| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/2205/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2499 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2499
2025 11 04 2025/ШЦТ/2499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *********, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч: Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Д.Б,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2509025651315 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ********** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бийн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө дэвсэж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэмруугийн дүгнэлт
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ********* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** ****** байрны *** давхарт ***** тоот өрөөнд хохирогч Б.Бтэйхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойнүүр хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт нь хөлөөрөө дэвсэж зодонбие махбодид нь "4, 5, 6, 7 баруун 10,11,12-р хавирганы хугарал, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд ********* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** *** дугаар байрны *** давхарт **** тоот өөрийнхөө өрөөндөө ороод сандал дээрээ О бид суугаад юм ярьж байх үед гэнэт гаднаас Б дулааны багш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд миний өрөөний буйдан дээр суугаад чи дээгүүр доогуур магадлалтай гээд гүйгээд намайг тоохгүй байна гэхээр нь би ямар асуудал байна энэ бол миний ажил танд ямар асуудал байна гэхэд чи одоо хуйвалдаж байгаад танхимын эрхлэгч болчихлоо гэхээр би өөдөөс нь үг дугарахгүй байхад гэнэт Б над руу буйдан дээр байж байсан миний куртикийг шидээд та зүгээр тайван суу хоёулаа ярилцъя, та тогтоолго, байгууллагаараа тогтоолго таны бодсон шиг чинь зүйл болоогүй хоёуланд нь маргалдах зүйл байхгүй гэхэд Б гэнэт босож ирээд миний хоолойноос боогоод суудал дээр дараад эхэлсэн. Тэгээд би тайвшруулаад буйдан дээр суулгаад дахин юм ярьж байхад гэнэт толгойн зүүн гар талд гэнэт цохиод эхлэхээр нь гараараа түлхээд буйдан дээр суугаад хоёулаа ярилцъя гээд өөрийнхөө өрөөнд байсан 1 шил архийг гаргаж ирээд хамт хувааж уугаад сууж байхад гэнэт хэл амаар доромжлоод намайг суудал дээрээс татаж газарт унагаад дээрээс юугаар хэд цохисныг сайн санахгүй байна, миний цээж хэсэгт гэнэт өвдөөд эхэлсэн. Тэгээд өрөөгөө онгорхой хаяад түрүүлээд явахад миний араас гарч ирээд би чамайг гэр лүү чинь хүргэж өгнө гээд хамт таксинд суугаад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол руу явж байх үедээ би тасраад унтаад өгсөн. Тэгээд гэнэт миний баруун цээж хэсэгт өвдөөд байхаар нь нүдээ нээгээд хартал Б цохиж байсан. Тэгээд би чи яагаад байгаа юм бэ чи намайг зөндөө зодлоо шүү дээ одоо болно шүү дээ гэсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа таксигаар ирээд гэртээ орсон…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
- гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2025 оны 05 дугаар сарын 30-ны орой ******* хичээлийн *** дугаар байранд байрлах ****** давхрын өөрийнхөө өрөөнөөс гарч сургалтын мастер Э-тай уулзахаар ****** тоот өрөөнд очиход Э багш өрөөндөө байхгүй учраас салбарын эрхлэгч Б-ийн өрөө рүү шагайж ороход Б багш М багш байсан ба оюутнуудын дипломын төслийн ажил дээр гарын үсэг зураад сууж байсан. Тэгээд намайг ороход үлдсэн оюутнуудыг 1 дэх өдөр дипломын төсөл дээрээ гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн. Тэр өдөр Хөргөлтийн технологи, Кондиционерийн Систем хөтөлбөрийг амжилттай магадлан итгэмжлүүлж баярлаж Б багшаас бага зэрэг архи үнэртэж байсан. Тэгээд Б багш, М бид гурав ярилцаж байх үед хаалга татаж Б багш орж ирж суусны дараа М багш 5 минутын дараа өрөөнөөс гарч явсан ба Баттөр багш, Б багш бид гурав үлдсэн. Тэгээд тэр хоёр ажил төрлөө яриад хойшид бие биеэ дэмжиж эвтэй найртай ажиллана гэж ярьж байсан ба тэр ярианы дараа би явах гээд босоод тэр хоёрт хандаж би явлаа Б багшид хандаж хамт явах уу замдаа таныг буулгах уу гэхэд бид хоёр зүгээр, санаа зоволтгүй гэж хэлээд үлдсэн ба тэгээд би явсан. 2025 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед Т багш залгаж урд шөнө Б багш Б багшийг зодож маш хүнд гэмтээсэн байна гэж хэлэхэд нь би мэдсэн. Намайг байх үед тэр хоёрын хооронд маргалдаж муудалцсан зүйл байхгүй тухайн үед тэр хоёр одоо бид хоёрын дунд ямар ч асуудалгүй сайн ажиллана гэж л ярьж байсан. Харин намайг гарсны дараа ямар асуудлын улмаас нэгнийгээ гэмтээх болсныг би ойлгохгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
- гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөргөлтийн систем, Кондиционерийн үндэсний магадлан итгэмжлэлээр оруулж амжилттай тэр ажиллагаа орой дуусгаад манай салбарын эрхлэгч Б.Б надад хандаж баярлалаа багшаа 2-3 өдөр амжилттай сууж үндэсний магадлан итгэмжлэлийн батламж авах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсанд баярлалаа гэж Б.Б хэлсэн ба би Баттөртэй гар бариад хаалгаар гарах үед Б зөрөөд Б-ийн өрөө лүү орж байсан. ********** хичээлийн ********* байрны 319 тоотод өрөөнд Б-ийн хамт хурлын заалнаас бууж ажил төрлөө ярилцаж, зөвлөлдсөн. Б бид хоёр байсан ба сүүлд О орж ирээд сууж байсан. Юу болсныг би мэдэхгүй байна. Тухайн үед би Б-той зөрөөд гарсан... " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7608 дугаартай “....1. Б.Бийн биед зүүн 4,5,6,7 баруун 10,11,12 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Д.Бийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ********* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** ****-р байрны *** давхарт ******* тоот өрөөнд хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлж барагдуулсан, урьд ял шийтгэлгүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлбөрт 985,800 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой 160,000 төгрөгийн үйлчилгээ авсныг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Б нь төлж барагдуулсан болно.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Бийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ