Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/01434

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          03         21                                        101/ШШ2023/01434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Ж холбогдох 1,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2022 оны 9 дүгээр сарын 15 өдөр Р.Ж ажил гүйцэтгэх 2022/044 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь Зуун модны зуслан, зуслан объектод дотор халаалтын систем 70 мкв, гадна цэвэр бохир усны систем 7 метр ажлыг хийж гүйцэтгэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2022-09-25-ны өдөр систем хүлээлгэн өгснөөс хойш хариуцагч гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 750,000 төгрөгийг төлөөгүй.

2022/044 тоот ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д талууд гэрээгээр тохиролцсон хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг буруутай тал нөгөө талдаа төлнө” гэж заасан байгаа. Төлбөр төлөх гэрээний хугацаа нийт 121 хоног хэтэрсэн бөгөөд алданги 453,7507 төгрөг болж байна. Р.Жаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 750,000 төгрөг, алданги 375,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ж иргэнтэй 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг 16,170,000 төгрөгт байгуулсан. Үүнээс хариуцагч нь 15,420,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 750,000 төгрөг, алданги 350,000 төгрөг 1,125,000 төгрөгийн гаргуулах. Тагыг нь засаад өгье гэдэг боловч хэл үг ойлголцохгүйгээс маргаан үүсээд байгаа, бид тагыг нь янзалж өгөх дээр маргахгүй. Гэрээнд худаг 2,40 метр гүн байх, цахилгааны утсыг гадуур бүрээстэй байх гэх нөхцөл гэрээнд тусгаагүй. Бид гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А ХХК-г буух эзэн, буцах хаягтай гэж үзэж худаг, цэвэр ус дотогш нь оруулах ажил хийлгүүлсэн. Нэхэмжлэгч тал анх очиход 2,40 метр доош ухна гэж байсан боловч одоо айлын яндан шиг дээш гарсан, 1,60 метр орчим ухсан. Мөн худгийн цахилгааны кабелийг гадуур нь бүрээс хийх ёстой байсныг хийгээгүй тэр чигт нь булсан. Энэ бүгдийг хийсний дараа би мөнгийг нь өгнө гэв.

Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, 2022-09-15-ны өдрийн 2022/044 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Р.Жы иргэний үнэмлэхний хуулбар, дууссан ажлын актын хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022/01/01-2023/03/31-ний өдрийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, дансны хуулга зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, хариуцагчаас бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг хангаж, 375,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Р.Ж 2022-09-15-ны өдөр 2022044 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөр 750,000 төгрөг, алданги 375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч Р.Ж худагны гүн 2,40 метр байх  байтал 1,60 гүн худаг ухсан, цахилгааны утсыг гадуур бүрээс хийхгүйгээр газарт булсан, худагны таг нь газраас дээш тавигдсан зэргээр ажлаа дутуу гүйцэтгэсэн, ажлаа бүрэн гүйцэтгэж дууссаны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.   

4. Зохигч 2022-09-15-ны өдөр 2022/044 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй.

5. Зохигчийн хооронд байгуулагдсан 2022-09-15-ны өдөр 2022/044 ажил гүйцэтгэх гэрээнд худагны гүн 2,40 метр байх, цахилгааны утсыг бүрээстэй байна гэсэн нөхцөл тохироогүй байна. Худаг хэвийн ажиллаж байгаа гэсэн тайлбарыг хариуцагч Р.Ж хуралдаанд гаргасан. Мөн 2002-09-25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авахдаа худагны таг тайрах, санал хүсэлт хэсэгт “ажил сайн хийсэн” гэж хүлээж авсан байна.

Хариуцагч Р.Ж худагны гүн 2,40 метр байх, цахилгааны утас бүрээстэй байна гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотлогдоогүй.

Иймд хариуцагч Р.Ж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 750,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Харин 2002-09-25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахад худагны таг тайрах ажил дутуу хийгдсэн, нэхэмжлэгч тал худагны тагыг тайрах ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн тайлбарыг гаргасан. Ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй болох нь 2022-09-25-ны өдөр дууссан ажлын акт, зохигчийн тайлбараар нотлогдож байна. Уг маргаанаас үүдэлтэйгээр хариуцагч төлбөрийг төлөөгүй гэх бөгөөд алданги хариуцах үндэслэлгүй байх тул алданги 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.           

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 22,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Жаас 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 375,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 31,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Жаас 22,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА