Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0244

 

 

 

  

    2023           03           20                                        128/ШШ2023/0244

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.О******,

Нэхэмжлэгч: М.Б****,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б********,

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Н.О******, М.Б**** нар нь Нийслэлийн Засаг дарга,  Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд тус тус холбогдуулан “Гэр хорооллыг хөгжүүлэх Сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тодруулж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгах”-аар нэмэгдүүлсэн.

          2.Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2022/5770 дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6140 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          3.Нэхэмжлэгч Н.О******, М.Б**** нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/449 дүгээр захирамжаар батлагдсан байдаг.

          Энэ журмын дагуу Н.О******, охин М.Б**** нар Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд журамд заасан 14 ширхэг материалыг бүрдүүлэн өгсөн болно.

          Нийслэлийн Засаг дарга болзол хангасан иргэдийн төлөөлөл гэж үзэж 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууц барьсан Ю* Э* Э* Т****компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар, Нийслэлийн Засаг дарга олон нийтийн нүдэн дээр /бүх телевиз, сошиал сувгаар цацаж түлхүүр гардуулж өгсний үндсэн дээр Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Ш****-Ө****хотхоны ***-р байрны * тоотод орж өнөөдрийг хүртэл амьдарч байна.

        Нийслэлийн гэр Хорооллын дэд бүтцийн газраас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр журмын дагуу зээлийн урьдчилгаа 30 хувь авах нөхцөлийг хангасан, 70м.кв-аас ихгүй 1м.кв-ийн үнэ 2 сая төгрөг хүртэл байх орон сууцнаас сонгон авах байрны урьдчилгаа 30 хувийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх боломжтой гэсэн хариу өгсний дагуу дээрх бичгийг Г***** Б***инд хүргэн өгснөөр зээлийг судлуулсан.

          Г***** Б***ны зээлийн хороо 88,0 сая төгрөг буюу орон сууцны ипотекийн зээл олгохоор 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн Нийслэлийн Засаг Дарга урьдчилгаа төлбөр 30%-ийг гаргаж өгөхгүй байгаа болно. Гэр хорооллын Дэд Бүтцийн газар хурал удахгүй болно, мэргэжилтэн солигдсон, Засаг дарга солигдсон, Дэд Бүтцийн газар нүүсэн гэх шалтгаануудаар хариу өгөхгүй байсаар удаасан. Таны материал асуудалгүй, хурал болохоор би өөрөө утасдана гэж тухайн мэргэжилтэн нь хэлж байсан гэх зэргээр хүлээлгэж байгаад гэнэт л 2019 онд кадастрын мэдээлэл зөрүүтэй гэх болсон. Кадастрын зөрүүг Газрын албан дээр очиж лавлаж лавлагааг гаргаж өгсөн. Газрын алба программын шинэчлэлт хийгдэхэд алдаа гарсан гээд лавлагаа гаргаж өгсөн. Дараа нь газрын хэмжээ өөрчлөгдсөн гэсэн шалтгаан хэлсэн. Газрын хэмжээ нь журамд заагдсаны дагуу 0,0400 га байсан.

          Банк намайг ипотекийн зээл авах насны хязгаараа давсан гэсэн учир өөрийн охин М.Б****гийн нэр дээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 0,0618 га газраасаа журмын заалтад нийцүүлэн 0,0400 га газар, өвлийн сууцаа охиндоо шилжүүлэн өгсөн болно. Дараа нь одоогоор санхүүжилт байхгүй, санхүүжилт орж ирэхээр таны материалыг хурлаар оруулж өгнө гэж мэргэжилтэн нь хэлсэн. 2017 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын Дэд Бүтцийн Газар, Нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа бичгээр хандсан боловч ямар нэг арга хэмжээ авч өгөөгүй.

          Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Улсын Дээд Шүүх нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд захиргааны байгууллагын /хууль бус/ эс үйлдэхүйтэй холбоотойгоор захиргааны маргаан үүссэн байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Одоо би уг байрандаа амьдарч байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга Сангийн хороогоо хуралдуулж орон сууцны зээлийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 30%-ийг гаргаж өгөхгүй байгаа учир өдөр бүр Г***** Б*** урьдчилгаагаа төлөхийг шаардаж шүүхдэж маш хүнд дарамтад амьдарч байна. Иймээс энэ асуудлыг Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хороог хуралдуулж орон сууцны ипотекийн зээлийн 30%-ийг нийслэлийн Засаг даргаар гаргуулах шийдвэр гаргуулж өгнө үү.” гэжээ.

          4.Нэхэмжлэгч Н.О****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “2017 оны 6 дугаар сард Гэр хорооллыг хөгжүүлэх, хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам батлагдсан. Энэ журмын дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Тэрнээс хойш сангийн хурал болоогүй байна, Засаг дарга солигдсон, нүүдэл суудал хийж байна гэх мэт шалтгаанаар хурал болоогүй байна, та хүлээж бай гэсэн хариулт өгөөд байсан. Журмын дагуу материалуудаа бүрдүүлж өгсөн байхад хурлаар миний материал ороогүй гэсэн шалтгаануудыг тоочиж байсан. Газар зохион байгуулалтын албанаас кадастрын дугаар зөрүүтэй гэсэн шалтгааныг Нийслэлийн захирагчийн алба хэлсэн.

          Газар зохион байгуулалтын албанаас кадастрын программд алдаа гараад асуудал гарсан байна гэсэн албан бичгийг авч өгсөн. Миний материалыг бүрэн гүйцэд байна гээд надад түлхүүр гардуулж өгөөд, би одоо тэр байрандаа 2017 оноос хойш амьдарч байгаа. Урьдчилгаагаа авчихвал ипотекийн зээлд хамрагдах шаардлагатай байна. Гэтэл урьдчилгааг маань сангаас шийдвэрлэж өгөхгүй байгаагаас шүүхэд хандсан.” гэв.

          5.Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

          Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталсан.           

         Нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн удирдах хорооны зөвлөлийн хурлаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

          "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох" журамд шаардлага хангасан иргэн, холбогдох баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэн Сангийн удирдах хороонд хүргүүлэх ба түүнийг хорооны Ажлын алба /журмын 2.5 дахь заалт/ хянан шалгаад шаардлага хангасан бол Сангийн удирдах хорооны хуралд оруулах, хорооны санхүүжилт олгох саналыг албажуулан Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх, улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч эцсийн шийдвэр гаргахаар заасан.

         Нэхэмжлэгч Н.О******, түүний охин М.Б**** нараас Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт 2017 оны 7 сард хандсан, материалыг шалгахад Н.О******, нэхэмжлэгчийн охин М.Б**** нарын өмчлөлийн газрын хэмжээ /Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамж, *** тоот/ 641 м.кв газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болж өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зөрчил илэрсний улмаас Сангийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэх боломжгүй байдалд хүрсэн учир Гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч нарын хүсэлтийг огт хэлэлцээгүй.

          Н.О******, М.Б**** нарт энэ тухай утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үеэс хойш Сангийн удирдлагын хорооны хурал удаа дараа болоход нэхэмжлэгч баримт бичгийн үнэн зөв бүрдлийг хангуулж өгөөгүй. Мөн энэ шалтгааны улмаас хүсэлтийг Сангийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцээгүй тухай Н.О******т 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 02/646 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн охин М.Б****д “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамж, *** тоот 641 м.кв газрыг нийслэлийн газрын санд авч гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх боломжтой тул орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкуудаар судлуулж болно" гэх байдлаар мэдэгдсэн албан бичиг бөгөөд урьдчилгаа төлбөр олгох шийдвэр биш.

          Нэхэмжлэгч Н.О****** нь төслийг хэрэгжүүлэгч Ю* Э* Э* Т****ХХК-тай биднийг албан бичгээр хариу өгөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан байсан нь манай газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 тоот албан бичгийг үндэслэл болгож гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаас харвал Нийслэлийн Засаг даргын 2012 оны A/1113 дугаар захирамжаар иргэн Б.Б****д 641 м.кв газар өмчлүүлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газрын мэдээллийн санд Б.Б****гийн өмчлөлийн газрын хэмжээ 400 м.кв болж өөрчлөгдсөн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/2209 дугаартай Г***** Б***наас Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт хандсан Зээлийн шийдвэрийн тухай албан бичигт "...Манай банкны зээлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч М********* овогтой Б*****, Н******** овогтой О********, М********* овогтой О****-Ү****нарт 88.000.000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн" гэснээс үзвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэхэмжлэгчид зээлийн урьдчилгаа олгох тухай захирамж гараагүй байхад банк иргэнд зээл гаргасан байна. Энэ нь "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам"-ын дагуу нэхэмжлэгчид зээлийн урьдчилгаа 30 хувийг хариуцагч өгөх үүрэг үүссэн гэж үзэхгүй.

          Нэхэмжлэгч нар нь Гэр хорооллын дэд бүтцийн газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан атлаа баримт бичгийн бүрдэл хангаж дээр заасан зохих зөрчлөө арилгуулсан гэх баримтаа ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тус тус заасны дагуу тухайн газрыг захиран зарцуулах эрхийн хүрээнд өмчлөл буюу эзэмшил, ашиглалтдаа байгаа газраа өөрсдийн хүсэлтээр Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болох 641 м.кв газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зэрэг зөрчил илэрч байсан тул Нийслэлийн газрын санд ямар хэмжээний газрыг өгөх нь ойлгомжгүй болсон.

         Нэхэмжлэгч болон түүний охин нарын өмчлөлийн гэх газар нийслэлийн газрын санд шилжээгүй, нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөр олгох тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр огт гараагүй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд нийцэх акт бөгөөд нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаа төлбөр олгох шийдвэр биш.

          Иймээс "Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам"-ийн 4.1.4, 5.1.5-д заасны дагуу иргэний өгсөн материалыг шаардлагад нийцэхгүй гэж үзэж Сангийн удирдах хорооны хурлаар оролцуулаагүй бөгөөд журмын 5.4-т заасан шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчид урьдчилгаа олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын А/449 дугаар захирамжаар гэр хорооллыг дэмжих зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийг тодорхой журамд заасан шалгуур хангасан иргэдэд олгохоор журам боловсруулагдсан. Үүнтэй холбогдуулаад иргэдээс өргөдөл авдаг. Энэ өргөдлийг нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сард анх гаргасан байдаг. Нэхэмжлэгчид журмын дагуу судлаад үзэхэд материал нь тодорхой хэмжээний бүрдэл хангаж байсан гэдэг утгаараа зээл олгох тухай хариу өгсөн байдаг. Зээл олгоё гээд явж байх хугацаанд банкин дээр нэхэмжлэгчид банкнаас тодорхой хэмжээний зээл олгох тодорхой шаардлага хангахгүй байна, тийм учраас өөрийн нэрээсээ болиод өөрийн охин М.Б**** дээрээ зээл судлуулъя гээд дахиад өргөдлөө өөрчлөөд журамд заасны дагуу 400 м.кв газраас багагүй байх ёстой гээд Б.О******** өөрийн эзэмшлийн газраа 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газрын мэдээллийн санд өөрчлөлт хийгээд өөрийн охин М.Б****дээ газрыг хоёр хувааж өгсөн байдаг.

          Журамд заасны дагуу журмын сангийн ажлын албаны үүргийг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар тухайн үед хийдэг байсан, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар өргөдлийн дагуу журамд заасан шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг М.Б**** дээр эхлээд судалж явуулсан. Судалж явуулахад тухайн журмын 4.1.3 дахь хэсэгт Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, нэг, хоёрдугаар бүсэд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суух буюу тухайн хаягтаа нэгээс доошгүй жил оршин байхыг шаардсан байдаг. М.Б**** нь энэ шаардлагыг хангахгүй байна гэдэг байсан учраас сангийн хорооны хуралд Орон сууцны дэд бүтцийн газрын тухайн үед асуудал хариуцсан мэргэжилтэн шалгах явцдаа сангийн хорооны хуралд энэ асуудлыг огт оруулаагүй.

          Сангийн хорооны хуралд огт оруулаагүй болохоор сангийн хорооны гишүүд энэ асуудлаар огт хэлэлцээгүй учраас нэхэмжлэгч нартай холбогдолтой зээлийн урьдчилгааг олгох, эс олгох талаар ямар ч шийдвэр сангийн хорооноос гараагүй. Сангийн хорооноос ямар нэгэн шийдвэр гараагүй учраас нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч нартай ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг олгох талаар Нийслэлийн Засаг даргын захирамж огт гараагүй. Ийм байгаа тохиолдолд нэхэмжлэгчид орон сууцны 30 хувийн зээлийн хөнгөлөлт олгох боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Н.О******, М.Б**** нараас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сан, нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр маргасан.

          2.1. Н.О******, М.Б**** нар Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын дагуу материалыг бүрдүүлэн өгч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууц барьсан компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Ш****-Ө****хотхоны ***-р байрны * тоот орон сууцны түлхүүр гардуулан өгсөн.

          2.2.Г***** Б*** 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 88.000.000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн боловч Н.О******ийг ипотекийн зээл авах насны хязгаараа давсан гэсэн учир өөрийн охин М.Б****гийн нэр дээр материалаа бүрдүүлэн өгч 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 0,0618 га газраасаа журмын заалтад нийцүүлэн 0,0400 га газар, өвлийн сууцаа охиндоо шилжүүлэн өгсөн болно.

          2.3.2017 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа бичгээр хандсан боловч одоогоор санхүүжилт байхгүй, санхүүжилт орж ирэхээр таны материалыг хурлаар оруулж өгнө гэж мэргэжилтэн нь хэлж байсан боловч шийдвэрлээгүй.

          3.Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд холбогдуулан гаргасан Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар.         

          3.1. Нэхэмжлэгч Н.О******, түүний охин М.Б**** нараас Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт ипотекийн зээлийн урьдчилгаа авах хүсэлт гаргахад тус газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр /х.х-ийн 14 дэх тал М.Б****д “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамж, *** тоот 641 м.кв газрыг нийслэлийн газрын санд авч гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн.

          3.2. Нэхэмжлэгч Н.О****** нь төслийг хэрэгжүүлэгч Ю* Э* Э* Т****ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. /х.х-ийн 15 дахь тал/

          3.3.Г***** Б***ны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/2209 дүгээр албан бичгээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт “... зээлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч М.Б****, Н.О******, М.О****-Ү****нарт  88,000,000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн буюу орон сууцны ипотекийн зээл олгохоор 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр шийдвэрлэсэн. ...орон сууцны урьдчилгаа төлбөрийг Г***** Б***инд шилжүүлэх ...” талаар мэдэгджээ.

          3.4.Орон сууцны дэд бүтцийн газар /хуучнаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар/-т гаргасан М.Б****, Н.О****** нарын хүсэлтэд тус газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02/646 дугаар албан бичгээр “... М.Б****гийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр судлах явцад М.Б****гийн өмчлөлийн ... 400м.кв газрын хэмжээ нь газрын кадастрын мэдээлэлтэй зөрүүтэй байсан тул сангийн удирдах хорооны хурлаар хэлэлцээгүй... Дараа оны төсөвт санхүүжилт тусгагдан төсөл цаашид хэрэгжсэн тохиолдолд ... хэлэлцэн шийдвэрлэх боломжтой” гэх хариуг өгчээ. /х/х-ийн 53 дахь тал/

          3.5.Тодруулбал, хариуцагч Орон сууцны дэд бүтцийн газар нь Н.О******, түүний охин М.Б**** нараас Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт анх хүсэлт гаргасан өмчлөлийн 641 м.кв газрын хэмжээ 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болж өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зөрчил илэрсэн гэж хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан.

          3.6.Уг зөрчлийг хянан үзсэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 15/1658 дугаар албан бичгээр М.Б****, Н.О****** нарт “... газрын мэдээллийн санд зураг зөрүүтэй байгаа тухай гомдлыг судалж үзлээ. ...Газрын мэдээллийн санд байгаа зурган мэдээллийг нэг тусгагаас нөгөө тусгагт хөрвүүлэх явцад өмнө нь байсан зарим мэдээлэл устсан тул шинэчлэн UTM тусгагт хөрвүүлж байгаа болно. Та бүхний мэдээллийг 9 дүгээр сарын 05-ны өдөр шинэчлэн оруулсан.” гэх хариу өгчээ.

          3.7.Нийслэлийн Засаг даргын 2012 оны A/1113 дугаар захирамжаар иргэн Б.Б****д 641 м.кв газар өмчлүүлсэн бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газрын мэдээллийн санд Б.Б****гийн өмчлөлийн газрын хэмжээ 400 м.кв болж өөрчлөгдсөн шалтгаанаа нэхэмжлэгч Н.О****** “Банк намайг ипотекийн зээл авах насны хязгаараа давсан гэсэн учир өөрийн охин М.Б****гийн нэр дээр материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 641 м.кв газраасаа журмын заалтад нийцүүлэн 400 м.кв газар, өвлийн сууцаа охин М.Б****д  шилжүүлэн өгсөн” гэж тайлбарладаг.

          3.8. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас нэхэмжлэгч нарын ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр газрын мэдээллийн санд Б.Б****гийн өмчлөлийн газрын хэмжээ 400 м.кв болж өөрчлөгдсөн, журмын 4.1.3 дахь хэсэгт Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, нэг, хоёрдугаар бүсэд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суух буюу тухайн хаягтаа нэгээс доошгүй жил оршин суусан байх шаардлагыг М.Б**** хангахгүй байна гэж үзэн сангийн хорооны хуралд огт оруулаагүй гэж тайлбарладаг.

          3.9.Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 4.1-т Сангийн хөрөнгөөс ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг нь төлөх иргэн дараах шаардлагыг хангасан байна, 4.1.3-д “нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, нэг, хоёрдугаар бүсэд сүүлийн нэгээс доошгүй жил оршин суусан байх”,  4.1.4-т “өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа байгаа газрыг Нийслэлийн Газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байх”, 4.1.5-д “энэ журмын 4.1.4-т заасан газрын хэмжээ 0,04 га-гаас багагүй байх” шаардлагыг нэхэмжлэгч  Н.О******, түүний охин М.Б**** нар бүрэн хангасан.

          3.10.Дээрх журмын  5.1-д заасны дагуу /уг журамд нийслэлийн Засаг даргын 2 дугаар сарын 28-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар өөрчлөлт орсон/ нэхэмжлэгч нараас өгсөн баримт шаардлагад нийцэж байхад журмын 5.2-т “Сангийн удирдах хорооны ажлын алба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг ажлын 14 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан тохиолдолд асуудлыг Сангийн удирдах хорооны хуралдаанд оруулах” үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

           Иймд нэхэмжлэгч нарын Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

        4.Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар.

          4.1.Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.”гэр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1.”төлөвлөлт, төсөв, санхүү, бүртгэл тооцооны талаар:

а/Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; б/харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах;“ чиг үүргийг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

          4.2.Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр захирамжаар /2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар журамд нэмэлт өөрчлөлт оруулсан./ /х.х-ийн 46, 51 дэх тал/ Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг баталсан.

          4.3.Нэхэмжлэгч нарын хүсэлтийг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хорооны хуралд огт оруулаагүй, сангийн хорооны гишүүд энэ асуудлаар огт хэлэлцээгүй гэж нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг. Түүнчлэн нэхэмжлэгч нараас 2017 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн Газар, нийслэлийн Засаг дарга нарт удаа дараа бичгээр хандсан боловч ямар нэг арга хэмжээ авч өгөөгүй гэх боловч нийслэлийн Засаг дарга Гэр хороолын дэд бүтцийн газрын шийдвэргүйгээр ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг олгох талаар шийдвэр гаргах боломжгүй.

          4.4.Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмын 5.3-д “Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох саналыг Сангийн удирдах хороо гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулан ажлын 3 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ”, 5.4-д “Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасан үүргээ нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй, үйлдэл эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

4.5.Иймээс нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

         5.Нэхэмжлэгч нарт орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг олгох талаар Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангийн шийдвэр болон нийслэлийн Засаг шийдвэр гараагүй боловч нийслэлийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Н.О******т орон сууцны түлхүүрийг гардуулан өгч, уг орон сууцандаа амьдарч байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х/х-ийн 97-98/

          6.Иймээс эдгээр нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч Н.О******, М.Б**** нараас хариуцагч Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд /хуучнаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгаж, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а,б-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О******, М.Б**** нараас хариуцагч Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд /хуучнаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийг санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх санд даалгаж, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилт олгох шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН