Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 59

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Болормаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч Т.Төлепберген нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                   

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Төлепбергенд холбогдох эрүүгийн 2017 0108 0054 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Буянт сум 3 дугаар баг Өмнөголд оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Налайх дүүрэг 4 дүгээр хороо Өлгий 3 дугаар гудамж, 05 тоотод түр оршин суух,

урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар  хорих ял шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хорих 415 дугаар ангийн тодорхойлолтоор ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн БЕ76011012 дугаартай, Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Төлепберген.

Т.Төлепберген нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цаг 20 минутын үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 57 дугаар уклон гэх газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрч иргэн Э.Хавлебек, Н.Бахатбек, А.Аманжол нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Төлепберген нь Налайх дүүргийн 3 дугаар хороо 57 дугаар уклонд уурхайн манаачаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэн улмаар 18 цагийн орчим Н.Бахатбектэй түлхүүр авсан, аваагүй гэж маргалдан, түүнийг ажилчдаа дагуулан гэрт ороход араас нь орж “та согтуу байна эрүүлдээ ярь” гэж хэллээ, гэрээс түлхэж гаргалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан Н.Бахатбекийн зүүн суганд нэг удаа, түүний хажууд зогсож байсан Э.Хавлабекийг шалтаг шалтгаангүйгээр ар нуруунд нэг удаа, энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн А.Аманжолыг илтэд үл хүндэтгэн цээжний зүүн тал, зүүн бугалга, зүүн нүдний доод зовхинд нэг удаа тус тус хүч хэрэглэн зэвсгийн чанартай сийлбэрийн хутгаар хутгалан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрч Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төлепбергений өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Төлепбергений сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би тэр өдөр 57 дугаар уклон дээр Соёлмаа гэх хүний уурхайг манадаг юм. Тэр өглөө хойд аманд ажилладаг залуу галын нүүрс авах гэсэн юм гэж хэлээд түлхүүр аваад явсан. Тэгээд удалгүй хойд аман дээр ажилладаг 3 залуу хүрч ирээд “гэрийн түлхүүр яасан бэ” гэхээр нь “та нартай хамт ажилладаг залуу түлхүүр аваад явсан” гэхэд “бидний зөвшөөрөлгүй түлхүүр өглөө” гэж хэлсэн. Би нэрийг нь мэдэхгүй байна зүс бол танина, “гэрт гал түлсэн үү” гэхээр нь “галын нүүрс өгөөгүй, түлээгүй” гэхэд “сэтгэлтэй бол түлчихгүй” гээд хоорондоо маргалдсан. Тэр үед нэг залуу “чи яасан том яриатай юм бэ” гээд хүрч ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохиод авсан. Тэгээд гараад явчихсан. Тухайн үед тэр залууг нь бол таньдаггүй байсан юм. Сүүлд нь сонсоход Бахатбек гэдэг залуу нь юм байна лээ. Тэгээд гэрээс гараад явсны дараа би араас нь тэдний байрладаг гэр рүү очсон. Гэрт хүмүүс байсан, яг хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. Гэрт ороод “та нар яагаад намайг цохиж байгаа юм бэ, та нар галынхаа нүүрсийг бэлдээд өгсөн бол би гал түлчихнэ шүү дээ” гэж хэрэлдээд зогсож байтал Бахатбек намайг нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгтэл тэнд байсан 5-6 залуучууд намайг гэрээс гаргаад газар унагаад дээрээс дэвсээд зодсон. Энэ асуудал болохоос өмнө сийлбэр хийж байсан болохоор сийлбэрийн хутгаа баруун талын халаасандаа хийсэн байсан тэрийгээ гаргаж ирээд ойрхон байсан хүмүүсийг хутгалсан. Дандаа зүүн талын мөр орчим руу нь хутгалсан. Тухайн үед айсан сандарсан байсан болохоор өөдөөс дайрсан хүмүүсийг л хутгалсан. Тэгтэл араас нэг залуу хоолойгоор тэврээд газар дарж унасан тийм л асуудал болсон. ...Би 1976 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн. Эхээс 7-уулаа. Айлын 6 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа аав, ээжийн гар дээр өссөн. 1984 онд 8 настайдаа Баян-Өлгий аймгийн бага сургуульд ороод 8 дугаар ангиа хүртэл суралцаж төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Батсүмбэр суманд манайх шилжиж ирээд гэртээ байдаг байсан. Аав Төнкерис нь 1990-ээд оны үед нас барсан. Ээж Дария нв 1989 онд нас барсан. Одоо ам бүл ганцаараа байдаг ах дүү нар бүгд Казакстан улсад ажиллаж амьдарч байна. Би 1995 онд Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хаасан. Би цэргийн албанаас 1996 онд халагдаад Баян-Өлгий аймагт очоод тэндээ хувиараа ойр зуурын юм хийдэг байсан. Эгч дээрээ байж байгаад эгч маань Казакстан улсад амьдрахаар яваад би Батсүмбэр суманд ирсэн. Би Батсүмбэр суманд ирээд хувиараа үхрийн ферм дээр ажиллаж байгаад 2011 оны Баян-Өлгий аймагт хүн зодсон асуудлаар цагдаа дээр шалгагдаж Баян-Өлгий аймгийн шүүхээр ял шийтгүүлж, ял эдлээд 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хугацаа дуусч суллагдсан. Тэгээд Казакстан улс руу явсан. Тэнд тавилгын үйлдвэрт ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сард ирээд Налайх дүүрэгт ээжийн төрсөн дүүгийн хүүхэд  Бауржан дээр ирээд уурхай дээр  ажиллаж байгаад энэ хэрэгт холбогдсон юм. Одоо энд ах дүү хамаатан садан байхгүй бүгд Казакстан улсад байдаг...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 66-71 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бахатбекийн өгсөн “...Би тэр орой 16 цагийн үед уурхай дээрээ ирсэн юм. Тэгээд манай ажилчид байхгүй болохоор нь тэндээс явчихаад эргээд 18 цагийн үед тэнд очсон манай гэрийн урд талд 10 метр хэртэй зайтай байдаг гэр рүү орох гээд явж байтал Хавлебек өөдөөс гэрийн түлхүүр авчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь гэрт ороход манай ажилчид болох Аманжал, Хавлебек мөн манай ажилчид зогсчихсон тэнд манаач ажилчид болох Төлепберген өөдөөс нь хараад зогсчихсон түлхүүр авсан аваагүй гээд маргалдаад зогсож байхаар нь би “яагаад архи уусан юм бэ” гэж хэлээд ажилчидаа гаргасан. Тэгэхэд над руу Төлепберген дайраад хэрэлдэх гэхээр нь “та согтуу байна эрүүлдээ ярь, та ганц нэгээрээ байгаа хүнд битгий түлхүүр өгч бай, та өмнө нь ч гэсэн хүн оруулсан байсан” гэж хэлчихээд гэрээс гараад өөрийнхөө гэрт ороод ажилчиддаа та нар архи уусан байна гээд зогсож байтал Төлепберген “пизданууд” гэхээр нь “та архи уучихсан байна та гар” гээд түлхсэн. Тэгээд гараад явчихсан. Удалгүй 2 минут хэртэй болоод эргээд ороод ирсэн. Орж ирээд миний хажууд Хавлеберген зогсож байтал дундуур ороод ирсэн. Над руу гар далайх шиг болсон. Тэгэхээр би намайг цохих гэж байна гээд арагшаа ухартал зүүн талын хавирга орчим халуу оргихоор нь би “яая” гээд дугартал Хавлебек “яасан бэ” гэтэл Хавлебекийн зүүн тал руу хутгаар хутгалж байгаа мэдэгдсэн. Тэр үед л би хутга байна гэдгийг мэдээд “наадах чинь хутгатай байна” гэж хэлтэл Аманжол өөдөөс нь Төлепбергены хоёр гарын шуун дээрээс нь бариад автал өөдөөс нь хутгаараа хутгалсан байсан, зүүн талын булчин цээжин хэсэгт нь 2 удаа хутгалсан тэр үед шууд түлхээд гэрээс гаргасан. Гэрээс гараад Амошка гэрээс гарсны дараа араас нь хоолойгоор нь гараараа татаад арагш газар хэвтүүсэн. Тэр үед Төлепберген хутгаа тавихгүй дахиад хутгалах гээд байсан ба зүүн талын нүдний орчим бас зүссэн. Тэр үед тэнд байсан Аманжол гэх залуу зүүн талын булчин дээр нь хөлөөрөө гишгэсэн тэр үед хутгаа тавихгүй байсан тул манай ах Талхабек нь Төлепбергенийг татаж аваад дээр нь гарч суугаад хутгаа тавихгүй болохоор нь нүүрэнд нь 2 удаа цохьсон. Тэр үед хутгаа газар хаясан. Тэгэхээр нь Аманжол хутгыг холдуулсан. Тэгтэл Төлепберген “би хутгалаагүй чи хутгалсан шүү” гээд орилоод байсан. Тэгээд тэнд хүмүүс л цагдаа дуудсан байх, түргэн ч дуудсан байх. Тэгээд түргэн ирээд бид нарыг аваад явсан. ...Надад учирсан хохирол юм байхгүй. Одоо биеийн байдал бүрэн эдгэрсэн. Нэхэмжлэх төлбөр гараагүй” гэх мэдүүлэг,

/хх-23-24 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч А.Аманжолын өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 09-ний 18 цагийн үед би уурхай дээр ирээд түлхүүр авах гээд манай уурайг манадаг манаачийн хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт орсон юм. Тэнд түлхүүрээс болж хоорондоо маргаан үүссэн тэр үед манаач Төлепберген нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан түлхүүр үлдээгээгүй, үлдээсэн гээд маргалдсан юм. Тэгээд байж байтал Бахатбек орж ирээд бид нарыг аваад тэндээс гарсан. Бид нар өөрийнхөө гэрт ороод ажилдаа гарах гээд хувцасаа солиод байж байтал  Төлепберген нь араас ороод ирсэн. Тэгээд Төлепберген хэрүүл өдөөд эхлэхэд нь Бахатбек “та эрүүлдээ ярь” гээд түлхээд гаргасан. Гэрээс гараад удалгүй эргээд ороод ирсэн. Орж ирэнгүүт л Бахаьбек “яая” гэх шиг болохоор нь хартал Халенбектийг хутгалах шиг болсон. Тэр үед би хутгатай байна гэдгийг нь мэдээд Төлепбергений гаран дээрээс бариад автал миний зүүн талын буглаганд хутгалсан. Тэр үед би бариад гэрт газар унасан. Тэгтэл цээжний хэсэгт барьж байсан хутгаараа дахиад хутгалсан. Тэр үед би Төлепбергенийг гэрээс түлхээд гаргасан юм. Унахдаа гэрийн үүдний довжоон дээр унасан юм. Тэгээд намайг арагш дараад уначихсан байхад миний зүүн нүдний орчимд барьж байсан хутгаараа зүссэн. Тэр үед би тавиад холдсон. Тэгээд би шууд гэр рүү орсон. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд түргэн ирчихсэн байсан. Миний зүүн бугалганы орчмоос цус гарч байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 28-30 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Хавлебекийн өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед уурхайд хамт ажилладаг Аманжол, Давка гэх хүмүүстэй хамт машин дотор 2 шил архи уугаад уурхайд ажиллахаар 57 дугаар уклон дээр ирээд гэрт орох гэтэл түлхүүр байхгүй гэхээр нь урд талын гэрт ороод манаач залуугаас түлхүүрээ авах гэтэл өөдөөс согтуу байхгүй гээд маргалдсан юм. Тэгтэл өөрийнхөө халааснаас түлхүүрээ аваад гарсан. Тэгээд өөрсдийнхөө гэрт ороод ажилдаа гараха гэж байтал манаач ах араас орж ирэн хэрүүл хийж эхлэхээр нь гэж хэлэхээр нь Бахатбек та эрүүлдээ ир гэж хэлээд гаргасан. Тэгтэл буцаад ороод ирсэн. Бахатбек бид 2-ын дундуур зогстол Бахатбек “яая” гэх шиг болохоор нь эргээд хартал миний зүүн талын суганд нэг удаа хутгалсан. Тэгтэл Аманжол хөдөлж бариад автал Аманжолыг бас хутгалсан. Тэр үеэс л хутгатай байна гэдгийг харсан. Тэр манаач хутгаа тавихгүй байсан учир Аманжол түлхээд гаргасан. Тэр үед Аманжолыг 2-3 удаа хутгалсан байсан. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний учирсан гэмтэл эдгэрчихсэн, одоо гомдолгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-33 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.Каукаватьдиналлагийн өгсөн “Би тэр орой уурхай дээр очсон юм Тэгээд тэнд уурхай руугаа орох гээд гэрийн түлхүүр авах гээд Давка, Талгат ах бид 3 урд талын манаачийн гэрт орсон юм. Тэгээд манаачаас түлхүүр асуухад эхлээд байхгүй гээд байсан, дараа нь гаргаад өгсөн юм. Тэгээд би түрүүлээд гараад явсан гэрт бусад маань үлдсэн юм. Тэгээд гэрт ороод хувцсаа сольж байсан юм тэр үед гэр харанхуй байсан юм, тэр үед гэрт Бахатбек, Хавланбек, Аманжол мөн хамт ажилд байсан хүмүүс байсан. Тэгтэл манаач орж ирсэн гэнэт л “хутгалчихлаа” гээд явчихсан тэгээд хартал Бахатбек, Хавланбек нар хутгалуулсан гэж байсан. Аманжал тэр манаачийн өөдөөс барьж аваад түлхээд гаргасан юм. Тэр үед Аманжолыг хутгалсан гэсэн тэгээд гэрээс түлхээд гаргасан. Гэрээс гаргаад хэн нь гаран дээр нь гишгэж хутгыг авсаныг хараагүй. Тэр залуу хутгатай гараа тавихгүй байсан гарыг нь дийлэхгүй байсан болохоор гишгэж авсан юм. Талгат ах дээр нь дараад суучихсан байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40-41 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Давлетбекийн өгсөн “Би тэр өдөр буюу 2017 оны 02 сарын 09-ний өдөр би Аманжал Хавланбек бид гурав 0,5 граммын хараа нэртэй архийг хувааж уучихаад 16 цагийн үед уурхай дээр очсон тэнд очиход цуг ажилдаг Талгат ирчихсэн байсан. Тэгээд гэрийн түлхүүр авах гээд урд талын гэрт очиход манаач ахын нэрийг мэдэхгүй архи уусан болотой согтуу байсан тэгээд гэрийнхээ түлхүүрийг авах гэхэд түлхүүр байхгүй гэж хэлсэн тэгээд би түрүүлээд гараад явсан гэрт бусад маань үлдсэн тэр үед Бахатбек ирчихсэн байсан тэгээд тэд нар гарч ирээд гэрт орсон тэгээд хувцасаа солиод байж байтал манаач ах орж ирээд Бахатбектэй юм яриад байсан яг юу ярьсаныг анзаарч сонсоогүй бид нар хувцасаа солих гээд шуугилдаад байж байсан юм Бахатбек та одоо харьж амар гэж хэлж байх шиг сонсогдсон тэгтэл манаач гараад явчихсан байсан тэгтэл гэнэт л Хавланбек нь “өө наадах чинь хутгалчихлаа шүү дээ” гэхэд л би харсан тэр үед бүгд л шуугилдаад явчихсан яг юу болсоныг би анзаараагүй. Хутгатай байна гэхэд бид нар гэрт шуугилдаад явчихсан хэн яг юу хийсэн ямар үйлдэл хийснийг анзаараагүй тэгээд нэг харахад гэрээс гаргачихсан Талгат ах дээр нь дараад хэвтчихсэн харагдсан тэр үед манаач ахын нүүрнээс цус гарчихсан харагдсан болсон асуудал маш хурдан болсон болохоор яг сайн хараагүй би тэр үед гэрт байсан... Төлепбергенийг зодсон хүн байхгүй сүүлд хүн хутгалсан гэдэг асуудал болсоноос хойш харахад л нүүр нь цус болчихсон харагдсан хэн цохьсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 89-90 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №08шэ/99 дүгээр:

  1. Аманжалын биед цээжний зүүн тал, зүүн бугалга, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх цээжний зүүн тал, зүүн бугалга, зүүн нүдний доод зовхинд шарх, гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 43 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №08шэ/101 дүгээр:

1. Бахатбекийн биед зүүн суганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт,

/хх-ийн 48 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №08шэ/100 дугаар:

1. Хавленбекийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 52 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №08шэ/98 дугаар:

1. Төлепбергений биед зүүн мөрний мултрал, духанд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 57 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 75 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 76 дугаар тал/

Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,

/хх-ийн 81 дүгээр тал/

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 91-94 дүгээр тал/

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-98 дугаар тал/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Төлепбергенд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр түүнийг ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Төлепбергенийг ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Т.Төлепбергенд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шыбарайгыр балта овогт Төнкерисийн Төлепбергенд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Т.Төлепбергеныг 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Төлепбергенд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Т.Төлепберген нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол төлбөр ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сийлбэрийн хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Төлепбергенд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.                           

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БАВУУ

                                                          ШҮҮГЧИД                                  Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                             Д.ЧИНЗОРИГ