Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 67

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч И.*******,

гэрч Б.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт гийн *******т холбогдох эрүүгийн 2017 0108 0180 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******анд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Улаанбаатар хот *******,******* тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан ба мөн шүүхийн шүүгчийн 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжаар хяналтанд байх хугацаандаа захиргааны зөрчил гарган 2 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн******* дугаартай, ******* овогт гийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны орой 21 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар байр 46 тоот гэрт нь дуудлагаар ирсэн ******* дэх Цагдаагийн хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад И.Еркегүлийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж төрийн албан хаагчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 17-ны орой 21 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар байр 46 тоот гэрт нь дуудлагаар ******* дэх Цагдаагийн хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад И.******* хууль сахуулагчийн албан үүргээ биелүүлэхээр ирснийг эсэргүүцэж, хүч хэрэглэн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Еркегүлийн өгсөн: “Би олон нийтийн цагдаа Батцэрэнтэй очсон. Гал тогооны өрөө нь жижиг байсан. Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нь хангах үүднээс гал тогооны шургуулгийг нь онгойлгуулахгүй гээд түлхсэн чинь “муу янхан минь” гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь олон нийтийн цагдаа гавлах гээд дарсан. Тусгай багаж хэрэгсэл хэрэглэх зааврын дагуу гавласан. Гавласан байхад ******* элдвээр хэлж орилож байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.*******ын  өгсөн: “******* хүү олон хоногоор архи уугаад элдвээр хэлээд байсан. Бараг 20 хоног шахам архи уусан. Олон хоногоор архи уугаад байхаар нь архинаас нь хөндийрүүлэх санаатай цагдаа дуудаад өгчихдөг байсан. Цагдаа 111 юм уу Мааньт руу ачдаг байсан юм. Тэр үед мөн архинаас нь хөндийрүүлэх санаатай *******ийг унтаж байхад нь цагдаа дуудсан юм. Дуудлагаар эмэгтэй, эрэгтэй 2 цагдаа ирсэн. Тэгээд *******ийг унтаж байхад нь эмэгтэй цагдаа “бос чамайг авч явах гэж байна” гэж хэлэхэд нь толгой руу нь цохиж авсан. Эмэгтэй цагдаагийн зүүн нүднийх нь дээд талд нь бага зэрэг хавдсан, улайсан байсан. Тэгэхээр нь эрэгтэй цагдаа нь гал тогоо руу авч ороод *******ийн цээжин талд нь өвдгөөрөө дараад гавлах гээд ноцолдож байсан. Би өөрөө орон дээрээ сууж байсан. Тэгэхээр нь би цагдаа хүүд “Наад архи уусан хүн чинь хурдан үхнэ шүү, чи өөрөө хэрэгт орно зөөлөн хандаарай, ширүүн хандаж болохгүй шүү” гэж хэлсэн. Ноцолдож байхад нь нэмэлт цагдаа нар ирсэн. Тэгэхэд л би хүүгийнхээ мөрийг гэмтсэн байна гэж бодсон. ******* цагдаагийн газраас ирээд ээжээ миний цээж өвдөөд байна гэхээр нь би “чи яавал гэж” хэлсэн. Дараа нь хэд хоног архи уугаад хөл, гар нь татаад байхаар нь түргэн дуудаж, өрхийн эмнэлэг дээр очоод хорлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Нэг эмч нь орж ирээд “танай хүүгийн чинь эгэм нь хугарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би эгэм нь хугарсан байна гэж мэдсэн. Эгэм нь хугарсанд гомдолтой байна. Эд мөнгөөр зөндөө хохирсон. Цагдаа нар гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн байна лээ. Эмнэлэг нь ор хоногийн мөнгө гээд мөнгө авсан. Би 7 дугаар сарынхаа тэтгэврийн зээл авч бүх мөнгийг нь өгсөн. Дараа нь хохирогч охинтой уулзаад “эмээ нь нүдний шилийг нь төлж өгье” гэхэд би нүдний шилээ хийлгэчихээд таньд хэлье гэсэн. Дараа нь прокуророос намайг дуудаад “нүдний шил нь 50.000 төгрөг болсон, та төлөөрэй” гэхээр нь төлж өгсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.*******ийн сэжигтэн яллагдагчаар өгсөн: “...Ямар хэрэг хийгээд эрүүлжүүлэхэд хоносоноо мэдэхгүй байна. Би болсон хэргийн талаар юу ч санахгүй байна. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир юу болсныг санахгүй байна. Надад цохиулсан гэх цагдаагаас дахин дахин уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33-37 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч И.Еркегүлийн өгсөн: “Миний бие 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах дэслэгч  Б.Отгонжаргал, олон нийтийн цагдаа П.Батцэрэн нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Чулуут 10-аас 21 цаг 20 минутад “Налайх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар байрны 46 тоотод ******* агсам тавиад байна” гэсэн дуудлага хүлээн авч 5 дугаар байрны гадна очиход дуудлага өгсөн эмэгтэй тосч уулзсан. 2 давхар руу гарч дуудлага өгсөн айл руу ороход ******* гэх том өрөөнийхөө шалан дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Дуудлага өгсөн эмэгтэй “******* нь олон хоног архи ууж байна. Иймд та бүхэн зохих газар нь аваачиж эрүүлжүүлэх шаардлагатай байна” гэсний дагуу олон нийтийн цагдаа *******ийг босгож “хувцасаа өмс” гэсэн шаардлагыг тавихад гутлаа өмсөхгүй ээжийгээ хэл амаар доромжлоод байсан. Олон нийтийн цагдаа энэ байдлыг таслан зогсоож гутлыг өмсүүлсэн. Бид хэд *******ийг том өрөөнөөс авч гарахад гал тогооны өрөө рүү орж гал тогооны өрөөний шургуулгыг онгойлгох гэхэд би хутга, мэс авч магадгүй гэж сэрэмжлээд шүүгээнээс холдуулж түлхсэн чинь эргэж хараад намайг “янхан минь” гээд миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Дахиад цохих гэхэд нь олон нийтийн цагдаа Батцэрэн болиулж газар унагаж гарыг нь ард нь гавласан. Энэ байдлыг Чулуут 10-т мэдэгдэж хөдөлгөөнд эргүүлд дуудлага өгөхөд хөдөлгөөнд эргүүлийн 2 цагдаа ирж *******ийг авч явсан. ******* тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонжаргалын өгсөн “...******* агсан тавиад байна гэх дуудлагын дагуу очсон. Батцэрэн, ******* 2 дуудлага руу орсон. Хэсэг хугацааны дараа ******* 2 давхраас “намайг цохьчихлоо шүү дээ” гэж хөдөлгөөнд эргүүлийн 112 чиглэлд дуудлага өгч байхаар нь би залгаад “яасан бэ юу болсон бэ” гэхэд “намайг цохьчихлоо” гэхээр нь би дээш гарч харахад дуудлага өгсөн айлын үүдэн дээр ******* нүдний шилээ барьчихсан зүүн нүдний орчим улайж хавдсан байдалтай зогсож байсан. Нүдний шилний зүүн талынх нь шил рамнаасаа мултраад унасан, рам нь бага зэрэг гажсан байдалтай харагдсан” гэх мэдүүлэг

/хх-ийн 13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч П.Батцэрэнгийн өгсөн: “...******* гал тогооны өрөө рүүгээ шүүгээ рүүгээ ойртож байгаа харагдсан. Энэ үед ******* хажуу тийш нь түлхсэн чинь “муу янхан минь” гээд нүүрэн тус газар гараараа цохиод дахиад цохих гэхэд нь би хойноос нь татаж газар унагаагаад дээрээс нь дарж байгаад хоёр гарыг нь ард нь гавласан. Хэсэг хугацааны дараа харахад Еркегүлийн зүүн нүдний хөмсөгний хэсэгт болон нүдний орчимд улааж хавдсан харагдсан. Тухайн үед цохиулсны улмаас нүдний шил газар унасан. Сүүлд нь харахад нүдний шилнийх нь зүүн талынх нь шил байхгүй байгаа харагдсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ү.Амгаланбатын өгсөн: “...******* хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага ирснийг хүлээн авч очиход ******* гэх этгээдийг ард нь гавласан, ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг авч эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Еркегүлийг харахад зүүн нүд улайж хавдсан харагдсан. Миний нүдний шилийг хагалсан гээд харуулахад нь харахад нүдний шилнийх нь зүүн талынх нь шил харагдахгүй, тусад нь барьж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08 шэ/265 дугаар:

“1. Еркегүлийн биед тархи доргилт, зүүн хөмсгөнд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 38 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 52 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 62 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 63 дугаар тал/

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 65-67 дугаар тал/

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийн хуулбар

/хх-ийн 68 дугаар тал/

Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-ийн 69 дүгээр тал/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******ийн “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэм буруутай үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангасан байна.

Гэхдээ оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх бөгөөд /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/ Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн/ болгон өөрчилж зүйлчилж, С.*******т тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэлэлтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан боловч мөн хуулийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан ба эдгээр нь хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч ******* дэх Цагдаагийн хэлтсийн Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад И.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч С.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******т ял оногдуулахад учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт гийн *******т Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт гийн *******ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан С.*******ийг ялаас чөлөөлсүгэй.

4. С.******* нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нүдний шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ