Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

А.Ганзоригт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

             Даргалагч, ерөнхий шүүгч          Д.Буянжаргал

            Шүүгчид                                      Г.Давааренчин                                  

                                                                                      Б.Эрдэнэхишиг                                   

                                

                   Оролцогчид                        

                                   Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /цахим/

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Буманзаяа

                                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Адъяарагчийн Ганзоригт холбогдох эрүүгийн 2033001030061 дугаартай, 150/2021/0004/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг, хөдөө оршин суух хаягтай, Тайж овогт Адъяарагчийн Ганзориг /РД:ИМ81112914/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Ганзориг нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим 72-26 ДАХ улсын дугаартай Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баяндарь” ХХК-ийн тариалангийн талбайгаас 0.160 тонн түрүүтэй будаа хулгайлж “Баяндарь” ХХК-нд 104.000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх А.Ганзоригт холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 19 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Тайж овогт Адъяарагчийн Ганзоригийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.Ганзориг нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч  А.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганзоригоос 1.000.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх   тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 72-26 ДАХ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Энхтүвшинд буцаан олгосугай...” гэж, дээрхи шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үндэслэл нь: Анхан шатны шүүх “...шүүгдэгч А.Ганзоригийн үйлдлээс бага бус хэмжээний буюу 104000 төгрөгний хохирол учирсан байгаа ч тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: 1. Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт халдсан бүх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх аргагүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас хуульд заасан хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ёстой. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг заасан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл заалтаар тодорхойлогдоно. Хулгайлах гэмт хэргийн хор уршиг нь гэмт хэргийн нийгэмд аюултай байдлын шалгуур болдог объектив талын үндсэн элемент буюу хуульд заасан гэмт хэрэг мөн эсэхийг үнэлэх шалгуур болдог. А.Ганзоригийн үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хор уршиг буюу хохирол нь 104.000 төгрөг байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасанчлан гэмт үйлдлийн улмаас бага хэмжээний (300.000 төгрөгөөс бага) учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэхээр заасан байгааг шүүх анхаарч үзээгүй болно. Шүүх дүгнэхдээ “... Өөрийн үйлдлээ хөнгөвчилж тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хохирлын хэмжээ хамаарахгүйгээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болохыг ч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар хуульчилжээ...” гэжээ. Шүүх тухайн зүйлчлэлийн үндсэн бүрэлдэхүүнийг шууд орхиод зөвхөн зүйл заалтын хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн бүрэлдэхүүнийг заагаад “Энэ гэмт хэргийг” (2т) гэж хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлж өгчээ. Хэрвээ хуулийн 1 дэх хэсгийг 2 дахь хэсэгт хамаарахгүй гэж үзсэн бол энэ гэмт хэргийг үндэслэлгүй гэх заалт оруулах шаардлагагүй юм. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирлын хэмжээг заасан зүйл огт байхгүй. Ямар үндэслэлээр машин механизм ашигласан бол хохирлын хэмжээ хамаарахгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдлаар шийдвэрлэнэ гэдгийг огт тайлбарлаж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэснээр 100 төгрөгийн эд зүйл хулгайлсан ч үндсэн бүрэлдэхүүн хамаарахгүйгээр шууд хүндрүүлээд шийднэ гэдэг агуулга бүхий дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгажээ. Хууль тогтоогч хуулийг буруу хэрэглэх, хуулийн цоорхойг ашиглах болзошгүй тул хохирлын хэмжээг Эрүүгийн хуульд тусгаж, хохирол бага тохиолдолд зөрчлийн тухай хуулиар шийтгэхээр хуульчилж өгчээ. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч А.Ганзоригийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан байна. Иймд сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч А.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол тайлбартаа: “...Шүүгдэгч А.Ганзоригийг анхан шатны шүүхээс машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугаа хүлээж хохирлоо бүрэн барагдуулсан ба өмнө гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарч 07 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдуулж хорих ялыг сольж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тал дээр бол ямар нэгэн санал байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 01 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.Ганзоригт холбогдох эрүүгийн 2033001030061 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянавал:

Шүүгдэгч А.Ганзориг нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчим 72-26 ДАХ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баяндарь” ХХК-ийн тариалангийн талбайгаас 0.160 тонн түрүүтэй будаа хулгайлж “Баяндарь" ХХК-нд 104.000 /нэг зуун дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч хохирлын хэмжээ бага учраас Эрүүгийн хуулиар бус Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэж давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад давж заалдах гомдлын агуулгаа өөрчилсөн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Ганзоригоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлж холбогдох баримтаа ирүүлсэн болохыг дурьдав.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Т.Буманзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнийг бүрэн төлж барагдуулсан байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан шүүгдэгч А.Ганзоригт оногдуулсан 01 жил 10 хоногийн хорих ялыг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 01 жил 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай  шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр  зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.Ганзоригт 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэснийг дүйцүүлэн 01 жил 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Ганзоригийг 01 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаанд Сант сумаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг хязгаарлаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг хяналт тавьж ялыг эдлүүлэхийг даалгасугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Ганзоригоос тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.      

3.Шүүгдэгч А.Ганзоригт урд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх авсугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

  ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                           Б.ЭРДЭНЭХИШИГ