2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2365

 

 

 

 

 

 

 

 

 

2025         10          13                                        2025/ШЦТ/2365

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг,

улсын яллагч М.Бамбадорж,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан эрүүгийн 2406008282477 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ч овогт Б.А

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... ажилтай, ам бүл 3, өвөө, хүүхдийн хамтаар, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "...." ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 05-наас, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж үрэгдүүлэн, хохирогч С.От 7.969.390 төгрөгийн хохирол учруулж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "...." ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 05-наас, 2023 оны 09 дүгээр сарын 05- ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж үрэгдүүлэн, хохирогч С.От 7.969.390 төгрөгийн хохирол учруулж завшсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээн хүлээн өгсөн мэдүүлэг,

- хохирогч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сард Б.А гэх залуу манай “....” ХХК ажилд орсон. Манайд ажиллаж байх хугацаанд итгэл даагаад 04 дүгээр сард ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сараас эхэлж тухайн түгээлт хийж байсан аж ахуй нэгжээс орлого ирэхгүй байсан. А гэх залуугын түгээлт хийж байсан бүсийн Хүнсний дэлгүүр болон сүлжээ дэлгүүрт сарын сүүлээр тооцоогоо авах гээд очоод үзэхэд тухайн хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрийн хүмүүс тооцоо байхгүй тооцоогоо А гэх залууд тухайн өдөр бэлэн өгсөн гэж хэлдэг байсан. Тэгээд А гэх залууг намайг хуурч байгааг мэдэхгүй. 2023 оны 08 дугаар cap хүртэл явсан байдаг. Би Атай уулзаад ямар сүлжээ дэлгүүрээс бараа өгсөн барааны зарлага орлого оо надад бичгээр өгөө гэж хэлсэн. Тэгэхэд 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр байсан А харин маргааш нь ажилдаа ирэлгүй алга болсон надтай утсаар ярихаар надад 2 сарын хугацаа өгөөч гээд алга болсон тэрнээс хойш надад ямар ч мөнгө өгөөгүй. Энэ 2025 оны 08 сард ажилдаа буцаж ороод ажил аа хийж байгаа. 2023 оны 04 сараас 08 дугаар cap хүртэл хүнсний дэлгүүрийн тооцоо авсан харин хэдэн төгрөг гэдгийг сайн мэдэхгүй байна. Барагцаагаар 7.969.000 төгрөг байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- хохирогч С.Оээс Б.Ад хохирлын тооцоо нийлсэн баримт, бараа материал бэлнээр хүлээж авсан тухай баримтууд /хавтаст хэргийн 29-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдож байна.

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

  Шүүгдэгч Б.А нь шууд санаатайгаар шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “....” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг завшсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа чин санаанаасаа ухамсарлан ойлгож гэмшсэн, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогчид 7.969.390 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Чоно овгийн Батцогтын Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ