Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/273

 

 

 

 

      2025          10            27                                    2025/ШЦТ/273

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Ж.Ундармаа,   

Шүүгдэгч Р.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Р-гийн Г-д холбогдох эрүүгийн 2512002720248 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Ч  суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймгийн Ч  сумын  Ө баг З гэх газарт оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б  ургийн овогт Р-ийн Г  /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Г нь 2024 оны 11 дүгээр сард А аймгийн Т сумын Х багийн Б тэлээ гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр 4.20 метрийн урттай, 56 ширхэг 2.3852 м.куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг унагаж бэлтгэн, 2025 оны 05 дугаар сарын сүүлээр мод бэлтгэсэн газар буюу А аймгийн Т  сумын Х багийн Б  тэлээ гэх уулнаас 489 метрийн зайтай байрлах өөрийн өвөлжөөний байр хүртэл улсын дугааргүй, хөх өнгийн ЮБ мото нэртэй мотоциклоор зөөж тээвэрлэн, ойн санд 471.238 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Г-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ж.Ундармаа яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Р.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж оролцсон. 

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Р.Г нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь

       -     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ''...А аймгийн Т сумын төвөөс 35 км зайд байрлах Б гэх газар үзлэгийг хийхээр тогтов. Тухайн газар нь шинэс, хуш төрлийн ойн сан бүхий газар байх бөгөөд ..тайрсан хожуулын өндөр, радиусыг тогтоох зорилгоор ...нийт 26 ширхэг хожуул тус бүрт үзлэг хийж ...бэхжүүлэв...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

       - Иргэний нэхэмжлэгч П.Д-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн “...ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

-  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15, 57-59, 86-88 дугаар хуудас/,

-    Гэрч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай Т суманд мод бэлтгэх зориулалттай талбай тусгаарлалт хийгдсэн газрууд байгаа. Тухайн газрууд нь Х багийн А,  У гэх газруудад 2025 оны 03 дугаар сард мэргэжлийн ойн ангиар талбай тусгаарлалт хийсэн, ...Богино тэлээ гэх газарт талбай тусгаарлалт хийсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

- Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын захиргааны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай албан бичигт “А аймгийн Т сумын Х багийн N47o 03’ 63, E102o 01’ 49 солбицлын цэгтэй Богино тэлээ гэх газар нь уулын тусгай хамгаалалттай газар нутаг орохгүй...” гэсэн /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн АРХ0325/199 дугаартай дүгнэлтэд “1. Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pineaceae Lind-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй мод нь 17,6 хувь чийгтэй хуурай мод гэж үзэх үндэслэл байна. ...3. Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 56 ширхэг мод нь 2.3852м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 471,238 төгрөг байна...” гэсэн /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

-    Хөрөнгийн үнэлгээний Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ25-163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-103 дугаар хуудас/,

Яллагдагч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...маргах зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Г нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Ойн тухай хуулийн

35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,

35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,

35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.

 

Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Р.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос хуурай босоо мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Р.Г-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Р.Г-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Р.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”  гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь  байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол  учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.

Иймд шүүгдэгч Р.Г нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Р.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 471,238 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор  /471,238*3=1,413,714 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,413,714 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван дөрөв/  төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Р.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/  нэгжээр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Г-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.  

Шүүгдэгч Р.Г-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн ЮБ 150 бичилттэй мотоцикл, 238,520 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 1,413,714 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван дөрөв/  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж,   Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан хохирлын үлдэгдэл 587,194 /таван зуун наян долоо мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Р.Г-аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Р-ийн Г-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/  нэгжээр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Г нь шүүхээс оногдуулсан 800 /найман зуун/  нэгжээр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Г-аас 1,413,714 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван дөрөв/  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Г-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикл, 238,520 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 1,413,714 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун арван дөрөв/  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан хохирлын үлдэгдэл 587,194 /таван зуун наян долоо мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Р.Г-аас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулсугай.

 

6. Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР