| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0256/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/272 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/272
2025 10 27 2025/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Ж.Ундармаа,
Шүүгдэгч С.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт С-ын Б-д холбогдох эрүүгийн 2512000000259 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Хайрхан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, А аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай. ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар баг, Ц 0000 тоотод оршин суух, .... .... ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, урьд нь А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан Б овогт С-ын Б /РД:../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цаг 10 минутын үед А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Б сумын зүүн суганаас гарч, Ц хорооллын замаар өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн заалтыг зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хуралдаанд:
Улсын яллагч Ж.Ундармаа “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч С.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
- А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн цагдаа, зохицуулагч Г.Э-ийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд “Г.Э нь эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэсэн /хх-ийн 3 дугаар хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...багаж ашиглан шалгахад 0.93 % тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, ...хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Гэрч Г.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 05:00 цагийн хооронд А аймгийн Цагдаагийн газрын даргын батлагдсан томилгооны дагуу А аймгийн Э сум 3 дугаар баг Ц замд хяналт шалгалт хийж байхад 70-08 АРН улсын дугаартай Хариэр маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл А аймгийн Э сумын Б уулын зүүн суганаас орж ирсэн. Уг тээврийн хэрэгслийг зогсоож бичиг баримтыг шалгахад С.Б тээврийн хэрэгсэл жолоодох атлаа замын хөдөлгөөнд оролцож байсан. Жолооч С.Б-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гарсан. Улмаар драйгер багажаар шалгахад 0.93% гарч зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг А аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулж тээврийн хэрэгслийн түлхүүрийг жолооч С.Б-д өгсөн. Жолооч С.Б нь ганцаараа явж байсан, шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй. Тухайн үед илт үнэртэж байсан. Мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас камерын бичлэг хийгээгүй. Гэрэл зургаар бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13 дугаар хуудас)
- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн тэмдэглэл “...Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан томилгооны дагуу А аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад Тамир хороололд 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодоод явж байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж 0000 улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-ийг согтуурал шалгах багажаар шалгахад 4.06 хувийн согтолттой байсан. Жолооч Б.Г хэлэхдээ Б сумын сангийн толгойн гүүр гэх газраас согтуугаар жолоодоод Эрдэнэбулган сумын Т хороолол ирсэн гэж хэлж байсан. Шалгалтын явцад Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 хуудас/,
- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-61 дугаар хуудас/,
- Яллагдагч С.Б-ийн “...гэм буруугаа хүлээн мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.
Хавтаст хэрэг дэх жолоочийн лавлагаа мэдээлэл, шийтгэвэр зэргээр шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байна. Иймд С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамаарна.
Шүүгдэгч С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон, шүүгдэгч С.Б-ийг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б шүүхээс оногдуулсан 2,800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 6 /зургаанр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР