| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0900/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/819 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/819
2025 09 26 819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Л.Төвхүү,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “12” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Э-т холбогдох эрүүгийн 2509000001289 дүгээр хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, А.Э (РД:...).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед хохирогч Г.Ц-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж мөн хүзүүг нь боож тавиулах үйлдэл хийх үед нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хана, таславчийн хугарал, зүүн хөмсөгний доор шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух зүүн нүд, хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ц-ын өгсөн “Би 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шөнийн 3 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед найз болох С, М, эхнэр Ол нарын хамт караокед ууж дуулж байгаад тухайн караокеноос бид 4 гарсан. Тэгтэл С хоёр хүнтэй муудалцаад зогсож байхаар нь би очоод “яасан, юу болсон” талаар асуутал тухайн 2 залуугийн нэг нь намайг “тамхи асааж өг” гэж дээрэлхсэн байдалтай байсан. Тэгээд тухайн үед муудалцаад тухайн хоёр залуугийн хар фудволктой, 180 орчим см-н өндөртэй бордуу царайтай залуу нь намайг заамдаад, боогоод, маргаан үүсэж байгаад тухайн залуу нь миний толгойн тус газар удаа дараа цохиж миний нүүрэн тус газар 1-2 удаа, нийт 3-4 удаа цохисон. Би тухайн үед боолгож байхдаа гарыг нь тавиулах гээд 1-2 удаа цохих шиг болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа Сэргэлэн салгаад би цагдаа дуудаад цагдаа ирсэн.” гэх (хавтаст хэргийн 13 дахь хуудас) мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/9994 дүгээр “1. Г.Ц-ын биед хамар ясны баруун хажуу хана, таславчийн хугарал, зүүн хөмсөгний доор шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, дух зүүн нүд, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх хуудас), Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн баримт (хавтаст хэргийн 37 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.Ц-ын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан “Миний бие нь тус хэрэгт холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн хүнээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Сэтгэл санааны хохирлын зэрэг тогтоолгохгүй. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх /хх40/, мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “Миний бие нь А.Э-ээс хохирлоо гүйцэт барагдуулж авсан тул өөр гомдол санал байхгүй.” гэх /хх45/ хүсэлтүүд болон шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э-ээс гарган өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогч Г.Ц-д 5,500.000 төгрөг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын санд 196,000 төгрөг төлсөн /хх39/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар А.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ