Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 66

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Т.Муратбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080064 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, төрсөн ахын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, регистрийн УР85100416 дугаартай, Черуши овогт Түнсэлийн Муратбек нь 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Рагчааг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн догшин авирлаж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Муратбек нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туулын 4 дүгээр гудамжинд байрлах дэлгүүрийн ойролцоо Шонхоо буюу Г.Бахатбол, Б.Рагчаа нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн харих замдаа халтирч унасан гэх Шонхоон гэгчийг босгох гэж байсан Б.Рагчааг “яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд түүнийг “яасан юм бэ? би дүүгээ босгох” гэж байна гэхэд нь хохирогч Б.Рагчаагийн хамар луу нь мөргөн хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол бие махбодид нь санаатай учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Муратбек мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Рагчаагийн өгсөн: “...нэг шил 0.75, нэг шил 0.33 литрийн архи аваад 0.33 литрийн архийг нь дэлгүүрийн гадна зогсож байгаад уух гэтэл Муратбек гэх залуу ирээд бид гурав хувааж уугаад 0.75 литрийн архийг нь би зүүн талын ханцуйндаа хийгээд цаашаагаа Шонхооныг сугадаад гудамж руу булан эргэсэн чинь Шонхоон халтираад уначихсан юм. Тэгэхээр нь би татаад ахын дүү бос гэсэн чинь араас Муратбек ирээд яагаад байгаа юм чи гэхээр нь яасан юм дүүгээ босгох гэж байна гэсэн чинь миний хамар руу үгийн зөрүүгүй мөргөчихсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/94 дүгээр:

“1. Рагчаагийн биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 12 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар тал/ хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбекийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын  20.16-д “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж” гэж ганцаараа танхайрсан гэсэн ойлголт байхгүй болсон тул түүний үйлдлийг мөн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Муратбект эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулгын/ тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Черуши овогт Түнсэлийн Муратбекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Муратбект дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Муратбекийн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнийг торгох ял эдэлсэнд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Муратбек нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ