Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0209

 

 

 

  

  2023           03           13                                   128/ШШ2023/0209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Тулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ариунтуяа

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Лхагвасүрэн

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.Тулга нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах”-аар маргасан.  

           2.Бэйзмент ХХК нь нэрээ өөрчилж Хөтөл ХХК болсныг 2015 онд улсын бүртгэлд бүртгэж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Бөх-Очирыг гүйцэтгэх захирлаар бүртгэж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барж, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бөх-Очирын Тулгад Хөтөл ХХК-ийн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

          3.Нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3750 дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэлийг буцаан ирүүлээгүй тул 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4193 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 5569 дүгээр шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлээр 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 5901 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна", 7.1.3 "хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн", 22 дугаар зүйлийн 2 "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Б.Тулга миний бие Хөтөл ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч асан М.Бөх-Очирын төрсөн хүү юм. Хөтөл ХХК нь Цемент шохой ХК /одоогийн улсын бүртгэлд Цементшохой ТӨХК/-ийн хувьцаа эзэмшигч. Хөтөл ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох миний эцэг М.Бөх-Очир нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан.

          Б.Тулга миний бие эцэг М.Бөх-Очирыг нас барсны дараа өвийг хүлээн авч нотариатчид хандан өвлүүлэгчийн өмчлөлд байсан Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх /хөрөнгө/-ийг өвлөн авч өвлөх эрхийн гэрчилгээг авсан.

          Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус УИХ- ын тогтоол, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тогтоол гарган миний өвлөн авсан хөрөнгө буюу Хөтөл ХХК-ийн охин компани болох Цемент шохой ХК-ийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авч компанийн дүрэм нэмэлт, өөрчлөлт оруулан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгүүлсэн нь Б.Тулга миний Үндсэн хууль, Иргэний Хуульд заасан эд хөрөнгийн өмчлөх эрх, өвлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн учир уг эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу шууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл хууль бус тухайд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ", 22.1.3 дахь заалтад "үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл", 22.3 "Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:", 22.3.2 "эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл", 18 дугаар зүйлийн 18.1 "Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:" гээд 18.1.1 "улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу" гэж тус тус заасан.     

          Мөн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална", 17.3 "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:", 17.3.1 "компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий оргодол" 17 дугаар зүйлийн 17.6 “Энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана” гэж заасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл, хүсэлт шаардлагатай байх бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын нь Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигч биш тул тус баримтуудыг гарган өгөх боломжгүй.

          Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх талаар аливаа хүсэлт гаргаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2022 оны 3 дугаар 31-ний өдөр Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэжээ. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэлж байгаа нь 124 дугаар тогтоолын дагуу үүрэг болгосны дагуу гээд байна. Гэтэл та бүхний Монгол Улс даяар дагаж мөрдөж байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22.1.3 дахь заалтад үүсгэн байгуулах баримт бичиг, өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрхээ шилжүүлэх, өөрчлөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22 дугаар зүйлийн 22.3.2 дахь заалтад эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн байгууллага, хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасны болон хувийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гээд 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтад улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн. Гэтэл та нар бүрдэл дутуу баримт бичгийг энэ байгууллагыг бүртгээд байна. Учир нь үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл хаана байгаа вэ, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хаана байгаа вэ. Энэ баримт бичгүүд чинь байгаа юм уу. Энэ баримт бичгүүд байхгүйгээр энэ бүртгэлийг бүртгэж байгаа нь зөв юм уу гээд байгаа. Бүртгэж байгаагаа Засгийн газрын 124 дугаар тогтоолыг биелүүлэхийн тулд үүрэг болгосон гээд байгаа. Үүрэг болгож байгаа Засгийн газрын тогтоол чинь хуулиас илүү дээгүүр хүчин чадалтай юм уу, эрх мэдэлтэй юм уу. Үүнээс болоод эрх, ашиг зөрчигдөөд байна гээд маргаан явж байгаа.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7. "Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах" гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хөтөлийн цемент шохой  ТӨХК-ийг хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай" 124 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай" 108 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай" 109 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний “Цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг батлах тухай" 110 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цемент шохой ХК-ийн дүрэм зэрэг бусад холбогдох материалыг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэсэн байна.

          Б.Тулга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5. "нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Нэхэмжлэгч Б.Тулга Цемент шохой ТӨХК-тай хамааралгүй этгээд байна. Учир нь: Цемент шохой ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Бөх-Очир одоог хүртэл улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна.

           Б.Тулга нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх /хөрөнгө/-ийг өвлөн өвч өвлөх эрхийн гэрчилгээ авсан." гэж бичсэн байгаа нь Хөтөл ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд гэж үзэхгүй байна. Учир нь: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1."Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ" гэж заасны дагуу өвлөх эрхийг гэрчилгээ болон хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.Тулга нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

          2.1.Хөтөл ХХК нь Цемент шохой ХК /одоогийн улсын бүртгэлд Цемент шохой ТӨХК/-ийн хувьцаа эзэмшигч,

          2.2.Б.Тулга миний бие эцэг М.Бөх-Очирыг нас барсны дараа иргэний хуулийн өвлөх эрхийн зохицуулалтуудын дагуу өвийг хүлээн авч нотариатчид хандан өвлүүлэгчийн өмчлөлд байсан Хөтөл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх /хөрөнгө/-ийг өвлөн авч өвлөх эрхийн гэрчилгээг авсан,

          2.3.Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдэл хууль бус,

          2.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд заавал хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл, хүсэлт шаардлагатай байх бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын нь Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигч биш,

          2.5.Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийг өөрчлөх талаар аливаа хүсэлт гаргаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2022 оны 3 дугаар 31-ний өдөр Цемент шохой ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг бүртгэсэн,

          3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолоор “Цемент шохой ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах”-аар даалгасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай тогтоолоор “Цемент шохой ТӨХК-ийг төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон 100 хувь хувьчлах баталсан.

          Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар  Цемент шохой ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай тогтоолоор /х/х-ийн 48 дахь тал/ Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн ...өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр тус компанийн төрийн эзэмшлийн 119 452 690 /нэг зуун арван есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун ер/ ширхэг хувьцааг хөрөнгө оруулагч Бэйзмент ХХК-д санал болгон, Төрийн өмчийн хороо болон Бэйзмент ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15/11-2015 дугаар худалдах, худалдан авах гэрээ /х/х-ийн 51 дэх тал/ байгуулж, тус хорооны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 617 дугаар тогтоолоор /х/х-ийн 50 дахь тал/ Хөтөлийн цемент шохой ХК-ийн төрийн эзэмшлийн 119 452 690 /нэг зуун арван есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун ерэн/ ширхэг хувьцааг Бэйзмент ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлжээ.

          4.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр Хөтөлийн цемент шохой  ТӨХК-ийг хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ын Цемент шохой ТӨХК-тай холбогдох хэсгийг хассан.  

          Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай тогтоолоор /х/х-ийн 56 дахь тал/ Цемент шохой  ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг Бэйзмент ХХК-д худалдсан хувьчлалыг хүчингүй болгосон.

          5.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор /х/х-ийн 105 дахь тал/ Цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирлыг томилж, мөн газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолоор /х/х-ийн 107 дахь тал/ Цемент шохой ТӨХК-ийн дүрмийг баталж, тус газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А-1/565 дугаар /х/х-ийн 102 дахь тал/, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А-4/565 дугаар /х/х-ийн 126 дахь тал/ албан бичгээр Цемент шохой ТӨХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан.

          6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

          7.Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ Монгол улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Хөтөлийн цемент шохой  ТӨХК-ийг хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай" 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай" 108 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Төрийн өмчийн төлөөлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай" 109 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний “Цемент шохой төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг батлах тухай" 110 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цемент шохой ХК-ийн дүрэм зэрэг баримтыг үндэслэсэн.

          8.Энэхүү үйл ажиллагаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7. "Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, ...", 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гэж заасны дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэгч Б.Тулгын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

          9.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2022/10557 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШТ2023/0096 дугаар тогтоолоор Б.Тулгын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол улсын Засгийн газрын Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Б.Тулгын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Цемент шохой ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН