Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Дагзмаа, С.Ганбат, М.Саруулгэрэл, Н.Сэлэнгэ, Г.Энэрэл, Н.Ганбат, Б.Хулан, Б.Долгион, Ч.Жаргалсайхан нар

Хариуцагч: Хот байгуулалт хөгжлийн газар

Гуравдагч этгээд: Я.Сугар нарын хоорондын Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-54 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дагзмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баянмөнх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Дагзмаа нар нь Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-54 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Хот байгуулалт, хөгжлийн газар нь иргэн Я. Сугарт М3Х2019/05-54 дугаар бүхий 3 ба 5 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь баталж, 2021 оны 06 сарын 16-ны өдөр барилга барих зөвшөөрөл олгосон байх ба нэхэмжлэгч нар маргаан бүхий актад 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандаж өргөдөл гаргасан, уг өргөдлийг хангахаас татгалзсан тул 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч Т.Дагзмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/. Үндсэн хуулийн 16 зүйлийн 2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг болон Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 заалтаар эрх бүхий байгууллага нь барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо дор дурдсан асуудлыг харгалзан үзнэ. Үүнд: 7.1.1 барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой үүсэх эрх, ашиг сонирхол, 14 дүгээр зүйлийн барилга байгууламжид тавих шаардлагын 14.1.4-т заасан ззэргэлдээ орших барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх заалтуудыг зөрчсөн, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолд заасан иргэн ба хуулийн этгээдийн оролцоог хангаагүй, саналыг тусгаагүй-н улмаас 16 дугаар байрны 1-р орцны бүх цонх нь урагшаа харсан /3 цонх / 5 айл, нар тусдаг 1 цонхтой 10 айлууд нар үзэхгүйгээр үзэгдэх орчноо хязгаарлуулж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж оршин суугч бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

2/. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Хот байгуулалт хөгжлийн газарт хандан гаргасан хуулийн хэрэгжилт хангуулах дүгнэлтийг хэрэгжүүлээгүй гэж тодорхойлсон.

3/. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Уг маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байгаа. Маргаан бүхий акт нь Барилгын норм ба дүрмийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн 7.5 дугаар зүйлд Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1-4.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж хууль бус гэдгийг нь баталгаажуулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2133 дугаар хуулийн хэрэгжилтийг хангуулах талаарх мэдэгдэлд эдгээр зөрчлүүдийг дурдсан байгаа.

Мөн шүүхийн санаачилгаар шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт нь шүүхээс тавьсан асуултад бүрэн хариулаагүй байсан тул дахин шинжээч томилсон. Нэмэлт шинжилгээний үр дүнд дараах дүгнэлт гарсан. Үүнээс маргаанд хамгийн ач холбогдолтой хэсэг болох шинжээчийн дүгнэлтийн 3.1-д Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөөнд Я.Сугарын үйлчилгээний зориулалттай оффисын барилга баригдаж байна. Баригдаж байгаа барилгын баруун хойд хэсгээс 16 дугаар байр хүртэлх зай 8.55 метр байна. 3 давхрын хэсэг нь хойд болон баруун талдаа консолгүй, 5 давхар хэсэг нь 1.3 метр нь консолтой бөгөөд тухайн хэсгээс 16 дугаар байр хүртэл 7.35 метр зайд байна гэж дүгнэсэн. Үүнээс үзвэл Барилгын норм дүрмийг зөрчсөн гэдгийг давхар баталгаажуулж өгсөн гэж үзэж байна гэв.

4/. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Маргааны үндсэн асуудал нь барилга хоорондын зай зөрчигдөж байгаа эсэх талаарх асуудал юм. Шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт 12 дугаар хүснэгтэд байгаа 2-4 давхар барилгын хөндлөн тууш гэх хэмжүүр байгаа. Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт талуудын хооронд 2-4 давхрын хооронд 10 метр байна гэсэн заалтыг хангаж байна гэж дүгнэсэн байдаг. Одоо нэхэмжлэгч нарын байгаа орон сууц нь 5 давхар, баригдаж байгаа барилга нь 3-аас 5 давхар байгаа. 5 давхар байвал барилгын зай 12 метр байх ёстой. 12 метр гэдэг нь 5 давхар барилгын суурь нь бусад барилгад нөлөөлж байх тул эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...1/. Иргэн Я.Сугар нь холбогдох бичиг баримтын шаардлагыг хангуулан өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Варьета чуулгын баруун талд 665 м.кв газартаа барилга барих хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан " Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг" болон холбогдох норм дүрмийн шаардлагад нийцүүлэн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн M3X2019/05-54 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгаварт 15х15 хэмжээтэй 3, 5 давхар барилга төлөвлөхөөр олгожээ. Барилгын хэмжээг тэнхлэгээр өгсөн ба холбогдох норм дүрмийг хангуулан төлөвлөсөн болно. Уг даалгавар нь холбогдох хууль, дүрэм журамд нийцэж гарсан тул Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2/. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихдээ Барилгын норм дүрэмд заасан, барилга хоорондын зай зөрчсөн байна гэж үзжээ. Шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан бөгөөд тус дүгнэлтэд барилга хоорондын зай болон нарны тусгалын талаар дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд 5 давхар барилга нь 16 дугаар барилгаас 5.5 метр, консол бүхий хэсгээс 7.35 метр байна гэж дүгнэсэн. Барилгын норм дүрэм нь барилгууд хоорондын тууш хөндлөн талуудыг хэмждэг. Өөрөөр хэлбэл 5 давхар гэж байгаа боловч тухайн барилга нь нэхэмжлэгч нарын байртай жишүү буюу барилгын үзүүр талуудаар харалцсан байгаа. Өмнөх шүүх хурал дээр энэ талаар тайлбарласан байгаа. Иргэн Я.Сугарын барилга болон нэхэмжлэгч нарын барилга хооронд барилгын норм дүрэм зөрчигдөөгүй. Барилгын жишүү талуудын хоорондох зайг хуульчлаагүй. Гэхдээ нэхэмжлэгч тал үүнийг заавал хэмжүүлэх хэрэгтэй гэж үзсэн учир хэмжиж шинжээчийн дүгнэлт гарсан.

Барилга хоорондын жишүү талууд нь 8.5 метр болон 7 метр байгаа нь барилгын норм дүрэм зөрчиж байна гэж үзэх боломжгүй. Б блок буюу хөндлөн талаасаа нэхэмжлэгч нарын 16 дугаар байрнаас 11.2 метр байгаа. Энэ нь 10 метр байх норм дүрмийг хангаж байна гэж үзэж байна. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт нарны тусгалыг гаргасан байгаа. 16 дугаар байрны 1, 2, 3, 5, 6, 11, 12, 14 дүгээр тоотууд болох нэхэмжлэл гаргасан этгээдүүдийн гэрийн нарны тусгалыг шалгахад стандарт хангаж байна гэж дүгнэсэн байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын анхны мэдээллийг олгосон баримт бичиг байдаг. Загвар зураг батлагдаж, техникийн үзүүлэлтүүд нь олгогдож барилга ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хуульд зааснаар олгогддог. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан тохиолдолд барилга ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хуульд заасны дагуу олгосон. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 202 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1-4.3 дахь хэсэгт заасны дагуу иргэдээс санал авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Тухайн журамд иргэдээс авах 2 үндсэн нөхцөл байдаг. Тодруулбал гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны голд байрлах барилгажаагүй талбайг барилгажуулахад санал авах ёстой. Я.Сугарын барилга нь нэхэмжлэгч нарын 16 дугаар байрнаас ертөнцийн зүгээр урд буюу орон сууцны барилгуудын хооронд баригдсан барилга биш тул дээрх журамд заасан иргэдээс санал авах журам хэрэгжих боломжгүй байна.

Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн хууль зүйн үндэслэл хэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй гэж үзэж байна гэжээ.

6. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа

1/. Иргэн Я.Сугар миний бие өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 664 м.кв газарт үйлчилгээтэй оффисын барилга барихаар 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн М3Х2019/05-04 дугаартай Архитектур төлөвлөлтийн Даалгавар батлуулсан бөгөөд барилга барихад шаардагдах бүх гэрээ, гэрчилгээ, зураг төсөл. техникийн нөхцөл, магадлалын дүгнэлт зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хүсэлтээ гаргасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг аван барилгын ажил үргэлжлүүлж байгаа болно. Миний бие өөрийн 20 гаруй жил хууль ёсоор эзэмшиж ирсэн газар дээрээ байсан хуучин барилгаа буулгаж, энэхүү барилгыг барьж байгаа бөгөөд уг барилгаас болж нэхэмжлэгч нарын эрхийг болон холбогдох хууль тогтоомж, норм, дүрмийг огт зөрчөөгүй билээ.

2/. Нэхэмжлэгч Т.Дагзмаа нь энэхүү барилгын асуудлаар холбогдох захиргааны байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж шалгуулсан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/3115 тоот албан бичгээр иргэн Т.Дагзмаагийн гомдолтой холбоотой, барилгын норм, стандартын талаар маш тодорхой хариу өгсөн байдаг. Уг албан бичигт барилгын мэргэжлийн хяналтын байгууллагаас миний барьж байгаа барилга нь холбогдох норм, дүрмийг хэрхэн хангаж байгааг тодорхой тогтоосон байхад нэхэмжлэгч Т.Дагзмаа нь уг газарт оршин суудаггүй байж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэн намайг дарамталж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

3/. Мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удаа дараагийн албан бичгүүдэд миний барилга нь ямар ч зөрчилгүй болох талаар дурдаж байсан билээ. Нэхэмжлэгч Т.Дагзмаа нь уг барилгаас болж ашиг олох сонирхолдоо хөтлөгдөж шударгаар хөдөлмөрлөж, хуулийн дагуу явуулж байгаа иргэн миний үйл ажиллагааг тасалдуулах зорилго агуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаандаа төрийн байгууллагын нэр барьж удаа дараа зохисгүй хандлага гаргаж намайг сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохироож байгааг харгалзан үзнэ үү

4/. Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгох шаардлага болгон өөрчилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн Даалгавар болон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тухай бүрд мэдэж захиргааны байгууллагад тухайлбал Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад өргөдөл, гомдол хүсэлт гаргаж байсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд илт хууль бус болгох шаардлагыг эхэлж шүүхэд гарган хэрэг үүсгэсний дараа хүчингүй болгуулахаар өөрчилж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход саад болохгүй гэж үзэж байна.

5/. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09/1987 тоот, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 03/2297 тоот, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгүүдэд иргэн Я.Сугарын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар, маш тодорхой дурдсан бөгөөд уг албан бичгүүдийг иргэн Т.Дагзмаад хүргүүлж байсан байна. Барилгын хяналтын мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын албан бичигт гуравдагч этгээдийн барилга нь барилгын норм, дүрэм хангаж байгаа талаар хяналт шалгалт хийж хариу хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Т.Дагзмаа нь өөрийгөө нэр бүхий оршин суугчдын төлөөлөгч гэж итгэмжлэл хийлгэн авсан байх боловч бусад иргэдийн хувьд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй, үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгчийн овог, нэр, хаягийг бичихээр хуульчилсан бөгөөд бусад иргэдийн хувьд энэ шаардлагыг хангаагүй учир Т.Дагзмаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

6/. Гуравдагч этгээдийн төлөвлөж буй барилга нь холбогдох норм, дүрмийг огт зөрчөөгүй нэхэмжлэгч Т.Дагзмаа болон бусад оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг огт зөрчөөгүй, зөрчих боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.Дагзмаагийн хувьд уг орон сууцанд амьдардаггүй, хороонд бүртгэлгүй Сүхбаатар дүүрэгт амьдардаг тухайгаа шүүх хуралдаанд биеийн байцаалт танилцуулахдаа хэлсэн болно... гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Иргэн Я.Сугар болон нэхэмжлэгч нарын барилга хоорондын зайг шүүхээс 2 удаа шинжээч томилж хэмжсэн байгаа. Шинжээч томилж дүгнэлт гарж дахиж шинээч томилж нийтдээ 2 удаа дүгнэлт гарсан. Өмнө нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2 удаа хяналт шалгалт хийж шалгаж нийтдээ 4 удаа барилга хоорондын зайг хэмжсэн байдаг. Иргэн Я.Сугар болон нэхэмжлэгч нарын барилга хоорондын зай нь 3 давхар хэсгээрээ тууш талуудын хоорондох зай 11.3 метр, 5 давхар хэсгийн зүүн хойд өнцгөөс 16 дугаар байр хүртэл 8.5 метр, 5 давхар барилгын хойд хэсэх буюу консол бүхий хэсгээс 4.5 байгаа юм байна. Үүнээс үзвэл барилга хоорондын зай хэмжээ нь 4 удаагийн хэмжилтээр эргэлзээгүй тогтоогдсон юм. Нэхэмжлэгч нарын үндэслэж байгаа Барилгын норм дүрэм 310110 4 дүгээр хавсралтын 12 дахь хүснэгтэд орон сууц олон нийтийн барилга хоорондын зайн хэмжээ норм дүрэмд барилгуудын параллель буюу тууш хөндлөн талуудын хоорондох зайг заасан байгаа. Одоо баригдаж байгаа 5 давхар болон 3 давхар барилгуудын хувьд 3 давхар хэсгээрээ нэхэмжлэгч нарын барилгатай Барилгын норм дүрэм 310110 4 дүгээр хавсралтын 12 дахь хүснэгтэд заасан тууш хөндлөн хэсгээрээ таарч байгаа. 5 давхар хэсгээрээ нэхэмжлэгч нарын барилгатай тууш хөндлөн хэсгээрээ хамаарахгүй буюу жишүү өнцгөөрөө өөд өөдөөсөө харалцсан байдалтай байна. Эдгээрийг нэхэмжлэгч талаас Барилгын норм дүрэм 310110 4 дүгээр хавсралтын 10.12 дах хүснэгтэд хамааруулж маргадаг. Үүнийг шүүхээс нэмэлт шинжээч томилж тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тууш хөндлөн буюу параллель тал байгаа 3 давхрын хэмжих, тууш хөндлөн талд хамаарахгүй жишүү байрлалтай байгаа 5 давхрыг хэсгийг хэмж гэх байдлаар заасан байгаа. Барилгын норм дүрэмд зааснаар тууш хөндлөн талуудыг 4.12 дугаар хүснэгтээр хангуулна гэж заасан. Жишүү барилгын хувьд барилгын норм дүрэмд тусгайлан зааж өгөөгүй тул гал тусгаарлах 6 метр зайтай буюу ерөнхий нормд заасан шаардлагыг хангаж байгаа нь барилгын норм дүрэмд нийцнэ гэж үзэх ба консолгүй хэсгээрээ 8.75 м консолтой хэсгээрээ 7.3 м байхаар 5 давхар барилгыг төлөвлөсөн нь барилгын норм дүрэмд нийцсэн гэдэг нь 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 2 барилга хоорондын зайг хэмжээд Барилга хоорондын зай хэмжээ, барилгын норм дүрэмд заасан шаардлагыг хангасны үндсэндээ төлөвлөгдөн, баригдаж дууссан тул барилга хоорондын зай ойртсон гэдэг үндэслэлээр төлөөлөгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөх, зөрчих ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Нарны тусгалын тухайд нэхэмжлэгч нарын тус бүрийн цонхны тоог гаргаж нэхэмжлэгч тус бүрийн цонхны нарны тусгалын дүн шинжилгээ хийж Барилгын норм дүрмийг хангаж байна гэж үзсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарын эрх зөрчөөгүй гэж үзэж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.6 дугаар зүйлийн 12.6.1 дэх хэсэгт гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх гэж заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарлаж эзэмшил талбайн эдэлбэр газраас гарсан байна гэж маргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр эзэмшил талбайн эдэлбэр газраас гараагүй байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд эдэлбэр газрын дотор төлөвлөгдсөн байна гэж дүгнэж, геодезийн хэмжилтийн зургийн хамтаар дүгнэсэн. Эдэлбэр газрынхаа хэмжээ заагийг зөрчөөгүй байгаа нөхцөлд нийтийн эдэлбэрийн гудамж талбай, зам, явган хүний зам талбайг зөрчих, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн зүйл байхгүй болно.

Нэхэмжлэгч нарын зүгээс барилгын сууринд нөлөөлнө, барилгын сууринд нөлөөлснөөр барилга нурах, цуурах, барилгын орц гарцыг хаасан зэргээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж маргаж байгаа. Гэтэл тус барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд 16 дугаар байрны сууринд нөлөөлсөн, орц гарцыг хаасан зүйл байхгүй байгаа.

Шинээр барилга барьж байгаа талбай нь шинээр орон сууцаар хангах талбай биш төмөр замын хуучин төлөвлөлтөөр Урлаг кафе байсан бөгөөд гуравдагч этгээд Я.Сугарын өмчлөлд орохоос өмнө Төмөр замын хуучин нэг давхар шар байшин байсан болно. Иймд уг байшингийн хуучин суурин дээр боссон барилга тул гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны голд байрлах барилгажаагүй талбайг барилгажуулахад хамаарахгүй тул иргэдээс санал авах зохицуулалт хамаарахгүй. Санал авсан ч барилгын норм дүрмийн зөрчил, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, бусдын эрүүл мэнд амь насанд аюул учирч болох эсэхийг талыг тогтоохоор санал авч байгаа. Харин нэхэмжлэгчид давуу байдал олгох зорилгоор санал авах ажиллагаа хийгдэхгүй. Иймд маргаан бүхий акт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхийг болон Барилгын тухай хуульд заасан ...иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болон зэргэлдээ орших барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх заалтуудыг тус тус зөрчсөн, улмаар тухайн барилгыг барихдаа 16 дугаар байрны 1-р орцны бүх цонх нь урагшаа харсан 5 айл, нар тусдаг 1 цонхтой 10 айлуудаас санал аваагүй нь буруу, барилгын норм дүрэмд заасан барилга хоорондын зай зөрчигдсөн... гэж тайлбарласныг хариуцагч, гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл иргэн Я.Сугарт Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр шийдвэрээр 665 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгосон, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжаар газрын зориулалтаа өөрчлөн барилга барих зориулалт болгосноор тэрээр Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Барилга барих хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулгын гарын үсэг зурсан, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-54 дугаар бүхий Архитектур, төлөвлөлтийн даалгавар олгогджээ.

Уг даалгаварт Иргэн Я.Сугар, Үйлчилгээний барилга, 15,0*15,0, 15,0*12,0 метр хэмжээтэй, консоль, шат довжоо, рампыг нормоор тооцон эдэлбэр газарт багтаах, тухайлсан зураг төсөлтэй, 3, 5 давхар, /зоорьтой/ эдэлбэр газар-665 м.кв, барилгажих талбай-405,0 м.кв, эдэлбэр газрын 30 хувьд ногоон байгууламж байх..., барилгын хэмжээг тэнхлэгээр өгсөн, холбогдох норм дүрэм, БНбД 31-03-03, 30-01-04/ стандартын дагуу төлөвлөх...одоо байгаа барилгуудаа буулгаж эзэмшил газрыг бүрэн чөлөөлөх, галын аваарын гарцын шийдлийг бүрэн гаргах... зэрэг онцгой нөхцөлүүдийг тусгаж өгсөн, харин Я.Сугарт олгогдсон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0008645 227/2021 дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-ний барилга байгууламжийн талаарх мэдээлэл хэсэгт 2103 м2, үйлчилгээний зориулалттай, 14,0м*12,0м, 15,0 м*15,9 м2, хэмжээтэй, 3,5 зоорьтой, 2 хэсэг /блок/ байна гэж, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1717/2020 тоот Магадлалын нэгдсэн дүгнэлт-д А блок барилга нь тэнхлэгээрээ 14,0 м*12,0 м хэмжээтэй, Б блок барилга нь тэнхлэгээрээ 15,0*15,9 м хэмжээтэй, барилгын ажлын талбай 2103,0 м2 гэж тус тус тодорхойлсон байна.

Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02-02/2133 дугаар бүхий Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн Хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичигт ...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 16 дугаар байрнаас иргэн Я.Сугарын барилгын суурийн тэмдэглэгээ нь 5 давхар төлөвлөгдсөн хэсгээр 5.67 метр, 3 давхар төлөвлөгдсөн хэсгээр 8.10 метр байгаа нь Орон сууцны барилгын зураг төлөвлөлт /БНбд 31-01-10/-ын 2.5 дахь Орон сууцны барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгтийн барилгын тууш тал, хөндлөн талуудын хооронд 5 давхар бол 12 метр байна заалтын шаардлагыг мөн авто болон явган хүний замаас 1.7 метр, туслах замаас 2.10 метр байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дугаар зүйлийн 12.6.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5...заалтыг хангахгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 4.1-4.3 дахь хэсэгт заасан...арга хэмжээг хэрэгжүүлээгүй... гэж,

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09/1987 дугаар бүхий Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт ...Төлөвлөгдсөн барилга нь 16 дугаар байрнаас Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт (БНбд 31-01-10) Барилгын норм ба дүрмийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан барилгын тууш тал хөндлөн талын хооронд 2-4 давхар барилгад 10 м гэж заасныг хангаж байна. Иргэн Я.Сугар нь өөрийн өмчлөлийн барилгаа 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буулгасан ба тухайн барилга дээрээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй болно гэж,

Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст хүргүүлсэн 03/2297 дугаар албан бичигт ...Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8 дугаар заалт болон Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн /БНбД30-01-04/ заавал мөрдөх 1 дүгээр хавсралтын зөрчсөн гэж үндэслэлгүй байна. гэж тус тус дурдсан болох нь тогтоогдов.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:7.1.1-д барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол;7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол гэж, 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ. гэж, хуулийн. 14.1-д Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:14.1.1-т зураг төслийн дагуу баригдсан байх14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;14.1.3-т байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж тус тус заажээ.

Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 12.6-д Хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө, 12.6.1-д гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх; гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно, 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад гэж тус тус заасан байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын үндэслэл болгон маргаж буй асуудлаар Шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ...Нэхэмжлэгч нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 16 дугаар байрны урд Я.Сугарын Үйлчилгээтэй оффисын барилга нь баригдаж байна. Хэмжилтээр ертөнцийн зүгээр баруун тал буюу 3 давхар хэсгээрээ барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой талуудын хооронд 11,3 м зайтай байна. Энэ нь нэхэмжлэгч нарын орон сууцны барилгын 5-ны 2 хэсэгт хамааралтай тул тууш, хөндлөн утгаар хэмжив. Зүүн тал буюу 5 давхар хэсгээрээ орон сууцны барилгын тууш, хөндлөн, параллель аль ч талд хамаарахгүй байна, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар батлагдсан Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж /БНбД 23-04-07/ заавал мөрдөх нормын 3.2-т зааснаар тооцоход,16-р байрны урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл /БНбД 23-04-07/-г хангаж байна/, Т.Дагзмаа 8 тоот /3 давхрын урагшаа харсан 3 цонхтойЧ.Жаргалсайхан 14 тоот /5 давхрын урагшаа харсан 3 цонхтой/,

Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм /БНбД 31-01-10/-ын хавсралт 4-ийн 2.5 Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн хэмжээг 12 дугаар хүснэгтэд үндэслэн хэмжихэд 11,3 м зайтай байгаа нь 2-4 давхар барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой талуудын хооронд 10 м байна гэсэн заалтыг хангаж байна, мөн Я.Сугарын барилга нь тэнхлэгээрээ өөрийн эзэмшил газрын хил заагт багтаж байна гэж,

Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШЗ2022/7883 дугаар захирамжаар томилогдсон Шинжээч нарын нэмэлт дүгнэлтэд ...баригдаж буй барилгын 5 давхар хэсгийн баруун хойд цэгээс орон сууцны 16 дугаар байр хүртэлх зай нь 8,55 метр байна, 3 давхар хэсэг нь хойд болон баруун талдаа консолгүй, 5 давхар хэсэг нь хойд талдаа 1,3 метрийн консолтой ба консолтой хэсгээрээ 16 дугаар байрнаас 7,35 метрийн зайд байна, нэхэмжлэгч С.Ганбаатар /1 тоот, 1 дүгээр давхар, урагшаа харсан 1 цонх, хойшоо харсан 2 цонхтой, урагшаа харсан цонхнууд 13:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, С.Ганбаатар /2 тоот, 1 дүгээр давхар, урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан цонхнууд 11:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, М.Саруулгэрэл /3 тоот, 1 дүгээр давхар, урагшаа харсан 1, хойшоо харсан 2 цонхтой, урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Н.Сэлэнгэ /5 тоот, 2 дугаар давхар, урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан цонхнууд 11:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Г.Энэрэл /6 тоот, 2 дугаар давхар, урагшаа харсан 1, хойшоо харсан 2 цонхтой, урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Т.Дагзмаа /8 тоот, 3 дугаар давхар, 3 давхарын урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Б.Хулан /11 тоот, 4 дүгээр давхар, урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Б.Долгион /12 тоот, 4 дүгээр давхар, урагшаа харсан 1, хойшоо харсан 2 цонхтой, урагшаа харсан цонхнууд 09:30-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/, Ч.Жаргалсайхан /14 тоот, 5 дугаар давхар, 5 давхарын урагшаа харсан 3 цонхтой, урагшаа харсан цонхнууд 10:00-17:00 цаг хүртэл, БНбд 23-04-07-г хангаж байна/,

Мөн Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм /БНбД 31-01-10/-ын хавсралт 4-ийн 2.5 Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн...хэмжилтээр 11,3 м зайтай байгаа нь тус нормын 12 дугаар хүснэгтэд 2-4 давхар барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой талуудын хооронд 10 м байна гэсэн заалтыг хангаж байна,Я.Сугарын 664 м.кв талбайтай, нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 1681300604 нэгж талбарын дугаартай кадастрын зургын эргэлтийн цэгүүд дотор барилгын суурийн болон консолын гадна эргэлтийн цэгүүд өөрийн эзэмшил газрын хил заагт багтаж байна. гэж тус тус дүгнэсэн байна.

Үүнээс үзвэл, маргаан бүхий захиргааны акт болох Иргэн Я.Сугарт олгогдсон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулгын гарын үсэг бүхий, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-54 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас 16 дугаар байрны оршин суугч, нэхэмжлэгч Т.Дагзмаа, С.Ганбат, М.Саруулгэрэл, Н.Сэлэнгэ, Г.Энэрэл, Н.Ганбат, Б.Хулан, Б.Долгион, Ч.Жаргалсайхан нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, эдгээр захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Я.Сугарын үйлчилгээтэй оффисын барилга нь нэхэмжлэгч нарын амьдарч буй орон сууцнаас 11,3 м зайтай байгаа нь тогтоогдсон, энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм /БНбД 31-01-10/-ын хавсралт 4-ийн 2.5-д заасантай нийцсэн, түүнчлэн нэхэмжлэгч нарын амьдарч буй орон сууцны цонхоор орж буй нарны тусгал нь дээр дурдсан Барилгын норм ба дүрэм /БНбд 23-04-07/-ээр тогтоосон стандартыг хангаж байгаа нь мөн тогтоогдсон тул Я.Сугарт олгогдсон МЗХ2019/05-54 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд заасны дагуу иргэн ба хуулийн этгээдийн оролцоог хангаагүй, саналыг тусгаагүй гэж маргасан ба уг журмын 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно, 4.2.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад гэж зааснаас үзвэл Я.Сугарын барилга нь дахин төлөвлөж буй орон сууцны дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй, өөрөөр хэлбэл тухайн газар нь орон сууцны дунд оршдоггүй, нөгөө талаар иргэн Я.Сугар нь өөрийн эзэмшиж байсан барилгыг нурааж тухайн газар дээрээ үйлчилгээний барилга барьсан байх тул иргэд, хуулийн этгээдийн саналыг авсан байх журмын зохицуулалтад хамаарахгүй гэж шүүх үзсэн болно.

Мөн нэхэмжлэгч нар, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6 дугаар зүйлийн 12.6.1-д заасан гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх гэж заасныг зөрчсөн гэж маргасан боловч дээр дурдсан Шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийн барьж буй барилга эзэмшил талбайн хэмжээг хэтрүүлээгүй, газрын хилийн зааг дотроо байрлаж байгаа нь тогтоогдсон тул энэ үндэслэл нь няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1Хот байгуулалтын тухай хуулийн 12.6, 12.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Дагзмаа, С.Ганбат, М.Саруулгэрэл, Н.Сэлэнгэ, Г.Энэрэл, Н.Ганбат, Б.Хулан, Б.Долгион, Ч.Жаргалсайхан нараас гаргасан Хот байгуулалт хөгжлийн газрын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ2019/05-54 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 227/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН