Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01608

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 30

101/ШШ2023/01608

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  О ХХК  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э ХХК ,

 

Хариуцагч: М.А / нарт холбогдох,

 

Э ХХК-иас 34,785,900 төгрөг, М.А , Э ХХК нараас 22,350,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г/,

хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.А ,

хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК болон Э ХХК-ийн захирал Б.Б нар 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2018/18 дугаартай Бассейны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, Налайх дүүрэг, Тэрэлж, Булагтайн аманд хийгдэх 24,5 м.кв х 25 м.кв хэмжээтэй бассейныг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-т заасны дагуу гэрээний төлбөрийг хариуцагч компанийн захирал Б.Б ийн хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50.... дансанд 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 57.... дансанд 8,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 50..... дансанд 75,000 төгрөг, 56.... дансанд 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 56.... дансанд 2,050,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 56.... дансанд 1,390,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 51.... дансанд 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 57.... дансанд 1,200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 57.... дансанд 1,050,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 57.... дансанд 2,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 57.... дансанд 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 57.... дансанд 1,500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 57.... дансанд 1,425,600 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э ХХК-ийн захирал Б.Б ийн эхнэр М.А д бэлнээр 14,900,000 төгрөг өгсөн, гэрээний үүрэгт нийт 38,090,600 төгрөгийг төлсөн. Хариуцагч Э ХХК нь гэрээнд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бассейны ажлыг хийж гүйцэтгэж бүрэн хүлээлгэж өгөх ёстой байсан ч хугацаа хэтэрч ажлыг хүлээлгэн өгөөгүй, мөн чанар стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэл дутуу байсан бөгөөд манай компанид ихээхэн хохирол учруулсан тул манай компанийн зүгээс гэрээг цуцалж, бассейны ажлыг өөр компанитай гэрээ байгуулж хийж гүйцэтгүүлсэн. Эс ХХК-ийн зүгээс анх суурилагдсан тоног төхөөрөмжүүд нь чанар стандартын шаардлага хангаагүй, зохих хүчин чадлаасаа 3 дахин бага үзүүлэлттэй тоног төхөөрөмж суурилагдсан учир цаашид ашиглах боломжгүй хэмээн үзэж тухайн тоног төхөөрөмжүүдийг шинээр тавина, тоног төхөөрөмжүүдийн анх суурилуулсан байрлал буруу, аюулгүйн ажиллагааны шаардлага хангаагүй гэсэн. Үүний дагуу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эс ХХК-тай гэрээ байгуулж бассейны тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, туршин тохируулсны төлбөр болох 19,790,000 төгрөгөөр харилцан тохиролцож хийж гүйцэтгүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргахад Э ХХК-ийн захирал Б.Б ийн эхнэр М.А нь үлдсэн тоног төхөөрөмжөө буцаан авах нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 2 хуваан төлөхөө амлаж тохиролцооны бичиг хийж өгсөн. Тухайн үед уг мөнгөн дүн нь манай талд ихээхэн алдагдалтай байсан ч бид уг үнийн дүнг зөвшөөрч бассейны ажлаа түргэн шуурхай хийж гүйцэтгэх хүсэлтэй байсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2611 дугаартай прокурорын тогтоолоор иргэний шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Үүний дараа хариуцагч тал тохиролцооны дагуу төлөх ёстой мөнгөө төлөөгүй ба одоог болтол ямар нэгэн төлбөр, алданги зэргийг төлж барагдуулаагүй. Хариуцагч М.А нь Э ХХК-ийг төлөөлж бассейны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлыг хариуцаж байсан бөгөөд тэрээр бэлнээр авсан 14,900,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, Э ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бассейны тоног төхөөрөмжийг худалдан авсан гэж тайлбарладаг боловч компанийн өмнөөс зарцуулсан гэдэг дээр нэг ч баримт байхгүй. Манай компанийн зүгээс Э ХХК-д нийт 23,190,600 төгрөг, захирал Б.Б ийн эхнэр М.А д бэлнээр 14,900,000 төгрөг, нийт 38,090,000 төгрөг өгснийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д гүйцэтгэгч ажлыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нэхэмжилж байна. Иймд хариуцагч Э ХХК-аас 23,190,600 төгрөг, алданги 11,595,300 төгрөг, хариуцагч М.А болон Э ХХК-аас 14,900,000 төгрөг, алданги 7,450,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э ХХК болон М.А нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ хийж, Тэрэлжийн Булагтын аманд бассейны ажил эхэлсэн. Энэ хугацаанд байшин баригдаагүй байсан. байшингийн суурьтай цугт нь цутгаж, суурин дотор бассейн хийх ажил, газар шорооны ажил хөрс дагтаршуулах цахилгааны далд ажил, бетон цутгалт, шал цутгах зэргээр тухайн үеийн үнэлгээгээр ажил хэвийн явагдаж байсан. Байшингийн үндсэн суурь нурж унаснаас болоод ажил удааширсан. Манай бассейн барилгын үндсэн хийцээрээ цутгалтын ажил дууссан байсан. Тойруулаад барьж байгаа байшингийн суурь нурж унасан. Тодорхой хугацааны дараа үргэлжлүүлээд дотор талын хана, шалын тэгшилгээний ажил хийгдсэн. 2.5х1.8 хэмжээтэй уурын сауны ажил, бассейны наалт хөвөө хийсэн. Хугацааны хувьд удсан, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сүүлийн мөнгөө аваад сар ажлаа хийгээд явсан. 5 дугаар сарын 19-ний өдөр шинээр гэрээ хийхдээ манайхтай гэрээгээ цуцлаагүй. Манай ажил удаан ч гэсэн явагдаж байсан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Э ХХК-ийн захирал Б.Б ийн дансаар 16,175,600 төгрөг, М.А бэлнээр 14,900,000 төгрөг, нийт 31,150,000 төгрөг авсан. Үүнээс хийгдсэн ажил гэвэл 2,5*1,2 метрийн харьцаатай 8,000,000 төгрөгийн өртөгтэй модон сауны угсралтыг хийсэн. БНХАУ-аас импортоор оруулж ирсэн бассейн тоног төхөөрөмж тухайн үеийн үнэлгээгээр юань, долларын ханшийн зөрүү зэрэг бодоход тухайн үеийн үнэлгээ нь 12,000,000 төгрөг болж байгаа. Суурийн ажил, бетон цутгалт, шал, сангийн далд ажил, цахилгааны далд ажил гэж бусад материал ажлын хөлс, тээвэр, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээнд мөнгө зарцуулагдаж дууссан. 25 м.куб газар шорооны ажил хийсэн. Газрын түвшинээс 1 метр 80 см, 25 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй нүх ухсан, ажлын хөлс 2,300,000 төгрөг. 30 м.кв газрыг дагтаршуулж тэгшилсэн, төлбөр нь 500,000 төгрөг болсон. Мөн хэв хашмал угсралтын ажил 65 метр, дээшээ 2 метр 40 см өндөр хэв хашмал угсарсан, түүний дотор тайл болон түгжээ хийгдсэн, нэг ширхэг нь 20 төгрөг, 30 төгрөг болж байгаа. Нийт түрээсээр 3 хоног болж, ажлын хөлстэйгөө нийлж 1,800,000 төгрөг. Арматур тойруулж босоо хөндлөнгөөр нь угсарсан, 3,000,000 төгрөгийн арматур газар дор булагдсан. Мөн 45 м.куб бетон зуурмаг захиалж авсан. Тухайн үеийн ханшаар 2,000,000 төгрөг. Дараа нь доторх хэв хашмалыг хуулж авч түрээсийн төлбөрийг нь өгсөн. Түүний төлбөр нь 200,000-300,000 төгрөгийн ажил болсон. Мөн шалаа хавтгай арматур хийж цутгасан, тус ажлыг хөндлөн тэнхлэгтэй хийх учир 1,500,000 төгрөг болсон. Шалны цутгалт хийхийн тулд 2 машин цутгалт авсан төлбөр нь 450,000 төгрөг. Цутгалт авч дээр нь тэгшилгээ хийсэн ажлын хөлс 500,000 төгрөг. Өвөл хүйтэн байсан тул битүү хучиж байгаад түрээсийн халаагч тавьж хатаасан, түүний түрээс нь 450,000 төгрөг болсон. Компани руу орсон болон М.А д бэлнээр өгсөн нийт мөнгө 31,075,600 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 38,090,000 төгрөг аваагүй, манай компанийн дансаар орж ирснээс бусад 7,015,000 төгрөгийн шилжүүлгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Компаниас болон компанийн өмнөөс ажил хийж байсан хүнээс нэхэмжилж байгааг нэгтгэж ойлгох ёстой. 40,000,000 төгрөгийн бассейны ажил хийхээр тохирсон, компанийн зүгээс 20,210,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Дараагийн компанийн гаргаж өгсөн баримт дээр ямар ямар ажил хийсэн байсан, тэр ажил нь шаардлага хангахгүй байсан гэж бичсэн байгаагаас ажил хийсэн нь харагдаж байгаа..Нийт 31,075,600 төгрөгийг шилжүүлэн авснаас хийсэн ажлын үнэлгээг хасвал 10,865,600 төгрөгийн ажил хийгдээгүй гэж үзэхээр байна. Манайх хэрэглэгдээгүй байгаа тоног төхөөрөмжөө буцааж аваад, үлдэх төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-4/, улсын тэмдэгтийн хураамж /хх1-5/, итгэмжлэл /хх1-6/, 2018.11.09-ний өдрийн 2018/18 дугаартай Бассейны ажил гүйцэтгэх гэрээ /хх1-7-10/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-11/, ажил, тоног төхөөрөмжийн жагсаалт /хх1-12-14/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019.10.28-ны өдрийн 2611 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх1-15-16/, 2018.11.27-ны өдрийн бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт /хх1-17, 18/, Хаан банкны 50593173334 тоот дансны хуулга /хх1-19-27/, Хаан банкны 2018.11.16, 2018.11.08, 2018.11.15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх1-28, 29, 30 /, 2019.04.20-ны өдрийн зарлагын баримт /хх1-31/, 2019.10.21-ний өдрийн Тохиролцох бичиг /хх1-32/, Эс ХХК-ийн 2019.05.11-ний өдрийн 5/09 дугаартай үнийн санал хүргүүлсэн албан бичиг /хх1-33/, усан сангийн байгуулалтын схем зураг /хх1-34/, 2019.05.13-ны өдрийн 5/09 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх1-35-40/, зарлагын баримт /хх1-41-53/, Хаан банкны 2019.05.14, 2019.06.03, 2019.08.05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх1-54, 55, 56/, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх1-57, 58-59/, 2022.08.22-ны өдрийн итгэмжлэл /хх1-105/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-107/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.05.24-ний өдрийн хариу тайлбар /хх1-75/, бассейны төхөөрөмжийн жагсаалт /хх1-76/, Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх1-81, 82-85/, 2022.08.09-ний өдрийн итгэмжлэл /хх1-91/, М.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх1-92/, 2022.08.03-ны өдрийн хариу тайлбар /хх1-93/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-117/, Э ХХК-ийн 2022.12.19-ний өдрийн бассейны ажлын задаргааны талаарх албан бичиг /хх1-246/, 2023.03.13-ны өдрийн хариу тайлбар /хх2-23/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022.11.03-ны өдрийн 1/4929 дугаартай албан бичиг, хавсралт Б.М аас гаргасан өргөдөл, 2019.06.26-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох мөрдөгчийн тогтоол, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрээ, прокурорын тогтоол /хх1-148, 149-161, 162-165, 166-167/, 2022.12.01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх1-177-224/, Эс ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн 01/05 дугаар бассейны ажил хийж гүйцэтгэсэн талаарх албан бичиг /хх1-248-250, хх2-1-3/.

г


 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч нарт холбогдуулан Э ХХК-аас 23,190,600 төгрөг, алданги 11,595,300 төгрөг, хариуцагч М.А болон Э ХХК-аас 14,900,000 төгрөг, алданги 7,450,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Э ХХК нь ажлын хөлсөнд 31,075,600 төгрөгийг шилжүүлэн авсан, гэрээт ажлаас 20,210,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, гэх тайлбарыг гаргаж, хариуцагч М.А нь 14,900,000 төгрөгийг компанийн өмнөөс хүлээн авч гэрээт ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг авсан тул иргэний хувьд түүнд хамааралгүй гэх тайлбарыг тус тус гаргаж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. О ХХК болон Э ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2018/18 дугаартай Бассейны ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч Э ХХК нь Налайх дүүрэг, Тэрэлж Булагтайн аманд 24,5 м.кв х 25 м.кв хэмжээтэй 1 ширхэг бассейны зураг төсөл, хэв хашмал, арматурчлал, цутгалт, сантехник, цахилгааны монтаж, узель угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, мөн нэмэлт 1,4м х 1,7м, 0,9м х 0,9м хэмжээтэй босоо 2 ширхэг душ, 1,7м х 1,5м хуурай саун хуш модоор доторлож, цэвэр усан сангийн гадна, дотор холболтыг гэрээний үнийн дүнд оролцуулан бүрэн хийж 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгөх, захиалагч О ХХК нь бассейны ажлын нийт төлбөрт 40,000,000 /НӨАТ орсон/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх1-7-10/

4.2. Хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу бассейны ажлыг эхлүүлж, тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээт ажлыг бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна.

4.3. Нэхэмжлэгч О ХХК нь бассейны ажлыг 19,790,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5/09 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Эс ХХК-тай байгуулж, хийж гүйцэтгүүлсэн. /хх1-35-40/

4.4. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 сарын 28-ны өдрийн 2611 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б.Б , М.А нар нь бүлэглэн иргэн Б.М ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 38,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэргийг шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. /хх1-15-16/

4.5. О ХХК-ийн захирал Б.М , М.А нар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тохиролцох бичиг гэх баримтыг үйлдсэн байх ба уг бичигт М.А нь үлдсэн тоног төхөөрөмжийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний дотор буцааж авах, нэхэмжилсэн 20 сая төгрөгийг 2 сарын хугацаатай эргэн төлөх, сард 10 сая төгрөг төлөх талаар дурджээ. /хх1-32/

 

5. Зохигч О ХХК болон Э ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

 

6. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэн авсан боловч гэрээт ажлыг хийж дуусгаагүй, хийсэн ажил нь чанар стандартын шаардлага хангахгүй байсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг, гэрээнд заасны дагуу алданги тооцон буцаан гаргуулахаар шаарджээ.

 

8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

 

Зохигчдын хооронд гэрээг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч хариуцагч тал нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гэрээт ажлыг бүрэн дуусгаагүй орхиод явсан, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон гэх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч О ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

9. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бассейны тоног төхөөрөмжийг нийлүүлэн, тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч О ХХК нь гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, шилжүүлсэн мөнгөний хэмжээний талаар маргасан.

 

10. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүргийг хүлээнэ.

 

Э ХХК нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээнд заасан боловч хугацаандаа ажлыг хийж дуусган хүлээлгэж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд талууд гэрээт ажлыг акт үйлдэн хүлээлгэн өгөх, хүлээн авахаар заасан байх боловч талууд баримт бичгээр үйлдэж ажил хүлээлцэж байгаагүй байх ба талуудын хэн аль нь энэ талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй болно.

 

12. Хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж, 2,5м х1,2 метрийн харьцаатай модон сауны угсралт, БНХАУ-аас 12,000,000 төгрөгийн бассейны тоног төхөөрөмж авчирсан, 25 м.куб газар шорооны ажил, газрын түвшинээс 1 м 80 см, 25 м урттай, 6 м өргөнтэй нүх ухсан. 30 м.кв газрыг дагтаршуулж тэгшилсэн, 65 м хэв хашмал угсралтын ажил, дээшээ 2 м 40 см өндөр хэв хашмал угсарсан, түүний дотор тайл болон түгжээг хийсэн, арматур тойруулж босоо хөндлөнгөөр нь угсарсан, 45 м.куб бетон зуурмаг захиалж цутгасан, шалаа хавтгай арматур хийж цутгасан, шаланд 2 машин цутгалт авч дээр нь тэгшилгээ хийсэн, хэв хашмал түрээсэлсэн, өвөл хүйтэн байсан тул халаагч түрээслэн битүү хучиж хатаасан гэж хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх боловч тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

13. О ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан бассейны ажлыг хийж гүйцэтгэсэн Эс ХХК нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн Тэрэлжид байрлах 25 м3 бассейны тогтог төхөөрөмж нийлүүлэх, угсрах, туршин тохируулга хийх үнийн санал гэх баримтад бассейнд хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг тодорхойлон, нийт зардал нь 19,790,000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд уг үнийн саналыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан 19,790,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг ажлын 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна. /хх1-33, 35-40/

 

О ХХК болон Эс ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд ажлын нийт төлбөрийг 19,790,000 төгрөгөөр тохирсон, энэ дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй гэж тодорхойлсон байх тул татвар /19,790,000 төгрөг х 10%=1,979,000 төгрөг/-ыг нэмж тооцоход 21,769,000 төгрөгийн ажлыг Эс ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

14. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн Эс ХХК нь хариуцагч Э ХХК-ийн нийт 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бассейны ажлыг үргэлжлүүлэн хийж, ажлыг дуусгасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эс ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 21,769,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч Э ХХК нь 18,231,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

15. Зохигчдын хооронд хийж гүйцэтгэсэн ажлыг тухайн бүрд нь баримт үйлдэн хүлээлцэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээт ажлыг хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангахгүй байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул бассейны ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн Эс ХХК-ийн гэрээт ажлын үнийн дүнгээр хийгдээгүй ажлын хэмжээг тодорхойлох үндэслэлтэй гэж үзлээ.

 

16. Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул тоног төхөөрөмж материалыг шинээр авч хийж гүйцэтгүүлсэн гэх тайлбартай холбогдуулан бараа материал худалдан авсан зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хэрэгт авагдсан тухайн баримтуудаар гэрээт ажлаас өөр нэмэлт зардал гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, тухайн зарлагын баримтуудад дурдсан бараа материалуудыг гэрээт ажилд зарцуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

17. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-т заасны дагуу гэрээний төлбөрийг хариуцагч компанийн захирал Б.Б ийн хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үүнд: 2018.11.07-ны өдөр 50.... дансанд 1,000,000 төгрөг, 2018.11.08-ны өдөр 57.... дансанд 8,000,000 төгрөг, 2018.11.15-ны өдөр 50..... дансанд 75,000 төгрөг, 56.... дансанд 2,000,000 төгрөг, 2018.11.16-ны өдөр 56.... дансанд 2,050,000 төгрөг, 2018.11.17-ны өдөр 56.... дансанд 1,390,000 төгрөг, 2018.11.18-ны өдөр 51.... дансанд 500,000 төгрөг, 2018.11.24-ний өдөр 57.... дансанд 1,200,000 төгрөг, 2018.11.26-ны өдөр 57.... дансанд 1,050,000 төгрөг, 2019.03. 21-ний өдөр 57.... дансанд 2,000,000 төгрөг, 2019.04.12-ны өдөр 57.... дансанд 1,000,000 төгрөг, 2019.04.17-ны өдөр 57.... дансанд 1,500,000 төгрөг, 2019.04.20-ны өдөр 57.... дансанд 1,425,600 төгрөг тус тус, нийт 23,190,600 төгрөг шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Э ХХК-ийн захирал Б.Б ийн эхнэр М.А д бэлнээр 14,900,000 төгрөг өгсөн, гэрээний үүрэгт нийт 38,090,600 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг гаргаж, хариуцагч талд өгсөн мөнгийг алдангийн хамт гаргуулахаар шаардсан.

 

18. Хариуцагч Э ХХК нь компанийн захирал Б.Б ийн Хаан банкны 57.... дансаар шилжүүлсэн 16,175,600 төгрөг, М.А д бэлнээр өгсөн 14,900,000 төгрөг, нийт 31,075,600 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, бусад дансаар шилжүүлсэн 7,015,000 төгрөгийг аваагүй, тус компанид хамааралгүй мөнгө гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

19. Зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Бассейны ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-д Гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн 1 ширхэг бассейны үнэ нийт 40,000,000 төгрөг, энэ үнэд НӨАТ орсон болно. Бассейны нийт үнэд ажлын зураг, технологийн хийцийн материал, цахилгааны холболт, сантехникийн ажил зэрэг багтсан болно, 2.2-т захиалагч нь бассейны ажлын үнийг гүйцэтгэгчийн Хас банк дахь Э ХХК-ийн 5001138302 тоот дансанд тухай бүр шилжүүлнэ гэжээ.

 

20. Дээр дурдсанаар гэрээт ажлын төлбөрийг Хас банкны дансаар шилжүүлэхээр гэрээнд заасан байх боловч уг дансаар мөнгөн шилжүүлэг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

21. Нэхэмжлэгч нь хариуцагч Э ХХК-ийн нэрлэн заасан Хаан банкны дансуудаар төлбөрийг шилжүүлсэн гэх тайлбар гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргаж байх боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

22. Хариуцагч М.А нь 218 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр бэлнээр 14,900,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх боловч тэрээр уг мөнгийг гэрээт ажлын бассейны тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулсан болохыг хариуцагч Э ХХК хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч М.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

23. Хариуцагч Э ХХК нь гэрээт ажлын төлбөрт нийт 38,090,600 төгрөгийг авснаас гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаас 18,231,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн тул 19,859,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэн уг мөнгийг хариуцагч Э ХХК-аас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

24. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээт ажлыг хугацаа хожимдуулсан, төлбөрийг авсан боловч ажлаа гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагч талд алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан дансаар шилжүүлсэн 23,190,600 төгрөгийн алдангид 11,595,300 төгрөг, бэлнээр өгсөн 14,900,000 төгрөгийн алдангид 7,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 6.1-д Гүйцэтгэгч ажлыг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө гэж тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу шилжүүлэн авсан төлбөрөөс 19,859,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 9,929,800 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

25. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Э ХХК-аас хийж гүйцэтгээгүй ажлын төлбөр 19,859,600 төгрөг, түүний алдангид 9,929,800 төгрөг, нийт 29,789,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,346,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

26. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 306,897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан, хариуцагч Э ХХК-аас 29,789,400 /хорин есөн сая долоон зуун наян есөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,346,500 /хорин долоон сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 306,897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР