| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/2122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2439 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2439
2025 10 23 2025/ШЦТ/2439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч .............., түүний орчуулагч Ч.Т,
шүүгдэгч Н.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн даргаар Э.Золзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2503005590915 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овогт Н.З
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... оршин суух хаягтай,
урьд: 2017.02.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх,
2000.01.18-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,
2023.01.24-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 11.4-1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2023.06.26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 11.6-1 дэх хэсэгт заанаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.З нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” гэх нэршилтэй кино театрын урд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр ............ загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай зам хөндлөн гарч явсан зорчигч болох хохирогч ОХУ-ын иргэн, 23 настай, эрэгтэй ............ /............../-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Н.З нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Самбуугийн гудамжинд байрлах “Тэнгис” гэх нэршилтэй кино театрын урд тээврийн хэрэгсэл зорчих замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “............” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 16.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай тээврийн хэрэгсэл зорчих замыг хөндлөн гарч явсан зорчигч хохирогч ОХУ-ын иргэн, 23 настай, эрэгтэй ............... /................./-г мөргөж, улмаар бие махбодид нь “зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч .............. /................/-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би Сүхбаатарын талбайн баруун талаас цахилгаан дугуй түрээслэж унасан. Улмаар Тэнгис кино театрын урд талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүмүүсийн хамт хүлээж зогсож байтал машинууд зогсож явган хүмүүст зам тавьж өгсөн. Улмаар би явган хүмүүс гарч эхлэхэд тэр хүмүүстэй цуг явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бөгөөд 1,2 дугаар эгнээг өнгөрөөд 3 дугаар эгнээнд явж байтал зүүн гар талаас хар өнгийн ............ маркийн ........... дугаартай автомашин ирээд миний унаж явсан цахилгаан дугуйны урд дугуйг мөргөчихсөн. Мөргөсний улмаас миний унаж явган цахилгаан дугуй бүтэн эргээд би газарт уначихсан. 5 минутын дотор цагдаа маш хурдан ирсэн бөгөөд дараа нь 10 минутын дотор түргэн тусламж ирсэн... Явган зорчигч нартай хамт зам хөндлөн гарч байсан...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Ослоос шалтгаалж эгэм хугарч мэс засалд орж хадуулсан...мөргөсөн жолооч эмчилгээний зардлыг барагдуулаагүй байгаа... Сэтгэл санааны хохирол, ажилгүй байх хугацааны цалин, эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... .......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин... Эвдрэл учраагүй... үнэлгээ хийлгэх шаардлагагүй... надад нэхэмжлэх зүйл байхгүй...би хохирлыг барагдуулахгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 32 дугаар хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7065 дугаартай: “1. ............. биед зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.5. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар 16-ны өдрийн 2120 дугаартай: “1. ............ /РД: ................, 23 настай, эрэгтэй/-н сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 290 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Бын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 882 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" /хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/
-102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Н.З нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлаагүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөнд оролцохдоо осол аваар гаргахгүй байж чадна гэж хайхрамжгүй хандан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Тиймээс шүүгдэгч Н.Зын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Самбуугийн гудамжинд байрлах “Тэнгис” гэх нэршилтэй кино театрын урд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд, явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “............” загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замыг хөндлөн гарч явсан зорчигч болох хохирогч ОХУ-ын иргэн, 23 настай, эрэгтэй ............... /................./-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Н.Зод ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус үйлдэл осол аваар гарахад нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн, урьд удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан болон 52 настай болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирол төлбөр төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зод оногдуулсан эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд хуульчилснаар тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг дурдав.
Бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь “...Иргэний тухай хуулийн 499.4 дүгээр зүйлд “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэх хуульчилсан байдаг. Иймд тус зохицуулалтаар бусад төлбөрийн иргэний хариуцагч барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйл заалт нь Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалт буюу ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн иргэний эрх зүйн гэм хорын зохицуулсан заалт байх ба иргэний хариуцагч буюу машины эзэмшигч Л.М нь сайн дураараа өөрөө зөвшөөрч жолоог шилжүүлээгүй, тээврийн хэрэгсэлээ худалдан борлуулж, улмаар худалдан авсан этгээд нь шүүгдэгч Н.Зод жолоог шилжүүлсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...би унаж байгаад хохирогчид хохирол учруулсан тул өөрөө хохирлоо төлж барагдуулна” гэсэн болно.
Хохирогч .......... нь эмчилгээний зардалд нийт 3.062.620 төгрөг, Монголд байх хугацаандаа оюутны байранд байрласан 60 хоногийн төлбөрийн тооцоо 340.000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон ба шүүгдэгч Н.Зоос нийт 3.402.620 төгрөгийг гаргуулан, хохирогч ............-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн хохирогч ..............-н зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660.000*5=3.300.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 6.702.620 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 6.702.620 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг Н.Зын өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч ..............-д 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирогч .............-н мэдүүлгийг үндэслэн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогтой Н.Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Зыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Зод оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зод оногдуулсан эрх хасах ялыг, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч ................ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зоос нийт 6.702.620 /зургаан сая долоон зуун хоёр мянга зургаан зуун хорин/ төгрөгийг гаргуулан, хохирогч ................ /.........../-д олгож, 6 /зургаа/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ