2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2486

 

 

 

 

 

 

 

 

   2025        11          03                                         2025/ШЦТ/2486

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Банязүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч О.Даваахүү,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2025 оны  10 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.А нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний шөнийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................” тауэрын гадна ил зогсоолд байхдаа хохирогч М.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн ............... улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 300 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалгыг өшиглөж гэмтээн 4,646,250 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ............дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний шөнийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” тауэрын гадна ил зогсоолд байхдаа хохирогч М.Б-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эзэмшлийн ............. улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер” 300 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалгыг өшиглөж гэмтээн 4,646,250 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч М.Б-ын "...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн  1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” гээд шилэн барилгын 1 давхарт байрлах "..........." рестораны терасанд үйлчлүүлж байхад хажуу ширээний хүмүүс муудалцаад терасны хажуудах машины зогсоол дээрх миний машинд эвдрэл учруулсан. Тухайн хүмүүс нь үйлчлүүлж байсан хүмүүс болон ажилчдыг ёс бусаар хэлж мөн миний болон ажилчдын биед нь халдсан. Цагдаад дуудлага өгч дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй ёс бусаар хэлж хувцасыг нь бараг урчих шиг болсон. Тухайн терасанд камер байхгүй болохоор тэдний ажилтныг гэрчээр дагуулж ирсэн...", "...Сувдан цагаан өнгөтэй ланд круйзер 300 байсан. Машины баруун урд хаалган дээр эвдрэл гэмтэл үүссэн...". Таван богд моторсоос болон Жи Ди Хаб зэрэг тус газруудаас хохирлын хэмжээ тодорхойлуулан. Ойролцоогоор үнэлгээний хүнтэй ярихад хаалга нь 3,500,000 төгрөг болно гэж байсан хальс нь тусдаа 1,500,000-2,000,000 төгрөгийн хооронд байгаа байх маргааш яг хохирлоо тодорхойлуулна..." гэх мэдүүлэг /хх 7/,

Гэрч Б.Х-ын "...2025 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 22 цаг 45 минутын орчимд үед дотор ресторанаас үл таних 2 залуу нь хүчтэй бууж ирсэн. Тухайн үед тэр 2 залуу хоорондоо ноцолдож, барилцаад авсан. Би тухайн үед тухайн 2 хүнийг салгах гээд болиулж байхад хажууд талд сууж байсан тухайн 2 хүний найзууд хүрээд ирээд хоорондоо нэлээн маргалдаж зодолдохын наагуур юм болоод салгаад тухайн үймээн тариад байсан үл таних залууг Тухайн манай А-ын хувийн автомашины зогсоол руу аваачсан. Тухайн хүн нь таарсан хүн болгонтой маргалдаж дайраад байсан. Тухайн зогсоол дээр тамхи татаж байсан 3 хүнтэй маргалдаад бас тухайн газраас холдуулах гэж байхад Баяраа хүрч ирээд миний автомашинаас хол байчих гэж хэлэхэд нь тухайн үл таних залуу нь баруун талын урд хаалга баруун хөлөөрөө өшиглөөд чиний машин яадаг юм би төлчихнө гэж хэлээд баруун талын толийг нь нааш цааш нь хөдөлгөөд байсан. Тухайн үед хамгаалагч болон тухайн үед байсан зөөгч нартай хамт тухайн хүнийг одоо ингээд явчих гэж аргалаад байж байхад ширээний хамт байсан хүмүүс нь тухайн үл таних залууг хаяад явсан. Тухайн үед Баяраа нь наад хүн чинь миний машиныг өшиглөөд хонхойчихсон байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан...", "... Тухайн залууг зүс танина манайхаар хааяа нэг үйлчлүүлдэг. Нэрийг нь мэдэхгүй, Timberland гэх бичиглэлтэй, саарал өнгийн ханцуйтай цамцтай, хар өмдтэй бусад зүйлийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн толийг нь өшиглөсөн гэх залуу нь цагаан футболк, цэнхэр женсэн өмд, саарал пүүзтэй явж байсан. Тухайн цагаан футболктой залуу нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж автомашинд суухгүй гээд цамцыг нь урсан байдалтай харагдсан...", "... Ертөнцийн зүгээр урд талд хаалттай зогсоолд байсан. Ланд 300 маркийн тээврийн хэрэгсэл байсан...", "... Тухайн машины баруун гар талын урд хаалга руу 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Баруун толийг нь болохоор хамт явж байсан үл таних залуу нь 3 удаа 2 гараараа нааш цааш хөдөлгөсөн..." гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч Б.Э-ын "...2025 оны 22 цагийн үед ............. гээд барилгын 1 давхарт ажлын газрын 5 хүнтэй өөртэй нийлээд зургуулаа ууж сууцгаасан. Тэгээд тарах гээд байж байтал гадаа А ахыг гурав, дөрвөн хүн зодож байсныг харсан. Тэгээд би очиж салгасан. Тэгээд юу болсныг асуутал "Танай энэ хүн машин эвдэлсэн" гэхээр нь би "Эвдэлсэн юм бол наад хүн чинь төлөөд өгнө шүү дээ" гэтэл тэр хүн "За тэгвэл бэлэн сая төгрөг өгчих" гэхээр нь би цагдаагааa дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд намайг баривчилсан. А хойноос орж ирээд наад хүн чинь ямар ч холбоогүй хүн гэтэл цагдаа нар огт тоохгүй байсан. Тэгээд намайг унагаагаад миний гар утас газар унасны улмаас эвдэрсэн. Тэгээд цагдаа нар А бид хоёрыг аваад явсан...". "... Тэрийг бол мэдэхгүй байна. Тэр машины хаалган дээр бол хар зураас болсон байсан. Тэр хүн "Танай хүн чинь эвдээд ийм болгосон" гээд А ахыг заагаад байсан...". "... Жолооч талын буюу баруун талын хаалганы доод хэсэгт хар зураас гарсан байсан. Хэн тэгснийг нь бол мэдэхгүй...". "... ........ билүү тийм нэртэй лоунжид 21 цаг өнгөрөөд дөнгөж гэгээ тасарч эхэлж байх үед ийм үйл явдал болсон. Тэр лоунжийн гадна ууж суудаг майхны хажууд тэр машин байсан. Анх бид хэдийг ороход машин байгаагүй, сүүлд ирсэн байж магадгүй..." гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Б.Э-ын "... Он сар өдрийг нь санахгүй байна. Орой барагцаагаар 20:00-21:00 цаг орчим тогооч нар тамхи татаж байхад манай ажилтан "Тэнд хүмүүс зодолдоод" байна гэж хэлсэн. Тэгээд очтол хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нар Маргалдаад байж байсан. Тэгээд тэр хүмүүс хажууд нь сууж байсан хүмүүс рүү очоод асуудал үүсгэх гээд байсан. Тэгээд Терасны хажууд байсан цагаан өнгийн ланд 300 гээд машины хажууд маргалдаад байсан. Тэгтэл тэр жолооч залуу ирээд "Миний машинаас хол байгаарай" гэхэд тухайн үед байсан хоёр залуу хоёулаа "Чиний машинд хүрэхээр яадаг юм" гэж хэлээд арай намхан махлагдуу залуу нь тэр машины баруун талын урд талыг хаалганы доод хэсэг руу хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь цонх руу нь хоёр удаа гараараа цохисон. Гэхдээ аль цонх гэдгийг нь санахгүй байна. Тэгээд цагдаа дуудсан. Тэр хүмүүсийг гаргах гэж байхад цагаан ланд 300-ийн жолооч ирээд машин хонхойсон байна буцаад оруул гэсэн. Тэгээд тэр хүмүүсийг буцаад оруулсан...", "... Би ахиж харвал танина. Машин руу өшиглөсөн залуу нь бөөрөнхий нүүртэй, том хацартай, махлагдуу, махлаг гэдэстэй, тултираа маягаар ярьдаг. Харин нөгөө залуу нь бор арьстай, зууван нүүртэй, цагаан футболктой залуу байсан...". ..Өшиглөсөн газрынх нь хаалга хонхойсон байсан. Жолооч нь өөр зүйл надад хэлээгүй..." гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Г.Г-ын "...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг машин байгаа юм. Би хуурай дүү М.Б-т энэ оны 3 сард бэлэглэж байсан. Хэдийн миний нэр дээр байх боловч М.Б-ын машин байгаа юм. М.Б нь тухайн машиныг тогтмол унаж ашигладаг..." гэх мэдүүлэг /хх 17/,

"Дамно" ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ......... дугаартай: "...Шинжилгээний объектын 2025 оны 07 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 4,646,2507 /Дөрвөн сая зургаан зуун дөчин мянга хоёр зуун тавин төгрөг/-р үнэлэгдэв..." гэх хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлт /хх 19-27/,

 Мөрдөгчийн "...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монкон гээд шилэн барилгын 1 давхарт байрлах ............. рестораны терасанд үйлчлүүлж байхад хажуу ширээний хүмүүс муудалцаад терасны хажуудах машины зогсоол дээрх миний машинд эвдрэл учруулсан гэх гомдолд хэрэг учрал болсон газар ямар нэгэн хяналтын камер байхгүй байсныг тэмдэглэл болгон бичив..." гэх тэмдэглэл /хх 33/,

Гэрч Б.Э-р таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх 36/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ын 4.646.250 төгрөгийн буюу бага хэмжээнэээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

 

4. Бусдын  хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн хууль бус идэвхтэй үйлдэл, үр дагавар хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

5. Шүүгдэгч Б.А нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

6.Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

7.Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б-т 4.646.250 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн шатанд хохирогчид 4.646.250 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулсан талаарх 2 хуудас баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.А-энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Б-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЧАНЦАЛНЯМ