Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/268

 

 

                                                                                 

 

 

 

2025        10         20                                           2025/ШЦТ/268

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.Ундармаа,

Шүүгдэгч П.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б  ургийн овогт П-ийн Н-д холбогдох эрүүгийн 2512003670258 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, 19...  оны .... дүгээр сарын ....-ны өдөр С  аймгийн О  суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ЭМТ-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт С аймгийн О  сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б  овогт П-ийн Н /РД:.../

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч П.Н нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн үед А аймгийн И  сумын Т  багийн нутаг дэвсгэр Т хажууд хохирогч С.Б-ийг “гадаад улсын иргэнээс мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, улмаар 2 шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

    

                 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч П.Н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Хохирогч С.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч П.Н нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн үед А аймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэрт хохирогч үл ялих шалтгааны улмаас хохирогч С.Б-ийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, улмаар 2 шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "... Хохирогч С.Бийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 23-нь өдөр А аймгийн И  сумын Т  багийн Т дээр нум сум харвуулж байсан юм. ...нэг хүүхэд нум сум харваж байгаад сум нь хөндлөн өөр зүгт яваад миний цээж рүү шүргээд ...гарсан. Тэгээд би тэр нум сум харвасан хүүхдийн ээжтэй нь уулзаад анхны тусламж хүсээд эм тариа ярих гэхэд хамт явж байсан согтуу залуу ирээд “эмч хүн үзээдэхье” гээд шууд миний шүд хэсэг рүү мөргөсөн. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Намайг мөргөсөн согтуу залууг Н  гэж байсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин Н гэх залуу согтуу байсан. ...надад гомдол санал байхгүй. Н нь хохирлыг миний  бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 59 дугаар хуудас/

             - Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дэлгүүрт ...байсан. Тэгтэл гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гадаа гарсан. Манай авга ах Б-ийн амнаас цус гарсан байдалтай. ...Би очоод юу болсон талаар асуухад тэр дэлгүүрийн хажууд зогсож байсан шар өнгийн бага оврын автобусанд хүмүүс нөгөө хүнээ суулгачхаад гаргаж ирэхгүй байсан. Би цагдаа дуудсан. И сумын цагдаа Д ирээд манай ахыг мөргөсөн хүнийг гаргаж ирээд аваад аймаг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

            - Насанд хүрээгүй гэрч Б.М-г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 23-нд А аймгийн И сумын нутаг дэвсгэрт байрлах Т чулууны хажууд манай аав С.Б нь нум сум харвуулсан. Нум сум харваж байсан нэг хүүхдийн харьсан сум нь манай аавын цээжин хэсгийг нь шүргэсэн. ...тэр эгч ааваас уучлалт гуйгаад ...хэлсэн. Тэгтэл нэг танихгүй ах гарч ирээд би эмч хүн үзээд өгье гэж хэлээд шууд ам хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд би яаж байгаа гэж хэлсэн. Тэгээд аавыгаа хартал амнаас цус гарсан байсан. Тэр үед манай Ц гарч ирээд цагдаа дуудсан. Би тухайн хүнийг танихгүй. Тэр үед л анх удаагаа харсан. ...Өөр манай аавын бид халдсан зүйл байхгүй. Тэр ах тэр үед их согтуу байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

       -    А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн  шинжээч Б.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 253 дугаартай дүгнэлт “1. С.Б-ийн биед 2 шүдний булгарал, уруулд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. 2 шүдний булгарал, уруулд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Цээжинд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн /хх-ийн дугаар хуудас/

       - Яллагдагч П.Н-н мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн “...өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдсон гэж дүгнэв.

      Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

       Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

       Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч П.Н-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул П.Н-г гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч П.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч П.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүгдэгч П.Н хохирогчид хоёр төгрөгийг хохирол өгсөн баримтыг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Н-г хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй.

Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 80,950 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч П.Н-гөөс 80,950 /наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснан.

 

Шүүх шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

               1. Шүүгдэгч Б  овогт П-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               2. Шүүгдэгч П.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

               4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч П.Н-гөөс 80,950 /наян мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай. 

          

               6. Шүүгдэгч П.Н нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

               7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР