2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар   2025/ШЦТ/2487

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        11           03                                             2025/ШЦТ/2487

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

Улсын яллагч М.Нямжав,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Н нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шилэн гүүрний орчим Х.Б-той маргалдаж, нүүр  хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  шүүгдэгч Б.Н нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шилэн гүүрний орчим Х.Б-той маргалдаж, нүүр  рүү өшиглөж эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Х.Б-ын "...2025 оны 03 дугаар сарын 26-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2-р хороо сансрын шилэн гүүрний хажуу талын “............” дэлгүүрийн гадаа үл таних эмэгтэй хүн утсаар чинь ганц яриулах боломж байна уу гэж асуухаар нь утсаар яриулсан тухайн үед тэр эмэгтэй цагдаа руу яриад байсан. Тэгээд би утсаа аваад явах гэхэд нөгөө эмэгтэй түр байж байгаач би цагдаа дуудсан цагдаа нар ирэхээр нь яваарай цагдаа нар над утас руу чинь залгах байх гэж хэлэхээр нь за гэж байж байсан чинь тухайн эмэгтэйн нөхөр гэх нэг эрэгтэй хүн ирээд тухайн эмэгтэйг чиний явалддаг эрэгтэй энэ юм уу гэж хардаад элдэв үгээр хэлээд байхаар нь би тухайн эмэгтэй өмөөрч чи эмэгтэй хүнд яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлээд гар далайсан чинь тухайн эрэгтэй миний гарыг барьж аваад зөрүүлээд цохих гэж байхад нь би хойшоо унасан тухайн үед миний нүд хэсэг рүү өшиглөж авахаар нь манай ах, манай эхнэр салгаж авсан байсан. Манай ах тухайн үед надтай хамт явж байсан ба манай эхнэр миний өөдөөс тосож авах гэж гэрээсээ гарч зогсож байсан... Надад гомдол санал байхгүй. Тухайн хүн миний эмнэлгээр явж үзүүлэхэд гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн намайг зодсон гэх Б.Н бид 2 эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хх 12-13, 53-54/

Гэрч О.Э-ын "...нэг эмэгтэй хүнийг найз залуу нь дээрэлхээд байна миний гар утсаар цагдаа дуудсан гээд зогсож байсан. Тэгээд удаагүй нэг эрэгтэй хүн цүнхтэй хувцсаа бариад ирсэн тэгээд шууд манай нөхөр болон Б ах pyy шууд дайрч эхэлсэн. Барьж байсан цүнхтэй хувцсаа газар шидээд найз охин болох тэр эмэгтэй хүн рүү дайрсан тэр эмэгтэй чи юу яриад байгаа юм эхнэр нь хажууд нь байна гэж хэлсэн тэгсэн тэр эрэгтэй манай нөхөр болох Б-ыг заамдаж аваад хавсарсан...манай нөхрийг өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх 57-58/,

Гэрч О.Э-ын "...Би нөхөр болох Н-тай муудалцсан тэгээд Н намайг хаяад гэртээ харьсан. Тэгээд би цагдаа дуудах гээд Тайга зочид буудлын наахан талд Дэлгүүрийн гадаа очиж 2 залуугаас гар утсыг нь гуйж ярьсан. Тэгээд би цагдаа дуудчихаад цагдаа ирэхийг хүлээгээд тэр 2 залуутай зогсож байсан. Тэгээд О гэх залуугийн эхнэр нь ирээд юу хийгээд байж байгаа талаар асуугаад явъя гэсэн. Тэгэхээр би гар утсаар нь цагдаа дуудсан юмаа түр хүлээж байгаач цагдаа энэ дугаар луу залгах байх гэж хэлсэн. Тэгээд тэр 3 за гээд 10 минут хүлээсэн тэгсэн Н ирээд намайг 2 эрэгтэй хүнтэй хардаад манай байранд байдаг залуу байна чиний явалддаг хүн юм уу гэсэн тэхээр нь би танихгүй хүн сая дэлгүүрийн гадаа таараад гар утсыг гуйж ярьсан юм гэж хэлсэн. Н надад түлхүүр өгөөд одоо зайл гэж хэлээд булан тойроод явсан. Тэгсэн тэр 2 залуу араас  нь "цагдаа дуудсан байгаа байж бай" гэж орилсон. Би бас чи айгаад байгаа юм уу гэж нэмж хэлэх үед буцаж ирээд цохисон. Тэгээд хамт явж байсан залуу болон тэр хүний эхнэртэй хамт салгасан...” гэх мэдүүлэг /хх 61/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4859 дугаартай "...Х.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх 30-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

3.Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу нүд хэсэг рүү нь өшиглөж цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Н нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 190.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх 13 хуудас баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байна.

Мөн хохирогч Х.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор, уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, дүгнэлт гаргуулахгүй, гомдол саналгүй гэх талаар /хх 52-53/ дугаар талд мэдүүлсэн байна.

Харин гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б нь 144.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан, иргэний нэхэмжлэгчээс дээрх төлбөрийг нэхэмжилсэн байх тул дээрх төлбөрийг шүүгдэгч Б.Н-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь хуульд нийцэж байна.          

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирол төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан, хохирогчийн гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.  Шүүгдэгч Ш овогт Б-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

                                                                                                                                                                                           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с 144.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЧАНЦАЛНЯМ