Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2023/00251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, , ******* ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, нд байрлах,  ******* /РД:*******/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохирол 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Гэрч: Ш.,

Иргэдийн төлөөлөгч: С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч ОНӨААТҮГ-т холбогдуулан 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 119 дүгээр сургуулийн 4 замын уулзвар үнэхээр ачаалалтай байсан тул би өглөөний 0740 цагаас 0800 цагийн хооронд машинаа түр тавьчхаад хүүхдээ сургуульд нь оруулчихаад ирсэн. Тэгсэн машины арын хэсгийг цөм цохисон байсан. Би түүний хараад машин мөргөсөн гэж бодоод дэлгүүрийн камер шүүхэд траншейний таг мөргөсөн байсан.

-ын траншейний таг стандартын дагуу хийгдээгүй байсан учраас миний машинд хохирол учруулсан байсан. Би машины засуулах төлбөр нь 800,000 төгрөг болох байх гэж бодоод нэхэмжлэлээ 800,000 төгрөг гэж тодорхойлж өгсөн. Гэтэл энэ хэрэг шийдэгдэхийг хүлээхээр удах тул Вьетнам засвар дээр очоод засуулахад 600.000 төгрөг болсон. Иймд хариуцагч ОНӨААТҮГ-аас миний машинд учирсан хохирол 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Налайх дүүргийн хэмжээнд цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Нэхэмжлэгч Б.******* нь 10 шарын 119 дүгээр сургуулийн урд машин зам дээр урсгал хааж машин хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр машинаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байрлуулснаас болж бусад машин хөдөлгөөнд оролцохдоо замын голд байрлах траншейны нүх дайрч гарснаар таг нь нэхэмжлэгч Б.*******ийн машины арын хэсэгт үсэрч гэнэтийн ослоор машинд нь гэмтэл учирсан нь хажуу дэлгүүрийн камерт бичигдсэн байсан.

Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж машинаа удаан хугацаагаар байрлуулсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл. Нэхэмжлэгч хохирол учирсан гэх боловч хохиролын үнэлгээ ч хийлгээгүй атлаа өөрийн санаанд орсон мөнгөө нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэгчтэй болсон асуудлын талаар утсаар холбогдож ярихад даатгалын компани намайг машинаа зогсоолд байрлуулаагүй замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байрлуулсан тул хохирол гаргах боломжгүй гэх утгатай зүйлийг ярьсан. Нэхэмжлэгч хохирлоо манай байгууллагаас бус харин хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон хар машины эзнээс эсхүл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн өөрөө хариуцах, даатгалтай бол даатгалын компаниараа тухайн хохирлоо төлүүлэх нь зүйтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал, хариуцагч тал хоёулаа гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

 4.Хэрэгт нэхэмжлэгчээс Иргэний үнэлэх, оршин суугаа хаягын лавлагаа,  гэрэл зургийн үзүүлэлт, машинд засвар хийсэн үйлчилгээний төлбөр зэргийг ирүүлсэн болно.

 

Шүүхийн журмаар 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 сарын 08 өдрийн 02/859 дугаартай албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ОНӨААТҮГ холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3.Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч гэм хорын хохирол манай байгууллагад хамааралгүй, манай байгууллага хариуцах ёсгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-  2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн суудлын автомашиныг 119 дүгээр сургуулийн замын уулзварт байх шугам сүлжээний худгийн таг цохиж эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь гэрч Ш.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.*******ын автомашинд учирсан гэмтлийг засварлахад 600,000 төгрөгийн зардал гарсан үйл баримттай хариуцагч тал маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 510 дугаар зүйлийн 510.1.-д ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч тал 119 дугаар сургуулийн замын уулзвар хэсэгт байрлах шугам сүлжээний худаг болон худгийн таг манай өмчлөлд бүртгэлгүй, уг худгийн тагаас учирсан гэм хорыг манай байгууллага хариуцахгүй гэж маргаж байх боловч тухайн худагт байрлах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хариуцан ажилладаг тухайгаа  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч тал тайлбарлан мэдүүлсэн, мөн уг шугам сүлжээний худагт ОНӨААТҮГ-н бохир усны төв шугам байрладаг тухай Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодорхойлсон тул маргаан бүхий шугам сүлжээний худаг болон, худгийн тагнаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролыг ОНӨААТҮГ хариуцах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.******* өөрийн эзэмшлийн автомашинаа зогсохыг хориглосон газарт байрлуулсанаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт  авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Б.*******ын эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд  нэхэмжлэгчийн өөрийн нь буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн  514.1.-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хариуцагч талаас эд хөрөнгийн хохиролд 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч, хариуцагч тал хоёулаа гэм буруутай гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  23,750 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 9,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Тус хэргийн 28-30 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-дахь заалттай нийцээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дугаар зүйлийн 514.1.-т заасныг баримтлан хариуцагч ОНӨААТҮГ-аас эд хөрөнгөд учирсан хохирол 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 9,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАЯРДАВАА

 

                  ШҮҮГЧИД                                    Л.НАРАНГЭРЭЛ 

 

                                                                             Б.ТҮВШИНЖАРГАЛ