Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/02031

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21

101/ШШ2023/02031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т -т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 37,250,165.43 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хонхонцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өсөхжаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Т нь Т ны МУИС Тооцооны төвтэй 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ...... тоот зээлийн гэрээ, ...... тоот барьцааны гэрээ байгуулан 42,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан. Гэрээний дагуу cap болгоны 15-ны өдөр зээл зээлийн хүүг төлөх хуваарьтай. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 286 хоног хэтэрч өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрэлтийн алданги тооцогдож үндсэн зээлийн 6,918,711,33 төгрөг, 5,517,506.00 хүүний төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,152.95 төгрөг /өдрийн хүү 18709,95/ буюу 2022 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар төлбөрийн зөрчил 12,552,370.28 төгрөг ба нийт зээлийн үлдэгдэл 37,250,165.43 төгрөгийг хариуцагч Б.Т аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзах зүйлгүй. Хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020.09.29-ний өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээ, 2020.09.29-ний өдрийн ...... дугаартай Барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022.12.02-ны өдрийн итгэмжлэл, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртэглийн гэрчилгээ,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,250,165.43 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүгчийн захирамжаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. Т ХХК болон Б.Т , Т.О нар нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулж 42,000,000 төгрөгийг хэрэглээний зээлийн зориулалтаар, сарын 1,80 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, 1 дүгээр хороолол, .. байр, .. тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 28,000,000 төгрөгийн бараа материал, 2,400,000 төгрөгийн гэрийн эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигч дээр дурдсан гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Т ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Т ын ...... дугаартай дансанд 42,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч болох хариуцагч нь мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

8. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээний зээлдэгчээр Б.Т , хамтран зээлдэгчээр Т.О байгуулсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Т ыг татсан байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.Т ыг татсан нь хууль зөрчөөгүй.

 

9. Зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаарджээ.

 

10. Зээлийн гэрээний 2.2.1-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан байх ба хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн эргэн төлөлт үндсэн зээл 6,918,711.33 төгрөг, хүү 5,517,506 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,152.95 төгрөг, нийт 12,552,370.28 төгрөгийн төлбөрийн зөрчилтэй байгаа болох нь зээлийн ...... дугаартай дансны харилцагчийн хуулгын баримтаар тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан ба хариуцагч нарт зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн болон зээл төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд нийцэж байна.

 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй.

 

13. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,383,641.69 төгрөг, хүүгийн төлбөрт 11,362,605.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67,202.92 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 31,616,358.31 төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,517,506 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 116,301.12 төгрөг, нийт 37,250,165.43 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч нь зээлийн төлбөрт 4,000,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн төлбөл зохих нийт 37,250,165.43 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

15. Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнгийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй болно.

 

16. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч Б.Т аас зээлийн гэрээний үүрэгт 33,250,165.43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, 1 дүгээр хороолол, .. байр, .. тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 28,000,000 төгрөгийн бараа материал, 2,400,000 төгрөгийн гэрийн эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

18. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 414,400.83 төгрөг /344,200,,83 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 394,400.83 төгрөг /324,200.83 төгрөг + 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т аас зээлийн гэрээний үүрэгт 33,250,165.43 /гучин гурван сая хоёр зуун тавин мянга нэг зуун жаран таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, 1 дүгээр хороолол, .. байр, .. тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 28,000,000 төгрөгийн бараа материал, 2,400,000 төгрөгийн гэрийн эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 414,400.83 төгрөг /344,200,,83 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 394,400.83 төгрөг /324,200.83 төгрөг + 70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР