| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0264/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/279 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/279
2025 10 29 2025/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Т.Алтанзул,
Шүүгдэгч Н.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З ургийн овогт Н-ийн С-т холбогдох эрүүгийн 2512003270230 тоот хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт А аймаг Б сумын, З баг, Д зуслан гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, З ургийн овогт Н-ийн С /РД:../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.С-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.Алтанзул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Н.С Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.С нь хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Б сумын З багийн З гэх газраас 2025 оны 04 дүгээр сарын эхэн үед мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр нэг ширхэг босоо мод унагааж хууль бусаар мод бэлтгэсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
- 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэгээр мод тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгсэл нь 0000 улсын дугаартай 1991 онд үйлдвэрлэгдсэн 2019 оныд Монголд орж ирсэн үзэмжийн хувьд хуучин баруун талын толь байхгүй, зүүн урд талын дохио байхгүй, урд гүпер цөмөрсөн хойд талдаа улсын дугааргүй М маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх модонд үзлэг хийхэд: 1 дүгээр мод 2,09 метрийн урт 22 см өргөнтэй, 2 дугаар мод 2,09 метрийн урт 20 см өргөнтэй, ... 10 дугаар мод 4,28 метрийн урт 28 см өргөнтэй, 11 дугаар мод 4,28 метрийн урт 23 см өргөнтэй нийт 11 ширхэг шинэс төрлийн мод байснаас унанги модноос бэдсэн 2,09 метрийн урттай 8 ширхэг, босоо модноос бэлтгэсэн 4,28 метрийн урттай 3 ширхэг шинэс төрлийн мод байсныг дугаарлаж зурагжуулсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 14- 18 хуудас/,
- 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...үзлэг хийх газар нь Б сумын төвөөс 20 орчим км зайтай ба сумын төвийн баруун хойд зүгт байв. Тухайн мод бэлтгэсэн гэх ой нь босоо болон үндсээрээ унасан шинэс төрлийн мод ихтэй уулын ар хэсэг байв. Н.С-ийн бэлтгэсэн гэх модонд үзлэг хийхэд эхний унанги модны бүдүүн талын өргөн нь 40 см, нарийн үзүүр талын өргөн нь 29 см байсан ба хоорондын зай нь 6,40 метрийн урттай байв. 2 дахь унанги модны бүдүүн талын өргөн нь 34 см нарын талын өргөн нь 32 см байсан ба хоорондын зай нь 2,28 метрийн урттай байв. Босоо хожуулд үзлэг хийхэд 40 см өргөнтэй 96 см өндөртэй унасан нарийн үзүүрт хэмжилт хийхэд 20 см өргөнтэй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24 хуудас/,
- 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хөрөөнд үзлэг хийсэн “...Үзлэгийг Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн тагтай, хар төмөр бариултай, бариулыг нь зөөлөн хар зүйлээр ороосон маниулын таг нь цэнхэр өнгөтэй, хөрөөний цагаан таг дээр “Монгол дахь албан ёсны борлуулагч Н, контейнер 45 утас” гэсэн бичиглэлтэй цахилгаан хөрөө байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 25-27 хуудас/,
- Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 99 дугаартай албан бичиг /хх-ийн 44 хуудас/,
- Гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Н.С нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хашаа барих зориулалтаар АРА М2519711 сери дугаартай, замын хамар гэх нэртэй газраас хэрэглээний 5 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан....Надад Н.С нь мод бэлтгэж хашааны мод хийх гэсэн юм гэж ярьж байснаас биш би нөхөн мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн асуудал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
- Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А аймгийн Б сумын З багийн нутаг З гэх газар 2025 онд А аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулдаг И гэх аж ахуйн нэгж талбайн тусгаарлалт хийлгэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн 100011700914 тоот дансанд тушааж хохирлыг нөхөн төлбөл ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 52-53 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн АРХ0325/282 дугаартай “...1.Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 2 метр 09 см-н урттай, 4 метр 28 см-н урттай нийт 11 ширхэг мод нь 1,688м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 333,493 төгрөг байна. 2. “Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 94-97 хуудас/,
- Дамно ХХК-н 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн АЦ25-148 дугаартай “Ойгоос бэлтгэсэн мод 160,000 төгрөг, цахилгаан хөрөө 120,000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хх-ийн 67 хуудас/,
- Дамно ХХК-н 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн АЦ25-180 дугаартай “...Mazda Bongo Truck 1991 онд үйлдвэрлэгдсэн нийт үнэлгээ 2,250,338 төгрөг” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-86 хуудас/,
- Яллагдагч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 117 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ойн тухай хуулийн
35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.С нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос босоо мод болон унанги мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Н.С-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.
Иймд шүүгдэгч Н.С нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Н.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 333,493 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор /333,493*3=1,000,479 /нэг сая дөрвөн зуун талан ес/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1,000,479 /нэг сая дөрвөн зуун талан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага аваагүй тул шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжээр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж шүүхээс үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.С-ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...”-ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч Н.С-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,501,875 төгрөгийн үнэлгээ бүхий М бонго трук бичилттэй тээврийн хэрэгсэл, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 1,000,479 /нэг сая дөрвөн зуун талан ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 3,721,396 /гурван сая долоон зуун хорин нэгэн мянга гурван зуун ерэн зургаа/ улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Н-ийн С РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-ээс 1,000,479 /нэг сая дөрвөн зуун талан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,501,875 төгрөгийн үнэлгээ бүхий Мазда бонго трук бичилттэй тээврийн хэрэгсэл, 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хураан, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учруулсан 1,000,479 /нэг сая дөрвөн зуун талан ес/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, үлдэгдэл 3,721,396 /гурван сая долоон зуун хорин нэгэн мянга гурван зуун ерэн зургаа/ улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР