| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 197/2025/0913/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/834 |
| Огноо | 2025-09-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/834
2025 09 30 834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2503 00899 0918 дүгээр хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн инженер, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 сар баривчлах ял шийтгэгдсэн, Б.Б, регистрийн ... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд-Уулын замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас “...” маркийн ... улсын дугаартай мотоциклийн жолоочтой мөргөлдөж Б.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь хуудас),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11 дэх хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12 дахь хуудас),
“КостиЭстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 49173 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дэх хуудас),
мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Т-гийн өгсөн “Би 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Гачууртын лагериасаа өөрийн “...” маркийн ... улсын дугаартай мотоциклийг жолоодон гараад замдаа “Богд” уулын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад баруунаас зүүн чиглэлд явж байсан машинууд түгжирсэн байсан тул эгнээний баруун талаа бариад явж байхад нэг машин гэнэт миний урдуур буцаж эргэх үйлдэл хийж орж ирээд би зогсоох apra хэмжээ авч урд хойд тоормос ажиллуулаад ойрхон зайтай байсан тул зогсоож чадалгүй мөргөлдөж, мөргөлдсөн ирчиндээ тухайн машиныг хамрыг даваад унасан замын зорчих хэсэг дээр хэвтэж байгаад хөлөө өргөх гэсэн боловч хөл хугараад гэмтсэн байсан, тэгээд нөгөө жолооч ирж зүгээр үү гэж асуугаад байж байхад хажууд зогсож байсан хүмүүс цагдаа болон 103-т дуудлага өгч, удалгүй тээврийн цагдаагийн албаны ирж үзлэг хэмжилтээ хийгээд намайг болон нөгөө жолоочийг согтуурал шалгах драгер багажаар шалгаад 0,00% эрүүл гэж гарсан тэгээд араас нь 10 минутын дараа яаралтай түргэн тусламж хүрч ирээд намайг авч яваад Гэмтэлд хүргэж өгөөд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/9310 дугаар “1. Б.Т-гийн биед зүүн шаант ясны доод 1/3, тахилзуурын доод төгсгөлийн гадна хавчаар ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйх, зүүн бугалга, тохой, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дахь хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн “Б.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагаас 1,304,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.Боос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 91 дэх хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1181 дүгээр магадлагаа (хавтаст хэргийн 60 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Т Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст “Миний бие нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 34 минутын орчимд уулын замд явж байх үед “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь буцаж эргэх үйлдэл хийж байхдаа миний биетэй мөргөлдөж эрүүл мэндэд хохирол учруулсан. Иймд учирсан хохирол болох мотоцикл, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдсан 15,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул сэтгэл санааны хохирол тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй, гомдол санал хохирол байхгүй тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Миний бие ажлын ачааллаас шалтгаалж завгүй байдаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа ба надгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү.” гэх хүсэлт /хх92/ гаргасан байх бөгөөд шүүгдэгч хохирогчид учирсан гэм хорын хохиролд нийт 15,000,000 төгрөг төлсөн /хх97/ болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрх хасах, торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчээс 1,304,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолох бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 1,304,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Т-д 15,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ