Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

Ц.Батжаргалд холбогдох  

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, ерөнхий шүүгч             Д.Буянжаргал

                                  Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг

                                                                                                 Г.Давааренчин

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Н.Бадам /цахим/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Буманзаяа /цахим/

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч  бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Цэцэгмаагийн Батжаргалд холбогдох эрүүгийн 2133000000005 дугаартай, 150/2021/0020/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 5, ах, эгч нарын хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 хороо, 06 дугаар гудамж, 158 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Элжигэн овогт Цэцэгмаагийн Батжаргал /РД:НМ00211610/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Батжаргал нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 9, 11 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүргэн ах Ц.Даваахүүгийнд амьдран сууж байхдаа өөрийн нагац дүү болох бага насны буюу 9 настай Д.Бадамцэцэгийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, бэлгийн халдашгүй байдалд нь халдаж, бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаан хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Батжаргалд холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Элжигэн овгийн Цэцэгмаагийн Батжаргалыг /РД:НМ00211610/ хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ц.Батжаргал нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Ц.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдусугай...” гэж, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдааны тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2021/ШЦТ/18 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Батжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Батжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ анхны мэдүүлгээс үнэн зөв тогтвортой өгч эхэлсэн бөгөөд өөрөөр хэлбэл гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа болно. Бага байхад нь /5 нас/ нь эцэг эх нь салж ээж нь өөр хүнтэй сууж явсан тул 5 настайгаасаа айл айл дамжин амьдралын хатууг үзэж 21 нас хүрсэн байна. Тиймдээ ч сургуульд яваагүй бичиг үсэг мэдэхгүй, нийгмийн харилцаанд оролцдоггүй гэдсээ тэжээхийн тулд айлаар мал маллан амьдарч ирсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ өсвөр настай байсан өөрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн хорих ялын доод санкц 12 жилээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдлүүлэхээр Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021.05.24-ний өдрийн 2021/ШЦТ/18 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасантай насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч бид танилцлаа. Шүүгдэгч Ц.Батжаргалын насанд хүрээгүй хохирогчид халдаасан бэлгийн замын халдварт өвчин бүрэн эдгэрсэн, хохирогч Д.Бадамцэцэгийн сэтгэл санааны байдал хэвийн байгаа тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч болон аав ээж биднээс уучлалт гуйсан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амласан тул бид түүнд итгэж байна. Ц.Батжаргалын хувьд одоо дөнгөж 21 настай өсвөр насны шүүгдэгч бөгөөд мэдлэг, боловсролгүй, зан аашны хувьд дорой, бие авч яваа байдлын хувьд өөртөө арчаагүй, сэргэлэн бус бусдад өөрийгөө илэрхийлэх, олон түмний дунд амиа аргацаагаад яваад байх чадвар муутай өөрөөр хэлбэл доожоо муутай тул олон жилийн хорих ялыг эдлэхэд түүнд хүндрэлтэй байх болно гэж ах эгч нар бид маш их санаа зовж байна. Бид түүнийг уучилсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдэгт нь ч итгэж байна. Олон жилийн хорих ял эдлэх хугацаанд түүний хойноос анхаарал халамж тавиад байх чадвартай ах дүү муутай болохоор түүнд маш их санаа зовж байна. Иймд Ц.Батжаргалын болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч ял шийтгэлийг нь хөнгөлж өгөхийг хүсэж байна. Тэдний давж заалдсан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч ял шийтгэлийг хөнгөрүүлэх тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж буйг хүлээн авна уу” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Ц.Батжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Батжаргалыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.Батжаргалд холбогдох эрүүгийн 2133000000005 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Ц.Батжаргал нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 9, 11 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүргэн ах Ц.Даваахүүгийнд амьдран сууж байхдаа өөрийн нагац дүү болох бага насны буюу 9 настай Д.Бадамцэцэгийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, бэлгийн халдашгүй байдалд нь халдан, бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаан хүчиндсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар  маргаагүй байна.

 Шүүгдэгч Ц.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүхээс түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа байдал болон хохирогчийн шүүхэд гаргасан тайлбар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэн өөрчилж, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчийн хорих ял эдлэх  байгууллагын дэглэмийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай шүүхийн тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалыг 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батжаргалд онондуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                               Д.БУЯНЖАРГАЛ

                           ШҮҮГЧИД                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН