Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

Ш.Мөрөн, П.Гантулга нарт холбогдох  

         эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                       Г.Давааренчин

                                                                 Оролцогчид:

                                    Прокурор                                     Б.Мөнхдөл

                                      Шүүгдэгч                                         П.Гантулга /цахим/

                                      Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Р.Атарцэцэг

                                                                                                 Х.Даваахүү

                                                                                        С.Бямбацэрэн /цахим/

                                      Иргэний хариуцагч                       П.Ганзориг

                                  Хохирогчийн өмгөөлөгч              П.Батжаргал /цахим/

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагч П.Ганзориг, шүүгдэгч П.Гантулга, түүний өмгөөлөгч С.Бямбацэрэн, Х.Даваахүү нарын давж заалдсан гомдол болон дээд шатны прокурорын 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваанжил овогт Шижир-эрдэнийн Мөрөн, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулга нарт холбогдох эрүүгийн 1833000960073 дугаартай,  150/2019/0021/Э индекстэй 4 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилт 1-р гудамж, 148 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөн /РД:УХ00260431/,

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Дөрвөн бэрх хотхон, 01-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулга /РД: У390101698/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Гантулга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тоёота Дюна маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Ш.Мөрөнд жолоогоо шилжүүлж, улмаар Ш.Мөрөн нь ...Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ч.Туулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ш.Мөрөн, П.Гантулга нарт холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөн, шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулга нарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2.       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөрөнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөрөнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, гэр, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсзгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Ш.Мөрөнд мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мөрөнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, шүүгдэгч П.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гантулгаас 2,269,709 төгрөг шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 2,269,709 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 1,309,709 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Туулд, шүүгдэгч П.Гантулгаас 2,486,666 төгрөгийг, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 2,486,666 төгрөгийг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 2,486,666 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Анхзаяад, шүүгдэгч П.Гантулгаас 210,556 төгрөгийг, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 210,556 төгрөгийг, иргэний хариуцагч Н.Ганзоригоос 210,556 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Номин-Эрдэнэд, шүүгдэгч П.Гантулгаас 62,833 төгрөгийг, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 62,833 төгрөгийг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 62,833 төгрөгийг тус тус гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.Сондорын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Номин-Эрдэнэд тус тус олгож, хохирогч Ч.Туулын 550,830 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, насанд хүрээгүй иргэний нэхэмжпэгч П.Сондорын 365,000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 2.2-т зааснаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж Ш.Туулын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Булганы чиглэлд миний бие болон Эрдэнэбаяр, Мөрөн бид гурав ажлаар “Тоёота Дюна” маркийн машинаар гарсан. Хөтөлд ирээд бензинээ авах гэсэн боловч “Петровисын клонк” байгаагүй. Хүнээс лавлаж асуухад Орхоны гүүрний наана байгаа гэж хэлэхээр нь тийшээ яваад очтол дизелийн түлш байхгүй гэж хэлсэн. Шатахуун түгээгчээс нь өөр ойрхон клонк хаана байгаа вэ? гэж асуухад “буцаад Хөтөл явбал илүү ойрхон гэхээр нь Хөтөл явсан. Тэгээд буцаад явж байтал түлш тасалдаж машин унтарсан. Тэгтэл Мөрөн “би машин барих уу?” гэж надаас гуйсан би зөвшөөрч түүнд “чи барь” гэж үрүүлээ шилжүүлсэн. Тэгээд 6-7 км яваад өгсүүр өөд учир машины бензин тасалдаж бүр унтарсан. Эрдэнэбаяр бид хоёр бууж машинаа хойш нь түлхэж замаас гаргаад, аваарынхаа гурвалжныг хайсан боловч олдоогүй. Сүүлд нь ачааны дор байсан гэж мэдсэн. Мөрөн замын хажуугаас тал купер олоод машинаас 30 метрийн зайтай босгож тавьсан. Тэгээд Эрдэнэбаяр бид хоёр түлшний сав аваад Хөтөл явахдаа осол гарахаас сэргийлж Мөрөнг машиндаа үлд гэж хэлээд түлшиндээ явж байтал Мөрөн удалгүй араас “би ганцаараа айгаад байна” гэж хэлээд гүйгээд ирсэн. Тэгээд 3-уулаа цуг түлшинд яваад иртэл “приус 20” маркийн машин манай машины араас орсон байсан.

1-т Мөрөн надаас гуйж осол болох хүртэл газар машин барьсан, түүнийг гуйгаагүй бол машиныг би анхных бензин тасалдсан газар үлдээх байсан

2-т Мөрөн нь мөрдөн байцаалтын явцад анхны өгсөн мэдүүлгээ өөрчилж худлаа ярьж намайг ядарсан болгож намайг бариад яв гэж гуйсан мэтээр худлаа ярьсан.. Мөн түүний аав, ээж нь замын цагдаад ажилладаг. Тэр талаараа ч хуулийн зөвлөгөө авч гарах гарцыг зааж өгсөн байх гэж бодож байна.

3-т Энэ хэрэгт миний бие эхний 3 шинжээчийн дүгнэлтээр буруугүй гэж гарсан боловч сүүлийн хотын замын цагдаагийн дүгнэлтэд тулгуурлан намайг буруутгасанд маш их гомдолтой байна. Анх мэдүүлгээсээ эхлэн байцаагчид бид гурав машины ард 30 метрийн зайд купер босгож тавьсан гэж мэдүүлсэнд актинд тусгагдаагүй, дагуу тавьсан машиныг хөндлөн болтол нь 3-4 метр хол түлхсэн хурд хэтрүүлэн мөргөсөн приус машины жолоочийг буруутгаагүй мөртлөө зохих байрлалд тавьж купер босгож тавьсан хүмүүсийн буруу болоод байна. Мөн анхны үзлэгийг ямар нэгэн хүнгүй хийсэн ба маргааш нь акт нь дээр гарын үсэг зуруулсан зэрэг нь Ш.Туулын талд бүх хэргийг шийдэж шийдэж байна. Сүүлийн шүүх хурлын тэмдэглэлд Хатанзоригт гэж хүн жолооч Туулын хажууд сууж явсан нь мэдэгдсэн. Энэ хүнээс юу ч асууж тодруулаагүй. Туул биш энэ хүн жолоодсон байх магадлал өндөр байна. Тэгтэл намайг буруутгаж бүх хохирлыг надаас нэхэж буйд маш их гомдолтой байна. Ослоос сэргийлж 30 метрт тавьсан. Купер машины дороос гарч ирсэн ба тэр приус машин хир хурдтай явснаас нь мөн машины эвдрэл зэргээс ил тод байхад акт дүгнэлтүүд миний эсрэг гарч бүх хэргийг надад тохож хэлмэгдүүлж байна.

4-т П.Гантулга миний бие ам бүл 5-уулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг том нь 8 настай дундах нь 7 настай бага нь 07 сартай, би 2001 онд өндрөөс улиас баруун талын бөөр няцарсан тул баруун бөөрөө авхуулсан одоо өрөөсөн бөөртэй, цагдан хоригдсоноос хойш чийгтэй хүйтэн байрнаас болж хөл гарын шөрмөс татаж өрөөсөн бөөр өвдөж эхэлсэн. Мөн өтгөнөөр доошоо цус гарч байна. Бага охин уруул тагнайн төрөлхийн сэтэрхий төрсөн одоо хагалгаанд орно. Хийгээгүй хэргийн төлөө хэлмэгдэж, сэтгэл санааны болон асар их төлбөрийн өрөнд орж маш их хүнд байдалд байна. Иймд намайг гэм буруугүй минь нотолж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/20 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч П.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Гэтэл дээрх заалтад “... бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан бол ...” гэж заагаагүй байхад Ч.Туул гэх жолооч осол гаргаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан төлбөрийг бид нараас гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.Ч.Туул нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас осол гаргасан нь тогтоогдсон байхад Ч.Туул, А.Номин-Эрдэнэ, П.Сондор нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 6.669.439 төгрөгийг иргэний хариуцагч П.Ганзориг надаас болон шүүгдэгч П.Гантулга, Ш.Мөрөн нараас бүрэн хариуцуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг шүүх анхааран үзээгүй байна.

3.Ер нь Ч.Туул гэгч нь өөрөө зам тээврийн осол гаргасан байхад яагаад бурууг бусдад тохож, бид нараас их хэмжээний мөнгө нэхээд байгаа нь хууль бус болохыг тогтоож, шударгаар шийдэж өгнө үү” гэв.

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

Шүүх шүүгдэгч Ш.Мөрөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн-хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ. Учир нь:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжпийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч Ш.Мөрөнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.6, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан бөгөөд эрүүгийн 1833000960073 дугаартай хэргийн шүүгдэгч Ш.Мөрөн нь 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед 18 нас 03 сартай байсан байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 18 насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны яллагдагч гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг тусгасан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байгаад шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй этгээдэд шаардлагатай тохиолдолд энэ журмыг хэрэглэж болно. Шүүгдэгч Ш.Мөрөнгийн хувьд өсвөр насны яллагдагч гэж үзэхээр боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зөвхөн ялыг хоёр дахин багасгахаас бусад зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн 1833000960073 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы үйлдсэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот яллах дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой гэж үзэх үндэслэл бүрэн байхад, шүүх миний өмгөөлөлд байгаа Пүрэвсүрэнгийн Гантулгыг хэлмэгдүүлж ял тулган шийтгэсэнд гомдолтой байна.

1-т Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шижир-Эрдэнийн Мөрөн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тоёота Дюна маркийн 02-31ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7 км орчим жолоодож явсан нь тогтоогдсон байдаг. Тийм учраас Ш.Мөрөн яллагдагч шүүгдэгчээр татаж шүүхээс ял оноосон. Тэгвэл 2000 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр эхэлж мөрдсөн. Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлийн заалтад жолооч гэж тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш замаар ердийн хөсөг унаж яваа хүнийг жолоочид хамруулж ойлгоно гэсэн байдаг. Ш.Мөрөний жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл: Жолооны хоёр хурдгүй “техникийн үзүүлэлтэйгээр” тул П.Гантулга замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа. Жолоочоос бусад хүн тээврийн хэрэгслээр зорчигч мөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зөвхөн жолоочид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

2-т П.Гантулга Ш.Мөрөнд жолоогоо шилжүүлсэн үйлдэлд Монгол улсын хууль 2002 оны 01 дүгээр сарын 03 өдөр байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222-р зүйл жолоогоо бусдад шилжүүлэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хариуцлага тооцдог байсан бөгөөд энэ хуулийн заалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд байхгүй. Хасагдаж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2-д зааснаар хариуцлага тооцохоор зохицуулагдсан. Иймд П.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял халагдсан нь үндэслэлгүй хэлмэгдүүлсэн гэж үзэж байна.

3-т 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 29 тоот яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэсэн нь Эрүүгийн хуульд заагаагүй зүйл ангиар яллаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэж бичсэн бол үндэслэлтэй байх байсан.

4-т Шийтгэх тогтоолын 3 дугаар хуудсанд байгаа хохирогч Туулын 2 мэдүүлэг өөр хоорондоо илт зөрүүтэй тоормосны мөр байхгүй нь аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй. Мөн гэрлийн гялбаанд орсон гэж үзэх үндэслэл байна. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн 92, 15.1а-д заасан заалтуудыг зөрчсөн техникийн шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолын П.Гантулгад холбогдох заалтуудыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: П.Гантулгад нэг үйлдэлд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцсон 2 онцгой анхаарч үзнэ үү? Гомдлыг товч бичлээ шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бямбацэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 2021-05-27-ны өдрийн 2021\шцт\20 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор Т.Дэлгэрсайханы 2020-06-19-ны өдрийн 29 тоот яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, эрүүгийн болон эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх ч үндэслэл бүрэн байхад шүүх миний өмгөөлөлд байгаа Пүрэв овогтой Гантулгыг хэлмэгдүүлж ял тулган шийтгэсэнд гомдолтой байна.

1 П.Гантулгын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй ,аливаа гэмт хэрэгт обьектив, субьектив гэсэн шинж бүрдэж байж гэмт хэрэг болох эрүүгийн эрүүгийн эрх зүйн зарчимтай гэтэл П.Гантулгын үйлдэлд обьектив шинж бүрдээгүй учир нь: Аливаа гэмт хэрэгт тодорхой цаг хугацааны хамааралтай үйлддэг тухайн үед П.Гантулга нь жолоо барьж яваагүй зорчигчийн байр сууринд явсан,мөн мөрдөн байцаагч Сэргэлэн хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хийсэн, оролцогч нарт эрх үүрэг танилцуулаагүй, Прусс 20-ийн жолооч гэх Туулийн хажууд нь сууж явсан зарим хүмүүсийг орхигдуулсан зэрэг зөрчлүүд хавтаст хэргийг уншиж танилцахад гарч ирсэн, үүнд прокурор хяналт тавьж чадаагүй зэргээс гол хэргийн эзэн хохирогч гэх Туулийг орхигдуулж, ослын зогсолт хийсэн ДЮНА машин барьж явсан, Ш.Мөрөн болон зорчигчийн суудалд сууж явсан П.Ганзориг нарыг буруутгаж хэргийг үүрүүлж яллаж эхэлсэн нь яг С.Зоригийн хэргийн Содномдорж, Чимгээ нарын зохиомол хэрэг шиг хэлмэгдүүлэлт явагдаж байгаад харамсаж байна. Гэмт хэргийг тодорхой орон зай дотор үйлдсэн байхыг шаарддаг тэгвэл гэмт хэргийн газрын анхны хэмжилтээр осол,аюул гарахгүй боломж байсныг Туул ашиглаагүй замын хөдөлгөөний дүрмийн 9-2 -ийг зөрчсөнөөрөө өөрөө осол аваар гаргасан. Машины бензин дуусаж , зогсолт хийсэн газар 30 метрийн зайд анхааруулга болгож тавьсан машины гуперийг харалгүй дайрч тодорхой орон зайд замаас гаргаж тавьсан Тоёото Дюна 02-31 ӨВР улсын дугаартай ачааны машиныг мөргөж замын хажуу руу хангалттай шахаж зогсолт хийсэн нь үзлэгээр, мөн зургаар тогтоогдсон байдаг ба тахир муруй биш эгц өгсүүр замд хурдтай явснаас урдаас ирсэн машины гэрэлд цохиулан тормослох ч боломжгүй мөргөсөн гэж үзэж байна, мөн хурд хэтрүүлээгүй 60 км-ээс доош явсан бол приус машин тийм эвдрэлд ортлоо мөргөж осол гаргахгүй байсан ба Туулийн хурд хэтрүүлэлтийг тогтоогүй зөвхөн ачааны машины жолоочд хамаг бурууг тохсон. Машины эвдрэлээс Туул ямар хэмжээний хурдтай явсан нь тодорхой харагдаж байна, үүнд мөрдөгч прокурорын буруутай үйл ажиллагаа энэ хэрэгт сөргөөр нөлөөлсөн, мөн хэргийн газрын үзлэгийг процесс зөрчиж хийсэн. Үзлэгийн үед хэрэг гарах үед байсан нэг ч этгээд байгаагүй оролцоогүй Д.Туулийн жолоодсон гэх приус машиныг тухайн үед нь хэн жолоодож явсныг баталгаатай тогтоогүй, хамаарал бүхий хүмүүсийн амаар Д.Туул гэж тогтоосон ,мөн Туулийн тээврийн хэрэгсэлд Хатанзориг гэж хүн урд суудалд зорчиж явсан гэсэн асуудал хожим шүүх хуралдааны тэмдэглэл дээр гарч ирсэн , Хатан ориг архи хэрэглэсэн эсэх ,ямар зорилгоор хаа хүрэх гэж явсан явсан зэрэг нарийн нөхцөлд шууд хамраалтай байдлуудыг тогтоогүй байхад шүүх ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн болон хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж байна. Нэг машиныг нэг цаг хугацаанд нэгэн зэрэг хоёр жолооч жолоодохгүй, ердийн хөсгийг замын хөдөлгөөнд оролцогч гэж заасан байдаг тул оролцох үед түүнийг жолооны үнэмлэхгүй ч жолооч гэж үзсэн байна.мөн осол болох хугацааны 7 км замыг Ш.Мөрөн жолоодсон өөрийн мэдүүлэг болон гэрч А.Эрдэнэбаяр нарын мэдүүлгээр тогтоогдсон П.Гантулгын анх зогссон газраас машиныг хөдөлгөөгүй бол энэ гэмт гаргахгүй байсан гэж үзэж байна. Энэ бас обьектив талын гэмт хэргийн үйлдлийн орон зай нөхцөл байдал юм. П.Гантулга, бензин дуусаж машин унтрахад Хөтөл рүү бензин авахаар явахдаа осол гарахаас сэргийлж машиндаа Ш.Мөрөнг үлдээсэн ба араас нь айж байна гээд гүйгээд ирсэн байдаг, тэр үед машинд Ш.Мөрөн байсан бол осол гарахгүй ,осол гарсан жолооч Туулийн үйлдлийг бүрэн нотолж боломжтой байсан, үүнийг ч гэрч А.Эрдэнэбаяр дахин гэрчээр асуусан П.Гантулга нарын мэдүүлэг ,мөн 2019 оны 04-р сарын 19-ны өдрийн шүүх уралдааны тэмдэглэлийн 10-р хуудасны 5-р мөрнөөс 13-р мөрөнд өгсөн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог.

2.Гантулгын үйлдэлд эрүүгийн хэргийг төстэй хэрэглэж ,эрүүгийн хэргийг төстэй хэрэглэхийг хориглоно гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 хэсгийн ,2.1 -р зүйлийн 3 хэсэгт заасан заалтуудыг хамаатуулж зөрчсөн, мөн үндсэнд хуулийн 14,16 -р зүйлд: бусдын гэм үйлдлийг хэн нэгэнд халдаан яллахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Үнэн тогтоогдвол Ш.Мөрөн,Ч.Туул нарт оногдуулах ялыг Гантулгад халдааж байна гэх үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт хэрэг шийдвэрлэхэд гол нотолгооны зүйл болохгүй гарсан удаа дараагийн дүгнэлтүүд өөр өөр байр сууриас гарсан байдаг, жолоо барьж явсан нь зогсох арга хэмжээ аваагүй биед нь үүссэн гэмтэл , жолооны ард сууж явсан хүнд ямар гэмтэл үүсэж болохыг хажууд нь явсан Хатанзоригт ямар ч гэмтэл үүсэхгүй байж болох талаар туршилт явуулах шаардлагатай байсан юм. Ч.Туул өөрөө урдаас ирж буй том машины хурц гэрлээс болж машинаа зогсоох арга хэмжээ аваагүй сандарсан байсан гэж мэдүүлсэн байхад түүнийг буруутгахгүй байгаа нь хачирхалтай бөгөөд ямар нэгэн хардлага төрж буйг нуух юм алга.

3. Осол болохын өмнө П.Гантулга жолоо бариагүй зорчигчийн байр сууринд сууж явсан ,хэрэг хийгээгүй хүнд ,гэмт хэргийн үйлдэлд нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал илрээгүй гэж үзлээ гэж буруу дүгнэлт хийж шийтгэсэн байна. П.Гантулга зөрчлийн хэргийн талаас нь гэм буруутай болохоос Эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй орон ,байр, байрлалаас мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаагаараа гэмт хэргийн обьектив талын шаардлагын хангаагүйгээс гэмт хэргийн шинжгүй ,тухайн үед П.Гантулга гэмт хэргийн субьект биш зорчигч байсан болохоор гэмт хэргийн хоёр шинж үгүйсэгдэж байгаа бөгөөд П.Гантулгад үйлдэлд гэмт эрүүгийн шинж байхгүй хэрэгт цугларсан гэрч А.Эрдэнэбаяр Ш.Мөрөн нарын мэдүүлэг тайлбар,шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байх тул П.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдааны явцад П.Гантулга шүүгдэгч зорчигчоор явж Ш.Мөрөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэх тайлбарыг хэлж байна. Прокурорын эсэргүүцэлд тайлбар хэлье. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ асуудал удаа дараа гардаг миний хувьд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө прокурорт “сэтгэл зүйн дүгнэлт гаргуулъя” гэхэд тогтоодоггүй хэр нь шийдвэрлэсний дараа эсэргүүцэл бичдэг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, яагаад машин барьсан зэргээр дүгнэлт гаргаагүй, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Х.Даваахүү өмгөөлөгчийн хувьд 251 тоот шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн гэж байна. Гэтэл анхан шатны шүүх 5 удаа гарсан шинжээчийн дүгнэлтийг дурдсан байдаг. Шүүгдэгч П.Гантулгын хувьд 251 тоот дүгнэлтэд жолооны эрхээ хасуулсан байна харин Ш.Мөрөний хувьд жолооны сургалтад сураагүй тул жолооч гэж үзэхгүй гэсэн тайлбарыг хийсэн. Ш.Мөрөний хувьд энэ хэргээс болж 3 жил шүүхээр явсан. Ш.Мөрөн 7 км жолоо барьсан бол П.Гантулга Улаанбаатар хотоос 361 км газар жолоо барьж явсан байдаг. Бид 2 зүйлийг ойлгох ёстой. Нэгдүгээрт ачаа тээвэрлэж яваа ажил, үүрэг хэний хооронд бий болсон бэ? Өнөөдөр иргэний хариуцагч болсон П.Ганзориг, П.Гантулга хоёрын хооронд ажил гүйцэтгэх аман хэлцэл хийсэн. Иргэний хариуцагчийн хувьд шүүгдэгч П.Гантулгыг жолооны эрхээ хасуулсан гэдгийг мэдсээр байж Гантогтох гэдэг хүний жолооны үнэмлэхийг өгч жолоо бариулсан байдаг. Гэтэл энэ хүнийг өмгөөлөгч нар зорчигч мэт ярьж байна. Ш.Мөрөний хувьд 7 км газар жолоо барьсан нь үнэн. Жолоо барьж бензин дууссанаар гурвуулаа хамт бензинд явсан шүү дээ. Эсвэл үнэхээр Ш.Мөрөн жолоо барих явцад осол гарсан бол өмгөөлөгчдийн ярьж буй үндэслэлтэй байж болно. Гэтэл тийм зүйл болоогүй. Ш.Мөрөн гэмт хэрэгт холбогдох үедээ 18 нас хүрээгүй байсан. П.Гантулгын хувьд ажил хийж явсан хүн учир гэм буруугаа хүлээх болов уу гэтэл үгүй. Өсвөр насны хүүхэд рүү бүх юмаа чихэж, гэм буруутай гэж байна. Ш.Мөрөний хувьд эрх зүйн байдлаа дордуулахгүй гэсэндээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг ашигласан. Энэ нь ч үндэслэлтэй гэж үзэж байна. Дараагийн асуудал бол 5 шинжээчийн дүгнэлтэд бүгдэд нь хууль сануулсан байгаа. Нөгөөтэйгөөр зарим хүнийг орхигдуулсан гэх асуудалд сүүлийн шүүх хуралдаанд хүний нэр хэлдэг. Харин энэ асуудал 3 жил шалгагдах явцад мөрдөн шалгалтын ажиллагаанд огт яригдаагүй юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр явсан тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг нь П.Гантулгад байсан. Ш.Мөрөний хувьд гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч хохирлын хувьд хүсэлт байгаагаа дамжуулсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч заана гэж заасан. Анхан шатны шүүх хохирлыг 3 хувааж тооцохдоо иргэний хариуцагчид багаар оногдуулсан байдаг. Жишээ нь Ш.Мөрөн, П.Гантулга нарт 2,588,000 төгрөг байтал иргэний хариуцагчид 1,900,000 төгрөг байгаа. Гэтэл хуульд зааснаар энэ хохирлыг бүрэн хэмжээгээр нь иргэний хариуцагч хариуцах ёстой. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Мөрөний хувьд өршөөлийн хуульд хамрагдах боломжтой хэдий ч өнөөдрийн оролцогчдын тайлбар, нөхцөл байдлаас хэрэг буцаж, өршөөлд хамрагдах боломжгүй болов уу гэж үзэж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагчийн давж заалдах гомдол дээр тайлбар хэлье. Иргэний хариуцагчийн хувьд Иргэний хуульд заасан хохирол төлбөр гаргасан нь үндэслэлгүй гэсэн байна. Тэгэхээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах Иргэний хуулийн зохих заалтуудыг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй тул иргэний хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн П.Гантулгын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын хувьд энэ хэрэг нь 2 жолоочтой, маргаантай учир өчнөөн удаа аль аль шатны шүүхээр явлаа. Ер нь бол авто машины бензин дууссан шалтгаанаас улбаатай гэмт хэрэг, осол гарсан. Тэгвэл осол гарсан шалтгаан болох аюулгүй байдлын зарчим, ослын гурвалжин зэрэг байгаагүй. Мөн оврын гэрэл асдаггүй, оврын гэрлээс давуулж ачаа ачсан байдаг зэрэг зохих дүрмүүдийг хэрэгжүүлээгүй. Тэгвэл уг дүрмийг хангах үүрэг нь хэнд байсан бэ? Тухайн үед 7 км газар жолоодсон Ш.Мөрөнд байсан уу? Улаанбаатар хотоос ажилд явсан П.Гантулгад байсан уу? гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн шинжийг тодорхойлсон байгаа. Бүрэн бус тоног төхөөрөмж, шатахуун хийгээгүй зэрэг үйлдлээс болж гэмт хэрэг гарсан. Ш.Мөрөний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, сургалтад ч суугаагүй байдаг. Хэрэв Ш.Мөрөн сургалтад суугаад жолооны дүрэм мэддэг байсан бол бензингүй машин жолоодох болон зам дээр тэгж зогсоох үйлдэл гарахгүй байсан. Иймд 2 шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч П.Гантулга болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогч Туулыг гэм буруутай гэх хавтаст хэрэгт байхгүй нотлох баримтыг ярьж байна. Туул нь анхны мэдүүлэг өгөхдөө ослын улмаас шокийн байдалтай байсан тул мэдүүлэг дэлгэрэнгүй өгч чадаагүй. Харин дараа дараагийн мэдүүлэгт болсон явдлын талаар тогтвортой дэлгэрэнгүй мэдүүлэг өгдөг. Иймд хохирогчийн буруутай үйлдэл байхгүй гэж шийдсэн анхан шатны шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчдийн тайлбарыг сонслоо. Энэ хэрэг 2018 оноос хойш 3 жилийн хугацаанд хянагдаж байна. Энэ хугацаанд 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөрчлийн шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэх асуудлыг ярьж байна. П.Гантулга нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж байсан. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө байдаг тул ямар нэг байдлаар шийтгэл давхардуулсан зүйл байхгүй. Гуравдугаарт анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэж, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд П.Гантулгын өмгөөлөгчөөс эрүүл мэндтэй холбоотой хүсэлт гаргасан. Прокурорын хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина. Ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд цагдан хорих байранд очиж П.Гантулгын биеийн эрүүл мэндтэй холбоотой тайлбар авч, эмчийн бичигтэй хамт уг хүсэлтийг прокурор шийдвэрлэх боломжгүй гэсэн албан бичгийг давж заалдах шатны шүүх рүү явуулсан болохоос хэрэгтэй холбоотой зүйл яриагүй байдаг. Эхний тайлбар болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Ш.Мөрөн, П.Гантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Ш.Мөрөн, П.Гантулга нарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хариуцагч, шүүгдэгч П.Гантулга болон түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу П.Гантулга, Ш.Мөрөн нарт холбогдох эрүүгийн 1833000960073 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь Хянавал: 

           Хэргийн үйл баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Гантулга, Ш.Мөрөн, гэрч А.Эрдэнэбаяр  нар нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Булганы чиглэлд  хариуцагч П.Ганзоригийн хүсэлтээр түүний эзэмшлийн Тоёота Дюна маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээр барилгын материал тээвэрлэж явсан байх ба хариуцагч П.Ганзориг нь тухайн авто машиныг өөрийн дүү болох шүүгдэгч П.Гантулгын эзэмшилд шилжүүлжээ.

            Шүүгдэгч П.Гантулга нь тухайн үед авто машин жолоодох эрхээ хасуулсан  буюу  өөрөөр хэлбэл авто машин жолоодох эрхгүй этгээд байсан байна.  

            Шүүгдэгч П.Гантулга нь  автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ба автомашины шатахуун дууссаны улмаас шатахуун тасалдсанаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй болсон үед шүүгдэгч Ш.Мөрөний хүсэлтээр түүнд жолоогоо шилжүүлж цаашид үргэлжлүүлсэн боловч 6 км орчим яваад машин шатахуунгүй болсноор хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй болж тээврийн хэрэгслийг зам дээр байрлуулахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг биелүүлээгүйгээс  тухайн тээврийн хэрэгслийн араас 05-71 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөн, зам тээврийн осол гарч улмаар иргэн Ч.Туулын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, А.Номин-Эрдэнэ, П.Сондорын биед хөнгөн гэмтэл, тус тус учирсан байна.

         Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Прокурорын газраас  шүүгдэгч П.Гантулга,  Ш.Мөрөн нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч  гэм буруугийн талаар буюу “Тоёота Дюна” маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч хэн болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг хэн хэрхэн зөрчсөн талаар  маргажээ.

          2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  замын хөдөлгөөнд оролцсон “Тоёота Дюна” маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хэн болох  талаар шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар маргаж улмаар удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч тус тээврийн хэрэгслийн жолоочийн талаарх  шинжээч нарын дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй, шинжээч нарын урьд гаргасан дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх талаар бусад шинжээч нар  хариулт өгөх боломжгүй гэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвхөн шинжээч нарын дүгнэлтийг бус хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд зохих дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын  нийтлэг үндэслэлд “жолооч” гэсэн нэр томъёог “тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа  хүнийг жолоочид хамааруулж ойлгоно” гэж заасан байх ба хэрэгт авагдсан

          Иргэний хариуцагч П.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би шатахуун түгээх станцын саравч засварлах ажлыг авч П.Гантулга, Ш.Мөрөн, А.Эрдэнэбаяр нарт заавар зөвлөгөө өгч ажилдаг. П.Гантулгад тээврийн хэрэгслийг өгч явуулсан.  П.Гантулга тухайн асуудал болохоос сарын өмнө жолоодох эрхээ хасуулсан байсан юм билээ. Тэр талаараа надад хэлээгүй нуучихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

          Гэрч А.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн ”Би 2018 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Петровис шатахуун түгээх станцын саравчийг шинэчлэх зорилгоор 12 цагийн үед П.Гантулга, Ш.Мөрөн нарын хамт 02-31 ӨВР улсын дугаартай автомашинд суугаад гарсан. Тээврийн хэрэгслийг П.Гантулга жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг,

         Шүүгдэгч П.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Улаанбаатараас ачаагаа ачаад би жолоодож явсан, машины шатахуун тасалдаад шатахуун хийх гэтэл “дизель түлш засвартай” гэсэн. Тэгээд түгээгчээс нь “шатахуун арай ойр хаанаас авах вэ” гэж асуухад “Хөтөл ойрхон” гэсэн. Тэгээд буцаад Хөтөл явах замд шатахуун тасалдаж эхэлсэн. Тэр үед Ш.Мөрөн би хүрдний ард суух уу гэж асуусан. Тэгээд бид хоёр солигдоод 6-7 км орчим яваад машины шатахуун тасалдаад зогссон...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч Ш.Мөрөний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр П.Гантулга, А.Эрдэнэбаяр нарын хамт Улаанбаатар хотоос ачаа ачаад Булган аймгийн чиглэлд замд гарсан. Сэлэнгэ аймгийн Орхон сумын тэнд явж байхад “шатахуун дууслаа” гэсэн. Орхоны шатахуун түгээгч “станц эвдэрсэн” гээд  Хөтөл рүү буцаад явсан. П.Гантулга машин жолоодож явтал зам дээр машин унтарсан.  Тэгээд оролдож байгаад би асаагаад жолооны  хүрдний ард суусан.  Тэгээд осол болсон газар ирээд зогссон.....” гэсэн мэдүүлэг, болон хэрэгт авагдсан бусад баримтаар тус хэргийн иргэний хариуцагч П.Ганзориг нь шүүгдэгч П.Гантулгаар  ажил гүйцэтгүүлэхээр “Тоёота Дюна” маркийн 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлүүлэх  жолоочоор томилж түүний  эзэмшилд  автомашиныг  шилжүүлжээ.

         Ийнхүү шүүгдэгч П.Гантулга нь автомашиныг хүлээн авч улмаар замын хөдөлгөөнд оролцсоноор жолоочийн эрх үүргийг хүлээсэн гэж үзнэ. Жолооч нь  Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, автомашинд ачаа ачих журам болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг  үүрэгтэй. Гэтэл жолооч П.Гантулга нь дээрх үүргээ  биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн замд зарцуулах  шатахууныг тооцоолж хянаагүйгээс автомашины шатахуун дуусаж  хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, зогсолт хийхэд хүрсэн ба энэхүү зогсолтыг зайлшгүй зогсолт гэж үзэхгүй бөгөөд жолоочийн хэтэрхий болгоомжгүй  хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ.

          Тээврийн хэрэгсэл шатахуунгүй болсноор  тээврийн хэрэгслийг  зам дээр удаан хугацаагаар зогсоох шаардлага гарсан ба ийнхүү тээврийн хэрэгслийг зогсоохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг жолооч П.Гантулга нь  баримтлах үүрэгтэй.  Гэтэл  “Тоёота Дюна” загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  П.Гантулга нь  Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн   6.2. "Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:",  

 в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед:

е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд,

           6.3. "Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна" б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын' дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, тус тус хэрэглэнэ,

          тус дүрмийн 2 дугаар зүйлийн  2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

         а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад   заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглоно гэж заасан бөгөөд тус 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйл Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3 гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон асахгүй буюу бүдэг асдаг.

        6 дугаар зүйл Бусад төхөөрөмж 6.10 ...автомашин  эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй зэрэг  тээврийн хэрэглийн ашиглахыг хориглосон заалтыг гэснийг  тус тус  зөрчин  машин овор ихтэй ачаатай байсан болохоор машин хажуу тийшээ унах гээд байсан гэсэн  шалтгаанаар замын зорчих хэсгийг хангалттай чөлөөлөөгүй, машины арын нэг гэрэл ачааны дор  дарагдсан, нөгөө гэрэл муу тусдаг гэсэн шалтгаанаар  ослын гэрлээ асаагаалгүй орхиж, ослын тэмдгийг эрээд олоогүй бусдад /жолооч нарт/ машин зогсож байгаа талаар  анхааруулах үүднээс  ямар нэгэн арга хэмжээ аваагүй,

         мөн Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар зүйлийн 2.6. "Тээврийн хэрэгслээс овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна” гэх заалтыг, тус тус  зөрчин  овор ихтэй ачааг ачиж тээвэрлэж яваа тэмдэглэлийг тээврийн хэрэгсэлд байрлуулаагүй, гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглан хөдөлгөөнд оролцуулж, харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдсан үед  тээврийн хэрэгслийн араас 05-71 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөн осол гарсан болох нь

          гэрч А.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Машины түлш тасалдаад  жаахан яваад унтарсан. Асаах гэтэл  асахгүй болохоор нь урдаас нь хойш нь түрээд замын хажууд тавьсан. Тухайн үед харахад машины зүүн талын дугуй зам дээр  баруун талын дугуй шороон хэсэгт зогссон байсан. Дахиад түрэх юм бол зай байсан боловч их хүнд ачаатай байсан учраас баруун тийшээ уначих гээд байсан.  Ослын тэмдэг байгаагүй хамт явсан Ш.Мөрөн нэг машины гупер оллоо гээд машиний нилээн ард зайтай зам дээр босгож тавьсан. Аваарын гэрэл асаах гэсэн боловч нэг нь байхгүй нөгөө нь  ачаан доогуур орчихсон харагдахгүй байсан....” гэсэх мэдүүлэг,

        Шүүгдэгч Ш.Мөрөнгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...машиныг  замаас гүйцэд чөлөөлье гэсэн боловч ямар ч боломжгүй  нарийхан ирмэгтэй өгсүүр зам байсан. Би жолооны хүрд дээр суугаад  нөгөө хоёр машиныг түрээд  байрлуулсан. Ослын тэмдэг байхгүй болохоор тэр хавиас машины нэг хагархай гупер олж аваад машины ард байрлуулсан...” гэсэн мэдүүлэг,

          Шүүгдэгч П.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Машинаа чадах чинээгээр нь түрээд замын хөвөө рүү гаргасан. Дахиад түрэх юм бол машин маань унах гээд байсан. Аваарынхаа гурвалжныг хайсан боловч олдоогүй. Ш.Мөрөн замын хажуугаас тал купер олоод машинаас 30 метрийн зайтай босгож тавьсан...” гэсэн мэдүүлэг,     

          Хохирогч Д.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед миний жолоодож явсан машины гэрэлд гэнэт том машин явж байсан урсгалд зогсож байсан. Би тухайн үед  их хурдтай яваагүй. Тормос гишгээд зогсож амжаагүй машиныг мөргөөд зогссон ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

         Мөн шүүгдэгч П.Гантулга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна", гэснийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдсээр байж  Ш.Мөрөнд жолоогоо шилжүүлж  тус дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

         Ийнхүү жолооч П.Гантулга нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн, хохирогч Д.Туулын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 -д” жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн  хурдыг тохируулан явна” гэж заасныг баримтлаагүй зэрэг нь тус зам тээврийн осол тухайн гарах  шалтгаан  нөхцөл болсон гэж үзэж байх тул Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч  П.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн. 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх ба анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

         Харин шүүгдэгч Ш.Мөрөнг жолооч гэж тодорхойлон түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн. 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Ш.Мөрөн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч 6-7 км орчим  хөдөлгөөнд оролцсны хувьд жолооч мөн боловч  Ш.Мөрөнгөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу  автомашины шатахуун дуусснаар  тээврийн хэрэгсэл зогссон  байх ба ийнхүү зогсолт хийснээр  шүүгдэгч Ш.Мөрөний жолоочийн үүрэг дуусгавар болж   автомашины эзэмшигч  шүүгдэгч П.Гантулгад  жолоочийн үүрэг  шилжсэн гэж үзнэ.  

           Мөн Ш.Мөрөний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр бага хугацаанд тодорхой зайнд авто машин жолоодсон нь  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зохих заалтыг зөрчсөн байх боловч энэхүү зөрчил нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

          Иймд шүүгдэгч Ш.Мөрөнийг Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Ш.Мөрөнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн. 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

                     2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

          Хэрэгт авагдсан баримтаар ослын  улмаас хохирогч Ч.Туулын бие махбодид хүндэвтэр гэмтэл, А.Номин-Эрдэнэ, П.Сондор нарын бие махбодид хөнгөн гэмтэл иргэний нэхэмжлэгч С.Анхзаяагийн эд хөрөнгөд 7.460.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.   

         Хохирогч Ч.Туул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  нийт 7.359.958 төгрөг, хохирогч П.Сондор эмчилгээний зардалд 553.500 төгрөг, хохирогч А.Номин-Эрдэнэ эмчилгээний зардалд 631.668 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Анхзаяа автомашинд учирсан хохирол 7.460.000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан  баримтыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хангах нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “...ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 499.4-т “тээврийн хэрэгсэл өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн  бол бусдад учирсан  гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.”   гэж  тус тус заасан тул тус тээврийн хэрэгсэлийн өмчлөгч иргэний хариуцагч П.Гантулга нь бусдын эрүүл мэнд,эд хөрөнгөд учирсан хохирол төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

         Мөн тус хэргийн хохирогч Ч.Туул нь  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэмд  заасан замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг  харгалзан  тээврийн хэрэгслийн  хурдыг тохируулан яваагүй  түүний хэтэрхий  болгоомжгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн  гэж үзэж байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д ...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно... гэж зааснаар  тус ослын улмаас учирсан хохирлын 20 хувийг хариуцуулж үлдэх 80 хувийн хохирлыг шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас гаргуулах нь үндэслэлтэй  байна.

          Үүнд: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус зааснаар шүүгдэгч П.Гантулгаас 2.723.936 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 1.763.936 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ч.Туулд олгож, шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус бүр 2.984.000 төгрөг,  хохирогч Ч.Туулаас 1.492.000 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Аззаяад олгож, хохирогч П.Сондорын эмчилгээний зардалд шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус тус 94.250 төгрөг гаргуулан олгох, А.Номин-Эрдэнийн эмчилгээний зардалд шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус тус 315.835 төгрөг гаргуулан тус тус олгож,  хохирогч Ч.Туулын нэхэмжлэлийн шаардлагаас 2.872.086 төгрөг, хохирогч П.Сондорын нэхэмжлэлийн шаардлагаас 365.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн хувьд: Шүүх  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг  заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ  арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг тусгасан. Тус хэргийн шүүгдэгчийн хувьд өсвөр насны яллагдагч гэж үзэхээр боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрснээр хуульд тусгайлан заасан нөхцөл бүрдээгүй, энэ талаар баримт авагдаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан  зохицуулалтыг хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүх шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн  эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх  дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байхад цаашид анхаарах нь зүйтэй

Шүүгдэгч П.Гантулга нь гэм буруугийн талаар маргаантай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл төлөхөө илэрхийлээгүй тул  түүнд оногдуулсан ялыг  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх боломжгүй байна.

         Иймд Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1,2,9,10 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, 5,6,7 дугаар заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн                 

1 дүгээр заалтыг:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Гантулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

9 дүгээр заалтыг :

“9.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус зааснаар шүүгдэгч П.Гантулгаас 2.723.936 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 1.763.936 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ч.Туулд олгож, шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус бүр 2.984.000 төгрөг,  хохирогч Ч.Туулаас 1.492.000 төгрөг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Аззаяад олгож, хохирогч П.Сондорын эмчилгээний зардалд шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус тус 94.250 төгрөг гаргуулан олгох, А.Номин-Эрдэнийн эмчилгээний зардалд шүүгдэгч П.Гантулга, иргэний хариуцагч П.Ганзориг нараас тус тус 315.835 төгрөг гаргуулан тус тус олгож,  хохирогч Ч.Туулын нэхэмжлэлийн шаардлагаас 2.872.086 төгрөг, хохирогч П.Сондорын нэхэмжлэлийн шаардлагаас 365.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

10 дугаар заалтыг:

“10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан  нэмэгдэл ялыг үндсэн ялыг  эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.” гэж, тус тус өөрчилж, Шийтгэх тогтоолын 5,6,7 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч П.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

 

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                        Г.ДАВААРЕНЧИН