Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

                          Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох  

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

              Даргалагч, шүүгч                           Б.Эрдэнэхишиг

    Шүүгчид                      Г.Давааренчин                                 

                                                                                       Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Буманзаяа /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Д.Даваахүү /цахим/

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайван овогт Амарбатын Отгонбаяр, Могоочин овогт Гансүхийн Зууннасан нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, ****эгтэй, **** настай, ****** боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл ***** хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ****** оршин суух, Тайван овогт Амарбатын Отгонбаяр /РД: *****/

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын *****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, ****эгтэй, ***** настай, боловсролгүй, мэргэжилгүй, ****** ажилтай, ам бүл **** Сэлэнгэ аймгийн Орхон сум ******* оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Могоочин овогт Гансүхийн Зууннасан /РД: ********/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Зууннасан, А.Отгонбаяр нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн Ц.Балжиннямын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан Ц.Балжиннямд 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Могоочин овогт Гансүхийн Зууннасанг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Тайван овогт Амарбатын Отгонбаяртай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Тайван овогт Амарбатын Отгонбаярыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Могоочин овогт Гансүхийн Зууннасантай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Отгонбаярт 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Б.Амарбатад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Зууннасанд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зууннасанд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч     Г.Зууннасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Зууннасангаас 280.000 төгрөг, шүүгдэгч А.Отгонбаяраас 280.000 төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хонгор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай морь, төмөр бүүрэгтэй хуучин орос эмээл, суран хазаарыг иргэний нэхэмжлэгч Б.Амарбатад буцаан олгосугай.

8.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хавсаргагдаж ирсэн СД-ийг хэргийн хамт хадгалах зэргийг тус тус дурдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор дээд шатны 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцэлдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжпэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх боловч анхан шатны шүүхээс эрүүгийн 2033000310014 дугаартай хэрэгт шүүгдэгч нарт эрүүгийи хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр ял оногдуулсан байна. Тухайлбал:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Зууннасанд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна гэж дүгнэж байгаа болно.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалтыг аль ч шатны шүүх хэрэглэх эрхтэй боловч шүүгдэгч гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн эсэхийг дүгнэх учиртай.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийгбий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэждэмжих зорилгоор хууль тогтоогч хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыгхууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн эхээр хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхыг амлах хэлбэрээр илэрнэ.

Гэтэл эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийн шүүгдэгч Г.Зууннасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэн Ц.Балжиннямын 5 тооны адууг А.Отгонбаяртай бүлэглэн хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэм буруугийн талаар дүгнэлт хэлэх шатанд ч хэргийн зүйлчлэл, онолын талаар мэтгэлцсээр байсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Зууннасан болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх байр суурьтай оролцсон байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6:7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1,2-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хохирогч Ц.Балжиннямд учруулсан хохиролд шүүгдэгч А.Отгонбаяр нь 2.500.000 төгрөг өгсөн байх бөгөөд Г.Зууннасан нь хохирол төлбөрт мөнгө гаргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.           

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Отгонбаярт 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Б.Амарбатад даалгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийг буюу хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ авах заалтыг хэрэглэхдээ шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэх талаар хуульчилсан байхад анхан шатны шүүх А.Отгонбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэсэн атал шүүгдэгчид үүрэг хүлээгээгүй нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Үүнд: Шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт “....Отгонбаярыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Г.Зууннасантай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж хуульд байхгүй заалтыг баримталсан, мөн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17:12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Зууннасанд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж...” гэж заасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хдлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцлийг дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорын 2021.06.04-ний өдрийн 03 тоот анхан шатны 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох 2033000310014 дугаартай хэргийг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч А.Отгонбаяртай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Г.Зууннасанд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно. Учир нь Г.Зууннасан нь А.Отгонбаяртай 2020 оны 03 дугаар сарын 12-ны орой 5 тооны адууны талаар утсаар ярьсан, мөн 5 тооны адуунаас 1 тооны адууг бусдад худалдсан гэж гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч хохирогчид 1 тооны адууг нь буцааж өгсөн талаараа шүүхийн шатанд мэдүүлсэн болно. Тиймдээ ч шүүх хуулиар тогтоосон төрөл, ялыг оногдуулсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг шинж чанар гэмт этгээдийг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэсэн болно. Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.2 зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн болно. Шүүх хуульд байхгүй хууль хэрэглэсэн, хуулийг хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй байна. Эсэргүүцэлд ... Г.Зууннасан хохирол төлбөрт мөнгө гаргаагүй учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлэтй байна... гэжээ. Хохирогч Ч.Балжинням нь 5 тооны адуугаа амьдаар нь хүлээн авсан бөгөөд Г.Зууннасан нь 1 тооны адууг нь бусдад зарсан байсныг авч хохирогчид өгсөн. Мөн энд нэг зүйл дурдахад хохирогчийн адуугаа эрж хайсны хөлс 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй машины мотор эвдэрсэн гэх боловч хэний эзэмшлийн ямар маркийн машины мотор эвдэрсэн нь тодорхойгүй байдаг. Харин А.Отгонбаярын аав Б.Амарбат нь хохирогч Балжиннямтай ярилцаж тохироод 2,500,000 төгрөг өгч “гомдолгүй” гэсэн баримт авсан байдаг. Түүнээс нотлох баримтаа хууль журмын дагуу цуглцуулж, нэхэмжилсэн бол Г.Зууннасан төлөх байсан. Бодит хохирол биетээр нөхөн төлөгдсөн байхад хохирол төлөгдөөгүй гэж үнэлэх нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгч би онолын хувьд улсын яллагчтай Г.Зууннасангийн хэргийн зүйлчлэл зөв эсэх талаар мэтгэлзсэн боловч шүүх зүйлчлэл үндэслэлтэй гэж дүгнэсэн учраас хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд шүүхтэй мэтгэлзэж гомдлоогүй болно. Үүнийг эрхэм шүүгч нар анхаарч үзнэ үү ! Иймд шүүгдэгч Г.Зууннасанд оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалт, үндсэн зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн, гэм хор арилсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

А.Отгонбаярын хувьд аав ээжтэйгээ хөдөө малаа маллан амьдардаг тул гэр бүл дотроо зан үйлээ засаж хүмүүжих , хүмүүжүүлэх үүргийг эцэгт нь хүлээлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд зөвхөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг тусгаж өгөөгүй нь түүнд үүрэг хүлээлгээгүй гэж үзэх , шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

А.Отгонбаярын хувьд уг хэргийг үйлдснээс хойш мөрдөн байцаалт, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдоогүй биеэ зөв авч явсан, гэм буруугаа ухамсарлан ойлгосон, өөрийн үйлдэлдээ зохин дүгнэлт хийсэн, гэмшиж ухаарсан, эцэг эхийн зүгээс тавих хараа хяналт сайн байсан нь тодорхой нотлогдсон.

Шүүгдэгч А.Отгонбаяр нь өсвөр насны шүүгдэгч бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн ял оноож, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг төрсөн эцэг Б.Амарбатад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ЭХХШТ хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд ЭХХШТ хуулийн 39,9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, А.Отгонбаярт 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Б.Амарбатад даалгаж, Г.Зууннасанд 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, А.Отгонбаярын урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Энэ хэргийн шүүгдэгч А.Отгонбаяр нь 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн /1-р хх-ийн 111-р ху/ буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 06 хоногтой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Отгонбаярт 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар өөрийн хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг эцэг Б.Амарбатад даалгаж шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр  тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар  шүүгдэгч А.Отгонбаярт 02 жилийн хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан тул анхан шатны шүүх дээрхи нөхцөлд шүүгдэгчид хорих ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр зааж шийдвэрлэх  нь зүйтэй байжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж заасан тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1, 4-д заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж байгаа нөхцөлд энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг шүүгдэгчид заавал хүлээлгэхээр хуульчилсныг анхаарах нь зүйтэй.    

Хэдийгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх талаар дүгнэлт хийсэн боловч “Тогтоох” хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан гэж цэг, таслалын буюу бичилтийн алдаа гаргасныг дурьдах шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалт нь өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн зорилготой.

Хуульд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны хүн гэж тодорхойлсон боловч энэ нь тухайн этгээд насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул болох нь эрх бүхий этгээдийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдсон хүний хувьд хэрэглэж болдог онцгой зохицуулалт гэдгийг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны аль ч шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боломжтой боловч шүүгдэгч Г.Зуунасан шүүх хуралдааны шатанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн дүгнэлт хийж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтаар “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Зууннасанд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол А.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Зууннасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                            ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ