| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0260/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/277 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/277
2025 10 28 2025/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч М.Гансүх,
Шүүгдэгч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 2512000000244 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, .... ХХК-ийн А НХС-ын Т....-ын эрхлэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт А аймаг, Т сум Ц баг С хороолол ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А овогт Г-ын Б /РД: А../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 10 дугаар сарын эхэн үеэр А аймгийн Т сумын М багийн Х мухар гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 3 ширхэгийг цахилгаан хөрөөгөөр огтолж, 36 ширхэгт хуваан 0,9601 м3 мод ойд бэлтгэж, мөн газраас А аймгийн Т сумын Х багийн Х гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн 0000 улсын дугаартай Б /“KIA Bongo Frontier”/ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 189.684 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч М.Гансүх яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Г.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “ ...А аймгийн Т сумын М багийн Х гэх газраас Г.Б нь мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр хууль бусаар мод бэлтгэн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Үзлэгээр тухайн газар нь Т сумын төвөөс 10 орчим км зайтай байсан ба Х гэх газар Г.Б-ы өвөлжөөний ард хураасан байх модонд үзлэг хийв. Үзлэгээр - 1 дүгээр мод 2.26 метрийн урттай 19 сантиметрийн өргөнтэй, 2 дугаар мод 2.26 метрийн урттай 12 сантиметрийн өргөнтэй, 3 дугаар мод 2.26 метрийн урттай 8 сантиметр өргөнтэй, 4 дүгээр мод 2.26 метрийн урттай 17 сантиметр өргөнтэй ... нийт2.26 метрийн урттай 36 ширхэг шинэс төрлийн мод байсныг зурагжуулан тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 2-7 дугаар хуудас/,- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15, 57-59, 86-88 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “...Үзлэгийг Т сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 20 орчим км зайтай М багийн Х гэх нэртэй газар ойд хийхээр тогтов. Үзлэгээр тухайн газар нь босоо нойтон мод ихтэй хуучин тайрч байсан гэмээр тархи нь харласан босоо хожуул ихтэй уулын энгэр хэсэг байв...Г.Б-ы унагаасан гэх модны босоо хожуулд үзлэг хийхэд: 1 дүгээр босоо хожуулын өргөн нь 20 см, өндөр нь 50 см байв. 2 дугаар босоо хожуулын өргөн нь 17 см, өндөр нь 34 сантиметр байв. 3 дугаар босоо хожуулын өргөн нь 15 см, өндөр нь 15 см байсныг “iphone 12 promax” гар утсаар зурагжуулан үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгт координат цэг авахад N 48°5'39 Е 100° 19'7 гэсэн цэгтэй байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-ийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0325/286 дугаартай “...1 .Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 2 метр 26 сантиметрийн урттай 36 ширхэг мод нь 0,9601 м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 189.684 төгрөг байна. 2.”Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae LindI-Нарсны овгийн Larix sibiria-Сибирь шинэс байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...Үзлэгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хашаанд тавигдаад нэлээн удсан бололтой хойд талын жолоочийн эсрэг талын гэрэл дохио байхгүй, хойд камер байхгүй, 3 тал гүйзүүн дээр номер, жолооч талын толь байхгүй, жолооч талын карлан хонхойж цөмөрсөн байдалтай бүхээгтэй тээврийн хэрэгсэл байв....Уг тээврийн хэрэгсэл нь 2003 оны 07 дугаар сард Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 06-нд Монголд орж ирсэн “КN3HDP3353K930487” арлын дугаартай 0000 улсын дугаартай “Б” маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл байлаа. 2024 оны 10 сарын эхээр мод тээвэрлэснээс хойш тээврийн хэрэгсэл нь эвдэрч асаж явахгүй байгаа гэв...” гэх тэмдэглэл, /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
- Хөрөөнд үзлэг хийсэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн "...Үзлэгээр хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн тагтай, хар төмөр нь бариултай, бариулыг нь зөөлөн хар зүйлээр ороосон маниулын таг нь улаан өнгөтэи, хөрөөний цагаан таг нь дээр Хятад бичиглэлтэй цахилгаан хөрөө байлаа. Уг хөрөө нь үзэмжийн хувьд хуучин шугам төмөр нь их биеэс салгасан, хөрөө сейф шугам төмөр 3 тусдаа байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
- Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай “...А аймгийн Т сумын М багийн N 48°5'39 Е 100° 19'7” солбицлын цэгтэй Хүүхдийн мухар гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй болно...” гэх албан бичиг, /хх- ийн 41 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Г.Б нь А аймгийн Т сумын М багийн Х гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. ...Би дүгнэлттэй танилцлаа, хуулийн дагуу гаргасан байна санал хүсэлт байхгүй....Т сумын М багийн Х гэх газар нь талбай тусгаарлалт хийгдсэн газар байгаа. Б-д учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100010400945 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
- Баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол, /хх-ийн 50-54 дүгээр хуудас/,
- “Д” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №АЦ25- 166 дугаартай “...”KIA Bongo Frontier” маркийн автомашины үнэлгээ 7.938.000 төгрөг, ... ойгоос бэлтгэсэн 0.96 м3 модны зах зээлийн үнэлгээ 96.000 төгрөг, БНХАУ- д үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэг нь 100.000 төгрөг нийт 8.134.000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 59-68 дугаар хуудас/,
- Гэрч В.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. ...Т сумын ...-н эрхлэгч хүн мод бэлтгэх эрхийн бичиг авна гэдгээ мэдэх байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
- Яллагдагч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ойн тухай хуулийн
35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б-д нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос босоо мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-ы үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Г.Б-ыг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Б-ы нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.
Иймд шүүгдэгч Г.Б нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Г.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 189,684 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор /189,684*3=569,052 /таван зуун жаран есөн мянга тавин хоёр/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 569,052 /таван зуун жаран есөн мянга тавин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Р.Галбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжээр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний хувийн байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,938,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн Кай Бонго престор маркийн тээврийн хэрэгсэл, 96,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 569,052 /таван зуун жаран есөн мянга тавин хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 7,564,948 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г-ын Б /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжээр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-аас 569,052 /таван зуун жаран есөн мянга тавин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7,938,000 төгрөгийн үнэлгээ бүхий Кай Бонго престор маркийн тээврийн хэрэгсэл, 96,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 569,052 /таван зуун жаран есөн мянга тавин хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 7,564,948 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР