| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0447/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/449 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/449
2025 06 13 2025/ШЦТ/449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхтуяа,
улсын яллагч: Ц.Ганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Баасанжав,
шүүгдэгч: Ц.Батбаяр нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Батбаярт холбогдох эрүүгийн 2503002480******* тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нябо мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******н дүүргийн 27 дугаар хороо, ******* хороолол 46-******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Жаяд овогт Цэвээндоржийн Батбаяр нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Батбаяр нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 25 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын 64 дүгээр байрны баруун тал, 43а дугаар байрны урд зам дээр Тоёота приүс маркийн ******* УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч бага насны буюу 11 настай П.г мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн ослын газрыг орхиж явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-4-10/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн “...Манай охин 11 настай, нийслэлийн 38 дугаар сургуулийн 6-р ангид сурдаг. Осол болдог өдөр би аавындаа буюу 43/а байрны 38 тоотод байсан тэндээсээ хадам аавындаа очих гээд ойр зуурын юмаа бэлдээд нөхөр Пүрэвдорж тортой юм бариад түрүүлж гараад машинаа халааж байх хооронд хоёр дүүгээ дагуулаад аав руугаа явахаар гарсан, би ард нь үлдэж ойр зуурын юмаа бэлдээд араас нь гарч шатаар бууж байхад нөхөр залгаад "хурдан гараад ир эмнэлэг явах хэрэгтэй боллоо" гэхээр нь “юу болсо”н гэж асууж амжилгүй гар утсаа таслаад яаран гарч машин дээрээ ирэхэд охин машины арын суудалд суучихсан “хөл өвдөөд хугарчихсан юм шиг байна” гэж хэлээд уйлаад сууж байсан. Тэндээсээ шууд ГССҮТ эмнэлэгт үзүүлээд рентгэн зураг авахуулахад “зүүн хөлийнх нь савхан яс хугарсан” гэж хэлээд гипс тавиулаад гэртээ харьсан. Охиноосоо юу болсон талаар асуухад "өвөөгийн гэрээс гараад дүүгээ тэврээд байрны хаалтны хажуугаар гарахдаа машин ирж байгааг сайн харж байгаад нэг том хар машин өнгөрөөгөөд харсан чинь цаана нэг машин зогсож байхаар нь гарсан, тэгсэн тэр зогсож байсан машин гэнэт ирээд мөргөөд зогссон" гэж хэлсэн. Охин маань тэгэхээр нь жолоочид хандаж “ах аа та миний хөлийг хугалчих шиг боллоо” гэсэн чинь тэр хүн охинд минь ширүүн хандаж “чи чинь юу яриад байгаа хүүхэд бэ" гэж хэлэхээр нь "ах аа манай аав тэр машины цаана байгаа дуудаад өгөөч гэсэн чинь шууд яваад өгсөн” гэж хэлсэн. Ослын газрын яг цаана 10-аад метрийн цаана машинд аав нь сууж байсан. Би орцоор гараад шууд машин дээрээ очоод эмнэлэг явсан тэндээ 103 дуудаж үзүүлээгүй. Охин маань нэг ой 4 сартай дүүгээ тэврээд явж байсан. Дүүгийнх нь биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагзүй гайгүй байсан. ” гэх мэдүүлэг /х.х-20-21/,
- Шүүгдэгч Ц.Батбаярын гэрчээр өгсөн “Би 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд эхнэр Мандахын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 24-98 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өргөөгөөс 1-р хороолол орохоор явж байгаад UB паласын арын замаар тойроод 10-р хороолол руу ордог гараад байрны наана дунд зам руу орох гээд явж байхад бетонон хашааны булангаар тойроод иртэл ертөнцийн зүгээр баруун талд байх хотхоноос жоохон хүүхэд тэвэрсэн 1 хүүхэд араас нь бага насны 1 хүүхэд гарч ирээд миний машины баруун урд кирло хэсэг рүү тулж эргээд зогссон би тухайн үед машинаас буухад тэр хүүхэд хөл өвдөөд байна гэхээр нь хөлийг нь үзсэн чинь ил харагдах гэмтэл байгаагүй тул тэр хүүхдийг машинд суучих гэмтэл явж үзүүлье гэсэн чинь тэр охин би аавтайгаа хамт явж байгаа аав тэнд ойрхон байгаа гэж хэлээд яваад өгсөн. Тэр үед араас машинууд сигналдаад байхаар нь замаа чөлөөлчихөөд машиндаа суугаад охиныг аавтайгаа ирэх байх гээд хүлээгээд сууж байсан. 15 минут хэртэй хүлээгээд ирээгүй болохоор яваад өгсөн” гэх мэдүүлэг /х.х-28/,
- ГССҮТ-ийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /х.х-39/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025.03.07-ны өдрийн ЕГ0725/ дугаартай “П.-н биед зүүн тавхайн 2,3-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-31-32/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Баянгол дүүргийн 6 дугаар хороо 43/а байрны урд замд явган зорчигч П. явж юм тэвэрсэн байдалтай түүний ард талд бага насны хүүхэд бололтой хүн явж байх бөгөөд урд талд нь ороод байрны хашаанаас гараад замын зорчих хэсэг рүү ороход зүүн гар талаас нь саарал өнгийн тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч баруун урд талын буфер хэсгээрээ мөргөж байгаа байдалтай харагдаж байна” гэх тэмдэглэл /хх-47/,
- Техникийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай: “Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Уг тээврийн хэрэгсэл нь дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Шингэн дамжуулагатай ABS тоормосны системтэй. Жолооны механизм хэвийн ажиллагаатай. Жич: Жолооны хүрдний систем гэж систем байхгүй тул ажиллагааг хэвийн эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна Урд дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. Уг тээврийн хэрэгсэл нь дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын ухрах арааны гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтэлтэй байгаа нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл. гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Ослоос хойш жолооны механизм болон тоормосны систем сольсон эсэхийг тогтоох боломжгүй байна. 2023-06-08 нд. 2024-06-14 нд, 2025-07-09 нд тус тус техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна” гэх дүгнэлт /х.х-62-66/,
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай магадлагаа /х.х-72-73/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.Батбаярын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Батбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Батбаяр нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 25 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын 64 дүгээр байрны баруун тал, 43а дугаар байрны урд зам дээр Тоёота приүс маркийн ******* УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч бага насны буюу 11 настай П.г мөргөсөн зам тээврийн осол гаргасан, мөн ослын газрыг орхиж явсан болох нь нотлогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Шүүгдэгч Ц.Батбаяр нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-ийн “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалт, мөн зүйлийн 19.4-т “Жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалт, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: 6/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч бага насны буюу 11 настай П.г мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн ослын газрыг орхиж явсан буруутай болох нь нотлогдож байна.
Мөрдөгчийн магадлагааны “Явган зорчигч П. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авсангүй. Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр бага насны П. нь дүүгээ тэврээд явж байгаа хэсэг нь ханаар тусгаарлагдсан замаас жолооч Ц.Батбаярын гарч ирж байгааг харах боломжгүй нөхцөл байдалтай, мөн осол гарсан замын тухайн хэсэгт ямар нэг гарц, гарам байхгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд жолооч Ц.Батбаяр нь хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна гэж дүгнэлээ.
Жолооч Ц.Батбаярын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Батбаярын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч болох бага насны буюу 11 настай П. /РД:УТ13291501/-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн ЕГ0725/ дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч П.гийн эмчилгээний зардалд нийт 249380 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /х.х-92/ баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Батбаяр нь тухайн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын газрын төрийн санд 2025.05.16-ны өдөр шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-91/, мөн хохирогч талд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн болдох нь эмчилгээний зардал, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8 сая төгрөг бэлнээр авсан. Цаашид гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй, сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгохгүй болно” гэх хүсэлтээр /х.х-94/ тус тус нотлогдож байх тул өнөөдрийн байдлаар шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч Ц.Батбаяр нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-41/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Батбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч талд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 8 сая төгрөгийш өөрийн санаачилгаар төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Ц.Батбаярын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаяд овогт Цэвээндоржийн Батбаярыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Жаяд овогт Цэвээндоржийн Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Батбаярт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3200 /гурван мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3200000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Батбаярт оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Батбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Батбаяр нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.т 8 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 249380 төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Ц.Батбаярт мэдэгдсүгэй.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Ц.Батбаярт холбогдох 2503002480******* тоот эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ