийг нь хүлээн зөвшөөрч байна. Сонгинохайрханд дүүрэгт Цагдаад өргөдөл гаргаж өгсөн байхдаа намайг дуудсан тул мэдүүлэг өгөхөд байцаагч надад 2,100,000 төгрөг нэхэмжилсэн өргөдөл ирсэн гэж байсан. Би 3,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, 2,000,000 төгрөг нь бодит үлдэгдэл төлбөр, 1,200,000 төгрөг нь тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрсөн, С нь Засо ХХК-д тодорхой хэмжээний хүү алданги төлсөн байсан тул 3,281,207 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2020-07-30-ны төлбөр барагдуулах өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022-04-14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтын хуулбар, 2022-04-08-ны өдрийн 22-4/323 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар,  2020-07-30-ны өдрийн ЗГ2019/98-01 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний хуулбар зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.  

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч О.С нэхэмжлэлээс 3,281,207 төгрөгийг хангаж, 1,180,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч О.С  нь 2020-02-27-ны өдөр .... улсын дугаартай хэрэгслийг хариуцагч Ж.Ж д 4,800,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож авто машиныг өгсөн, Засо ХХК-д зээлийн өрөнд байгааг мэдэж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 4,461,207 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт төлсөн тул хариуцагч 4,461,207 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.   

3. Хариуцагч Ж.Ж ... улсын дугаартай автомашиныг 4,200,000 төгрөг худалдан авахаар тохиролцож, худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,281,207 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 1,180,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигч 2020-02-27-ны өдөр ... улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэх үйл баримт дээр маргахгүй байна.   

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч О.С автомашиныг 4,800,000 төгрөгөөр худалдан авах, Засо ХХК-д төлөх төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Зохигч зээлийн гэрээ хийсэн нөхцөлийг өөр өөр тайлбарлаж байгаа боловч бичгээр гэрээг байгуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.    

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу 4,461,207 төгрөг төлсөн тул хариуцагч Ж.Ж ас авто машин худалдсан үндсэн төлбөр дээр Засо ХХК-д төлсөн хүү, алданги гаргуулахаар шаардах үндэслэл нотлогдохгүй байх тул хүү, алданги 1,180,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх. 

Нэхэмжлэгч О.С ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86,330 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Жас 3,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ж ас 3,281,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 86,330 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Жас улсын тэмдэгтийн хураамжид 67,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ст олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА