Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00638

 

 

 

 

 

 

 

2023 01 26

101/ШШ2023/00638

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК холбогдох

 

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Ц миний бие 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 23/4/20-7Н1 тоот Орон сууц барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 0 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын 0 давхарт байрлах 35,5 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан. Гэрээний дагуу 1 мкв талбайн үнэ 1,350,000 төгрөг байсан бөгөөд гэрээний 2.2-т Орон сууц нь 47,925,000 төгрөгийн үнэтэй ба энэ үнэнд НӨАТ багтсан гэрээний үнэ бөгөөд захиалагчийн төлөх төлбөр болно гэж тохирсон. Миний бие гэрээнд заасан 47,925,000 төгрөгийн төлбөрөөс 23% буюу 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 23-нд, гэрээний үнийн 38% буюу 16,500,000 төгрөгт Ниссан Жюүк 0 УБЦ автомашиныг тооцож шилжүүлсэн бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 15-нд 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-нд 14,425,000 төгрөгийг тус тус төлснөөр гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д ... орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулна гэж талууд тохирсон боловч 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Шинэ төслийн орон сууцны гэрээ дүгнэсэн акт болон байр хүлээлцсэн протокол үйлдэж байрыг хүлээлцсэн. Миний бие гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн, захиалан бариулсан байрандаа одоо амьдарч байгаа боловч байрныхаа өмчлөгчөөр өнөөдрийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна. Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгч, гэрчилгээгээ өөрийн нэр дээр бичүүлж авах талаар шаардлагыг М ХХК-д тавих үед НӨАТ төл, тэгвэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээг чинь гаргуулж өгнө хэмээн захирал О.Х болон тус компанийн ажилтнууд өөдөөс үндэслэлгүй тайлбар хэлдэг. Гэрээний 2.2-т Орон сууц нь 47,925,000 төгрөгийн үнэтэй, Энэ нь НӨАТ багтсан гэрээний үнэ бөгөөд захиалагчийн төлөх төлбөр болно гэж, гэрээний 4.1-д Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажина гэж тус тус заасан. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний төлбөрөө төлсөн боловч гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Баянзүрх дүүргийн 0 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын 0 давхарт байрлах 35.5 мкв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Ц миний нэр дээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, захиалагчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК болон Ц.Ц нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 23/4/20-7Н1 тоот Орон сууц барилын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр орон сууцны м.кв талбайн үнийг 1,350,000 төгрөг буюу гэрээний нийт үнэ 47,925,000 төгрөг байхаар тохиролцсон байдаг. Улмаар Ц.Ц нь тухайн орон сууцны захиалгын гэрээний талыг өөрийн охин болох Э.Ргээр солих хүсэлтэй байгаагаа утсаар илэрхийлсэн бөгөөд манай талаас уг хүсэлтийг зөвшөөрсөн. Ийнхүү М ХХК болон Э.Р нарын хооронд 117/7А-Н1 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулсан. Дээрх 117/7А-Н1 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулахдаа барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээний үнийг 10 хувиар нэмэгдүүлж, мөн орон сууцны квадратын үнийг 1,485,000 төгрөг буюу нийт 54,722,250 төгрөг байхаар тохиролцсон. Энэхүү гэрээний нөхцлийг Э.Р нь хүлээн зөвшөөрч, өөрийн Хаан банкны 0тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 6,797,250 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Э.Р нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Миний бие гэрээнд заасан 47,925,000 тогрөгийг бурэн төлж барагдуулсан. Захиачагч тал гэрээгээр хулээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний төлбөрөө төлсөн боловч гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ... 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Ц миний нэр дээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, захиалагчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад өөрөөс шалтгаалах үүргээ биелүүлэхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээг шинэчилж байгуулж, М ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ нь дуусгавар болсон байхад Ц.Ц нь 117/7А-Н1 тоот гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23/4/20-7Н1 дугаартай орон сууцны барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн автомашин хүлээлцэх акт, Ц.Цгийн иргэний үнэмлэх, 0 УБЦ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М ХХК-ийн төлбөр төлсөн талаарх хүснэгт, 2020 оны 4 дүгээр сарын 23, 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн кассын орлогын ордер, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 1 ширхэг СД-ийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм, хариуцагчийн хариу тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 117/7А-Н1 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ, М ХХК-ийн төлбөр төлсөн талаарх хүснэгт, О.Хын 0 тоот Худалдаа хөгжлийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой орон сууц захиалан бариулах тухай гэрээ, М ХХК-ийн төлбөр төлсөн талаарх хүснэгт, М ХХК-ийн 0 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банктай байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Э.Ргээс авсан мэдүүлэгийг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч М ХХК нь Ц.Цтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон байхад Ц.Ц нь 117/7А-Н1 тоот гэрээний дагуу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Ц.Ц болон М ХХК-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, захиалагч Ц.Ц нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын 0 тоот, 35,50 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг 1 мкв-ын үнэ нь 1,350,000 төгрөг ба нийт 47,925,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захиалж, гүйцэтгэгч М ХХК нь 2020 оны 3 дугаар улиралд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-4,5,6/

 

4а. Гэрээний 1.2-т зааснаар төлбөрийг Ц.Ц нь төлөхдөө 23 хувь буюу 10,000,000 төгрөгийг бэлнээр, 38 хувь буюу 16,500,000 төгрөгийг бартерын Nissan juke маркийн 0 УБЦ улсын дугаартай автомашинаар, 39 хувь буюу 21,425,000 төгрөгийг байр ашиглалтад ороход төлөхөөр тохирсон ба 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Ц нь 10,000,000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө Nissan juke маркийн 0 УБЦ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн, Ц.Цгийн охин Э.Р нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14,425,000 төгрөгийг тус тус төлж, нийт 47,925,000 төгрөгийг М ХХК-д төлсөн болох нь Авто машин хүлээлцэх акт, Кассын орлогын ордерууд, Бэлэн мөнгөний орлогын баримт, М ХХК-ийн төлбөр төлсөн талаарх хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү төлбөрийг төлөхдөө М ХХК-ийн 0 тоот дансанд Ц.Цгийн байрны төлбөр, төлөлт гэсэн утгаар шилжүүлсэн болох нь тус компанийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд санхүүгийн анх шатны зарим баримтад охин Э.Р гарын үсэг зуржээ.

 

4б. Нэхэмжлэгч Ц.Цгийн охин нь Э.Р, тэрээр ээжийнхээ өмнөөс гэрээний дагуу төлөх төлбөрийг төлж байсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

4в. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т Орон сууц нь 47,925,000 төгрөгийн үнэтэй. Энэ нь НӨАТ багтсан гэрээний үнэ бөгөөд захиалагчийн төлөх төлбөр болно гэж заажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой 117/7А-Н1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г ирүүлсэн бөгөөд гэрээний эхний хэсэгт Э.Ртэй гэрээ байгуулж байгаа агуулгаар, гэрээ байгуулсан хэсэгт захиалагчийг төлөөлж хаалтан дотор Ц.Ц гэж бичээд Э.Р /охин/ гэж гарын үсэг зурагдсан, уг гэрээнд мкв-ыг 36,85 гэж /дээрх гэрээнд 35,50 мкв/, мкв-ын үнэ нь 1,485,000 төгрөг ба нийт үнэ нь 54,722,250 төгрөг гэж тус тус зөрүүтэй байдлаар оруулсан байна. /хх-27,28,29/

 

5а. Мөн хариуцагч нь дахин өөр нэг гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой 117/7А-Н1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ба гэрээг Ц.Цтэй байгуулж байгаа агуулгаар, гэрээ байгуулсан хэсэгт захиалагчийг төлөөлж хаалтан дотор Ц.Ц гэж бичээд Э.Р /охин/, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулав гэж гарын үсэг зурагдсан, уг гэрээнд мкв-ыг 36,85 гэж /дээрх гэрээнд 35,50 мкв/, мкв-ын үнэ нь 1,485,000 төгрөг ба нийт үнэ нь 54,722,250 төгрөг гэж тус тус зөрүүтэй байдлаар оруулсан байна. /хх-38,39,40,41,42/

 

5б. Сүүлд ирүүлсэн дээрх 2 гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч нь Ц.Цгийн утсаар өгсөн зөвшөөрлийн дагуу түүний охин Э.Ртэй гэрээ байгуулсан гэх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, охин Э.Р нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... хариуцагч компани нь надруу яриад гэрээний нийт үнийн дүн өөрчлөгдөж байгаа, гэрээнд гарын үсэг зураад охин нь гэж бичсэн, 6,797,250 төгрөгийг төлчихвөл ээжийг маань байранд нь оруулна гэж хэлсэн, ... миний хувьд байрны мөнгийг шилжүүлдэг байсан, мөн байр хүлээлцсэн актад гарын үсэг зурсан, ээжийнхээ нэрийн өмнөөс гарын үсэг зурсан, би өөрөө гэрээ байгуулсан зүйл байхгүй,... гэж мэдүүлсэнээс үзвэл Ц.Ц нь өөрийн байгуулсан гэрээний үүргийг дуусгавар болгож, үүний үндсэн дээр гэрээний нэг тал өөрчлөгдсөн, эсхүл охин Э.Рд гэрээ, хэлцэлд төлөөлөх итгэмжлэлийг олгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Ц.Цтэй байгуулсан эхний гэрээний 3.2.9, 3.2.10-т орон сууцны захиалгын төлбөр бүрэн төлөгдөж, орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөхөөс өмнөх хугацаанд тухайн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно, зайлшгүй шаардлагатай, хүндэтгэн үзэх бодит нөхцөл үүссэн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийг үндэслэн гүйцэтгэгч ажлын 5 хоногийн дотор зөвшөөрөл өгөх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байхад энэхүү гэрээний заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

5в. Ийнхүү дээрх гэрээ байгуулагдсаны дараа Ц.Цгийн охин Э.Р нь М ХХК-ийн захирал О.Хын хувийн данс болох Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 3 удаагийн шилжүүлэгээр 6,797,250 /3,000,000 + 3,000,000 + 797,250/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Депозит дансны харилцагчийн монгол хуулгаар тогтоогдож байна.

 

5г. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан гэх гэрээний 2.1-д орон сууцны төлбөр төлөх хуваарьт байр ашиглалтанд ороход 52 хувь буюу 28,222,250 төгрөг ба нийт төлөх дүн нь 54,722,250 төгрөг гэж, мөн НӨАТ тооцоогүй дүн гэсэн агуулга нэмэлтээр тусгагдаж, барилга ашиглалтад орох хугацааг 2022 оны 01 дүгээр улиралд багтаан барихаар өөрчлөлт оруулсан байна.

 

6. Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн хувьд захиалагч Ц.Цгийн хүсэл зоригоос гадуур өөр бусад этгээдтэй гэрээ байгуулж, сүүлд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, Ц.Цг гэрээний үүргээ шаардах эрхгүй гэх үндэслэлийг гаргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Ц болон М ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг тодорхойлсон байна.

 

Харин Ц.Цгийн охин Э.Ргийн хувьд М ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулах хүсэл зориг байхгүй, нэхэмжлэгчийн охины хувьд орон сууцтай холбоотой төлбөрийг төлөх, орон сууцыг нь хүлээн авах зэрэг ажиллагаанд оролцсон байна.

 

7. Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч М ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23/4/20-7Н1 дугаартай Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний үүрэг болох нийт төлбөр 47,925,000 төгрөгийг бүрэн төлсөн, хариуцагч нь орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж ашиглалтад оруулах байсан боловч талууд орон сууцыг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлцсэн байна.

 

Хэрвээ хариуцагч нь үнийн өөрчлөлттэй холбоотойгоор Ц.Цтэй байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Иргэний хуулийн холбогдох заалт, гэрээний 7 дугаар бүлэгт заасан нөхцлийг хангах нь зүйтэй байжээ.

 

7а. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаар Ц.Ц нь тохирсон хөлсийг төлж, М ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

 

7б. Дээрх гэрээний 4.1-д Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсаны дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажина гэж заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 10 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хариуцагч нь нэхэмжлэгчид гаргаж өгөх нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК -иас Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны дахин төлөвлөлтөөр баригдаж буй 117 айлын орон сууцны барилгын 0 тоот, 35,50 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.Цгийн нэр дээр бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлж, нэхэмжлэгч Ц.Цд хүлээлгэн өгөхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/00330 дугаартай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ