Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/00548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Д,

Хариуцагч: Д.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү, алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2023/00369/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Д.Бэд холбогдуулан зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү, алданги 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ҮүндШүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Бтэй зээлийн гэрээ байгуулан 4 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг зээлүүлсэн юм. Гэтэл Д.Б ганц хоёр удаа холбогдсон боловч гэрээний хугацаа дууссанаас хойш огт холбогдох боломжгүй болсон байна. Уг зээлийн 4,000,000 (дөрвөн саятөгрөгийг нотариатчийн дэргэд бэлнээр хүлээн авч, иргэний үнэмлэхийн ард хүлээлгэн өгсөн, авсан гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан болно.

Иймд Ш.Д миний зээлүүлсэн 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, зээлийн хүү, алданги 2,000,000 (хоёр сая) төгрөг, нийт 6,000,000 (зургаан сая) төгрөгийг Д.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартааБи Ш.Даас 2021 оны 10 дугаар сарын үед приус-20 маркын автомашин зээлээр авсан. 9,000,000 (есөн сая) төгрөгөөр авахаар болсон. Машин авахдаа сэлбэг, эд анги авч солино гэж Ш.Даас 1,000,000 төгрөг авсан. Ингээд нийт 10,000,000 төгрөгийг өгөхөөр болоод машиныг нь авсан юм. Мөнгийг нь өгөөгүй байхдаа үерийн усанд орчихсон. Тэгээд Ш.Д нь мөнгөө өгөөгүй тул машинаа буцааж авъя гэсэн. Тэгээд би үерийн усанд орж гэмтсэн эд зүйлийг нь засварчнаар засуулаад Ш.Дд 2022 оны 3 дугаар сарын үед буцааж өгсөн. Ш.Д нь уг машинд шинэ гупер авч тавьсан, бүтэн будагт оруулсан, бусад эвдэрсэн эд ангийг авч сольж тавьсан. Нийтдээ 3,000,000 төгрөг боллоо, энэ 3,000,000 төгрөг болон өмнө нь бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөгийг чи төлж өг гэсэн. Тэгээд би тус 4,000,000 төгрөгийг төлж өгье гээд 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тухайн үед эхнэр маань тархины хавдар авахуулсан учир бид хотод эмнэлгээр явж байсан юм. Би нэгэнт 4,000,000 төгрөгөө төлөхөөр зөвшөөрч гэрээ байгуулсан тул Ш.Дд 4,000,000 төгрөг, 1 сарын хүү нь 120,000 төгрөг бөгөөд 4 сарын хүү 480,000 төгрөг, бүгд 4,480,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 1,520,000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бэд 2021 оны 10 дугаар сард приус-20 маркын тээврийн хэрэгслээ 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Тус машинд засвар үйлчилгээ хийнэ гэж надаас 1,000,000 төгрөг бэлнээр авч, нийт 10,000,000 төгрөгийг Д.Б өгөхөөр болсон. Гэтэл эрэг мөргөж гэмтээсэн машинаа намайг засаж аваарай, би засварын мөнгийг нь өгнө гэж хэлээд авчирч өгсөн. Би 3,000,000 төгрөгөөр машины сэлбэг худалдаж аваад зассан. Д.Бийн эхнэр өвчтэй гэхээр нь мөнгөө авахгүй 2 жил гаруй хугацаанд хүлээж байгаад, 2023 оны 1 дүгээр сард машины засварын төлбөр 3,000,000 төгрөг, бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Тэгээд нотлох баримт бүрдүүлэхээр нотариат дээр очиж, хариуцагчид би 4,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, түүнд өгсөн мөнгөө нотариатаас гараад буцааж авсан. Би машинд сэлбэг авахдаа бэлэн мөнгөөр худалдаж авсан болохоор зээлийн гэрээнд заасан хүү, алдангиа тооцож авна. Д.Б 2023 оны 1 дүгээр сард мөнгөө өгөөгүй тул авах ёстой 4,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл буюу 3 сарын зээлийн хүүг 3 хувиар тооцож, нийт 480,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу 120 хоногийн алдангийг хоногийн 0,3 хувиар тооцон, нийт 1,440,000 төгрөг, бүгд 5,920,000 төгрөг гаргуулж авна. Хүү, алдангиа буруу тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 80,000 төгрөгөөр багасгаж байна. Би Д.Бийн гэрээс хуучин хөргөгч, зурагт, барилгын доторлогоо 8 ширхэгтэй 14 боодол рек мод авсан боловч эдгээр эд зүйлийг буцааж өгөөд, надад сийлбэртэй гэр, 4 ширхэг авдар өгөхөөр тохирсон ч аваагүй байна. Д.Бээс 4,480,000 төгрөг аваад эвлэрэх боломжгүй.

Иймд хариуцагч Д.Бээс зээл, хүү, алданги, бүгд 5,920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.Д, Д.Б нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2353 дугаартай Зээлийн гэрээ, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ш.Дын иргэний үнэмлэх зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-4 дэхь тал)

5. Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 13 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Д шүүх хуралдаанд зээлийн хүү, алдангийг буруу тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 80,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээнд зааснаар авах ёстой 4,000,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, бүгд 5,920,000 (таван сая есөн зуун хорин мянгатөгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

2. Шүүх нэхэмжлэгч Ш.Дын нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 5,920,000 төгрөгөөс 4,480,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Бэд 2021 оны 10 дугаар сард приус-20 маркын тээврийн хэрэгслээ 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Тус машинд засвар үйлчилгээ хийнэ гэж надаас 1,000,000 төгрөг бэлнээр авч, нийт 10,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Гэтэл эрэг мөргөж гэмтээсэн машинаа намайг засаж аваарай, би засварын мөнгийг нь өгнө гэж хэлээд авчирч өгсөн. Би 3,000,000 төгрөгөөр сэлбэг авч машин зассан. 2023 оны 1 дүгээр сард машины засварын төлбөр 3,000,000 төгрөг, бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Би машинд сэлбэг авахдаа бэлэн мөнгөөр худалдаж авсан болохоор зээлийн гэрээнд заасан хүү, алдангиа тооцож авна. Авах ёстой 4,000,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, бүгд 5,920,000 төгрөг гаргуулж авна тайлбарлалаа.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Би Ш.Даас 2021 оны 10 дугаар сарын үед приус-20 маркын автомашин зээлээр 9,000,000 төгрөгөөр авахаар болж, сэлбэг, эд анги авч солино гэж 1,000,000 төгрөг авсан. Машин үерийн усанд орчихсон, Ш.Дд 2022 оны 3 дугаар сарын үед буцааж өгсөн. Машинд шинэ гупер авч тавьсан, бүтэн будагт оруулсан, бусад эвдэрсэн эд ангийг авч сольж тавьсан. 3,000,000 төгрөг болсон тул өмнө бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөгийг төлж өг гэсэн. Би зөвшөөрч гэрээ байгуулсан тул Ш.Дд 4,000,000 төгрөг, 1 сарын хүү нь 120,000 төгрөг бөгөөд 4 сарын хүү 480,000 төгрөг, бүгд 4,480,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 1,520,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан.

5. Хэрэгт авагдсаншүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

а. Д.Бэд зээл 4,000,000 төгрөгийг Ш.Д бэлнээр өгч, тэдний хооронд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2023 оны 1 дүгээр сард засварын төлбөр 3,000,000 төгрөг, бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тэгээд нотлох баримт бүрдүүлэхээр нотариат дээр очиж, хариуцагчид би 4,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан ...Ш.Д нь уг машинд шинэ гупер авч тавьсан, бүтэн будагт оруулсан, бусад эвдэрсэн эд ангийг авч сольж тавьсан. Нийтдээ 3,000,000 төгрөг боллоо, энэ 3,000,000 төгрөг болон өмнө нь бэлэн авсан 1,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөгийг чи төлж өг гэсэн. Тэгээд би тус 4,000,000 төгрөгийг төлж өгье гээд 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод гэрээ хийж нотариатаар батлуулсан... гэх тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 13 дахь тал)

б. Харин нэхэмжлэгч Ш.Д нь бэлэн өгсөн 1,000,000 төгрөг, машины засварын төлбөр 3,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөгийг хариуцагч Д.Бээс авахаар тохиролцохдоо 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2353 дугаартай зээлийн гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй. (хавтаст хэргийн 3, 13 дахь тал)

Хариуцагч Д.Б ...Би нэгэнт 4,000,000 төгрөгөө төлөхөөр зөвшөөрч гэрээ байгуулсан...4 сарын хүү 480,000 төгрөг, бүгд 4,480,000 төгрөгийг төлж барагдуулна. Харин 1,520,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар гарган, алданги төлөхгүй гэж маргаж байна.

Зохигчийн хоорондох маргааны зүйл нь бэлэн өгсөн 1,000,000 төгрөг, машины засварын төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага байх тул тэдний хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2353 дугаартай зээлийн гэрээ тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Нэхэмжлэгч Ш.Д дээрх зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, алданги гаргуулахаар шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заажээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Д.Б нар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцон тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Д.Бэд бэлэн өгсөн 1,000,000 (нэг сая) төгрөгийн зээлийн гэрээ, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Д.Бийн өмнөөс машин засуулж, түүний төлбөрт өгсөн 3,000,000 (гурван сая) төгрөгийн бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх тухай гэрээнүүд амаар байгуулагдсан байна.

Хариуцагч Д.Бээс бэлэн өгсөн 1,000,000 төгрөг, машины засварын төлбөр 3,000,000 төгрөг, бүгд 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Ш.Д нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 491 дүгээр зүйлийн 491.6-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар тус тус шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ш.Д ...Би машинд сэлбэг авахдаа бэлэн мөнгөөр худалдаж авсан болохоор зээлийн гэрээнд заасан хүү, алдангиа тооцож авна. Авах ёстой 4,000,000 төгрөг, зээлийн хүү 480,000 төгрөг, алданги 1,440,000 төгрөг, бүгд 5,920,000 төгрөг гаргуулж авна гэж нэхэмжилж байгаа ч энэ тухайгаа нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Гэвч хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,480,000 (дөрвөн сая дөрвөн зуун наян мянга) төгрөг төлөх тухай тайлбарыг шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зохигч нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Бээс 4,480,000 (дөрвөн сая дөрвөн зуун наян мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,440,000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянгатөгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,480,000 (дөрвөн сая дөрвөн зуун наян мянгатөгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 86,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Нэхэмжлэгч Ш.Дын шүүхэд ирүүлсэн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ш.Дын иргэний үнэмлэх зэргийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 4,480,000 (дөрвөн сая дөрвөн зуун наян мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,440,000 (нэг сая дөрвөн зуун дөчин мянгатөгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамж 86,630 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА