| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0245/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/278 |
| Огноо | 2025-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/278
2025 10 28 2025/ШЦТ/278
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А,
Шүүгдэгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Ц-ын Б-т холбогдох эрүүгийн 2512003460228 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, А аймгийн Ө сум, Б ... дугаар багийн Г гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А ургийн овогт Ц-ын Б , /РД:.../,
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Б нь 20.. оны 07 дугаар сарын 27-ны 02 цагийн орчимд А аймгийн Ө сум, Х багийн нутаг дэвсгэрт Б.Ж-той гудамжинд таарч, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдсан ба “намайг хулгайч гэж хэллээ” хэмээн Б.Ж-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Батзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Тулга: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А: “гэм буруу дээр маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэсэн,
Шүүгдэгч Ц.Б “гэм буруугаа хүлээн зөшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Б.Ж-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой 20-21 цагийн үед бензин, сэлбэг авах гэж сумын төв орж ирсэн. Намайг дугуй засвар дээр байхад нэг танихгүй хүн “Хайрхан” чиглэл рүү машины дугуй хүргээд өгөөч, бензин тос хийгээд өгнө гэж гуйгаад, би “Хайрхан” чиглэл рүү 40 орчим километр явж хүргэж өгсөн. Намайг буцаж ирэхэд 00 цаг өнгөрсөн байх, би нөгөө “надаас гуйсан” хүнээ хүлээж байхад А гэх цайны газрын гадаа Ц.Б , М , Д , А , нар байсан М дээгүүрээ хувцасгүй нүцгэн байсан болохоор би Б-т хандан найз нөхдөө дагуулж явж байж маргаан гаргаад нэгнийхээ хувцсыг ураад гэж хэлэхэд А над руу чамайг зодсон ч яадаг юм гээд намайг заамдсан, би машинаасаа буугаад Б-ийн морины хажууд зогсоход Б над руу чи шорон санаа гаргаад хүний хажууд зогсоод гэх зэрэг үг хэлээд байхаар нь мориноос нь татаж буулгаад заамдалцахад А, Д нар салгасан. Би машины хаалгаа нээгээд суух гээд байж байхад Б нь хутга гаргаж ирээд би чамайг алчхаад хэрэг дээрээ хэрэг нэмээд явчихна шүү гээд миний машины зөв талын хойд дугуйг хагалсан, над руу дайраад байхад нь А бариад тавиагүй, бариад байж байсан. Би хутгаа гаргаад ирэхээр нь явъя гээд машиндаа суух гээд зогсож байхад Б хажуу талд ирээд миний зүүн нүд рүү цохисон би юугаар цохисныг хараагүй тухайн үед миний нүд харанхуйлаад, нүднээс цус гараад би эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн нүдний зовхи сэтэрсэн 2 оёдол тавсан. Тэгээд би цагдаад хандсан. Ц.Б миний зүүн нүд рүү нэг удаа цохисон би юугаар цохисныг хараагүй. Миний зүүн хөмсөг сэтэрч оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрч хавдаад, толгой өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй...” 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин мэдүүлсэн “...Би 2025 оны 07 дугаар сарын 26-нд Б нь миний биед гэмтэл учруулсан түүнээс хойш би А аймгийн Э суманд байрлах Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэж 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ө сумаас ирсэн. Мөн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр У хот руу явж үзүүлсэн. Эмчид үзүүлжэм тариа авсан баримт байхгүй. У хот руу 1 удаа явсан, мөн А аймгийн төв Э сум руу үзүүлэх гэж 4 удаа явсан бензиний мөнгө нийт 700.000 төгрөг. Нүдний ухархайн хана цөмөрсөн хагалгаанд орох ёстой 3.500.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг болно гэж эмч хэлсэн. Мөн тухайн үед миний машины хойд талын дугуйг хутгаар зүсэж хагалсан 125.000 төгрөг би эдгээр зардлуудыг нэхэмжилж байна. ...Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна...” гэх мэдүүлэг/хх-н 7-9 дүгээр хуудас/, /хх-н 90-91/,
- Хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/хх-н 12-13/
- Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ц.Б Б.Ж нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд нэгнээ ална гээд зууралдаад байх үед нь би Д-ийн хамт салгаад зодоон цохион хийгээд хэрэггүй, харь гэж хэлсэн. Би тухайн хоёрыг салгачхаад Д, М-ийн хамт явсан. Б.Ж-ийг Ц.Б цохисон, би юугаар цохисныг хараагүй, гараараа цохисон байх. ...Б.Ж-ийн хөмсөгнөөс цус гарахаар нь салгасан...” гэх мэдүүлэг/хх-н 16-17 дүгээр хуудас/
- Гэрч Г.Данзанпүүнүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Ж нь Ц.Б-ийг элдэв үгээр хэлээд, чи хулгайч биз дээ гээд хэлэхэд Ц.Б Б.Ж-ийг нэг цохисон. Би болон А салгаад хоёр тийш нь явуулчхаад би А-ын хамт харьсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2025 оны 08 сарын 13-ны өдрийн АРХ0725/278 дугаартай нэмэлт шинжилгээний “...1. Б.Ж-ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-н 60-62 дүгээр хуудас/,
- Яллагдагч Ц.Б-ийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-н 82-83 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2025 оны 07 дугаар сарын 27-ны 02 цагийн орчимд А аймгийн Ө сум, Х багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндэд зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
-Хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би хутгаа гаргаад ирэхээр нь явъя гээд машиндаа суух гээд зогсож байхад Батзориг хажуу талд ирээд миний зүүн нүд рүү цохисон би юугаар цохисныг хараагүй тухайн үед миний нүд харанхуйлаад, нүднээс цус гараад би эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн нүдний зовхи сэтэрсэн 2 оёдол тавсан...” гэх мэдүүлэг,
- Хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас,
- Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.Ж-ийг Ц.Б цохисон, би юугаар цохисныг хараагүй, гараараа цохисон байх. ...Б.Ж-ийн хөмсөгнөөс цус гарахаар нь салгасан...” гэх мэдүүлэг
- А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АРХ0725/278 дугаартай дүгнэлтэд “1 Б.Ж-ийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт,
Гэрч Г.Д-ийн “...Б.Ж нь Ц.Б-ийг элдэв үгээр хэлээд, чи хулгайч биз дээ гээд хэлэхэд Ц.Б Б.Ж-ийг нэг цохисон. Би болон А салгаад хоёр тийш нь явуулчхаад би А-ын хамт харьсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Ц.Б нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Ж-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөг, баруун гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч Ц.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн ба хохирогч Б.Ж-оос “Улаанбаатар хот руу 1 удаа явсан, мөн А аймгийн төв Эрдэнэбулган сум руу үзүүлэх гэж 4 удаа явсан бензиний мөнгө нийт 700.000 төгрөг. Нүдний ухархайн хана цөмөрсөн хагалгаанд орох ёстой 3.500.000 төгрөгөөс 4.000.000 төгрөг болно гэж эмч хэлсэн. Мөн тухайн үед миний машины хойд талын дугуйг хутгаар зүсэж хагалсан 125.000 төгрөг би эдгээр зардлуудыг нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргадаг боловч хэрэгт 484,023 төгрөгийн баримтыг ирүүлсэн. Шүүгдэгч Ц.Б 600,000 төгрөгийг хохирогчид хохирол төлбөрт өгсөн талаарх дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд 171,639 төгрөгний хор уршиг учирсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Б эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршгийг төлж барагдуулсан баримтыг шүүхийн шатанд ирүүлсэн тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Тулгаас “шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А-ээс “шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,
Шүүгдэгч Ц.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч Ц.Б-т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн малаа малладаг байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж шүүхээс үзсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Ц-ын Б /РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 600 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР