Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0232

 

 

 

  

    2023           03           15                                        128/ШШ2023/0232

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баярсайханы Билэгсайхан /РД:УЗ92040310/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Буянбадрал,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Батдэлгэр,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Монголжингийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн, Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн, компанийн үйл ажиллагаанд компьютерын үйлчилгээ, компьютерын засвар үйлчилгээний үйл ажиллагааг бүртгэсэн, компанийн хаяг, утасны дугаарыг өөрчилж бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Б.Билэгсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.Билэгсайхан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Монголжингийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн, Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн, компанийн үйл ажиллагаанд компьютерын үйлчилгээ, компьютерын засвар үйлчилгээний үйл ажиллагааг бүртгэсэн, компанийн хаяг, утасны дугаарыг өөрчилж бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан.  

           2.Хасмөнх хувьсал ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Мөнхцэцэг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирлаар  Б.Билэгсайханыг бүртгэсэн.

          3.Нэхэмжлэгчийн өргөдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хянаад, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 7/3875 дугаар албан бичгээр хариу өгч, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2022/5107 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, “Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасахыг улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2023/1300 дугаар шүүгчийн захирамжаар тусгаарлаж, мөн өдрийн 128/ШШ2023/0121 дугаар захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Нэхэмжлэгч Б.Билэгсайхан миний бие өөрийн нэр дээр ямар нэгэн хуулийн этгээд байгуулж байгаагүй, хэн нэгэн этгээдээс хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авч байгаагүй болно. Гэтэл Налайх дүүргийн татварын албанаас Б.Билэгсайхан миний 99997864 дугаартай гар утсанд холбогдон хуулийн этгээдийн татвар болон тайланг хугацаанд нь өгөх Талаар мэдэгдсэн ба миний бие өөрийн нэр дээр хуулийн этгээд бүртгэлгүй болохыг тайлбарлахад Хасмөнх хувьсал гэх нэртэй хуулийн этгээд нь Б.Билэгсайхан миний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар надад мэдэгдсэн. Би энэхүү хуулийн этгээдийн тухай өмнө нь сонсож байгаагүй бөгөөд ийм нэртэй хуулийн этгээдийн эрхийг шилжүүлэн аваагүй тул холбогдох асуудлаар дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад, маргаантай асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүл гэх хариуг авсан тул Б.Билэгсайхан миний нэр дээр хууль бусаар бүртгэгдсэн Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Билэгсайхан миний бие Хасмөнх хувьсал ХХК гэх нэртэй хуулийн этгээдтэй харилцаж байгаагүй, тус компанийн өмнөх удирдлага Хасбазар овогтой Мөнхцэцэг гэх хүнийг танихгүй, тус компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Налайх дүүрэг, 2 хороо, нарлаг 21. 8 тоот гэх хаяг, 88644800, 88642552 гэх утасны дугаарын талаар мэдэхгүй бөгөөд надтай тус компанийг шилжүүлэх, худалдан авах, компанийн нэрээр үйл ажиллагаа явуулах талаар нэг ч хүн холбогдож байгаагүй болно. Мөн миний бие тус компанийн захирал Х.Мөнхцэцэгтэй компанийн хувьцааг худалдан авах, компанийн эрхийг шилжүүлэн авахаар гэрээ хэлцэл хийж байгаагүй улсын бүртгэлийн байгууллагад хандаж Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй болно. Гэтэл улсын бүртгэлийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад Б.Билэгсайхан миний нэр дээр байгуулагдсан гэрээ хэлцэл, тушаал шийдвэр, компанийн дүрэм этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргасан мэт баримтууд авагдсан байх ба тухайн баримтуудын гарын үсэг зурах хэсэгт хэний гэдэг нь мэдэгдэхгүй, таван хошуу тэмдэг мэт бичиглэлтэй гарын үсгийг Б.Билэгсайхан миний гарын үсэг мэтээр бичиж тэмдэглэсэн байна. Миний бие дээр баримт бичгүүд гэрээ хэлцэл, улсын бүртгэлд гаргасан өргөдөлд гарын үсэг зурж байгаагүй тул хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, компанийн эрх хэрэгжүүлэгчийг өөрчилж, Хууль бусаар бүртгүүлсэн хаяг утасны мэдээлэл зэргээ ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлэх санаа зорилготойгоор хууль бус арга хэрэгслээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулуулсан гэж үзэхээр байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэгч нь тухайн цаг хугацаанд өргөдөл хүсэлт гаргаж буй этгээд нь тус баримт бичгүүдэд нэр дурдагдаж буй Б.Билэгсайхан миний бие мөн үү, эсхүл өөр хүн ирээд Б.Билэгсайхан гээд материал өгөөд байна уу гэдгийг шалгалгүйгээр тус материалуудыг Б.Билэгсайхан надаас хүлээн авсан мэтээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь тухайн албан хаагчийн буруутай үйлдэл нь хууль бус бүртгэл хийгдэхэд шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.” гэжээ.

          4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тогтоол ирсэн. Тогтоолд шалгагдаж байгаа хэргийн агуулгыг тодорхой дурдсан байгаа. Хуурамч нотлох баримт үйлдэж, ашигласан, мөнгө угаасан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна гэж байна. Бид нар Захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлд өгөгдсөн материал тухайн баримтыг бүртгүүлсэн үйлдэлтэй холбоотой асуудлаар маргаж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ асуудал нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй, аль аль нь тусдаа шийдвэрлэгдэх боломжтой маргаан байна. Нотариатын дэвтэр дээр тухайн өдөр энэ гэрээг дарааллын хувьд тухайн өдөр бүртгэгдсэн байна уу, үгүй юу гэдэг үйл баримт тусгагддаг. Тухайн өдөр энэ гэрээ байгуулагдсан, нотариатаар баталгаажсан юм байна гэдэг асуудал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Гол нь нотариатч тухайн иргэн миний үйлчлүүлэгч Б.Билэгсайхан биш байсан байна, гэхдээ нэг иргэний үнэмлэхтэй хүн ирээд өөрөө гарын үсэг зураад гэрээ батлуулаад явсан юм гэдэг агуулгыг тайлбарлаж хэлсэн байгаа. Энэ нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, нотариатын үйлдэл нь хууль бус юм уу, ямар нэгэн дүрэм журам зөрчсөн гэж үзэх юм уу, үгүй юм уу гэдэг асуудал нь хоёр дахь буюу тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна гэж үзэж байна.

          Нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагын бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлахдаа нотариатын гэрээ, хэлцэл, хуурамч бичиг баримттай холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаг. Энэ гэрээ хуурамч байна уу, жинхэнэ байна уу хамааралгүйгээр гэрээ авч ирсэн хүн нь эрх бүхий этгээд байх ёстой. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээг компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал эсвэл итгэмжлэлээр эрх олж авсан этгээд гэж дөрвөн төрлийн этгээдийн аль нэг нь авч ирнэ. Үүнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өөрөө шалгаж, материалыг тухайн эрх бүхий этгээдээс хүлээж авах ёстой байдаг. Энэ заалтыг зөрчсөн гэдэг агуулгаар харж байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс шинжээч томилсон. Улсын бүртгэлийн байгууллагад тухайн бүрдүүлсэн баримтуудыг бүртгүүлэхээр, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар гаргах албан маягтад зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Тэгэхээр гэрээ нь үнэн байна уу, биш байна уу гэдгээс үл хамаараад өөр байдлаар бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг буюу хуурамч гарын үсэг ашигласан, өөр этгээд нэхэмжлэгчийг гэж өөрийгөө итгүүлэн дүр үзүүлсэн байдлаар бүртгэлд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотой асуудлыг улсын бүртгэлийн байгууллага хяналт шалгалтаа дутуу тавиад тухайн этгээдийг эрх бүхий этгээд мөн байна уу, биш байна уу гэдгийг шалгалгүйгээр материал авчихжээ гэж маргаж байгаа. Тэгэхээр энэ асуудлын хувьд хоёр тусдаа шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна.

          Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа Б.Билэгсайханы нэр дээр байгуулагдсан гэрээ, хэлцэл, тушаал, шийдвэр, компанийн дүрэм зэрэг баримтууд хавсралтаар авагдаж, Б.Билэгсайхан гэх гарын үсгийг хуурамчаар зурсан байдлаар өргөдөл, маягтад гарын үсэг зурж, тухайн баримтыг улсын бүртгэлд хүлээлгэн өгснөөр холбогдох улсын бүртгэл хийгдсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Хэрэгт авагдсан улсын бүртгэлд бүртгэгдсэн баримтуудыг харахад таван хошуу тэмдэглэлтэй гарын үсгийг Б.Билэгсайханы гарын үсэг гэх байдлаар тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тийм гарын үсэг зурж байгаагүй. Ийм учраас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашгаа хамгаалуулах зорилгоор шүүхэд хандсан. Шүүхээс улсын бүртгэлийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Хасмөнх хувьсал ХХК-нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Хасбазар овогтой Мөнхцэцэгийн нэр дээр 100 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Баярсайхан овогтой Билэгсайханыг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, үйл ажиллагааны чиглэл нэмэх, утасны дугаар өөрчилсөн бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ: "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлд заасан заалтыг үндэслэн улсын бүртгэгч нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хуулийн этгээдийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 22.3-д "Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ". 22.3.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 22.3.2. эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл 22.3.3. Дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт 22.3.4. иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ 22.3.5. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 22.3.6. Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж заасан байдаг.

          Үүнд Хасмөнх хувьсал ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлүүлэх тухай өргөдлийн маягт, 2019 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн компанийн шинэчилж баталсан дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг холбогдох материалуудыг хуульд нийцүүлэн бүрдүүлсэн байна. Иймд улсын бүртгэгч хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн.

          Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд гарын үсгийг шинжлэх шаардлага байхгүй. Хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Б.Билэгсайханы гарын үсгийг мөн, биш гэдгийг тогтоох боломжгүй вэ гэвэл Б.Билэгсайханы байгуулсан компанид нэмэлт өөрчлөлт орж байгаа бол өмнөх баримтыг харж болно. Энэ тохиолдолд өөр хүнээс Б.Билэгсайханд шинээр орж ирж байгаа учраас гарын үсгийг тулгаж, ялгах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ гарын үсгийг хуурамч гэдгийг нотариатын гэрээгээр тусдаа явах юм уу. Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Б.Билэгсайхан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Монголжингийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн, Б.Билэгсайханыг Хасмөнх хувьсал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн, компанийн үйл ажиллагаанд компьютерын үйлчилгээ, компьютерын засвар үйлчилгээний үйл ажиллагааг бүртгэсэн, компанийн хаяг, утасны дугаарыг өөрчилж бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

          2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

          2.1.Миний бие Хасмөнх хувьсал ХХК гэх нэртэй хуулийн этгээдтэй харилцаж байгаагүй, тус компанийн өмнөх удирдлага Х.Мөнхцэцэг гэх хүнийг танихгүй, тус компанийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хаяг, 88644800, 88642552 гэх утасны дугаарын талаар мэдэхгүй бөгөөд надтай тус компанийг шилжүүлэх, худалдан авах, компанийн нэрээр үйл ажиллагаа явуулах талаар нэг ч хүн холбогдож байгаагүй,

          2.2.Миний бие тус компанийн захирал Х.Мөнхцэцэгтэй компанийн хувьцааг худалдан авах, компанийн эрхийг шилжүүлэн авахаар гэрээ хэлцэл хийж байгаагүй улсын бүртгэлийн байгууллагад хандаж Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй.

          3.2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг Х.Мөнхцэцэг Б.Билэгсайхан нарын хооронд байгуулж, Б.Билэгсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Билэгсайханыг бүртгэсэн.

          4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2923 дугаар шинжээчийн дүгнэлтээр “Архивд хадгалагдаж буй 2019 оны 12 дугаар сарын 20-ны огноотой "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өргөдөл" гэсэн баримтын доод хэсэгт "гарын үсэг" гэсний дээр "Б.Билэгсайхан" гэсний урд зурсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Билэгсайханы гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүдээрээ хоорондоо өөр...” гэх дүгнэлт,

          Нэхэмжлэгч Б.Билэгсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар гаргасан өргөдөлд Б.Билэгсайхан гарын үсэг зураагүй болох нь гэрч Х.Мөнхцэцэгийн “Надтай гэрээ байгуулсан хүн энэ хүн биш. Өндөр, туранхай, шар, астматай юм шиг байнга ханиалгадаг залуу байсан.” гэх, гэрч нотариатч Б.Энхээгийн “иргэний үнэмлэхийг хурууны хээтэй тулгаж шалгаагүй, тухайн үед иргэний үнэмлэхийг харж байсан. Энэ хүн Х.Мөнхцэцэгтэй гэрээ байгуулсан хүн мөн эсэхийг санахгүй байна” гэх, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнд бичигдсэн 88644800, 88642552 дугаарыг эзэмшиж байсан гэрч Ж.Билэгтийн “Дэлгүүрт өөрийн нэр дээр авсан утасны дугааруудаа зардаг байсан. Хасмөнх хувьсал ХХК,  Б.Билэгсайхан, Х.Мөнхцэцэг гэх хүмүүсийг танихгүй” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

          5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

22.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

22.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;

22.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

22.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ;

22.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

22.3.6.улсын бүртгэлийн гэрчилгээ.

22.4.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж заажээ.

            6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Б.Билэгсайханыг бүртгэсэн бүртгэл дээрх хуульд заасны дагуу явагдсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.”үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” зарчимд нийцээгүй бөгөөд Б.Билэгсайхан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Хасмөнх хувьсал ХХК-ийн эрхийг шилжүүлэн авч, бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргаагүй, харин Б.Билэгсайханы иргэний үнэмлэхийн хуулбарыг бусад ашиглаж өргөдөл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон.

            7.Иймд Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Б.Билэгсайханыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

            8.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 220901704 дүгээр тогтоолоор Б.Билэгсайханы “... Үл таних этгээд миний цахим үнэмлэхийн хуулбарыг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж ... Хас мөнх ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлж...” гэх гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасныг тус тус баримтлан Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч,  гүйцэтгэх захирлаар Б.Билэгсайханыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН