| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/00704/И |
| Дугаар | 101/ШШ2023/00616 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/00616
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Э
Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г ХХК
Хариуцагч: Ж.Н нарт холбогдох
Хариуцагчийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг шатыг чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого 87,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э ХХК
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.Э,
Нэхэмжлэгч Р.Эгийн өмгөөлөгч Р.Ч,
Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч Б.А,
Хариуцагч Г ХХК-ийн өмгөөлөгч Н.Т,
Гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгч Д.Б,
Иргэдийн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч би барилгын шат түрээслүүлэх ажлыг сүүлийн 7 жилийн хугацаанд хийж байгаа ба барилгын шат түрээслүүлэхэд ачих, тээвэрлэх зэргээр өдөрт нь машин техник, хүн хүч хөлсөлж, түрээслэгчтэй түрээсийн гэрээ байгуулж ажилдаг болно. Миний бие Д.Бтай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100 ширхэг барилгын угсардаг шат түрээслүүлэх гэрээг 30 хоногийн хугацаатай байгуулж түүний эзэмшилд гэрээний зүйл болох 100 ширхэг шатыг хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээсийн хугацаа дууссаны дараа Д.Б нь миний 100 ширхэг шатыг хүлээлгэж өгөөгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь 1 сарын түрээсийн төлбөр 4,500,000 төгрөг, 100 ширхэг шатыг надад буцаан өгөхөөр эвлэрч, эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан юм. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй өнөөдрийг хүрсэн ба учир нь миний өмчлөлийн 100 ширхэг шатыг Г ХХК нь миний зөвшөөрөлгүй хууль бусаар эзэмшилдээ авч 1 жил 7 сарын нүүр үзэж байна. Би хариуцагчид учраа хэлж, шатаа авахыг удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг үл тоож, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчсөөр байна. Нэхэмжлэгчээр оролцож байсан Д.Б, хариуцагч нарын хооронд ямар тооцоо байгааг би сайн мэдэхгүй ч хариуцагчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж би өөрийн олох байсан орлогоо олж чадахгүй, шатаа түрээслүүлж чадахгүй хохирч байгаа болно. Миний 100 ширхэг шатыг шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б нь надад бүрэн бүтэн гаргаж өгөх шийдвэртэй хэдий ч хариуцагч нь Д.Бт 100 ширхэг шатыг гаргаж өгөхгүй, миний өмчийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, миний өмчлөх эрхийг зөрчсөөр байгаа болно. Хариуцагч болон Д.Б нарын хооронд ямар ч тооцоо өглөг авлага байсан тэр нь надад ямар ч хамаагүй ба гагцхүү миний өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн өөрийн эзэмшилд авч, өмчлөгч намайг шаардахаар гаргаж өгөхгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус юм. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж заасан. Хариуцагч нь өөрийн эзэмшилдээ авсан 100 ширхэг шатны өмчлөгч нь хамтран нэхэмжлэгч Д.Б биш гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх ба өөрийн эрх ашгийг хангуулахын тулд өмчлөгч миний эрх ашгийг илт хохироож байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас өөрийн 100 ширхэг шатыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Мөн хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч нь миний өмчлөлийн 100 ширхэг барилгын угсардаг шатыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж, тоо ширхэгийг нь дутааж миний эд хөрөнгөнд бодит хохирол учруулж, намайг хохироож, миний өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул би 100 ширхэг шатаа бусдад түрээслүүлж олох ёстой байсан орлогыг хариуцагчаас шаардаж байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, 1 сарын түрээсийн төлбөрийг 4,500,000 төгрөгөөр тооцон, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 6 сар 20 хоногийн түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 сар, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 24 хоног, нийт 12 сар 24 хоногийн түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого 57,600,000 төгрөг, нийт 87,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн маргааны зүйл болох барилгын угсардаг шат нь Д.Б гүйцэтгэх захирлаар ажилладаг Э ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өөрөө барьцаанд үлдээсэн шат юм. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ гүйцэтгэгчийн хүсэлтээр цуцлагдсан бөгөөд илүү авсан ажлын төлбөрийнхөө барьцаанд шатаа үлдээгээд одоог хүртэл мөнгөө өгөөгүй байгаа юм. Манай компани нь Э ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт 75,000,000 төгрөгийг Rav4 маркын машинаар тооцон төлсөн. Гэвч Э ХХК нь нийт 48,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 26,000,000 төгрөгийн зөрүүг өгөхөөр тохиролцсон боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Р.Э нь Г ХХК-аас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагатай адил асуудлаар иргэн Д.Бт холбогдуулан өмнө нь нэхэмжлэл гаргаж шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04086 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байна. Гэвч энэхүү захирамжийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх анхны ажиллагаа 2023 оны 01 сарын 02-ны өдөр анх явагдсан боловч өөр захирамжаар битүүмжилсэн шалтгаанаар зогсоод байгаа болно. Учир нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 101/ШТ2022/00352 дугаар тогтоолоор маргааны зүйл болсон шатыг захиран зарцуулахгүй байх, барилгын ажлын хашаанаас гаргахгүй байх, ашиглахгүй байхыг хариуцагч нарт даалгасан шүүхийн тогтоол мөн л хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Энэхүү үйл баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэрх гүйцэтгэх газрын 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.О тодорхой мэдэх бөгөөд өөрөө шийдвэр гүйцэтгэхээр очсон байдаг. Маргааны зүйл болоод байгаа барилгын шатнуудыг Э ХХК нь тус компанид өгөх өглөгөндөө үлдээсэн байдаг. Харин нэхэмжлэгч Р.Э нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шатаа авах бүрэн боломжтой байсан хэдий ч тэрхүү шатыг Д.Баас гаргуулах ажиллагааг албаар удаашруулж, олох ёстой байсан орлогоо алдсан мэт дүр үзүүлж байна.
Иймд шатыг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь манай буруутай ажиллагаанаас болоогүй тул зөвшөөрөхгүй гэв.
3. Гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. Компанийн зүгээс маргаан бүхий 100 ширхэг шатыг Г ХХК-д барьцаалаагүй. Шүүхийн шийдвэрээр иргэн Д.Баас шатыг гаргуулахаар шийдсэн бөгөөд 100 ширхэг шатыг гаргуулж өгөхөөр энэ хугацаанд Д.Б удаа дараа шийдвэр гүйцэтгэлд хандаж байсан гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Г ХХК нь өөрийн мэдэлд байлгаж байгаа 100 ширхэг шатыг нэхэмжлэгч Р.Эд шилжүүлж өгөх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Р.Эы олох ёстой орлого болох нэхэмжилсэн 87,600,000 төгрөг нь бодит тооцоололгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна гэв.
5. Нотлох баримт: Нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Р.Эы иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний хавсралт, нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, Д.Б болон Р.Э нарын нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн машин хүлээлцсэн акт, Э ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Д.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, 4222 УАЕ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэхэмжлэгч Р.Эы өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шат хүлээлцсэнтэй холбоотой тэмдэглэлийн дэвтрийн нэг хуудас баримт, Р.Эы нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 5 дугаар сарын 04, 2022 оны 4 дүгээр сарын 11, 23-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нүүд, Д.Бын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч Р.Эы нэхэмжлэлийн тодруулсан шаардлагууд, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт, Р.Эы Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 46 дугаар сургуульд очиж авсан зургыг тус тус нэхэмжлэгч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Ж.Нын хариу тайлбар, түүний итгэмжлэл, хариуцагч Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм, Э ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаартай албан бичиг, итгэмжлэлүүд, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл /хүлээн авахаас татгалзсан/-ийг хариуцагч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбарыг гуравдагч этгээд ирүүлсэн байна.
6. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Ж.Нын оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан зургууд, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/2473 дугаартай албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ж.Ныг гэрчээр асуусан тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрч Ж.Ааас авсан мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрч Г.Мгаас авсан мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04086 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Р.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэл, Д.Бын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4-162/01621 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ГХ2022/00673 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 101/ШЗ2022/06663 дугаартай захирамж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04086 дугаартай захирамж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, мөн өдрийн Д.Бын өргөдөл, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Р.Эы гаргасан хүсэлт, Д.Бын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Р.Эы хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, өөрийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах, түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого 87,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1а. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Нт холбогдуулан хууль бус эзэмшлээс барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
1б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2022/11016 дугаартай захирамжаар хамтран нэхэмжлэгчээр Р.Эыг оролцуулахаар шийдвэрлэсэн, тэрээр 5 дугаар сарын 30-ны өдөр Ж.Нт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 6 сар 20 хоногийн түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 30,000,000 төгрөгийг гаргуулах /1 сарын түрээсийн төлбөрийг 4,500,000 төгрөгөөр тооцож/-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, мөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 сар, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 24 хоног, нийт 12 сар 24 хоногийн түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого 57,600,000 төгрөг, нийт 87,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан байна.
1в. Тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШТ2022/00352 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Г ХХК-ийг татан оролцуулжээ.
1г. Нэхэмжлэгч Д.Б болон хамтран нэхэмжлэгч Р.Э нар нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хэн хэн нь хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан Д.Быг жинхэнэ нэхэмжлэгч биш этгээд тул ажиллагаанд оролцуулахаас нэхэмжлэгч Р.Э татгалзсаныг нэхэмжлэгч Д.Б хүлээн зөвшөөрч, мөн хариуцагч Ж.Ныг жинхэнэ хариуцагч биш этгээд гэсэн үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг, нэхэмжлэгч Р.Эы хариуцагч Ж.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1д. Нэхэмжлэгч Р.Э нь дээрх хүсэлтийг гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г ХХК-д холбогдуулан нэмэгдүүлж, тодруулжээ.
2. Хариуцагч Г ХХК нь шатыг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, Д.Бын Э ХХК нь манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдээгээд явсан, нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь манай компанийн буруутай ажиллагаанаас болоогүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч Г ХХК нь гуравдагч этгээд Э ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр №(II) 20/52 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э ХХК нь Баянгол дүүрэг, цогцолбор сургуулийн барилгын ажлыг бараа материалын хамт Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ-нд зааснаар стандартын шаардлага хангасан материалаар батлагдсан зураг төсөл болон технологийн картын дагуу гүйцэтгэх ба захиалагч нь ажил хүлээлцсэн актыг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6. Э ХХК-ийн захирал Д.Б нь нэхэмжлэгч Р.Этай харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулж, 100 ширхэг барилгын угсардаг шатыг түрээслэхээр, Д.Б нь Р.Эаас авсан 100 ширхэг угсардаг шатыг дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх газар болох Г ХХК-ийн барилгын талбайд буюу Сэтгэмж цогцолбор сургуулийн хашаанд буулгуулсан болох нь зохигчдын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
6а. Р.Э нь Д.Бт холбогдуулан угсардаг шат гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04086 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Нэхэмжлэгч Р.Э нь нэхэмжлэлийн шаардлага 22,500,000 төгрөгийг 18,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Б нь 4,500,000 төгрөгийг төлөх, 200 ширхэг хөл, 90 ширхэг тавцан, 170 ширхэг икс төмөр, 210 ширхэг боргоцой угсардаг шатыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр зохигч эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6б. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, тодорхой ажиллагаануудыг хийсэн байх ба төлбөр төлөгч Д.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шат нь Г ХХК-д буюу 46 дугаар сургуулийн хашаанд байгаа, уг шатыг Р.Эд гаргуулж өгнө үү гэх өргөдлийг гаргасан, мөн 01 дүгээр сарын 04-ний өдөр Р.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23/01/32 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг үндэслэл болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
6в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар дунд сургуулийн өргөтгөлийн барилга явагдаж байгаа Г ХХК-ийн ажил гүйцэтгэж байгаа барилгын талбайд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр 4 давхар барилгын гадна болон дотор талд байх Р.Эы гэх шатнуудыг тоолоход гадна талбайд 156 ширхэг шатны хөл, 29 ширхэг шатны тавцан, барилгын дотор талд буюу 1, 2, 4 дүгээр давхруудад нийт 35 ширхэг шатны хөл, 24 ширхэг шатны тавцан, барилгын гадна талбайд шатны Х нь 91 ширхэг, барилгын гадна талбайд 44 ширхэг боргоцой байсныг баримтжуулан, гэрэл зургийг дарж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан.
Хариуцагч Г ХХК нь Д.Бын авчирсан шатнуудыг өөрийн агуулахад хураасан, шатыг өмчлөгчид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй, Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хаяж явсан тул өөртөө байлгаж байсан, барьцаанд аваагүй гэх тайлбарыг төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
7. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар маргаан бүхий 100 ширхэг шатны өмчлөгч нь нэхэмжлэгч Р.Э мөн байх бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар өөрийн өмчлөлийн 100 ширхэг шатыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
7а. Хариуцагч Г ХХК нь Э ХХК-ийн захирал Д.Бын авчирсан шатыг нэхэмжлэгч Р.Эы шат болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын талбайд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийснээр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар Г ХХК-ийн хувьд энэхүү цаг хугацаанаас эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд буюу хууль бусаар шатыг өөрийн эзэмшилд байлгасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.
7б. Г ХХК нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар маргаж буй 100 ширхэг угсардаг шатыг Э ХХК-ийн өмч гэж үзэх эрхтэй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь дээр дурдсанаар үзлэг хийсэн үеэс буюу 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хамаарна, учир нь энэ үеэс эхлэн шатыг нэхэмжлэгч Р.Эых гэдгийг мэдсэн, тиймээс барьцаалан барих гэсэн асуудал байхгүй юм.
Иймд Г ХХК нь энэ үеэс эхлэн өөрийн эзэмшлийг буюу бусдын хөрөнгийг эзэмшиж байгаа, буцаан өгөх ёстой байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын угсардаг шатыг чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч Р.Э нь Д.Бтай 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаатай угсардаг шат түрээслэх гэрээ байгуулсан тул гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 сар, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 6 сар 20 хоног, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 24 хоног тус тус өөрийн угсардаг шатыг түрээслэх байсан олох ёстой орлогыг 1 сарын түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөгөөр тооцож, нийт 87,600,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
8а. Хэргийн материалд нэхэмжлэгчээр оролцож байсан Д.Бын ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нээс үзвэл талууд хугацааг 30 хоногоор тохирсон гэж, гэтэл Р.Эы Д.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/04086 дугаартай захирамжийн тодорхойлох хэсэгт ...угсардаг шатыг түрээслэх гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн ... гэж, энэхүү агуулгаар Р.Э нь түрээсийн төлбөрт 22,500,000 төгрөгийг нэхэмжилж, 18,000,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан, Д.Б нь нэг сарын түрээсийн төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.
Үүнээс үзвэл Р.Э нь түрээсийн төлбөрт 22,500,000 төгрөг буюу гэрээ байгуулсанаас хойшхи 5 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.
8б. Нэхэмжлэгч Р.Э нь угсардаг шатыг бусдад түрээслүүлж олох байсан орлогоо нотлох зорилгоор бусадтай 2022 оны 4, 5 дугаард байгуулсан Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нүүд, мөн өөрийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн буюу энэ хэмжээний орлого олдог гэжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна гэж зааснаар албан татвар төлөгч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдох бөгөөд 6.3.1-д цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 6.3.2-т үйл ажиллагааны орлого, 6.3.3-т хөрөнгийн орлого, 6.3.4-т хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 6.3.5-д шууд бус орлого, 6.3.6-д бусад орлого хамаарахаар, албан татвар төлөгч энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хугацаанд албан татварыг холбогдох төсөвт төлөхөөр зохицуулсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч Р.Э нь олох ёстой байсан орлогоо дээрх хуульд зааснаар албан татвар ногдуулах орлогоо тодорхойлж, харьяалах татварын албанд төлсөн бол энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний бусадтай байгуулсан гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн олох байсан орлогыг тодорхойлох үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгч Р.Эы эд хөрөнгөд бодитой хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, мөн энэ талаар иргэдийн төлөөлөгч Б.Аын олох ёстой орлого нь бодит тооцоололгүй гэсэн дүгнэлт хийж буй нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн олох ёстой байсан орлогын хувьд хариуцагч нь шатыг хууль бусаар эзэмшиж байна гэдгийг мэдсэн үеэс тооцож эхлэх боловч энэ талаар үндэслэл бүхий баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй байна.
9. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэн Б.А нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,100 төгрөг, нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Эд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г ХХК-ийн хууль бус эзэмшлээс барилгын угсардаг 100 ширхэг шатыг гаргуулж, нэхэмжлэгч Р.Эы эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр буюу олох ёстой орлого 87,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг, нэхэмжлэгч Р.Эы хариуцагч Ж.Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,100 төгрөг, нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШТ2022/00352 дугаартай тогтоолын 3 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ