Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

 

Н.Олонбаярт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

                                          Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                                                    Оролцогчид                        

                                            Прокурор                                     О.Эрхэмбаяр

                                              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Энхцэцэг

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Найдангийн Олонбаярт холбогдох эрүүгийн 2131000000047 дугаартай, 175/2021/0060/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, 2 дугаар баг, 2-2 гудамж 1 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Найдангийн Олонбаяр /РД: МА85031711/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Олонбаяр нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Дөтөлдөг” гэх газраас дружба хөрөө ашиглан хууль бусаар 14.771 м3 нойтон нарс мод бэлтгэж, 76-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн авто машинаар тээвэрлэж байгаль орчинд 6.749.432 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт холбогджээ.

Анхан шатны шүүх Н.Олонбаярт холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор:

1.Шүүгдэгч Боржигон овогт Найдангийн Олонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Олонбаярт 500 /таван зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Олонбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Л.Наранцэцэгийн эзэмшлийн 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 120.000 /зуун хорь мянган/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 14.771м3 нойтон нарс мод зэргийг хураан авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 76-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 20.248.296 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.Олонбаяраас гаргуулж, энэ хэрэгт битүүмжилсэн 14.771 м3 нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 120.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Л.Наранцэцэгт буцаан олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, битүүмжлэгдсэн 1 ширхэг хөрөө, 14.771 м3 нойтон нарс мод, 76-92 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч Н.Олонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Олонбаяр нь гэм буруугаа зөвшөөрч байгаа боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 76-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 \хоёр сая\ төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол болох 20.248.296 төгрөгийг тус тус шүүгдэгч Н.Олонбаяраас гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заажээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Иймд 76-92 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 \хоёр сая\ төгрөгийг, байгаль орчинд учруулсан хохирол болох 20.248.296 төгрөгийн хохиролоос хасч, 18.248.296 төгрөгийг байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Олонбаярын хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Н.Наранцэцэгт буцаан олгож, түүний үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгохоор заасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан тээврийн хэрэгслийг хохиролд нөхөн төлүүлэхээр заасан гэх өмгөөлөгчийн саналд прокурорын зүгээс тусгайлсан саналгүй байна. Харин Н.Олонбаярын хувийн байдлын хувьд өмнө нь уг төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан мөн өмнөх ял шийтгэл болох 450,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч байгаль, экологид учирсан хохирлыг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хүндрүүлэн үзэх нөхцөлтэй гэж анхан шатны шүүхээс оногдуулсан ял хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Н.Олонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөг, байгаль орчинд учирсан хохирол 20.248.296 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Олонбаярт холбогдох эрүүгийн 2131000000047 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч Н.Олонбаяр нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Дөтөлдөг” гэх газраас дружба хөрөө ашиглан хууль бусаар 14.771 м3 нойтон нарс мод бэлтгэж, 76-92 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Портер” маркийн авто машинаар тээвэрлэж байгаль орчинд 6.749.432  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон анхан шатны шүүх хэргийн үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг түүний төлөх экологи эдийн засгийн хохирлоос хасч тооцож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус  заасан байна.

Шүүгдэгч Н.Олонбаярын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 2.000.0000 төгрөгийг, шүүгдэгчийн төлөх ёстой экологи эдийн засгийн хохирол 20.248.296 төгрөгнөөс хасч 18.248.296 төгрөгийг гаргуулж байгаль орчин, уур амьсгалын санд  оруулах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Н.Олонбаярыг анхан шатны шүүх хууль бусаар мод бэлтгэж, 76-93 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтанд зөвхөн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож техниктийн шинжтэй алдаа гаргасныг өөрчлөлт оруулах байдлаар засч шийдвэрлэв.   

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолын 1, 4, 5 дахь заалтуудад бичиглэлийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ялыг оногдуулсан нь тохирсон, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 4, 5 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:              

1 дүгээр заалтыг

1.Шүүгдэгч Боржигон овогт Найдангийн Олонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

4 дүгээр заалтыг

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 120.000 /зуун хорь мянган/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 14.771 м3 нойтон нарс мод зэргийг хураан авч улсын орлогод оруулсугай” гэж,

5 дугаар заалтыг

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т  тус тус зааснаар экологи эдийн засгийн хохирол 18.248.296 /арван найман сая хоёр зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгч Н.Олонбаяраас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 76-93 УНХ дугаар бүхий тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Л.Наранцэцэгт буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ