Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

Д.Бямбацогтод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                                 

                                                                                       Д.Буянжаргал

                                                Оролцогчид

                                    Прокурор                                     О.Эрхэмбаяр /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг /цахим/

                                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч  бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашпунцагийн Бямбацогтод холбогдох эрүүгийн 2031002740041 дугаартай, 175/2021/0076/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****** хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Дашпунцагийн Бямбацогт, РД:/********/;

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бямбацогт нь 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд байрлах “Ахын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Бямбацогтод холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/184 шүүгчийн захирамжаар:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигин овогт Дашпунцагийн Бямбацогтод холбогдох эрүүгийн 2031002740041 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбацогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Энэхүү гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Hyundai 300LC” маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг битүүмжилснийг тус тус хэвээр үлдээсүгэй...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд ажлын 5  хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,

Мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэсэн заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нь гэрч Б.Батцэнгэл, Т.Алтан-Эрдэнэ нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэний үндсэн дээр бүрэн тогтоосон гэж үзэж байна.

Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 18-05-038/27 дугаартай дүгнэлт нь:

- “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ахын ам” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор упгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг гэмт хэргийн нотолбол зохих ажиллагааны хүрээнд хийгдсэн байна.

Тухайн үед хэн, ямар байдалтай, хэрхэн үйлдэж, ямар хэмжээний хохирол учруулсан асуудал бүрэн тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийг анх илрүүлж, мэдээлэл өгсөн албан хаагч, цагдаагийн ахмад Н.Наранбаатар нь хойшлуулшгүй ажиллагааг хийх явцад шинжээч томилсон тогтоолд дурдагдсан Т.Алтан-Эрдэнийн үйлдлээс газрын хэвлий хөндөгдсөн нөхцөл байдал тухайн үед илэрч байсан.

Хэрэг шалгагдаж байх явцад Т.Аптан-Эрдэнэ нь эксковаторын оператор,  шүүгдэгч Д.Бямбацогт нь түүнийг хөлсөөр ажиллуулахаар тохиролцсон, Д.Бямбацогт нь хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь тогтоогдсон учраас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Ахын ам” гэх газарт буюу хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан газар нутагт учирсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцож болно.

Нөгөөтэйгүүр байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо шинжилгээ хийсэн аргачлал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан нөхөн төлбөрийг давхар тооцож гарсан байна, шүүхэд дүгнэлттэй холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой.

Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн 18-04-003/12 дугаартай актыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

Тухайн хэргийг мэргэжлийн байгууллагын шалгалтаар илрүүлж 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж. Эрүүгийг хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бямбацогтыг яллагдагчаар татсан.

Яллах дүгнэлтийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүй" зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь  шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд халдан байгаль орчинд учруулсан шууд хохирол нь 1.141.066 төгрөг бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 4.172.400 төгрөгийн техникийн нөхөн сэргээх зардал буюу хор уршиг учирсан байх тул яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт болон хавсралтанд дурьдаж өгсөн агуулгын хувьд зөрүүтэй алдаатай бичигдсэн зүйлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэд хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зааснаар хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн 2021/ШЗ/184 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруу, хохирол төлбөр, зүйчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй байсан учраас анхан шатны шүүхээр боломжтой гэж үзээд өмгөөллийн дүгнэлт гаргасан. Хэд хэдэн үндэслэлээр тухайн хэрэг нь буцаагдсан. Хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан ахлах байцаагчийн акт байдаг. Тухайн акт нь Алтан-Эрдэнэ гэдэг хүний нэр дээр гарсан гэж яриад байдаг. Би үүнийг анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулахдаа Алтан-Эрдэнэ гэж хаалт тавиад Бямбацогт гэж хаалтад хийсэн байна. Тийм учраас Бямбацогтод холбогдуулж дүгнэлт гаргасан юм байна гэж байр сууриа илэрхийлсэн. Хохирол төлбөр дээр ямар нэгэн маргаан байгаагүй. Байгаль орчинд үндсэн хохирол буюу 1,141,066 төгрөг гарсан байдаг. Харин 4,172,400 төгрөг нь нөхөн сэргээлтийн зардал юм. Нийт хохирлын хэмжээ нь 5,313,460 төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс бол үүнийг хоёр удаа хувааж төлсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар “Байгаль орчин цаг уурын санд тухайн хохирлын мөнгийг шилжүүлэх ёстой” Ерөө сумын Тамгын газрын төрийн санд оруулсан нь буруу юм. Ийм байдлаар шүүгчийн захирамжид дурдсан. Нэгэнт хохирогчоор Ерөө сумын Засаг дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч засаг даргын Тамгын газар бол хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч гэж тогтоогдсон. Шүүгдэгчийн зүгээс бол тухайн хохирлыг төлсөн учир хэргийг буцаах үндэслэл болохгүй гэж үзсэн. Хавтас хэргийн 66 дугаар талд авагдсан актаар тавигдсан 5.313.460 төгрөг төлөгдсөн гэж үзсэн. Мөн энэ хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж байр сууриа илэрхийлж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Бямбацогтод холбогдох эрүүгийн 2031002740041 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүхийн захирамжинд дурьдсан зарим заалтууд хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.Үүнд:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор Т.Алтан-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэгт шинжээч томилж, улмаар энэ тогтоолыг тухайн үед ямар нэг байдлаар мэдүүлэг өгөөгүй, яллагдагчаар татагдаагүй, хэргийн ямар оролцогч болох нь тодорхойгүй, Д.Бямбацогтод танилцуулж, яллагдагч өмгөөлөгч хэмээн гарын үсэг зуруулсан нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй, нөхөн гарын үсэг зуруулсан бол энэ талаар албан ёсны залруулга хийгээгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр байгаль орчинд учирсан экологийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой, улсын байцаагчийн актыг хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээниий асуудал боловч Улсын ахлах байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн акт нь төрийн эрх бүхий байгууллагаас төрийн хяналт шалгалтын хүрээнд гаргаж буй эрх зүйн баримтын хувьд Ерөө сумын иргэн Т.Алтан-Эрдэнэд гэж хаяглан хоёр хүний нэр бичиж, танилцаж хүлээн авсан Т.Алтан-Эрдэнэ гэсэн нэрийн өмнө Д.Бямбацогт гэж гарын үсэг зуруулсан нь эргэлзээтэй,  тухайн эрх зүйн актанд гомдол гаргах  эрхийг хязгаарласан шинжтэй байх тул зөвтгөн өөрчлөх шаардлагатай гэж шүүх үзлээ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлөхөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд тусгайлан заасан тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч төлбөрийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгууллагын буюу төрийн сангийн дансанд оруулсан нь хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй, заавал өөрчлөх шаардлагагүй бөгөөд цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлүүлэхэд энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Харин шүүгчийн захирамжийн 1, 2, 3, 6, 7 дугаар заалтуудад заасан ажиллагааг хийлгэх шаардлагагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжтой байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/184 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ