| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/01297/И |
| Дугаар | 101/ШШ2023/01443 |
| Огноо | 2023-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/01443
2023 03 22 101/ШШ2023/01443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Л нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Х холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020-02-14-ний өдөр Э.Х “нөгөө нөхцөлөөрөө буюу нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөг зээлээч, яаралтай хэрэг болоод...” гэх гуйлтын дагуу түүний Хаан банкны 5022536686 дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Нөгөө нөхцөлөөрөө гэдэг нь: 2019-02-11-ний өдөр 3,000,000 төгрөг зээлж аваад нэг сарын дараа буюу 2019-03-11-ний өдөр сарын 6 хувийн хүү тооцож, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 3,180,000 төгрөг шилжүүлсэн болно.
Харилцан тохиролцсон нэг сарын хугацаа дуусч, зээлсэн мөнгөө төлөхийг шаардахад “хэрэглэсэн хугацааныхаа хүүг нэг сарын 5 хувь буюу 150,000 төгрөгөөр тооцоод удахгүй өгнө” хэмээн 2020 оны 06 дугаар сарын 02, 07 дугаар сарын 01, 10 дугаар сарын 05, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд амлаж байсан боловч тогтоосон хугацаанд шилжүүлэлгүй, “чамаас ямар 300,000,000 төгрөг авсан биш, чаддаг юм бол шүүхээрээ яваад аваарай ...” гэх мэтээр басамжилж, шийдэлд хүрэх боломжгүй болсон. Цаг хугацааны болон санхүүгийн хувьд хохирсоор гурван жил боллоо.
Зээлийн хүүг 2020-02-14-ний өдрөөс 2023-01-14-ний өдрийг хүртэл 35 сарын хугацаагаар тооцоход 5,250,000 төгрөг болж байна.
Иймд талуудын хүсэл зоригоо аливаа дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн илэрхийлэл, цахим шуудан, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн ханшийн уналт зэргийг харгалзан үзэж, oy;vcty pttl 3,000,000 төгрөг, зээлийн хүү 5,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөгийг Э.Хэс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020-02-14-ний өдөр Э.Х нөгөө нөхцөлөөр буюу 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг зээлээч, яаралтай хэрэг болоод байна гэх гуйлтын дагуу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд талуудын хүсэлт зоригоор, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэнд илэрхийлсэн илэрхийлэл, цахим шуудам, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн ханшийн уналт зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээл харилцаа үүсэн гэж үзнэ. Үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 5,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөгийг Э.Хэс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид гэр бүлээрээ найзалдаг, дотно харилцаатай байсан, гадуур хамт явдаг байсан, манай ангийнхантай нийлдэг дотно байсан. Анх 2019 онд би 2 сая бил үү , 3 сая төгрөг авсан, би өөрт нь тухайн үед би чамд урамшуулалтай өгье, найз нь чамаас хоосон аваад яах вэ, чи найздаа тодорхой хүү бодоод ч хамаагүй зээлчих гэтэл би ер нь хүнд зээлдэг гэхдээ хүүтэй зээлдэг гэж надад хэлж байсан. Чи найзын журмаар эсхүл тэр хүүтэй өгдөг журмаараа найздаа 2-3 сая төгрөг зээлээч гэж хэлсэн, тухайн үед мөнгийг нь аваад буцаан өгч байсан. Дараа нь 2019 онд мөнгө зээлье гэж хэлэхэд чи яаж авах юм, хэзээ өгөх юм гэхэд нь би өмнөх тохироогоо өгчих гэснээр надад 3,000,000 төгрөг зээлсэн, тухайн үед 6 хувийн хүүтэй гэж хэлж байсан, сүүлд 1 сарын 150,000 төгрөг болно гэж 5 хувийн хүүтэй гэж байсан. Би 3,000,000 төгрөгийг 2020 онд авсанд маргахгүй, энэхүү үнийн дүнг төлнө. Бид найз нөхдийн холбоотой байсан тул Лхагвасүрэнг өдөр болгон хүү бодно гэж бодоогүй, бидэнд гэрээ байхгүй, би 5-6 хувь нэмж өгнө гэсэн бодолтой байсан. Намайг дарамтлах маягтай, намайг үл тоох маягтай харьцаж байсан, коронагийн хугацаа энэхүү хугацаанд орсон байгаа. Би хүүгийн хувьд зөвшөөрөхгүй. Бид гэр бүлийн найзуудын харилцаатай хүмүүс байж 3,000,000 төгрөг зээлчихээд хүүгийн хувьд яагаад 3 үржсэн үнийн дүнг намайг өг гэсэнд бид чатаар маргасан, гэтэл шүүхэд намайг өгсөн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг зөвшөөрнө, зээлийн хүү 5,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023-01-27-ны өдрийн 28кг-з/761 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга, фейсбүүк чатаар харилцсан зурвасны хуулбар зэргийг тус тус баримтаар гарган өгсөн. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гарган өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Лгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг хангаж, 5,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Р.Л нь Э.Х гуйлтаар нөгөө нөхцөлөөр буюу 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг зээлээч, яаралтай хэрэг болоод байна гэх гуйлтын дагуу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Талуудын хүсэлт зоригоор, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэнд илэрхийлсэн илэрхийлэл тул гэрээг хийсэнд тооцно. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 5,250,000 төгрөг, нийт 8,250,0000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр хийгээгүй хүү төлөх үндэслэлгүй тул 5,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4. Зохигч 3,000,000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээг бичгээр хийгээгүй гэх үйл баримт дээр маргаагүй.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”...гэжээ.
Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэдий ч бичгээр зээлийн гэрээг хийх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 5,250,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгох.
6. Нэхэмжлэгч Р.Лээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 146,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Хэс 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Хэс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 146,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Хэс 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Лд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА