Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль ХХК/БСБ/ /РД: 9107509/

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайдын хоорондын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний А/296 дугаар тушаалын Чингис хаан дээд сургууль-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, Б.Раднаасүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чойсүрэн, Т.Туяацэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль ХХК/БСБ/ нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ны А/296 дугаар тушаалын Чингис хаан дээд сургууль-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актаар, Монгол улсын Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай 293 дугаар тогтоол, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны А/446 дугаар тушаалаар байгуулагдсан "Боловсролын баримт бичигт шалгалт хийх ажлын хэсэг", 2022 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох ажлын хэсэг"-ийн дүгнэлтийг тус тус үндэслэн Чингис хаан дээд сургууль-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6/3994 тоот албан бичиг буюу ажлын хэсгийн дүгнэлтийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдад хандан гомдлоо шуудангаар илгээсэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр буцаагдсан гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Эн Ай Ти-Чингис хаан дээд сургууль ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

4.1 Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдахаар хуульчилсан бөгөөд захиргааны шийдвэр бүр хуулийн хэм хэмжээг, тодруулбал тухайн үйл баримтад тохирсон хэм хэмжээг үндэслэн гарах учиртай.

Гэтэл Сайд 2022 оны Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/296 тоот тушаалыг батлан гаргахдаа Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/446 дугаар тушаалаар байгуулагдсан Боловсролын баримт бичигт шалгалт хийх ажлын хэсэг-ийн дүгнэлт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох ажлын хэсэг-ийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.

Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргахаар заасан байна. Манай сургууль нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тусгай зөвшөөрөл нь 5 жилийн хугацаанд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, 2023 оны 8 дугаар сард дуусгавар болохоор байна. Гэтэл Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсгийг баримтлан манай Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй байхад манай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.2 Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн цуцална. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т "тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага удаа дараа буюу ноцтой зорчсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэжээ.

Сайдын баталсан ажлын хэсэг болох 2021 оны А/446 дугаар тушаалаар байгуулагдсан Боловсролын баримт бичигт шалгалт хийх ажлын хэсэг болон 2022 оны 6197 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох ажлын хэсэг дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд түүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ мөн хуулийн 9.2-т "Мэргэжлийн хяналтын байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ гэж зааснаас үзэхэд Сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг-ийг мэргэжлийн хяналтын байгууллага-тай адилтган үзэх боломжгүй нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, Сайдын баталсан ажлын хэсэг болох 2021 оны A/446 дугаар тушаалаар байгуулагдсан Боловсролын баримт бичигт шалгалт хийх ажлын хэсэг болон 2022 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох ажлын хэсэг-ийн дүгнэлт нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар тогтоосон журмыг баримталсан Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт биш болно.

Иймд Сайдын тушаал нь Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн болох нь тогтоогдсон гэх эрх зүйн урьдчилсан нөхцөлийг хангаагүй байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон дүгнэлтийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар "Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт"-ийн загварыг баталсан байдаг.

Гэтэл Сайдын байгуулсан Ажлын хэсгээс гаргасан дүгнэлт нь энэ загварын дагуу гараагүй байгаа нь тухайн дүгнэлт нь мэргэжлийн хяналтын байгууллага-ын дүгнэлт биш гэдгийг давхар баталж байна.

4.3. Сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй гэж үзэхийн тулд удаа дараа буюу хоёр ба түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өмнө нь манай сургууль сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон эсхүл мэдэгдсэн тохиолдол гараагүй тул Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зорчсон байх шинжийг хангахгүй байна.

Иймд Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн манай сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.4 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй боловч Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан шаардлага нь Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тусгагдсан. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ гэж тодорхой заасан байхад ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх зарчимтай нийцэхгүй байна.

Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 3 дугаар зүйлийн 3.2.13, 3.2.14 дэх заалтын дагуу ажлын хэсэг байгуулахад тушаал, захирамж гарна. Сайдын тушаалд хавсарган ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлт нь гаргасан этгээд нь тодорхойгүй, хэзээ, ямар тоот шийдвэрийн үндсэн дээр хэрхэн байгуулагдсан, ямар ажлын хэсэг тухайн дүгнэлтийг гаргасан нь Сайдын тушаалын хавсралтад тусгагдаагүй байна.

Мөн Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар Ажлын хэсэг, комисс болон тусгайлан эрх олгогдсон албан тушаалтны дүгнэлт, шийдвэрийн акт хэлбэрээр зохион бүрдүүлнэ. Актад хэзээ, ямар шийдвэрээр ямар бүрэлдэхүүнтэй комисс, зөвлөл байгуулагдсан болон түүний үүрэг, зорилт, явуулсан үзлэг шалгалт, хэрэгжүүлсэн арга хэмжээ, дүгнэлт, шийдвэрийн талаар тодорхой тусгаж, комисс, зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулж, бүртгэл хөтөлнө гэжээ.

Гэтэл Сайдын шийдвэрт тусгагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь энэхүү албан хэрэг хөтлөлтийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэзээ, ямар шийдвэрээр, ямар бүрэлдэхүүнтэй комисс, зөвлөл байгуулагдсан болон түүний үүрэг, зорилт, явуулсан үзлэг шалгалт, хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тодорхойгүй, комисс, зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулж, бүртгэл хөтлөөгүй байна. Иймд ажлын хэсгийн дүгнэлт нь батлагдан гарахдаа эрх зүйн формаль шаардлагад нийцээгүй байна.

Мөн тус дүгнэлт нь өмнө нь дурдсанчлан мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт биш болно. 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6/3994 тоот албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлт гэх хавсралтыг явуулсан ба тус хуудсанд дурдагдсан үндэслэл нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл биш болно.

4.5 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай" А/296 тоот тушаалыг гаргахдаа эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримтлаагүй, захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тухайд: 2022 оны 8 дугаар сарын 12-ны 6/3834 тоот албан бичгээр ...ажлын хэсгүүдийн дүгнэлтийн дагуу танай сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох захиргааны шийдвэрийг гаргана. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн сонсох ажиллагааг бичгээр явуулж байна .. гэсэн боловч ажлын хэсгийн дүгнэлтийг албан тоот бичигт хавсаргаж хамт ирүүлээгүй. Сургуулийн тусгай зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болгосны дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6/3994 тоот албан бичгээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д " сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, байрлал, дарааллын талаарх мэдээлэл", 27.3.2 дах хэсэгт захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтыг мэдэгдэлд тусгасан байхаар тус тус хуульчилжээ.

Гэтэл ямар үндэслэлээр сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа нь тодорхойгүй, хууль, хэм хэмжээний заалт актын үндэслэл, зүйл заалт тодорхойгүй байхад 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гарсан 6/3834 тоот албан бичигт 2022 оны 8 дугаар сарын 17-ны дотор санал ирүүлэх боломжтой гэсэн боловч бид тус албан бичгийг шуудангаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авч 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 10 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..." гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл ямар үндэслэлээр сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгааг манай байгууллага мэдэж амжаагүй байхад бидэнд тайлбар, санал гаргах хуулиар олгосон эрхийг хангалгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр буюу Боловсрол, Шинжлэх Ухааны яамны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн санал авах тухай 6/3834 тоот албан бичгийг хүлээн авах үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/296 тоот тушаал батлагдан гарчээ.

Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/296 тоот тушаал батлагдан гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 27.5 дах хэсгийг тус тус зөрчиж тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонсох ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн бол дээрх байдлаар алдаатай дүгнэлтэд хүрэхгүй байсан буюу тусгай зөвшөөрлийг шууд цуцлах шийдвэр гаргахгүй байсан. Иймд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/296 тоот тушаалын Чингис Хаан Дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

5.1 ...Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/197 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр захиргааны ерөнхий хуулийн 27.4.3-ийг баримтлан сонсох ажиллагааг тус сургуулийн захирал О.Хаш-Эрдэнийг төлөөлөн ирсэн иргэн Б.Сод-Одтой Боловсрол, шинжлэх ухааны яамны 502 тоотод уулзаж биечлэн хийсэн нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот албан бичгээр тус тус нотлогдоно.

Сонсох ажиллагааны үеэр Чингис хаан дээд сургуулийг төлөөлөн ирсэн Б.Сод-Одын өгсөн мэдээллээр нийт 18 багш байгаа бөгөөд түүнээс 2- гэрээт, 2-доктор багш байна. Харин ажлын хэсгийн шалгалтаар 2022 оны 06 дугаар сарын 9-ний байдлаар дээд боловсролын удирдлага мэдээллийн системд 6 багш бүртгэлтэй байсан. Энэ талаар Б.Сод-Одоос асуухад багш нарыг шинээр авч байгаа тул дээд боловсролын удирдлага мэдээллийн системд оруулж амжаагүй гэх мэдээллийг өгсөн.

Ерөнхий эрдмийн багш байгаа эсэх талаар асуухад ...багш байхгүй, Чингис хаан дээд сургуулийн тусгай зөвшөөрөл дээр байгаа сургалтын хөтөлбөрүүдийг хасуулж Мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэсэн, Дээд сургуулийн ангилалд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ч докторын түвшинд хэрэгжүүлж байгаа нь дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал зэрэглэлийн журам, болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчиж байгаа эсэхийг мэдэж байгаа юу гэж асуухад хүлээн зөвшөөрсөн бөгөөд тодорхой ямар нэгэн тайлбар өгөөгүй. 147 нийт багш нарын 75 хувь нь үндсэн байх ёстой шаардлагыг хангахгүй байна, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд 6 багш бүртгэлтэй байгаа нь таны өгч байгаа мэдээлэлтэй таарахгүй байна, үндсэн багш нар мөн эсэхийг тодруулахад багш нарыг шинээр авч ажиллуулах гэж байгаа гэх тодорхойгүй мэдээллийг өгсөн, нэг багш дунджаар хэдэн хичээл заадаг талаар асуухад одоогоор сургалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа учраас хэлж мэдэхгүй байна гэсэн. Доктор зэрэгтэй багш байгаа эсэх болон ангилал зэрэглэлийн журам зөрчин докторын сургалтын үйл ажиллагаа эрхлэхдээ хэдэн доктортой байгаа талаар тодруулахад, журам зөрчин докторын хөтөлбөрөөр сургалт явуулж байснаа хүлээн зөвшөөрсөн. Докторын зэрэгтэй багшийн хувьд 2 доктор байгаа гэх мэдээллийг өгсөн.

5.2 Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон гэж заасан байдаг. Боловсрол, шинжлэх ухааны сайд захиргааны шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлдээ сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг удирдлага болгосон. Түүнээс биш тушаалын тэмдэглэх хэсэг, бичвэр агуулгад ажлын хэсгийн тайланг мэргэжлийн хяналтын дүгнэлт гэж үзсэн, энэ нь холбогдох стандарт зөрчлөө гэсэн нэг ч үг үсэг, агуулга байхгүй. Нэхэмжлэгч талаас Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг болон түүний тайланг мэргэжлийн хяналтын байгууллага, түүний дүгнэлт гэж тайлбарлан шаардлагаа гаргасан нь огт үндэслэлгүй бөгөөд холбогдох баримтаас харагдаж байна.

5.3 Мөн сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй нь...ажлын хэсгийн тайлангаар тогтоогдсон, тус сургууль нь Дээд боловсролын тухай хууль болон Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын холбогдох заалтыг ноцтойгоор зөрчсөн байсан.

5.4 Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, статистик мэдээллийн тайланг бодитой үнэн зөв, бүрэн хамралттай гаргах, хяналт-шинжилгээ хийх зорилго бүхий Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Уг мэдээллийн системд Чингэс хаан дээд сургууль нь ажлын хэсгийн тайланг гарах үед 17 хөтөлбөрт 101 оюутан суралцаж байсан. Системд бүртгэгдсэн 6 багштай байсан. Сонсох ажиллагаа хийх явцад захирал Хаш-Эрдэнийг төлөөлөн ирсэн иргэн Б.Сод-Одын мэдэгдсэнээр суралцагч байхгүй, үндсэн 18, гэрээт 2, нийт 18 багш үүнээс 2 нь докторын зэрэгтэй багш байгаа гэх мэдээллийг ажлын хэсэгт өгсөн. Өгсөн мэдээлэл нь дээд боловсролын удирдлага мэдээллийн системд байгаа мэдээллээс зөрүүтэй байгаа нь статистикийн болон зөрчлийн хуулийг зөрчиж байна.

5.5 Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэл заавал хийлгэнэ гэсэн заалттай. Тус сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад суралцагчид бүртгэлтэй, хангалттай тооны багшлах бүрэлдэхүүнгүй байгаа нь дээд боловсролын тухай хуулийн 8.11 дэх заалтыг ноцтойгоор зөрчин дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг явуулж байсан. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ... Дээд сургууль нь магистрын сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг хуульд заасан байхад дээд боловсролын сургалтын байгууллага буюу их сургуулийн ангилалд хамаарах докторын түвшний сургалтыг эрхэлж байсан. Энэ нь Дээд боловсролын тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2, 4.3 дахь заалтыг ноцтой зөрчиж байсан.

5.6 Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бакалаврын 01, магистрын 3 докторын 7 оюутан бүртгэлтэй байснаас Аялал жуулчлалын менежмент 26. Багш болон нийгмийн ухааны боловсрол 23, Бизнесийн удирдлага 10, түүх 10, Уул уурхайн ашиглалтын технологи 10, Программ хангамж 6, гэх мэт 10 өөр чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан боловч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/174 дүгээр тушаалд заасан бакалаврын сургалтын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагад нийцэхгүй. Эдгээр чиглэлээр сургалтыг зохион байгуулах хангалттай тооны мэргэжлийн багшгүй зэрэг байдал нь сургалт чанаргүй байгааг хангалттай илэрхийлнэ. Энэ нь нийт оюутны сурах эрх, ашгийг ноцтойгоор зөрчигдөхөөс гадна Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын 2.3.2, 3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

5.7 Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 тоот албан бичгээр магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон тухай" удаа дараа мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл магадлал хийлгэх хүсэлтээ гаргаагүй, эдгээр үндэслэл тайлбараар Чингис хаан дээд сургууль нь тусгай зөвшөөрлийн шаардлага нөхцөлийг удаа дараа зөрчиж байгаа нь тогтоогдоно.

5.8 Боловсрол шинжлэх ухааны яамнаас Эн Ай Ти Чингис хаан гэх оноосон нэртэй сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэж заасныг зөрчиж 2022 оны 6 дугаар сард сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн байдаг. Энэ нь Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хандсан албан бичиг болон хувьцаа худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн баримт зэргээр нотлогдоно гэж үзэж байна гэв..

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

7. Нэхэмжлэгч Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль ХХК/БСБ/-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний А/296 дугаар тушаалын Чингис хаан дээд сургууль-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...мэргэжлийн хяналтын байгууллагын, байцаагчийн дүгнэлт гараагүй байхад Ажлын хэсгийн тайланг үндэслэж тушаал гаргасан нь Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг зөрчсөн...,мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг удирдлага болгосон...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн нь Ажлын хэсгийн тайлангаар тогтоогдсон..., сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн нь хууль бус, Чингис хаан дээд сургууль-ийн эрхийг хүчингүй болгосон асуудлаар Эн Ай Ти-Чингис хаан дээд сургууль гэх хуулийн этгээд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж маргаж байна.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Чингис хаан дээд сургууль ХХК нь 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингис хаан дээд сургууль нь оноосон нэрээ өөрчилж Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, БШУСайдын 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/78, мөн оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/298 дугаар тушаалаар нийт 13 салбар чиглэлээр бакалаврын, мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/370 дугаар тушаалаар түүх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын боловсролын зэрэг олгох тусгай зөвшөөрлийг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 990131 дугаар бүхий Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл-ийг 2023 оны 8 дугаар сарын 24-нийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар авсан үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/197 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлагдсантай холбоотой их, дээд сургууль, коллежийн тусгай зөвшөөрлийн хавсралтыг шинэчлэн батлах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар байгуулж, тухайн зөвшөөрлийн хавсралтыг шинэчлэх хүрээнд их, дээд сургууль, коллежийн сургалтын чанар, багшлах хүний нөөц, элсэлт, төгсөлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, эрдэм шинжилгээний байдал зэргийг холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг хянан, магадлан хийж, ажлын үр дүнг 2022 оны 6 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасан,

Тус ажлын хэсгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын тайланд ...Боловсруулсан аргачлалын дагуу их, дээд сургуулиудаас ирүүлсэн материалд болон ДБУМС-д байгаа мэдээллүүдэд шинжилгээ хийж...:

-Боловсролын тухай хуулийн 8.11. Дээд боловсролын тухай хуулийн 4.3, 13.1, 13.2. 14.2.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын 232, 233, 234, 3.3 дахь заалтуудыг зөрчсөн

-Их, дээд сургуулиудаас ирүүлсэн үндсэн багшийн тоо, боловсролын зэргийн мэдээлэл нь ДБУМС-ийн мэдээлэлтэй тулгалт хийхэд зөрүүтэй, Тухайн сургалтын байгууллагын, мэргэжлийн хөтөлбөрүүд нь мэргэжлийн багшгүй, Хөтөлбөрийг мэргэжлийн чиглэлийн багштай нь харгалзуулж, багш оюутны харьцааг тооцож үзэхэд багшийн тоо шаардлага хангахгүй

-Сүүлийн 3 жилийн элсэлт ба төгсөлтийн мэдээллийг хөтөлбөр тус бүрээр гаргаж шинжилгээ хийхэд зарим хөтөлбөрүүд элсэлтгүй, Зарим сургуулийн элсэлт болон төгсөлтийн тоо зөрүүтэй. Үндсэн багшийн тоо хангалтгүй, үндсэн багшгүйгээр сургалт эрхэлж байгаа, Үндсэн багш нь 1 ба түүнээс олон өөр дээд боловсролын сургалтын байгууллагад Үндсэн багшаар зэрэгцээ хөдөлмөр эрхэлдэг

-Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмыг зөрчсөн боловсролын түвшний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг /Их сургууль дипломын зэрэг олгох сургалт, дээд сургуулийн докторын зэрэг олгох сургалт эрхэлдэг/ зэрэг... 13 байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг 100 хувь саналаар дэмжив, гээд жагсаалтын 10-д Чингис хаан дээд сургууль гэж заасан байна.

Түүнчлэн уг Ажлын тайлангийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, бусад сургуулиудтай нэгтгэн хөтөлбөрийн давхардал, багшлах бүрэлдэхүүний дутагдалтай байдлыг арилгах шаардлагатай сургуулиуд гэх хэсгийн 8-д Чингис хаан дээд сургууль-ийн талаар, Нийт 17 хөтөлбөр 101 оюутан суралцаж байна. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд 6 багштай. Багш нарын статистик мэдээллийг үнэн бодитой шинэчлэн оруулахгүй байгаа нь статистикийн болон зөрчлийн хуулийн холбогдох заалтыг...,Дээд боловсролын тухай хуулийн 8.11-ийг зөрчсөн. 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан /2019.06.02/, Дээд боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангахгүй байгаа, Дээд боловсролын тухай хуулийн 4.3-ийг зөрчиж докторын сургалт эрхлэх зөвшөөрөл авсан, Удирдлага мэдээллийн системд бакалаврын 91, магистрын 3, докторын 7 оюутан, Аялал жуулчлалын менежмент 26. Багш, нийгмийн ухааны боловсрол 23. Бизнесийн удирдлага 10, Түүх 10, Уул уурхайн ашиглалтын технологи 10. Программ хангамж 6 гэх мэт 10 өөр чиглэлээр суралцаж байгаа боловч мэргэжлийн багшгүй байдал нь сургалт эрхэлж байгаа нийт оюутны сурах эрх, сургалтын чанарт ноцтой зорчил үүсэж байна, дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын 2.3.2, 3.3-ийг зөрчсөн... гэж дүгнэсэн үйл баримтууд тогтоогдов.

9. Маргаан бүхий захиргааны акт болох Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар бүхий Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалд Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 40.2, Засгийн газрын 2022 оны Төрийн өмчийн Их дээд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай 293 дугаар тогтоол болон дээрх Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн хавсралтад заасан дээд боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгох, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгосонтой холбогдуулан дээд боловсролын сургалтын байгууллагыг татан буулгаж дараах арга хэмжээ авахыг үүсгэн байгуулагч болон холбогдох захирал нарт үүрэг болгож, ...ижил мэргэжлийн чиглэлийн хөтөлбөртэй их дээд сургуульд нэгдэн орохыг дэмжиж холбогдох арга хэмжээ авахыг...энэ тушаал гарсантай холбогдуулан хавсралтад заасан дээд боловсролын сургалтын байгууллагад олгосон тусгай зөвшөөрөлтэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг...даалгасан, уг хавсралтын 10-т Чингис хаан дээд сургууль багтжээ.

10. Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хугацаа сунгуулах тухай өргөдлийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Зөвшөөрөл олгосон байгууллага нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаас гадна дараах үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно, 24.1.1-д боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон гэж тус тус заасан ба энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар энэ хэсэгт заасан мэргэжлийн хяналтын байгууллагын гэснийг боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн гэж өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

11. Харин хариуцагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан тусгай зөвшөөрөл олгох байгууллага нь тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох эрхтэй гэх заалтыг үндэслэсэн атлаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаарх зохицуулалтыг үндэслэл болгоогүй байна.

Үүнээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт гаргах үед буюу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар боловсролын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалттай байсан гэж үзнэ.

Гэтэл тухайн тохиолдолд БШУСайдын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ажлын тайлан-д үндэслэн нэхэмжлэгчийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус, тус Ажлын хэсгийн тайланг дээрх хуулийн 24.1.1-д тусгайлан заасан Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт-тэй адилтгах хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгийн тайланд дурдсанчлан нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанд зөрчил дутагдалтай зүйл байгаа эсэхийг хянан шалгах эрх бүхий этгээд нь Мэргэжлийн хяналтын байгууллага байхаар хуулиар тогтоосон, сургалт эрхлэх зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй гэх зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн дүгнэлт-ээр тогтоогдсон байхаар зохицуулсан тул БШУСайдын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь энэ асуудлаар дүгнэлт гаргах эрхгүй субъект гэж үзэхээр байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар бүхий Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй, түүнийг эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу гаргаагүй, энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргасан хэдий ч Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан тул энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг удирдлага болгосон... гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна.

13. Хариуцагч тухайн захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан эсэх талаар талууд маргаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох БШУЯ-ны 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 6/3834 дүгээр Санал авах тухай албан бичгээр ...танай сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж мэдэгдсэн, мөн оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 6/3994 дүгээр албан бичгээр ...тусгай зөвшөөрөл шинэчлэн олгох ажлын хэсгийн дүгнэлт-ийг хүргүүлсэн, нэхэмжлэгчээс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар албан бичгээр БШУ-ны Сайдад Хариу хүргүүлэх албан бичгийг хүргүүлж, үүндээ хүлээн авахаас татгалзаж буцаасан Монгол шуудангийн тодорхойлолтыг хавсаргаж хүргүүлсэн байх ба Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн баримтаас үзвэл хариуцагч байгууллагыг төлөөлж Шинжээч Т.Уранчимэг, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж Б.Сод-Од гэгч хүнийг оролцуулан асуулт хариулт явуулсан, нэхэмжлэгчээс тодорхой баримт, тайлбар ирүүлэхийг шаардсаны дагуу тайлбараа хүргүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул хариуцагч нь мэдэгдэх сонсгох ажиллагаа-г хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байна.

14. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагыг Боловсролын ангилал тогтоох журам-ыг зөрчсөн, магадлан итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлүүд гаргаж тайлбарласан, хариуцагчаас ирүүлсэн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр албан бичигт ...Чингис хаан дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа 2019 онд дуусаж байгаа-г тодорхойлсон, мөн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаар бүхий Чингис хаан дээд сургуульд ...магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдэж байсан, энэ талаар нэхэмжлэгч тухайлан маргаагүй, энэ нөхцөл байдал нь эрх бүхий этгээд болох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт-ээр тогтоогдох ёстойн хувьд шүүх тухайн зөрчлийг гаргасан байна гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.

15. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Чингис хаан дээд сургуулийн тусгай зөвшөөрлийн асуудлаар Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан боловч аливаа хуулийн этгээд нэрээ өөрчлөх эрхтэй, уг өөрчилсөн нэрийн бүртгэл хуулийн хүчин төгөлдөр, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон тогтоох нь:

1.    Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Эн Ай Ти Чингис хаан дээд сургууль-ийг төлөөлж О.Хаш-Эрдэнээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/296 дугаар бүхий Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалын Чингис хаан дээд сургууль-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН