| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/2018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2315 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2315
2025 10 07 2025/ШЦТ/2315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Анужин,
шүүгдэгч Э.Я,
нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2409029280773 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Я нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ********* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, хохирогч Э.Бтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Я нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ********* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр болох хохирогч Э.Б-ийг эр эмийн хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн үснээс зулгаах, толгой руу нь цохих, өшиглөх, хөл, гар, цээж хэсэгт нь хөлөөрөө дэвсэх, хазах зэргээр халдаж эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уржигдар буюу 2024 оны гэрлэлтийн баталгаагүй ч 12 жил хамт амьдарч байна... дундаасаа 2 хүүхэдтэй..." 08 дугаар сарын 27-ны өдөр нөхөр хүүхдүүдийн хамтаар байж байсан, тэгээд хажууд нь утасаараа оролдоод байж байсан чинь хардаад гэнэт зодож эхэлсэн, үсдээд нилээн хугацаанд тавиагүй ...өөр ямаар байна гээд толгой руу цохино, өшиглөнө, хөл, гар, цээжин дээр дэвсэнэ, хазна, цохихгүй, өшиглөхгүй, дэвсэхгүй, хазахгүй газар байхгүй, чамайг хашгирах тоогоор чинь зодно гээд зоддог, Тэгээд би босож чадахгүй хэвтэж байсан ба нөхөр хоёр хоног гэрээсээ гараагүй тэгээд цагдаа дуудаж чадахгүй байгаад, өнөөдөр гарч явахаар нь цагдаад мэдэгдсэн. ...бид хоёр гэрлэлтийн баталгаагүй ч 12 жил хамт амьдарч байна...дундаасаа 2 хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бүрэн тусгаагүй, хавтаст хэргийн 14-15 дугаар талд/,
- насанд хүрээгүй гэрч Я.А-аас хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний хамтаар мэдүүлсэн" 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэгээтэй байхад..." гэх мэдүүлэг /насанд хүрээгүй гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бүрэн тусгаагүй, хавтаст хэргийн 17-19 дүгээр талд/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11792 дугаартай: “...Э.Б-ийн биед бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна...хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
- 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Э.Б-с гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- хохирогч, яллагдагч нарт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11792 дугаартай дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,
- Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний лавлагаа /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгчөөс ирүүлсэн нэхэмжлэл ...Э.Б нь эрүүл мэндийн төвөөс 274,522 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15ж2/1378 тоот албан тоот, түүний хавсралт, /хавтаст хэргийн 61-65 дугаар тал/,
- хохирогч Э.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 66-68 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ хийлгэсэн тэмдэглэлд: Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Э.Я нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ********* дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр болох хохирогч Э.Б-ийг эр эмийн хардалтаас болж шууд санаатайгаар эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдан зодож, бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Э.Я-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бага насны хүүхдүүдийн хажууд гэмт үйлдэл хийсэн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх Э.Я-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Э.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Яыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирогч Э.Б-ийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 274.522 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Э.Я-аас гаргуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Я-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Яыг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Яад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Яаас 274.522 /хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Яад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ