2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2301

 

 

         

 

 

 

 

 

 

2025         10          06                                       2025/ШЦТ/2301

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Ц.Л,

нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2411016280163 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгрэт байрлах ******** тоотод хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгрэт байрлах ******** тоотод хохирогч Б.Г-ыг “орон дээрээ шээлээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт цохиж архины шил шидэж, толгойн оройн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай танил ах М А бид хоёрыг гэртээ хэсэг байж бай гээд ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгрэт байрлах ******** тоот гэрт нь хэсэг амьдарсан. М ахын гэрт Л гэдэг залуу бас амьдардаг байсан юм. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Ц.Л нь ерөнхийдөө согтуу ирсэн. Ц.Лыг гэрт ирэхэд М ах гэртээ байгаагүй. М.А бид хоёр л байсан. Ц.Л гэрт орж ирээд гэрээ цэвэрлэсэнгүй гээд агсам тавиад “2 гуйлгачин” гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд Ц.Л нь М.А бид хоёрыг гэрээсээ хөөгөөд, намайг заамдаад, үсдээд, миний толгой руу төмөр аяга шидчихсэн. Над руу аяга шидэх үед нь би орон дээр сууж байсан юм. Тэр үед толгой хавдаад, шархалсан байсан. Мөн тэр үед нүүр хүзүү рүү цохиод, хүзүүнээс маажиж, бөөн юм болсон. Би бол Л-ыг цохиж зодоогүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “н.М ах Б.Г бид хоёрыг гэртээ түр амьдарч бай гээд бид хоёр түлхүүрээ үлдээгээд, өөрөө ажилдаа явдаг байсан. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр н.М ахыг ажилдаа явсан хойно Г бид хоёр гэрт байж байхад өглөө гаднаас согтуу хүн орж ирээд Б.Г бид хоёрыг хөөж, туугаад байсан. н.М рүү ярьж Ц.Л гэдэг хүн гэж сүүлд нь мэдсэн. Ц.Л тэр үедээ согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй байсан гаднаас нэг хямдхан архи барьж орж ирээд Г-тай цуг хувааж уусан. Г согтуу унтаж байхдаа тэр айлын оронд шээчихсэн юм байна лээ тэрнээс болоод Л уурлаад “Айлын гэрт шээж болохгүй шүү дээ цэвэрлэ” гээд хоорондоо аятайхан ярьж байгаад сүүлдээ муудалцаад, Ц.Л архины шилээр Б.Г-ын толгой руу цохичихсон. Тэгээд хоёулаа хоорондоо зодолдоод Б.Г нь Ц.Лын хоолойг шахаад, гадаа гараад дээр доороо ороод зодолдоод байсан. Тэгж байгаад тэр хоёр хоорондоо эвлэрч зодоон дууссаны дараа М ах ирээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, Д.Сэвжидмаагийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 5504 дугаартай “Б.Г-ын биед толгойн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, дух, хамар, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, үрэх нидрэх механизмаар хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Б.Г-ын биед учирсан толгойн оройн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хамар, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Иймд шүүгдэгч Ц.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед ********* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгрэт байрлах ******** тоотод хохирогч Б.Гтай хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа, тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас   маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт архины шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Лад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, шүүхийн шатанд оргон зайлсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Ц.Л нь нийт 21 хоног цагдан хоригдсон тул нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож нийт 168 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 332 цагаар тогтоож, уг ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Л нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 21 хоног цагдан хоригдсон.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лад 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Ц.Лын цагдан хоригдсон нийт 21 /хорин нэг/ хоногийг, нэг хоногийг найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд дүйцүүлэн тооцож нийт 168 /нэг зуун жаран найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 332 /гурван зуун гучин хоёр/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лад оногдуулсан 332 /гурван зуун гучин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/  цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 21 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Лад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Лыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Лад урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ