Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 82

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

хохирогч Ц.Амаржаргал,

шүүгдэгч П.Авирцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                          

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнийхэн овогт Пушкины Авирцогтод холбогдох эрүүгийн 1707000510002 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Шохойт 1 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЙО86011811 дугаартай Гүнийхэн овогт Пушкины Авирцогт.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

П.Авирцогт нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10 дугаар гудамж 08 тоотод хамтран амьдрагч Ц.Амаржаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Авирцогт нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10 дугаар гудамж 08 тоот Баярсайханы гэрт хамтран амьдрагч Ц.Амаржаргалыг зодож хүний эрүүл мэндэд хүзүүнд цус хуралт, нүүр, зүүн сарвуунд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Авирцогтын өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амаржаргалын өгсөн: “Би эцэг эхтэйгээ уулзах гэж хүүхдээ эцэгт нь 6 өдөр орхиж явсан. Хүүгээ орхиж явсандаа гэмшиж 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүргэн ахындаа ороод өөрийн охиноосоо болж Авирцогттой хэрэлдсэн. Миний охиныг ад үзээд загнаж зандараад байхаар нь би эх хүний хувьд өмөөрсөн. Намайг Авирцогт хүүхдээ хаяж явсан гэж хэлж намайг цохьсон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч  П.Авирцогтын өгсөн “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай Амаржаргал бид 2 манай том охин Нямжаргалаас болоод жаахан муудалцсан юм. Яагаад гэвэд Нямжаргал миний өөрийн охин биш дагавар охин учраас Амаржаргал охинд муу хандаад байна гэж уурлаж эмзэглээд бага хүү 8 сартай Мөнхтулгыг над дээр орхиод явчихсан. Уг нь бол би Нямжаргалыг ад үзээд байдаг зүйл байдаггүй. Амаржаргал ч надаар үг хэлүүлдэггүй, би ч юм хэлдэггүй юм. Юм болвол охин ад үзлээ гэж уурлаад байдаг юм. Тэгээд бид 2-ыг орхиод явчихсан юм. Би уг нь хэрүүл хийгээгүй байхад хүүхэд ад үзлээ гээд уурлаад явчихсан. Тэгээд над руу Амаржаргал уурлаж бухимдаад мессеж бичээд байхаар нь би хариу бичээгүй тэгээд ирэх л биз дээ гэж бодсон. Тэгээд бага хүү Мөнгөнтулгаа орхиж яваад 7 хоног болоход хүүхэд уйлж унжаад би угжаар болгоод байсан. Хөхнөөсөө гараагүй байсан болохоор ер нь их хэцүү байдалтай 7 хоног өнгөрсөн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Амаржаргал намайг Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10 дугаар гудамж 08 тоотод байх төрсөн эгч Сосорбарамын гэрт байж байтал орж ирсэн. Тухайн үед би тэнд аав, ээжийгээ амралтанд хэвтүүлэх санаатай байж байсан юм. Тэгээд ороод ирэхэд нь манай эгч Сосорбарам чи бага хөхүүл хүүхдээ орхиж явлаа гээд алгадах гээд боссон боловч алгадаж чадаагүй. Тэгээд тэр 2 хоорондоо нэлээн ширүүн хэрэлдээд байхаар нь би чимээгүй сууж байгаад салгах санаатай бостол над руу дайрахаар нь би уурандаа Амаржаргалын нүүр рүү 2 алгадаад, дал руу нь нэг удаа гараа атгаад цохитол намайг маажих гэхээр нь хоолойг нь гараараа боосон тэгээд өөрөө болиод боссон, тэгээд би хүүгээ аваад гараад явчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч П.Сосорбарамын өгсөн “...Амаржаргал нь Авирцогттой маргалдаад гэрээсээ явчихсан байсан юм. 8 сартай нялх хүү Мөнгөнтулгаа Авирцогт дээр үлдээгээд 7 хоног явчихсан, энэ хооронд нь холбоо барихгүй байж байгаад Амаржаргалыг дуудуулсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Амаржаргал манай гэрт ирэхэд нь би уурлаж загинаад нэг удаа алгадсан. Тэгээд уурлаад “эх хүн байж хатуу сэтгэлтэй хүүхдээ хаяж явлаа” гээд загинасан. Тэгтэл Амаржаргал “би та нарт дарлуулдаг хэн бэ” гээд өөдөөс орилж чарлаад хэлтэл хажуунаас Авирцогт “би чамайг хэзээ цохиж зодож байсан юм” гээд эхнэрээ газар унагаагаад нүүр рүү нь хэд хэд цохисон, ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Цэлмэгсайханы өгсөн “...Би хөдөө Шохоотын амнаас Налайх руу явах гээд байж байтал Амараа “би хамт явмаар байна, би хүүгээ санаад байна” гээд хамт Налайхад ирсэн. Налайх дүүргийн 7 дугаар хороонд Бадралын 10 дугаар гудамж 8 тоотод хадмынх нь гэрт ирсэн чинь хадам эгч нь “чи хүүхэд хаяж яваад ямар нүүрээрээ манай гэрт ирж байгаа юм” гээд уурлаад алгадаад тэгээд л хэрүүл болоод байсан. Амараа “би хүүхэд дагуулаад явж байсан яаж нялх хүүхэд дагуулаад явах юм бэ” гээд хэрүүл болж байсан чинь Амараагийн нөхөр босч ирээд “чи хүүхэд хаяж явсан байж одоо ямар нүүрээрээ ирж байгаа юм “ гээд хэрэлдээд Амарааг цохиод л байсан. Би хүүхэд айгаад аваад гарсан. Буцаад ортол Авирцогт Амараагийн дээр нь суугаад боогоод цохиод байсан. Би салгаад босгосон чинь Амараа “би хүүхдээ авна миний хүүхдийг өг” гээд хөлийг нь тэврээд байсан. Тэгээд Авирцогт “хөл тавь пизда минь” гээд түлхэж унагаагаад гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/346 дугаар:

  1. Амаржаргалын биед хүзүүнд цус хуралт, нүүр, зүүн сарвуунд залгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 28 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 29 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар тал/

П.Авирцогтын прокурорт гаргасан хүсэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Авирцогтыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Авирцогтыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Амаржаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-36/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Авирцогтод 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 451,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт П.Авирцогт нь цагдан хоригдсон хугацаагүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гүнийхэн овогт Пушкины Авирцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Авирцогтыг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451,000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Авирцогтод оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451,000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Авирцогтод торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Авирцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Авирцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ