Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/00826

 

 

 

 

 

 

 

2023 02 08

101/ШШ2023/00826

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4,391,413.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г ХХК нь Б.Дтэй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/5535445 тоот гэрээгээр 2,200,000 төгрөгийн эрхтэй кредит картыг жилд бэлэн гүйлгээнд 42,0 хувь, бэлэн бус 24,0 хувь, хугацаа хэтрүүлсний 12,0 хувь, эрх хэтрүүлсний 24,0 хувийн тус тус хүүтэйгээр, 24 сарын хугацаатай олгосон. Гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч төлбөрөө төлөлгүй, картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

 

Олгосон/Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн төлбөр

23,042,593.58

20,731,837.55

2,310,756.03

Бэлэн гүйлгээний хүү

666,745.47

815,854.96

1,544,599.60

Бэлэн бус гүйлгээний хүү

1,693,709.08

Хугацаа хэтрүүлсний хүү

559,356.88

23,299.03

536,057.85

Эрх хэтрүүлсний хүү

0

0

0

Шимтгэл

73,400

73,400

0

Нийт

26,035,805.02

21,644,391.54

4,391,413.48

Иймд Б.Дгээс ЗГ/5535445 тоот гэрээний үүрэгт 4,391,413.48 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Д шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай Эрх олгох тухай тушаал, итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 28ж3-3/4594 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/01760 дугаартай шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/5535445 дугаартай Кредит картын гэрээ, Кредит картын тооцооллын хүснэгтийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Дд холбогдуулан кредит картны гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 2,310,756.03 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүд 1,544,599.60 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүд 536,057.85 төгрөг, нийт 4,391,413.48 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Б.Дд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2023/02423 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 02 дугаар сарын 01-ний өдрийн 1100 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн 0 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр ирээгүй, ийнхүү хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

2а. Ийнхүү шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1500 цагт товлож, товыг хариуцагч Б.Дгийн 0 дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээр за ойлголоо, би өмгөөлөгчдөө хэлье гэх хариуг өгсөн боловч мөн л шүүх хуралдаанд товлосон цагт ирээгүй байна.

 

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

2в. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Г ХХК нь Б.Дтэй 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/5535445 дугаартай Кредит картын гэрээ-г байгуулж, кредит картын зээлийн эрхийн хэмжээ 2,200,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн гүйлгээний хүү сарын 3,5 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, зээлийн эргэн төлөх доод хувь нь 10 хувь байхаар талууд харилцан тохирсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

 

3б. Хариуцагч Б.Д нь дээрх кредит картын эрхийн хүрээнд нийт 23,042,593.58 төгрөгийг авч, үүнээс 20,731,837.55 төгрөгийг төлсөн, бэлэн гүйлгээний хүүд 666,745.47 төгрөг болон бэлэн бус гүйлгээний хүүд 1,693,709.08 төгрөг бодогдсоноос 815,854.96 төгрөгийг төлсөн, хугацаа хэтрүүлсний хүүд 559,356.88 төгрөг бодогдсоноос 23,299.03 төгрөгийг төлсөн, мөн шимтгэлийн 73,400 төгрөгийг төлж, нийт 21,644,391.54 төгрөгийг Г ХХК-д төлсөн болох нь кредит картын тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3в. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх бөгөөд Б.Д нь дээрх гүйлгээнүүдийг гэрээний үндсэн хугацаанд хийсэн, гэрээний хугацаа дууссанаас хойш гүйлгээ хийгээгүй буюу эргэн төлөлт хийгдээгүй байна.

 

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, хариуцагч нь зээлийг ашигласан хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээ болон Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, тооцооллын хувьд буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 85,213 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс кредит картын гэрээний үүрэгт 4,391,413.48 /дөрвөн сая гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арван гурван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 85,213 /наян таван мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ