2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар   2025/ШЦТ/2488

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        11          03                                             2025/ШЦТ/2488

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

Улсын яллагч М.Ханджав,

Шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт О-н Л-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч О.Л нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр .......... хотхон .................... тоотын гадна Ц.А-той "үл ялих зүйлээр шалтаглан" маргалдаж улмаар хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ........ дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  шүүгдэгч О.Л нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ............ хотхон ............. сууц ....... тоотын гадна Ц.А-той "машинаа холдуулсангүй" гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч Ц.А-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Ц.А-оос 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 12/,

Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "...2024 оны 10 дугаар сарын 01-ний орой манай ажлын 7 хүн бөөндөө сууж байгаад манай ажлын дүү Ц-д "машин таглаад тавьчихсан байсан, машинаа гаргаач гэнэ" гээд гарсан. Тэгэхээр нь хүлээгээд байсан нилээн удахаар нь би найз охин болох М нь дагуулаад гарсан. Утсаар яриад очиход нэг портерын жолоочтой хэрэлдээд зогсож байсан, найз охин нь манай дүүг тэврээд машин руу нь оруулах гээд би болохоор нөгөө жолоочтой машинаасаа буугаад яах юм одоо яваад явах гэж байна гээд хаалгийг нь таглаад зогссон. Тэр үед нөгөө портерын жолооч утсаар яриад "гараад ир" гээд нэг хүнд хэлэхэд нэг залуу гарч ирээд манай дүү Ц-ийг цохичихсон. Тэгээд би салгах гээд эргэж харах хооронд портерын жолооч намайг зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохисон, намайг унахад эрүү хавьцаа өшиглөсөн, баруун шанаа бас нилээн хавдчихсан, хамар хэсэгт хэн цохисон эсвэл өшиглөснийг мэдэхгүй байгаа гар хөл орж ирээд байсан. Тэгэж байтал гурван жоохон хүүхэд ирээд салгасан нээх удалгүй замын цагдаа ирээд манай дүүг шууд аваад явчихсан би дагаж яваад цагдаагийн хэлтэс дээр ирж гомдлоо гаргасан..." гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Ц.Ц-ын "...А тэр машины жолоочийг явуулах гэхэд жолоочийн дүү бололтой 24, 25 насны орчим залуу гэнэт гарч ирээд ямар ч үгийн зөрүүгүй А ахыг зодоод байсан. Миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй..." гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ........... дугаартай "... Ц.А-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх 31-32/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

3.Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу нүүрэн тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Л нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч Ц.А нь хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч О.Л-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ц.А нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч О.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүгдэгч О.Л-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч О.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.  Шүүгдэгч Г овогт О-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хохирогч Ц.А-ын цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч О.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЧАНЦАЛНЯМ