| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2023/02195/И |
| Дугаар | 101/ШШ2023/02635 |
| Огноо | 2023-05-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/02635
| 2023 05 25 | 101/ШШ2023/02635 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК / ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,961,742.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ХХК нь зээлдэгч Г.Г тай 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр .... дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан үнэт эдлэл авах зориулалтаар 3,000,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусах боловч зээлдэгч Г.Г нь зээлийн гэрээний 6.1.1, 6.3, 6.3.1 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироосоор байна. Иймд зээлдэгч Г.Г аас үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 811,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,509.59 төгрөг, нийт 3,961,742.47 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.01-ний өдрийн итгэмжлэл, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртэглийн гэрчилгээ, 2022.08.08-ны өдөр .... дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлдэгчийн анкет, зээл, хүүгийн тооцоолол, .... дугаартай зээлийн дансны хуулга,
3.2. Хариуцагч талаас: иргэний үнэмлэхийн хуулбар.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,961,742.47 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүгчийн захирамжаар 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудах мэдэгдэх хуудсыг хүргүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар ирүүлээгүй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
4. Х ХХК болон Г.Г нар нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр .... дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан, үнэт эдлэл авах зориулалтаар 3,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Х ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Г.Г ын .......... дугаартай дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд хариуцагч нь мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй.
7. Зохигчийн хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр .... дугаартай Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч Х ХХК нь зээлийн гэрээний 6.1.1, 6.3, 6.3.1-т эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаарджээ.
8. Хариуцагч Г.Г нь зээлийн гэрээний үүрэгт зээл, хүүгийн төлөлтийг огт хийгээгүй болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгын баримтаар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан ба хариуцагчид зээл төлөх хугацаа заасан мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд нийцэж байна.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
11. Нэхэмжлэгч Х ХХК зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээний дагуу шилжүүлсэн 3,000,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 811,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,509.59 төгрөг, нийт 3,961,742.47 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байх тул хариуцагч Г.Г аас уг мөнгийг гаргуулах нь зүйтэй байна.
12. Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй болно.
13. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч Г.Г аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 811,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,509.59 төгрөг, нийт 3,961,742.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г аас зээлийн гэрээний үүрэгт 3,961,742.47 /гурван сая есөн зуун жаран нэгэн мянга долоон зуун дөчин хоёр төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г аас улсын тэмдэгтийн хураамжид 78,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР