| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/00533/И |
| Дугаар | 101/ШШ2023/01719 |
| Огноо | 2023-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/01719
| 2023 04 05 | 101/ШШ2023/01719 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.С холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 547,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хотхоны бусад сууц өмчлөгчдийн нэгэн адил дундын өмчлөлийн гэрэлтүүлэг, хог хаягдал, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, зэрэг дундын өмчлөлтэй холбоотой эд зүйлсийг хамтран эзэмшиж ашигласаар байгаа боловч СӨХ-д төлбөл зохих төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д сууц өмчлөгчид ногдох хэсэг гэж орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээ гэж тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-д дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасны дагуу нийт сууц өмчлөгчид эдгээр нийтлэг үйлчилгээтэй холбоотой зардлыг цаг хугацаандаа төлөх ёстой. Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор Т СӨХ-ны төлбөрийг хог-2800 төгрөг, лифт-4000 төгрөг, цэвэрлэгээ-3500 төгрөг, жижүүр-5000 төгрөг, баримт-150 төгрөг, засвар үйлчилгээ 1 мкв-200 төгрөг, дундын гэрэл-1000 төгрөг байхаар баталгаажуулан баталсан. Үүний дагуу тэрээр сард хог-2800 төгрөг, цэвэрлэгээ-3500 төгрөг, жижүүр-5000 төгрөг, баримт-150 төгрөг, засвар үйлчилгээ 12,600 төгрөг, лифт-4000 төгрөг, дундын гэрэл-2500 төгрөг буюу нийт 30,556 төгрөгийг төлөх ёстой болно. Үүнээс өмнө жижүүрийн төлбөрийг 10,000 төгрөг байсныг уг тогтоолоор 5,000 төгрөг болгон бууруулсан. Тус СӨХ нь байгуулагдсан цагаас эхлэн дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний төлбөрийг СӨХолбоодын Дээд зөвлөлөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-нд баталсан жишиг үнийн хамгийн доод хэмжээгээр тогтоож, оршин суугчдаас төлбөрийг авсаар ирсэн. Мөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан тус СӨХ-оос сууц өмчлөгч нарын хогны төлбөр 2800 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сараас хасч тооцсон болно. Гэтэл 0 тоот 63 мкв орон сууцанд оршин суугч Д.С нь дээрх хуульд заасан СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардалд сар бүр төлөх ёстой төлбөрөө 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал нийт 19 сарын хугацаанд төлөөгүй, энэ нь хуримтлагдсаар 547,664 төгрөг болсон байна. Түүнд дээрх хуулиудад заасан үүргээ биелүүлэхийг мэдэгдэх хуудсаар болон орон сууцны байцаагчаар дамжуулан сар бүр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, үүний улмаас СӨХ-ны үйл ажиллагаанд саад учирч татварын болон ус дулааны өр төлбөрийн дарамтад орж, бусад сууц өмчлөгчид СӨХ-ноос авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй байх нөхцөл үүсэж байгаа болно.
Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд төлөх ёстой 547,664 төгрөгийг Д.Саас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Д.С нь 2018 онд уг байрыг худалдан авсан бөгөөд тухайн үеэс миний хүү С.Д байнга оршин суудаг, миний бие ирэн очин байдаг. Би болон миний хүү бид хоёр 2018 оноос 2021 оны 6 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрийг цаг тухай бүр төлж ирсэн. СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Г нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах гэж заасан эрх үүргээ хангалтгүй биелүүлсэн тул СӨХ төлбөрийг зогсоосон. Хаалганы код байхгүй ба хэлж хэлж засвар хийлгэхээр хоёр хоног болоод эвдэрдэг. Гадаах гэрэл унтраастай байдаг болохоор үл мэдэгдэх хүмүүс байнга явдаг. Орцонд архи ууж тасарсан хүмүүс унтаж байдаг. Орой үдэш эмэгтэй хүн болон бага насны хүүхэд явахаар айдастай орж ирдэг. Хүсэлт, шаардлага, гомдол зэрэг удаа дараа хэлэхэд үл ойшоодог, оршин суугчдын фейсбүүк группээс хасдаг, өөрийн утас болон ажлын утсаа авдаггүй. Удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал хангалтгүй ажилсан 2018 оноос 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нэг ч удаа хурал хийгээгүй байсан ба тухайн өдөр хуралдаад СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас чөлөөлөх, холбоог өөрчлөн байгуулах тухай санал хураалт болж бусад оршин суугчдаасаа санал асуулга явуулж дэмжигдсэн. Гүйцэтгэх захирал үл зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын тов зарлагдсан байна. Миний бие СӨХ-н төлбөр төлөхгүйдээ бус гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хийж чадаагүй зарим үндэслэлгүй төлбөрийг барагдуулахгүй. 2018 оны 6 дугаар сараас төлөгдөөгүй төлбөр болох сар бүрийн жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 12,600 төгрөгийг хасаж тооцох хүсэлтэй байна. Мөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбогдуулан хасч тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тогтоол, 0096 дугаартай гэрчилгээ, тус СӨХ-ны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/08 дугаартай мэдэгдэл, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03/57-1 дугаартай мэдэгдэл, Төрийн банкны төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчийн хариу тайлбар, 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэлийг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т СӨХ нь хариуцагч Д.Сд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд төлөх ёстой 547,664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Д.С нь СӨХ-н төлбөр төлөхгүйдээ бус гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хийж чадаагүй зарим үндэслэлгүй төлбөрийг барагдуулахгүй, 2018 оны 6 дугаар сараас төлөгдөөгүй төлбөр болох сар бүрийн жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 12,600 төгрөгийг хасч тооцуулах, мөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбогдуулан хасч тооцуулах хүсэлтэй байна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тогтоолоор ... Т СӨХ-ны харуул хамгаалалтын тарифыг жигд 5000 төгрөг байхаар, ... СӨХ-ны төлбөрийг хог-2800, лифт-4000, цэвэрлэгээ-3500, жижүүр-5000, баримт-150, засвар үйлчилгээ 1мкв-200 төгрөг, дундын гэрэл-1000 байхаар баталсан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус зааснаар Т СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит хурлын тогтоолоор СӨХ-ны төлбөрийн хэмжээг баталжээ.
Энэхүү 2018 онд баталсан СӨХ-ны төлбөрийн тариф өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа, өөрчлөгдөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
3б. Дээрх тогтоолоос үзвэл СӨХ-ны төлбөрт хог 2,800 төгрөг, лифт 4,000 төгрөг, цэвэрлэгээ 3,500 төгрөг, жижүүр 5,000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 1 мкв нь 200 төгрөг, дундын гэрэл 1,000 төгрөг байхаар баталсан байх ба хариуцагч Д.Сын орон сууц нь 63 мкв буюу засвар үйлчилгээний төлбөрт 12,600 төгрөг, эдгээрийн нийлбэр нь 29,050 төгрөг болж байна.
3в. Төрийн банкны 0 тоотын СӨХ-ны төлбөрийн дэлгэрэнгүйгээс үзэхэд 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны сарын төлбөрийг 26,256 төгрөгөөр, 2022 оны 01 дүгээр сард 27,756 төгрөгөөр, 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал сарын төлбөрийг 30,556 төгрөгөөр тооцон нийт 547,664 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжилж байх бөгөөд төлбөрийн хэмжээ буурсан төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр, хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан тус СӨХ-оос сууц өмчлөгч нарын хогны төлбөр 2800 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сараас хасч тооцсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Дээрх Төрийн банкны баримтад сарын төлбөрийг 30,556 төгрөг гэх боловч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тогтоолоор Д.Сын СӨХ-ны төлбөрт төлөх 1 сарын төлбөрийн хэмжээг 29,050 төгрөг гэж үзэхээр байх тул 2022 оны төлбөрийг 30,556 төгрөгөөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Эдгээрээс дүгнэвэл 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөр нь 211,548 төгрөг, 2022 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг 29,050 төгрөгөөр тооцвол 319,550 төгрөг, нийт 531,098 төгрөгийг хариуцагч Д.С нь СӨХ-ны төлбөрт төлөх үүрэгтэй байна.
4. Хариуцагч нь ...Миний бие СӨХ-н төлбөр төлөхгүйдээ бус гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хийж чадаагүй зарим үндэслэлгүй төлбөрийг барагдуулахгүй, 2018 оны 6 дугаар сараас төлөгдөөгүй төлбөр болох сар бүрийн жижүүр 5000 төгрөг, баримт 150 төгрөг, засвар үйлчилгээ 12,600 төгрөгийг хасаж тооцох хүсэлтэй, мөн 2020 оны 12 дугаар сард Засгийн газраас цахилгааны төлбөр хогны мөнгийг чөлөөлөх шийдвэр гаргасантай холбогдуулан хасч тооцуулах хүсэлтэй ... гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж, маргаж байх бөгөөд дээрх үйл баримтаас үзвэл Засгийн газрын шийдвэрийн дагуу зохих хөнгөлөлтийг эдлүүлж, СӨХ нь зохих төлбөрийг хассан байна.
Харин СӨХ-ны гүйцэтгэх захирал үүрэгт ажлаа хийж чадахгүй байх нь СӨХ-ны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн СӨХ-ны төлбөрөөс зарим төлбөрүүдийг хасуулах хүсэлт гаргаж байх боловч ямар үндэслэлээр хасуулах гэж буй нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 531,098 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
5. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хариуцагчийн шүүхэд өмнө нь ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдааныг хийсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Саас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 16,583 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Саас 2021 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 531,098 /таван зуун гучин нэгэн мянга ерэн найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 16,566 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжид 16,583 /арван зургаан мянга таван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ